| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатаржавын Ихтамир |
| Хэргийн индекс | 166/2017/0224/Э |
| Дугаар | 207 |
| Огноо | 2017-08-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Очбадрах |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 08 сарын 11 өдөр
Дугаар 207
2017.08.11
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2017/0224/Э
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Нандинцэцэг ,
Улсын яллагч М.Очбадрах,
Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *** холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201709000312 дугаартай хэргийг 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ***-ны өдөр Дорнод аймаг Хэрлэн суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын өргөн мэргэжилтэй, “*** ажилтан, *** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ***, регистрийн цугаар ***,
Холбогдсон хэргийн талаар:
Яллагдагч *** нь 2017 оны 05 дугаар сарын 04-ний шөнө 00 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ‘Күйен” баарны орчим иргэн ***той маргалдаж улмаар иргэн ***ын нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гэм буруугийн талаар
Шүүгдэгч *** нь 2017 оны 05 дугаар сарын 04-ний шөнө 00 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ‘Күйен” баарны орчим иргэн ***ын нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Шүүгдэгч ***ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ...Би 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдөр орой би найзтайгаа зам гараад такси барих гээд зогсож байхад “Mix” караокены урд 2 залуу нэг эмэгтэйгийн хамт зогсож байснаа араас тамхиа шидээд хэл амаар доромжлоод байсан. Би тухайн үед жаахан халамцуу явж байсан учраас тэр хоёр залуутай маргалдсан. Манай найз такси бариад намайг машин руу явъя гээд авч явсан. Гэтэл нөгөө хоёр залуу дахиад хэл амаар доромжлоод байсан. Тэгэхээр нь хохирогч ***той зодолдсон. ***ын найзууд Mix караокегоос гарч ирээд биднийг салгасан... гэх мэдүүлэг,
Хохирогч ***ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Баар хаах болоод цагдаа нар ирээд тэр хавиар байгаа хүмүүсийг тараасан. Бид нар зам хөндлөн гараад *** өөрийн ажиллуулдаг Микс караокегоо хаачихаад ирье гээд орсон. ***, *** бид 3 гадаа хүлээж байсан чинь бид нартай маргалдсан 2 залуу над дээр ирээд ***тай уулзчихаад над руу ирээд намайг цохиж аваад газар унагааж байгаад толгой дээрээс өшиглөсөн. ...Микс караокены гадаа *** нь ганцаараа намайг зодсон... гэх мэдүүлэг /хх-ийн 15-16/,
Гэрч ***гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би ***ыг аваад зам хөндлөн гараад Микс караокены тэнд очоод таксинд суух гэтэл нөгөө залуу араас татаж байсан тамхиныхаа ишийг шидээд хараагаад байсан. Тэгсэн чинь *** очоод намхан нуруутай залуутай нь барилцаад цаашаа явсан. Тэгтэл нөгөө пиджактай залуу ***ы араас дайрахаар нь би хөлнөөс нь татаж унагаад дээр нь гараад суучихсан. Тэнд байсан эмэгтэй Микс караоке руу гүйж ороод нэг найзыгаа дуудаж гаргаж ирээд салгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21/,
Гэрч Г.***ын мөрдөн байцаалтад өгсөн “...Бид хэд бүжиглэж байхад ***той саарал юүдэнтэй цамцтай, ханцуйгүй хантаазтай нэг залуу барилцаж аваад байсан. Салгаад байж байтал дахиад барилцаад авсан чинь *** дундуур нь ороод өмөөрөөд цохилцоод байсан. Нөгөө талаас нь хүмүүс бас салгаад ширээн дээрээ суугаад байж байгаад харьцгаая гээд Күйенээс гарсан. ***, ***, *** бид 4 Микс баарны тийшээ очсон. *** ажил руугаа хаах гээд орсон. Тэгсэн чинь нөгөө саарал юүдэнтэй цамцтай залуу нэг залуутай ирээд зодолдоод эхэлсэн. ...Тэгээд *** нөгөө хоёрыг салгаад таксинд суулгаад явуулсан. Тэгээд *** олдохгүй болохоор нь хайсан чинь хашааны хажууд хэвтэж байсан. Тэгээд босгоод суулгасан чинь нүднээс нь цус гараад байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 23/,
Гэрч *** мөрдөн байцаалтад өгсөн: “...би баарнаас гарч ирээд баарны үүдэнд шатан дээр зогсож байхад пиджактай өндөр нэг залуу надруу ирээд намайг муу чихрийн цаас минь гэж хэлэхээр нь би тэр залуутай барилцаж аваад муудалцаад байж байтал тэр хавиар явж байсан эргүүлийн цагдаа нар ирээд 2 тийшээ салаад явцгаасан. Тэр залууг надтай маргалдаж байхад *** хажуугаар орж ирээд тэр залууг боль гэж хэлсэн чинь тэр өндөр залуу ***ыг заамдаж боож аваад байсан. ...Баарны үүдэнд зодоон цохион бол болоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 26/,
Гэрч Э.***гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би ***ыг аваад ***, *** бид 4 зам хөндлөн гараад миний ажиллуулдаг Микс караокены гадаа ирээд би тэр гурвыг гадаа үлдээгээд орж караокег хаачихаад гараад ирье гэж хэлээд орсон. Тэгтэл удалгүй миний араас *** орж ирээд гадаа зодоон болоод байна гэсэн. Би гараад очсон чинь ***ыг нэг махлаг шар залуу боогоод унагаачихсан дээр нь гараад суучихсан байсан. Цаана нь ***ыг газар унагаачихсан нэг залуу дээрээс нь өшиглөчихсөн байж байсан. Тэгээд би шууд ***ыг салгаж авах хооронд ***ыг өшиглөж байсан залуу хүрч ирээд ***ын толгой руу өшиглөх гээд дайраад байсан. Би тэд нарыг салгаж авахад махлаг шар залуу нь нөгөө залуугаа аваад таксинд суугаад яваад өгсөн. ...***ын баруун талын нүднээс нь цус гарчихсан байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 27-28/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн №512 дугаартай: ***ын биед тархи доргилт, хамар ясны битүү хугарал, баруун зовхины шарх, орой, дагз, зүүн чамархайн хуйх, дух, баруун хацар, дээд уруулд зулгаралт, зүүн нүд, баруун бугалганы цус хуралт, баруун нүд, хацар, хамарт зөөлөн эдийн няцрал бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо.
Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр нэг буюу хэд хэдэн удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтад нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 33/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.
2015 оны Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж тус тус заажээ.
2015 оны Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан нь оногдуулах ялын хэмжээ хэмжээ багасч, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж байх тул 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж, шүүгдэгч ***ыг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн болох нь хавтаст хэргийн 92-94 дүгээр талд авагдсан хохирогч *** нь хохирол төлбөртөө 500.000 төгрөг хүлээн авсан, одоо гомдол санал нэхэмжлэх зүйлгүй тухай баримт, утсаар ярьсан тэмдэглэл зэргээр тогтоогдож байна.
2. Эрүүгийн хариуцлага оногдуулах, бусад асуудлын тухай
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.
Шүүгдэгч *** нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан үзээд 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д 450 нэгж /дөрвөн зуун тавин нэгж/-тэй тэнцэх хэмжээ буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д оногдуулсан 450000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 8 сарын дотор хэсэгчлэн төлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх хорих ялаар сольж болохыг дурдсугай.
5. Шүүгдэгч *** нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураан авсан битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хохирогч санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүсүгэй.
7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ИХТАМИР