| Шүүх | Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхбаярын Нямбаяр |
| Хэргийн индекс | 178/2021/0057/Э |
| Дугаар | 09 |
| Огноо | 2021-05-20 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | З.Алтасолонго |
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 09
Э.Буянхишигт холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн, шүүгч М.Нямбаяр, нарын бүрэлдэхүүнтэй хийж,
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 66 дугаар шийтгэх тогтоолтой Э.Буянхишигт холбогдох эрүүгийн 2136000000050 дугаартай хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн, 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч шүүгч М.Нямбаярын илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Б.Уянга, прокурор З.Алтансолонго нар оролцов.
Монгол улсын иргэн, 1988 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Ховд аймгийн Буянт суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-5, эхнэр 3 хүүхдийн хамт Ховд аймгийн Буянт сумын Цагаанбургас багт оршин суудаг, урьд Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2005 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 140 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 2002 оны тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 56 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450000 төгрөгийн торгох ялаар, мөн тус шүүхийн 2019 оны 06 дугаар зүйлийн 28-ны өдрийн 110 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 310 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай ПВ88060412 дугаарын регистртэй Боржгон овогт Элбэгдоржийн Буянхишиг нь Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн нутаг дэвсгэрт 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Н.Пүрэвцэрэнтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдах явцдаа биед нь бахь хэрэглэн халдан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “Шүүгдэгч Боржгон овогт Элбэгдоржийн Буянхишигийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржгон овогт Элбэгдоржийн Буянхишигийг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 600000 төгрөгийн торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Э.Буянхишигт сануулж, шүүгдэгч Э.Буянхишигт оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгаж шийдвэрлэжээ.
Прокурор эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д заасан ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солино гэсэн хуулийн заалтыг шүүгдэгч Э.Буянхишигт тайлбарласан байх боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д заасан шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно гэх мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх учиртайг шүүгдэгчид тайлбарлаагүй байна. Шүүгдэгч Э.Буянхишиг нь 600,000 төгрөгийн торгох ялыг хэзээ төлөх нь шүүхийн шийтгэх тогтоолд тодорхойгүй байна. Энэ нь Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна гэж заасныг зөрчсөн түүнчлэн мөн хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг хэрэглэж тайлбарлаагүй нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол өөрчлөлт оруулж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон эсэхийг прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Ховд аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Буянхишигийг Ховд аймгийн Жаргалант сумын бичигт багийн нутаг дэвсгэрт 2021 оны 2 дугаар сарын 16-ны өдөр Н.Пүрэвцэрэнтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдах явцдаа биед нь бахь хэрэглэн халдаж, зүүн талын нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн чамархай хэсгийн хуйхны шарх, зүүн нүдний алимны зүүн хэсгийн цус хуралт, зүүн нүдний дээд доод зовхины цус хуралт, хамрын таславчийн муруйлт, духны дунд, дээд хэсгийн зулгаралт, духны дунд хэсгийн зулгаралт, духны баруун дээд хэсгийн зулгаралт, зүүн нүдний доод зовхины зулгаралт, зүүн хацар хэсгийн зулгаралт, дээд уруулын зүүн дээд хэсгийн зулгаралт, зүүн эгэмний дунд хэсгийн зулгаралт, зүүн эгэмний дунд хэсгийн цус хуралт, баруун гарын 5 дугаар хурууны 2 дугаар үений гадна хэсгийн зулгаралт бүхий гэмтэл үүсгэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Э.Буянхишигийн бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон байна гэж дүгнээд түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэсэн байна.
Анхан шатны шүүх шүүгдэгчид торгох ял шийтгэл ногдуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй”, гэх хуулийн заалтыг тогтоох хэсэгтээ тайлбарлаж бичээгүй орхигдуулсныг зөвтгөж, шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт нэмэлт, оруулахаар прокурор эсэргүүцэл бичжээ.
Шүүгдэгч Э.Буянхишиг нь Ховд аймгийн Жаргалант сумын бичигт багийн нутаг дэвсгэрт 2021 оны 2 дугаар сарын 16-ны өдөр Н.Пүрэвцэрэнтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдах явцдаа биед нь бахь хэрэглэн халдаж, зүүн талын нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн чамархай хэсгийн хуйхны шарх, зүүн нүдний алимны зүүн хэсгийн цус хуралт, зүүн нүдний дээд доод зовхины цус хуралт, хамрын таславчийн муруйлт, духны дунд, дээд хэсгийн зулгаралт, духны дунд хэсгийн зулгаралт, духны баруун дээд хэсгийн зулгаралт, зүүн нүдний доод зовхины зулгаралт, зүүн хацар хэсгийн зулгаралт, дээд уруулын зүүн дээд хэсгийн зулгаралт, зүүн эгэмний дунд хэсгийн зулгаралт, зүүн эгэмний дунд хэсгийн цус хуралт, баруун гарын 5 дугаар хурууны 2 дугаар үений гадна хэсгийн зулгаралт бүхий гэмтэл үүсгэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь хэрэгт авагдсан гэрч Н.Цагаанцэцэг, Б.Баярсайхан хохирогч Н.Пүрэвсүрэн нарын мэдүүлэг болон Ховд аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээч эмч Д.Тогтохын 2021 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 135 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон, шүүх хуульд заасан ял шийтгэл ногдуулсан байна.
Харин шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлэх хугацааг шүүгдэгчид тайлбарлаж өгөөгүй байх тул энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч шийтгэх тогтоолд нэмэлт заалт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 2021/ШЦТ/66 дугаартай шийтгэх тогтоолын Тогтоох хэсэгт “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар ялтан нь шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлэх үүрэгтэйг дурдсугай” гэсэн заалт нэмж оруулан, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн энэ шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” гэсэн үндэслэлээр оролцогчид Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ТУЯА
ШҮҮГЧИД Д.ЖАМБАЛСҮРЭН
М.НЯМБАЯР