Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 2025/ШЦТ/158

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч С.Ёндонсамбуу даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Лхагвасүрэн,

улсын яллагч О.Мөнхтуяа,

шүүгдэгч Д.Г******* нарыг оролцуулан

Булган аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д.Г*******д холбогдох эрүүгийн 2515000000148 дугаартай, 304/2025/00154/Э индекстэй хэргийг 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Ш******* овогт Д*******ийн Г*******, Булган аймгийн ******* суманд 1969 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн, 56 настай, эрэгтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ....н аймгийн ............ тоотод оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, агротехникч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, урьд

УБ гарнизоны цэргийн тусгай шүүхийн 1989 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 196 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор БНМАУ-ын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39, 16 дугаар дугаар зүйлийг журамлан 239 дүгээр зүйлийн 3-т зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар,

Булган аймгийн сум дундын шүүхийн 1993 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 24 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4-т зааснаар 3 жил хорих ялаар,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2007 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 317 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.5 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хорих ял оногдуулж, Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай 2006 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийг хасаж, 3 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлсэн, регистрийн дугаар *******,

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Д.Г******* нь урьд Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 2024/ШЗ/644 дугаартай шийтгэврээр Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 400,000 төгрөгөөр торгох шийтгэл хүлээж уг шийтгэлийн хугацаа дуусаагүй байх хугацаандаа дахин согтууруулах ундааны зүйл хэрэглэн амьсгал дахь спиртийн агууламж 2.07 хувийн согтолттой байх үедээ буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а дахь заалтыг зөрчин Булган аймгийн Бугат сумын 2 дугаар багийн нутаг “******* *******” гэх газарт 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдөр ******* ******* улсын дугаартай, “Hyundai grace” загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Д.Г******* нь Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 2024/ШЗ/644 дугаартай шийтгэврээр Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400,000 төгрөгөөр торгох шийтгэлээр шийтгүүлсэн байх ба тээврийн жолоодох эрх хасах шийтгэлийн хугацаа дуусаагүй байхдаа 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдөр согтуурсан үедээ Булган аймгийн Бугат сумын 2 дугаар багийн нутаг “******* *******” гэх газарт ******* ******* улсын дугаартай “Hyundai grace” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдов.

Дээрх хэргийн нөхцөл байдал нь гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 01 дэх тал/, Д.Г*******ы согтолтын зэргийг шалгасан тэмдэглэл /хавтаст хэргийн 02-03 дахь тал/, согтуурал хэмжих драйгер багажид үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 14-16 дахь тал/, Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 2024/ШЗ/644 дугаартай шийтгэврийн хуулбар /хавтаст хэргийн 19-20 дахь тал/, гэрч Х.Шийн мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24 дэх тал/, гэрч Э.Нын мэдүүлэг /хавтаст хэргийн 27-28 дахь тал/, /, Булган аймгийн Цагдаагийн газрын мөрдөгчийн 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 63 дугаартай магадалгаа /хавтаст хэргийн 29-30 дахь тал/, яллагдагч Д.Г*******ы өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 47-48 дахь тал/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогджээ.

Хавтаст хэрэгт цугларсан Д.Г*******ы үл хөдлөх хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа /хавтаст хэргийн 52 дахь тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 53 дахь тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 54 дэх тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 55 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 56 дахь тал/, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2007 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 317 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 59-74 дэх тал/, Булган аймгийн сум дундын шүүхийн 1993 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 24 дугаартай таслан сэргийлэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 77-81 дэх тал/, УБ гарнизоны цэргийн тусгай шүүхийн 1989 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 196 дугаартай таслан сэргийлэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 85-89 дэх тал/ зэрэг нотлох баримтаар шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлов.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

1.2.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Д.Г******* нь прокурорын хяналтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хүсэлт гаргасан нь гаднын нөлөөгүй, бусдын дарамт шахалтгүй, эрүү шүүлт, хүнлэг бус харьцаа байгаагүй болохыг өөрөө батлан илэрхийлж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцсэнээр давж заалдах гомдол гаргах эрхээ хязгаарлуулж байгааг ойлгосон байх бөгөөд тэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтийг шүүхэд гаргасан тул өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдааныг явууллаа.

1.3.Эрх зүйн дүгнэлт:

Шүүгдэгч Д.Г******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах шийтгэл шийтгүүлсэн байхдаа согтууруулах ундааны зүйл хэрэглэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ундаа ... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн хориглосон заалтыг зөрчин тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон байх тул түүнийг гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.

Д.Г*******ы үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан бусад гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт  зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудыг нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч Д.Г*******ыг “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

1.4. Хохирол, хор уршиг

Энэ хэргийн улмаас бусдын амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учраагүй байх тул шүүгдэгч Д.Г*******ыг бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдлаа.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1 Талуудын санал

Улсын яллагч: “...Шүүгдэгч Д.Г*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргахад зөвшөөрсөн тул ялыг батлуулах саналтай байна...” гэв.

Шүүгдэгч: “...хэлэх зүйлгүй...” гэв.

2.1. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Д.Г******* нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Прокурорын санал болгосон бөгөөд шүүгдэгч Д.Г*******ы хүлээн зөвшөөрсөн ялын төрөл, хэмжээ нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд нь тохирсон байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр хянан шийдвэрлэлээ. 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г*******ы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх болон цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгыг хангана гэж шүүх дүгнэв.

Шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд заасан журмын дагуу биелүүлэх, тус журмын дагуу биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.Г*******д тусгайлан сануулав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх эрх хасах ялыг ...торгох ял дээр нэмж оногдуулсан бол ял оногдуулсан үеэс хугацааг тоолно” гэж заасныг баримтлан  шүүгдэгч Д.Г*******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолох нь зүйтэй.

2.2.Бусад асуудлын талаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Д.Г******* нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Ш******* овогт Д*******ийн Г*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г*******ы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 3,000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3.Шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд заасан журмын дагуу биелүүлэх, тус журмын дагуу биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.Г*******д сануулсугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г*******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

5.Шүүгдэгч Д.Г******* нь энэ хэрэгт баривчлагдсан цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Булган аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7.Оролцогч дээрх үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Г*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ЁНДОНСАМБУУ