| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбын Мөнхтулга |
| Хэргийн индекс | 305/2025/0165/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/175 |
| Огноо | 2025-08-05 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.У |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 08 сарын 05 өдөр
Дугаар 2025/ШЦТ/175
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Энх-Орчлон
Улсын яллагч Б.Ундармаа
Шүүгдэгч Ж.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ж.Нт холбогдох 2216000770186 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хялбаршуулсан журмаар хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, **** оны **** сарын **** өдөр төрсөн, **** настай, эмэгтэй, ****** боловсролтой, ***** мэргэжилтэй, **** ажилтай, ам бүл ***, охины хамт ******* аймгийн ***** сумын **** баг ***** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ********* регистрийн дугаартай, ***** ургийн овогтой Ж.Н.
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Ж.Н нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ж.Н нь 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Говь- Алтай аймгийн ***** сумын төвд байрлах ***** захад үйл ажиллагаа явуулдаг оёдлын цехээс хохирогч Б.М-ын А-51 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 550,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
1.Шүүгдэгч Ж.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн “... хохирлоо бүрэн барагдуулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна ...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 146 дугаар хуудас/
2.Хохирогч Б.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогчоор өгсөн “...Би Говь-Алтай аймаг ****** сум ***** зах дээр оёдлын цех ажиллуулдаг юм. Манай цех дээр Д.Н, Ч.Н, Б.С гэх хүмүүс надтай хамт ажилладаг. 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр намайг утсаар ярьж байхад гаднаас Ж.Н гэх эмэгтэй өөр нэг эмэгтэйтэй хамт орж ирсэн. Ж.Н нь манай цех дээр ирэхээс өмнө надтай утсаар ярьж байсан учраас би түүнийг орж ирэхийг мэдэж байсан юм. Ж.Н нь хамт ирсэн эмэгтэйдээ гадуур хувцсаа өгөөд миний ширээний хажууд ирж надад хувцасны хэмжээс өгөхдөө ширээн дээр миний утасны хажууд өмсөж байсан зузаан цамцаа тайлж тавьсан. Харин түүнтэй хамт орж ирсэн эмэгтэй нь үүдний хэсэгт зогсоод тэндээсээ хөдлөөгүй байсан. Ж.Н-ийг гарч яваад удаагүй 5 орчим минутын дараа утсаа авах гэхэд миний утас алга болсон ба би хамт ажилладаг хүмүүсээр залгуулж үзэхэд миний утас 2 удаа дуудаад 3 дах дээр нь таслаад тэгээд холбогдох боломжгүй болсон юм. Тухайн үед манай цех дээр байдаг хүмүүс бүгд байсан ба гаднаас Ж.Н-ийг нэг эмэгтэй хүнтэй хамт орж ирэхэд нь би утсаар ярьж байгаад ширээн дээр тавьсан. Ж.Н-ийг гарч явахад нь би утсаа байгаа эсэхийг анзаарч хараагүй ба удалгүй надтай хамт байдаг хүн рүү хүн залгаад миний утсыг холбогдохгүй байна гэдгийг хэлсэн байсан тэгээд залгахад миний утас холбогдох боломжгүй болсон байсан. Харин миний утас руу манай ах залгахад 2 удаа дуудаад 3 дах удаад нь тасалсан гэсэн. Миний утас руу залгахад чанга дуугардаг юм. Би серийн дугаарыг нь хэлж мэдэхгүй байна гэхдээ би олоод өгнө. Ягаан өнгийн гэртэй, цагаан өнгийн А-51 маркийн гар утас байсан тухайн утас нь кодтой байдаг байсан. 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Говь-Алтай аймгийн Мобикомоос 900.000 төгрөгөөр үнэлэгдэж зээлээр авсан. Одоо өөрийнхөө гар утсыг 700.000 төгрөгөөр үнэлж байна. Миний гар утас алдагдах үед Ж.Н нь өөр нэг эмэгтэй хүнтэй хамт орж ирсэн түүнээс өөр ямар нэгэн хүн гаднаас орж ирээгүй. Миний гар утсыг Ж.Н-ийг хулгайлсан гэж хардаад түүнтэй уулзаад асуухад би аваагүй гэж хэлсэн. Мөн Ж.Н-ийг сайн таньдаг хүнээр нь яриулахад аваагүй гэж хэлсэн гэсэн. Зүс танина. Надаар дээл хувцас юм оёулдаг хүн байгаа юм. Би 2022 онд гар утсаа алдсанаас хойш ерөөсөө уулзаагүй. Ж.Н миний ****** банкны ********* дугаарын данс руу 520.000 төгрөг шилжүүлсэн. Гар утасныхаа хохирлыг бүрэн гүйцэт барагдуулж авмаар байна. Миний хохирлыг бүрэн барагдуулбал надад санал хүсэлт алга байна. Би гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгох шаардлага байхгүй. Хохирлоо л барагдуулж авна...” гэх мэдүүлэг /хх-ийн 96-97 дугаар хуудас/,
3.Гэрч Б.С-н “...Би Говь-Алтай аймгийн ****** сум ***** зах дээр оёдолчин ажилтай. Цаг хугацааг нь тодорхой санахгүй байна цагаан сараас өмнө бид нартай хамт оёдолчин хийдэг Б.М нь өөрийн гар утсаа хулгайд алдсан юм. Хэрэг гарсан өдөр бид нар ажил дээрээ байсан ба Б.М эгчийг утсаар ярьж байхад гаднаас хоёр хүн ороод ирсэн. Түүний нэгийг нь Б.М эгч таньж байсан бөгөөд утсаа ширээн дээр тавьсан харин гаднаас орж ирсэн нэг эмэгтэй нь өөрийн өмсөж байсан цамцаа утас байсан ширээн дээр тайлж тавиад шинэ хийлгэж байсан хувцсан дээр халаас хийлгэх гээд хэмжээ өгөөд гарч явсан. Удалгүй миний утас руу Б.М эгч охин нь залгаад ээжийн утас холбогдохгүй байна гэхээр нь бид нар тэнд Б.М эгчийн утсыг хайсан боловч олдоогүй. Тэгээд Б.М эгч нөгөө хоёр хүнийг холдоогүй байгаа зар өгье гээд зах дээр зар өгсөн юм. Гар утас алга болох үед гаднаас ямар нэгэн хүн орж ирээгүй бөгөөд оёдол дээр Б.М эгч, Н эгч, Н эгч бид нар байсан бөгөөд бид нараас нэг ч хүн гадагшаа гараагүй байсан. Би гаднаас орж ирсэн хоёр хүнийг танихгүй харин Б.М эгч таниад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 103 дугаар хуудас/,
4.Гэрч Б.Э-ийн “...Би цаг хугацааг нь санахгүй байна. 2022 оны 01 дүгээр сарын л байсан. Намайг аймгийн ***** зах дээр ганцаараа явж байгаад Ж.Н-тэй таарсан тэгэхэд Ж.Н нь намайг оёдолчин хамт оръё гэхээр нь би хамт нэг оёдлын газарт ороод үүдний хэсэгт нь Ж.Н-ийн өмсөж байсан гадуур хувцсыг нь бариад зогссон. Харин Ж.Н нь нөгөө оёдолчинтой ярилцаад хувцсаа үзээд байсан бөгөөд түүнийг дууссаны дараа бид хоёр хамт гараад оёдолчны үүднээс салж явсан. Ж.Н-ийн хувцсыг засварлаж өгөөд байсан М гэгч нь утсаар оролдож байсан. Н нь орохдоо гар утастай байсан, гарч явахдаа ямар утастай байсан гэдгийг би мэдэхгүй ажиглаж хараагүй...” гэх мэдүүлэг / хх-ийн 105 дугаар хуудас /
5.Гэрч Ч.Н-ийн “...Би Говь-Алтай аймгийн ****** сум ***** зах дээр Б.М, Н, Б.С нарын хамт оёдол ажиллуулдаг юм. Би цаг хугацааг нь тодорхой санахгүй байна үдээс өмнө Б.С, Б.М, Н бид нар хамт сууж байхад гаднаас Б.М-ын таньдаг эмэгтэй орж ирээд М-ээр хийлгэж байсан хувцсаа өмсөж үзсэн тэгэхдээ өөрийн өмсөж байсан хувцсаа бандан дээр тавиад шинээр хийлгэж байгаа хувцсаа өмсөж толинд харчихаад тайлж өгөөд өөрийн хувцсаа өмсөөд гарч явсан. Түүнийг гарч яваад удаагүй байхад Б.М-ын утас алга болсон байна гээд түүнийг хайж эхэлсэн. М-ээр хувцас хийлгээд манай оёдол дээр орж ирсэн эмэгтэйг орж ирэхийн өмнө Б.М нь утсаар ярьж байсан. Тэр эмэгтэй гарч яваад түүнээс өөр хүн орж ирээгүй байхад Б.М-ын утас алга болсон. М-ээр хувцас хийлгэсэн гэх Н гэдэг эмэгтэй нэг ахимаг насны эмэгтэйтэй орж ирсэн. Ахимаг насны эмэгтэй нь үүднээс хөдлөөгүй харин Н нь бандан дээр хувцсаа тайлж хийлгэж байгаа хувцсаа өмсөж үзээд байсан юм. Бид нар Н гэдэг эмэгтэйг л Б.М-ын утсыг авсан гэж бодож байгаа. Учир нь үүдэнд байсан эмэгтэй утас байсан газар луу ойртоогүй, Н-ийг орж ирэхийн өмнө М нь утсаар ярьж байсан түүнийг гарч ява
ад гаднаас өөр хүн орж ирээгүй байхад М-ын утас алга болсон. Чанга дуугардаг юм. Н-ийг гарч явсны дараа бид нар залгаж үзсэн тэгэхэд оёдол дотор тухайн утас дуугараагүй С-ийн утаснаас залгаж үзээд байсан дуудаж байсан уу үгүй юу гэдгийг би санахгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 110-111 дүгээр хуудас /,
6.Гэрч Д.Н-ийн "... Би Говь-Алтай аймгийн ***** сум **** зах дээр Б.М, Ч.Н, Б.С нарын хамт оёдол ажиллуулдаг юм. Б.М бид нар хамт оёдол ажиллуулдаг бие биеэ таньж мэднэ. Би цаг хугацааг нь тодорхой санахгүй байна. Оёдол дээр Б.М, Б.С, Ч.Н бид 4 хамт байсан бөгөөд Б.М нь утсаар яриад захиалга авч байсан тэр үед Н гэх хүүхэн нэг ахимаг насны эмэгтэйтэй хамт орж ирээд нөгөө хүндээ гадуур хувцсаа өгч бариулж зогсоосон. Харин Н нь өөрийн цамцаа тайлж бандан дээр тавиад М-ын оёсон плаж өмсөж үзсэн. Тухайн плажны ханцуй жоохон урт байна гээд хэмжээс өгөөд тайлж бандан дээр байсан цамцаа өмсөөд үүдэнд хүнд бариулж байсан гадуур хувцсаа өмч гарч явсан. Н-ийг гарч яваад удаагүй байхад над руу хүн залгаад М-ыг гар утсаа ав гээд хэлээд өгөөч утас нь холбогдохгүй байна гэж хэлсэн тэгээд М-ын утсыг хайсан боловч олдохгүй байгаа юм. Н гэх эмэгтэйг орж ирэхээс өмнө М нь утсаар ярьж захиалга авч байсан дараа нь Н-ийг гарч яваад удаагүй гаднаас өөр хүн орж ирээгүй байхад М-ын утас алга болсон байсан. Манай оёдлын газар нь дотроо материал тавьдаг нэг өрөө, оёдол хийдэг нэг өрөөтэй дундуураа тасалгаатай юм. Н гэх эмэгтэй нь оёдол хийдэг өрөөнд орж ирсэн харин түүнтэй хамт явсан хүн нь оёдлыг өрөөнд орж ирээгүй материалын өрөөнд байсан юм. Бид нар М-н алга болсон утсыг Н л авсан гэж бодож байгаа учир нь Н-ийг орж ирэхээс өмнө М утсаар г ярьж байсан Н-ийг гарч яваад өөр хүн орж ирээгүй байхад М-ын утас алга болсон юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 113-114 дугаар хуудас /,
7.Хохирогч Б.М-ын дахин өгсөн: “...Тухайн үед Ж.Н гэх эмэгтэй манай оёдол дээр надаар дээл оёулах гээд ирсэн байсан юм, тэгээд миний утас байсан ширээн дээр өмсөж явсан цамцаа тайлж тавиад буцааж цамцаа авахдаа миний утсыг авчихсан байх гэж бодож байна. Хамт явсан эмэгтэй нь үүдэнд Н-ийн куртикийг барьж зогсож байгаад гараад явсан. Ойртоогүй. Н-ийг гарч яваад шууд утсаа хайтал байхгүй байсан бөгөөд өөр хүн орж ирээгүй, тэгээд залгатал миний утас холбогдоогүй ийм л үйл явдал тухайн үед болсон юм. Н нь 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдөр миний өөрийн *** банкны ****** тоот данс руу “n” гэх утгаар 520.000 төгрөг, 05 сарын 23-ны өдөр мөн ижил утгаар 30.000 төгрөг нийт 550.000 төгрөг миний данс руу шилжүүлсэн. Ингэхдээ Н нь надтай мөнгө хийлээ гэж холбоо бариагүй бөгөөд ********** тоот данснаас шилжүүлсэн байсан. Өмнө нь цагдаа дээр ирэхэд мөрдөгч Н-тэй холбогдоод хохирлыг нь барагдуулах талаар утсаар ярьж байсан тэгээд миний утасны үнийг шилжүүлсэн байсан. Би үнэлгээний байгууллагаас алдсан утасны үнэлгээг гаргуулж авахдаа 40.000 төгрөг тухайн үед төлж байсан. Тэрийгээ гаргуулаад авчихвал өөр ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 100-101 дүгээр хуудас /
8.“Ашид билгүүн” ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн ТХҮ- 921/2224 дугаартай алдагдсан Samsung А51 загварын гар утас нь 550,000 төгрөгийн үнэлгээтэй гэх дүгнэлт /хх-ийн 126-128 дугаар хуудас /,
9.***** ХХК-ийн 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Н/530 дугаартай ********* имей дугаартай утсанд ******* дугаарыг 2023 оны 06 дугаар сарын 02, 2023 оны 08 дугаар сарын 26, 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрүүдэд хийж ашигласан, дугаарын эзэмшигч Л.М ***** гэх албан бичиг /хх-ийн 61 дүгээр хуудас/,
10.Л.М-тай холбогдсон мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 86 дугаар хуудас/
11.***** банкнаас ирүүлсэн 149 дугаартай албан бичиг, *** банкны ***** тоот дансны эзэмшигч нь Ж.Н гэх албан бичиг, дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 78-81/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлаас дүгнэж үзэхэд шүүгдэгч Ж.Н-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Ж.Н нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ж.Н-ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Б.М-т шинжээчийн дүгнэлтээр 550,000(таван зуун тавин мянга) төгрөгийн хохирол учирсан, шүүгдэгч нь хохирогчид 550,000(таван зуун тавин мянга) төгрөг төлсөн, хохирогч Б.М нь “Н нь 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдөр миний өөрийн **** банкны **** тоот данс руу “n” гэх утгаар 520.000 төгрөг, 05 сарын 23-ны өдөр мөн ижил утгаар 30.000 төгрөг нийт 550.000 төгрөг миний данс руу шилжүүлсэн. Би гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгох шаардлага байхгүй” гэх агуулгатай хүсэлтүүд гаргасан /хавтаст хэргийн 96-97, 100-101 дүгээр хуудас/ тул шүүгдэгч Ж.Н-ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
2. Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгч Ж.Н-ийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Ж.Н-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газар ажил сургуулиа өөрчлөн зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, хохирол 550,000(таван зуун тавин мянга) төгрөг төлсөн, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ****** ургийн овогтой Ж.Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг баримтлан шүүгдэгч Ж.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Ж.Н-д оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.
4.Тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчсөн, дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд тэнссэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгчид сануулсугай.
5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, хохирол 550,000(таван зуун тавин мянга) төгрөг төлсөн, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарласугай.
8.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9.Шийтгэх тогтоолд дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА