Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Хөхийсүрэнгийн Батсүрэн |
Хэргийн индекс | 125/2016/0046/з |
Дугаар | 60 |
Огноо | 2018-02-07 |
Маргааны төрөл |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2018 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 60
З.Л-гийн нэхэмжлэлтэй,
Ховд аймгийн Засаг даргад холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь
Шүүгчид: Г.Банзрагч
Б.Мөнхтуяа
Ч.Тунгалаг
Илтгэгч шүүгч: Х.Батсүрэн
Нарийн бичгийн дарга: Г.Гантогтох
Нэхэмжлэлийн шаардлага: “Ховд аймгийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн Б/40 дүгээр захирамжийг хүчингүй болгуулж, Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн газрын даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай”
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 29 дүгээр шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 221/МА2017/0754 дүгээр магадлал,
Шүүх хуралдаанд оролцогч:
Хариуцагчийн өмгөөлөгч Б.Б нар,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр
1. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 29 дүгээр шийдвэрээр: Монгол улсын Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 27 дугаар зүйлийн 27.2.1, 28 дугаар зүйлийн 28.2.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ховд аймгийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн Б/40 дүгээр захирамжийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгож, нэхэмжлэгч З.Л-г Ховд аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын даргын албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны 231 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 9,036,720 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийхийг хариуцагчид даалгасан байна.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 221/МА2017/0754 дүгээр магадлалаар: Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 29 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 23 дугаар зүйлийн 23.1.1, 27 дугаар зүйлийн 27.2.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч З.Л-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ховд аймгийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн Б/40 дүгээр захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч З.Л-г Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын ажилд эгүүлэн тогтоож, 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарсан 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 9,036,720 төгрөгийг Ховд аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг хариуцагчид даалгасугай гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.
Хяналтын журмаар гаргасан гомдол
3. Хариуцагч Ховд аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М би Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.2-т заасан эрхийнхээ дагуу Ховд аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 29 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 221/МА2017/0754 дүгээр магадлал зэргийг эс зөвшөөрч “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн” үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.
4. Анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй гэж үзэж байна.
5. Шийдвэрийн үндэслэх, магадлалын хянавал хэсгээс үзэхэд нэхэмжлэгч З.Л-г аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын албан тушаал бууруулах үндэслэл болсон албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн нөхцөл байдлын талаар дүгнэлт хийгээгүй байна.
6. Үүнээс үзэхэд анхан, давж заалдах шатны шүүхүүд хариуцагч Ховд аймгийн Засаг даргын захирамжаар нэхэмжлэгч З.Л-г албан тушаал бууруулах болсон үндэслэлтэй маргаагүй, зөвхөн хууль хэрэглээний алдаатай гэж маргаан бүхий захиргааны актыг буруутгахдаа хэргийн хэтэрхий нэг талыг баримталж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчлөө.
7. Ховд аймгийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн Б/40 дүгээр захирамжаар Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.1.1 дахь заалтуудыг үндэслэн Улсын онцгой комиссын ажлын хэсгээс өгсөн үүрэг, даалгаврыг хэрэгжүүлэх зорилгоор нэхэмжлэгч З.Л-г албан тушаал буруулсан. Харин ажлаас халаагүй болно.
8. Гэтэл анхан, давж заалдах шатны шүүх маргаан бүхий захиргааны актад буруу дүгнэлт хийж, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1 дэх заалтыг буруу тайлбарлан хэрэглэлээ.
9. Хариуцагч Ховд аймгийн Засаг даргаас маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа нэхэмжлэгч З.Л-гийн албан үүрэг, зорилтоо хангалтгүй биелүүлсэн нөхцөл байдлыг харгалзан үзэж, албан тушаалыг нь бууруулсан. Энэ талаар нэхэмжлэгч З.Л-д урьдчилан мэдэгдэхэд албан тушаал буурч, ажиллахыг зөвшөөрсөн.
10. Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга /төсвийн шууд захирагч/-ыг томилж, чөлөөлөх эрх хэмжээ Ховд аймгийн Засаг даргад хадгалагддаг. Харин аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргаас бусад ямар нэг ажлын байранд нэхэмжлэгч З.Л-г томилох эрх хэмжээ байхгүй, энэ нь төсвийн шууд захирагчид хамааралтай.
11. Иймээс нэхэмжлэгч З.Л-г албан тушаал бууруулсантай холбогдуулан мэргэжлийнх дагуу зохих ажлын байранд томилон ажиллуулах чиглэлийг хариуцагч Ховд аймгийн Засаг даргаас гуравдагч этгээд Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргад өгч байсан.
12. Маргаан бүхий захиргааны акт нь нэхэмжлэгч З.Л-г албан тушаал бууруулсан шийдвэр болох нь Ховд аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 136 дугаар албан бичгээр нотлогдоно.
13. Төрийн албаны хуулийн хэрэгжилтийг хангуулах чиг үүрэг бүхий Ховд аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн албан бичигт бууруулсан ажилд З.Л-г томилох эсэх шийдвэр гаргахыг гуравдагч этгээд Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргаас шаардсан байдаг.
14. Ийм байхад анхан, давж заалдах шатны шүүхүүд маргаан бүхий захиргааны актаар нэхэмжлэгч З.Л-г ажлаас чөлөөлсөн гэж дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг зөрчсөн гэж үзэж байна.
15. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч З.Л-гийн Ховд аймгийн Засаг даргад холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.
ХЯНАВАЛ:
16. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан хэрэглэвэл зохих Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэргийг хуулийн дагуу үндэслэлтэй шийдвэрлэсэн байна.
17. Нэхэмжлэгч З.Л-г Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.1.1-д заасныг үндэслэн Ховд аймгийн Засаг даргын 2016 оны Б/40 дүгээр захирамжаар 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөр тасалбар болгон Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын албан тушаалаас чөлөөлжээ.
18. Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг дараах үндэслэлээр захиргааны санаачилгаар албан тушаал бууруулж болно”, 23 дугаар зүйлийн 23.1.1-д “албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн” гэж заасан, хариуцагч Ховд аймгийн Засаг дарга маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Төрийн албаны тухай хуульд заасан албан тушаал бууруулах эрх зүйн харилцааг үндэслэл болгосон атлаа түүнийг албан тушаалаас чөлөөлж шийдвэрлэсэн нь хууль бус юм.
19. Нэхэмжлэгч З.Л-гийн албан тушаалыг бууруулж томилсон захиргааны акт хэрэгт авагдаагүй, энэ талаар талууд маргаагүй анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдээгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...З.Л-г албан тушаал бууруулсан, харин ажлаас халаагүй болно” гэсэн хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлгүй байна.
20. Иймд, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 221/МА2017/0754 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Х.БАТСҮРЭН