| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбаатарын Чанцалням |
| Хэргийн индекс | 194/2025/0921/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1478 |
| Огноо | 2025-06-02 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., |
| Улсын яллагч | Б.Ө |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1478
2025 06 02 2025/ШЦТ/1478
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Чанцалням даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Сүххуяг,
улсын яллагч Б.Өнөбат,
хохирогч Б.А, Э.Б,
шүүгдэгч Т.Ө, түүний өмгөөлөгч М.Цэнгүүн, Ц.Шийтэрчулуун нарыг оролцуулан Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овогт Т-ийн Ө-д холбогдох эрүүгийн .............. дугаартай хэргийг тус шүүхийн хуралдааны “Б” танхимд 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдөр нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн товч утга /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Т.Ө нь 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Голомт банкны харилцагч болох Б.А-д “Таны банканд хадгалагдаж байгаа мөнгийг олон улсын арилжааны гүйлгээнд оруулж богино хугацаанд өсгөж өгнө” хэмээн хуурч, түүнтэй “Хөрөнгө итгэмжлэн удирдах” гэрээ байгуулан улмаар хохирогч Б.А-аас Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Худалдаа хөгжлийн банкин дээр байхдаа Худалдаа хөгжлийн банкны ................дугаартай данснаас шилжүүлсэн 115.000 ам доллар буюу 303.023.850 төгрөгийг бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан өөрийн Худалдаа хөгжлийн банкны ............... дугаарын дансаар шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулж залилсан,
Мөн шунахай сэдэлтээр 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Найман шарга” худалдааны төвд байхдаа хохирогч Э.Б-ын “.................” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй Худалдаа хөгжлийн банкны ................ тоот данс руу шилжүүлэх гэж байгаад андуурч “................” ХХК-ын дилер Т овогтой Ө-ийн нэр дээр бүртгэлтэй Хаан банкны ............. тоот данс руу шилжүүлсэн 151.875.000 төгрөгөөс 69.875.000 төгрөгийг хувьдаа завшиж их хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 313А дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан бол,
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Цэнгүүн, Ц.Шийтэрчулуун нар нь хавтаст хэргээс 1 дүгээр хавтаст хэргийн 123 дугаар хуудас, 129 дүгээр хуудас, 130-131 дугаар хуудас, 134-136 дугаар хуудас, 151 дүгээр хуудас, 246 дугаар хуудас, 2 дугаар хавтаст хэргийн 122-127 дугаар хуудас, 198-206 дугаар хуудас, 222 дугаар хуудсанд зэргийг шинжлэн судлав.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гараагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн, нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Гэм буруугийн талаар:
1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын зүгээс залилах гэмт хэргийн хувьд гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаж, зүйлчлэлийг хөнгөрүүлэх байр суурьтай оролцож, завших гэмт хэргийн тухайд гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй оролцсон бол хохирогч нарын зүгээс улсын яллагчийн дүгнэлтийг дэмжиж оролцсон болохыг дурдаж байна.
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлэг, гэм буруугийн талаарх дүгнэлтээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Т.Ө нь 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Голомт банкны харилцагч болох Б.А-д “Таны банканд хадгалагдаж байгаа мөнгийг олон улсын арилжааны гүйлгээнд оруулж богино хугацаанд өсгөж өгнө” хэмээн хуурч, түүнтэй “Хөрөнгө итгэмжлэн удирдах” гэрээ байгуулан улмаар хохирогч Б.А-аас Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Худалдаа хөгжлийн банкин дээр байхдаа Худалдаа хөгжлийн банкны ..............дугаартай данснаас шилжүүлсэн 115.000 ам доллар буюу 303.023.850 төгрөгийг бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан өөрийн Худалдаа хөгжлийн банкны ............... дугаарын дансаар шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулж залилсан,
Мөн шунахай сэдэлтээр 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Найман шарга” худалдааны төвд байхдаа хохирогч Э.Б-ын “..................” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй Худалдаа хөгжлийн банкны 409055549 тоот данс руу шилжүүлэх гэж байгаад андуурч “...................” ХХК-ын дилер Т овогтой Ө-ийн нэр дээр бүртгэлтэй Хаан банкны ........... тоот данс руу шилжүүлсэн 151.875.000 төгрөгөөс 69.875.000 төгрөгийг хувьдаа завшиж их хэмжээний хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдлоо. Энэ нь:
Хохирогч Б.А-д 303.023.850 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийн талаарх нотлох баримтдууд:
Хохирогч Б.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Анх 2018 оны 12 дугаар сард Голомт банкнаас ахлах дилер Ө гэх хүн байна таны алтны хадгаламжийн хугацаа дуусаж байна шүү гэж ............. гэсэн дугаараас залгасан. Ингэж ярьснаас хойш 7 хоногийн дараа над руу дахин залгаад танд ашигтай санал тавья уулзах боломжтой байна уу гэхэд нь уулзсан. Ингээд Т.Ө-тай уулзахад тэр “Би Голомт банканд гадаад дилер арилжаа хийдэг ахлах нь байна” гээд үнэмлэхээ үзүүлсэн. Мөн өөрийгөө Icon.mn сайтад Голомт банкны нэрийн өмнөөс хөрөнгө арилжааны тайлбар хийдэг байсан гэж танилцуулсан. Тэрээр “таны хадгалуулж байгаа мөнгө их бага хүүтэй юм байна. Ингэж хадгалуулж байхаар арилжаанд оруулсан нь дээр” гээд “нэг сар 6,6 хувийн хүүтэйгээр гадаад валютын арилжаанд оруулсан нь дээр” гэж хэлэхэд би “Танай банкных юм уу” гэж асуухад тэр тийм ээ Голомт банкных гэсэн. Дараа дахин уулзахад Голомт банкнаас хөрөнгө зохицуулах гэрээ хийдэг гэж гэрээ хийж арилжаанд оруулах мөнгөө Худалдаа хөгжлийн ................. тоот данс руу хийлгэсэн. Яагаад энэ данс руу хийлгэж байгаа юм бэ гэхэд манай банкнаас намайг харилцагч нартайгаа хувийн харилцаа үүсгэдэг гэх байх тийм учраас Голомт банкны данс руу болохгүй байна та миний Худалдаа хөгжлийн данс руу хийчих гээд дээрх дансанд 115.000 ам доллар хийлгэсэн. Ингээд гэрээн дээр сар сараар график гаргаад хүү нь өсөөд дансанд орно гэж хэлж байсан. Бүр сүүлдээ хөөцөлдөж явсаар байгаад 2019 оны 6 дугаар сард түүнийг олж уулзаад баримттай үлдэхийн тулд зээлийн гэрээ гэх зүйл хийж нотариатаар баталгаажуулж авсан. Ашиг аваагүй харин 115.000 ам доллароосоо 25.926 ам доллар үндсэн мөнгөнөөсөө буцааж авсан...” гэх мэдүүлэг /1хх 35-36, 2хх 224-225/,
Гэрч Б.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай дүү Б.А Голомт банканд ахлах дилер хийдэг хүн мөнгө өсгөж өгнө гэж байна гээд надад болон манай аав, ээж, дүү Эрдэмбаяр нарын хадгаламжинд байсан мөнгийг цуглуулж тэр Ө гэх хүнд арилжаанд оруулна гээд өгсөн байсан. Гэтэл Ө нь тус мөнгийг эргүүлэн өгөхгүй удаад байна гээд над руу хэлж байсан. А нь 2019-2020 онд Канад улс руу явах болоод Ө-аас мөнгө авах ёстой. Та уг мөнгийг миний өмнөөс нэхэмжил гээд надад итгэмжлэл хийж өгөөд тэгээд би Ө-г олж уулзаад нотариат дээр 115.000 ам долларын зээлийн гэрээ хийсэн. Тэрээр мөнгөө өгөхгүй удсан учраас цаашид дахин алга болоод мөнгөө өгөхгүй байх гэж бодож зээлийн гэрээ байгуулсан. Ингээд уг зээлийн гэрээний дагуу график гаргаж төлнө гээд график гаргасан. Уг графикийн дагуу эхний сард төлөх 10.847 долларыг шилжүүлж өгсөн. Үүнээс хойш дахиж мөнгө өгсөн зүйл байхгүй. Мөнгөө өгөхгүй байсан учраас араас нь хөөцөлдөж явсаар Хас банканд ажилладаг байхад нь олж, дуудаж уулзах гэхэд ирээгүй, уулзаагүй. Гэтэл нэг удаа өмгөөлөгч нь гээд нэг хүн над руу яриад “ярих юм байвал та надтай ярь” гэхэд нь “мөнгөө өгөхгүй бол цагдаагийн байгууллагад хандана” гэдгийг дахин хэлсэн боловч дахиж холбогдоогүй...” гэх мэдүүлэг /хх 55-58/,
Гэрч Б.Л-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би өөрийн хадгаламжинд байсан 35.000 ам долларыг охин А-д авч өгсөн...” гэх мэдүүлэг /1хх 60-61/,
Худалдаа хөгжлийн банкны Б.А-ийн .............тоот данснаас 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 115.000 ам доллар ............. дугаарын дансанд шилжүүлсэн баримт /1хх 124/,
Цахим орчинд үзлэг хийсэн “...Үзлэгээр 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар Монгол банкны валютын ханшаар ам доллар хэдэн төгрөгийн ханштай байсныг тогтоох зорилгоор хайлт явуулахад 1 ам доллар 2.634.99 төгрөгийн ханштай байсан байна...” тэмдэглэл /1хх 31-32/,
2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр “Хөрөнгө итгэмжлэн удирдах гэрээ”, 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр “Хөрөнгө итгэмжлэн удирдах гэрээ”, 2019 он 6 дугаар сарын 01-ний өдрийн “Зээлийн гэрээ” /1хх 130-133, 151/,
Гэрч Л.Л-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай компани брокер дилерийн үйл ажиллагаа явуулдаг. Т.Ө нь манай компанийн харилцагч бөгөөд тухайн харилцагч нь манай компанийн .............. дугаарын данс руу 115.000 ам долларыг хийсэн байна. Уг дансны хуулгыг харахад нийт 130.278.76 ам долларыг дансандаа байршуулж 46.064.52 алдагдал хүлээн 85.906.89 ам долларыг арилжааныхаа данснаас өөртөө гаргаж авсан байна. Одоогийн дансны үлдэгдэл 1692.65 долларын буюу өртэй байгаа...” гэх мэдүүлэг /1хх 52-53/,
Гэрч Ш.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... ...................ХХК-д бүртгүүлсэн Т.Ө-ийн .....................тоот арилжааны дансны хуулгыг үзлээ. Уг хуулгыг 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр манай байгууллагаас гаргаж өгч байсан байна. 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэлтэй уг хуулгаас үзэхэд
-2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 115.000 ам доллар арилжааны дансанд байршуулсан,
-2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 14.287 ам доллар,
-2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 1500 ам доллар арилжааны данснаас татсан,
-2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 300 ам доллар арилжааны данснаас татсан,
-2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 7590 ам доллар арилжааны данснаас татсан 8400 ам доллар арилжааны дансанд нийт 130.278.76 ам доллар байршуулж арилжаа хийгээд үүнээс 46.064.52 ам долларыг арилжаагаар алдсан. 85.906.89 ам долларыг өөрийн нэр дээрх банкны данс руу татан авсан байна. Мөн ........................ ХХК-аас 1700 ам доллар зээлж авсан байна. Т.Ө-ийн .................... тоот дансны хуулгыг 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс хойших гүйлгээг харуулсан байна. Тэгэхээр 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 115.000 ам долларын гүйлгээ шилжин орж, үүнээс хойш өөр бусад байдлаар нийт 15278.76 ам доллар дансандаа нэмж байршуулсан байна...” гэх мэдүүлэг /1хх 64-66/,
“.........................” ХХК дахь Т.Ө-ийн эзэмшдэг .................тоот дансны хуулга /1хх 83-106/,
Хаан банкны Т.Ө-ийн .................. дугаартай дансны хуулга /1хх 187-202/,
Голомт банкны Т.Ө-ийн ..................... дугаартай дансны хуулга /1хх 203-229/,
Дансны гүйлгээний хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 239-250, 3хх 1-6/,
“................. ХХК-ийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 24/ш-02 дугаартай аудитын дүгнэлт /2хх 198-206/,
Шинжээч В.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...А нь анх 115.000 ам долларыг 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр оруулсан. Тэгтэл А-ийн хөрөнгө оруулсан мөнгийг Ө нь 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд 60.707 ам долларын таталт хийж авсан буюу энэ нь 3 сар 15 хоногийн дотор татаж авсан учраас А-ийн 115.000 ам доллар бүрэн арилжаанд ороогүй...” гэх мэдүүлэг /3хх 10-13/,
Хохирогч Э.Б-д 69.875.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийн талаарх баримтууд:
Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст “...................” ХХК-аас гаргасан гомдол, түүний хавсралт /3хх 82-97/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай компани нь “................” ХХК-аас 2024 оны 5 дугаар сарын 03-ны өдөр 150.000 долларыг 3380 төгрөгөөр, 250.000 долларыг 3379.5 төгрөгөөр бодож худалдаж авсан. Энэ нь төгрөгөөр нийт 1.351.875.000 төгрөг болж байгаа. Ингээд “................ ББСБ” ХХК-ийн диллер Т.Ө гэдэг залуугаас компанийнх нь дансыг нь авахад Хаан банкны .........., Худалдаа хөгжлийн банкны ................ тоот дансуудыг авсан. Тэгээд 5 дугаар сарын 03-ны өдөртөө “.......................” ХХК-ийн Хаан банкны данс руу эхлээд 300.000.000 төгрөгийг, дараа нь 800.000.000 төгрөг шилжүүлээ 100.000.000 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны данс руу нь шилжүүлсэн.Үлдэгдэл 151.875.000 төгрөгийг ................ тоот данс руу шилжүүлсэн байсан. Тэгсэн 2 хоногийн дараа буюу 2024 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн шөнийн 01 цагийн үед Ө нь над руу мессеж бичээд “чи андуураад миний данс руу 150.000.000 төгрөг хийчихсэн байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Ө руу залгаад ярихад “... би ............. рүү буцаагаад хийчихнэ. Чи санаа зоволтгүй” гэж хэлэхээр нь би тайвшраад дахиж яриагүй. Дансаа ч гэсэн нягталж үзээгүй. Тэгээд Ө нь 05 дугаар сарын 7-ны өдөр 47.000.000 төгрөгийг манай компанийн .......... тоот данс руу хийхээр нь тэр мөнгийг нь “.................” ХХК руу шилжүүлсэн. 5 дугаар сарын 8-ны өдөр Ө-аас дахин манай компанийн дансанд 35.000.000 төгрөг шилжүүлэхээр нь мөн “.....................” ХХК руу шилжүүлсэн. Ө нь зарим мөнгийг нь би өөрөө хийчихье гэсэн мессежийг над руу бичсэн байсан. Гэтэл үүнээс 20 хоногийн дараа “...................” ХХК-наас манай компанид үлдэгдэл 69.875.000 төлбөрөө төлнө үү гэсэн албан мэдэгдэл ирсэн. Тэгэхээр нь “......................” ХХК-ийн захирал гэх хүнтэй яриад танай ажилтан Ө руу шилжүүлсэн. Ө чинь танайх руу буцаачихъя гэж хэлсэн гэхэд тэр хамаагүй Ө-аас манайд ямар ч мөнгө орж ирээгүй чи Ө-тай нийлж манай байгууллагыг луйвардлаа гэхээр нь би шууд утсаа тасалсан. Тэрнээс хойш яриагүй. Маргааш нь танайх 5 дугаар сарын 29-ний өдрийн дотор үлдэгдэл төлбөрөө төлөхгүй бол манайх шүүхэд хандана гэсэн мэдэгдэл “..............” ХХК-аас ирсэн. Харин Ө-тай холбогдож ярихаар нь би захирлуудад хэлчихсэн байгаа. Чи санаа зоволтгүй ээ энэ 7 хоногт өгнө гэж хэлээд мөнгөө өгөлгүй 14 хоног болчихсон байна. 2024 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Ө нь компанийхаа дансыг над руу мессежээр явуулж байсан. Гэтэл бид хоёрын өмнө нь харилцаж байсан мессеж дунд өөрийнх нь данс байсан. Тэгээд андуураад Ө-ийн данс руу шилжүүлчихсэн байсан. Ө өөрийнх нь дансанд манай компаниас андуурч орсон мөнгө орсон талаар надаас өмнө мэдчихсэн байсан. Надад өөрөө хэлсэн юм...”гэх мэдүүлэг /4хх 102-103/,
Гэрч Ц.У-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Ө нь 2024 оны 3 дугаар сарын 05-ны өдөр захирлын Б24/34 дугаар тушаалаар Хөрөнгө удирдлагын Менежер албан тушаалд үндсэн ажилтнаар ажиллаж байсан байх. Өнөрбаянгийн албан тушаалын тодорхойлолт нь компанийн хөрөнгийн үлдэгдлийг тогтмол шалгах, удирдлагыг мэдээллээр хангах, валют арилжааны ханшийг зах зээлийн нөхцөл байдал, судалгаа шинжилгээ, өрсөлдөгчийн нөхцөл байдалтай уялдуулан, гүйцэтгэх удирдлагатай хамтран тогтоох, мөнгөн гуйвуулгын ханш шимтгэлийг харилцагч байгууллагатай шаардлагатай тохиолдолд тохиролцох, зах зээлийн нөхцөл байдалтай уялдуулан ханшийн өөрчлөлт, шимтгэлийн өөрчлөлт хийх зэрэг үндсэн чиглэлээр ажилладаг. Энгийнээр тайлбарлавал валютын ханшинд дүн шинжилгээ хийж ханшийн хэлцэл хийх үндсэн үүрэгтэй байсан. Ө нь өөрөө нэлээн мэдлэг, ур чадвартай хүн байсан ч өмнө нь ажиллаж байсан. Идэвхтэй санаачлагатай ажлаа хийдэг байсан. Ингээд “................” ХХК-ийн валют арилжаан дээр асуудал гаргаад 2024 оны 6 дугаар сард ажлаас халагдсан. Манай компани нь 5 дугаар сарын 03-ны өдөр дээрх компанитай 150.000 ам долларыг 3380 төгрөгөөр тохирч ............ компанийн Голомт банкны.................. тоот данс руу шилжүүлсэн. 150.000 ам доллар нь 507.000.000 төгрөг болж байсан. Дараа нь тэр өдрөө 250.000 ам долларыг 3379.5 төгрөгөөр бодож дээрх данс руу шилжүүлсэн. Энэ нь 844.875.000 төгрөг болсон. ............... ХХК-аас буцаад тухайн өдрөө манай компанийн .................... тоот данс руу 100.000.000 төгрөг, Хаан банкны ....................тоот данс руу 300.000.000 төгрөг, 800.000.000 төгрөгийг шилжүүлсэн.Ингээд .................... компаниас нийт 1.200.000.000 төгрөгийг шилжүүлсэн байсан. Санхүүгийн албанаас Ө-аас .................... ХХК нь яагаад мөнгөө шилжүүлэхгүй байгаа талаар асуухад удахгүй хийнэ гэдэг байсан. 5 дугаар сарын 7-ны өдөр манай Хаан банкны ....................... тоот данс руу .....................-аас 47.000.000 төгрөг, 5 дугаар сарын 8-ны өдөр мөн дансанд 35.000.000 төгрөг орж ирсэн. 69.875.000 төгрөг үлдээд орж ирэхгүй удаад байсан. Ерөнхий нягтлан 5 дугаар сарын 14-ний өдөр .................... ХХК руу яръя гэхэд Ө нь би захиралтай уулзаж өөрөө учруу хэлье гэсэн. Тэгээд Ө нь захиралд үлдэгдэл мөнгөөрөө олон улсын арилжаа хийгээд алдчихсан гэж тайлбарласан. ................. ХХК-аас манайд орж ирэх ёстой мөнгө Ө-ны данс руу орсон гэдгийг тэр үед бид нар мэдсэн. Ө-ны энэ үйлдэл нь дотоод журам зөрчиж байсан тул дотоод аудитын дүгнэлт гаргаад Ө-ныг цагдаад өгөх шийдвэр гаргасан. Мөн ............. ХХК руу байгууллага хоорондын гүйлгээ нийлье гэсэн албан бичиг өгөхөд Өнөрбаянг цагдаад өгсөн гэсэн хариу ирсэн. Ө нь арилжааны мөнгийг хувийн дансандаа авах эрх байхгүй. ..Манай компани ............... ХХК-аас 69.875.000 төгрөг авах ёстой. Энэ мөнгөө ............. ХХК-аас нэхэмжилж байгаа. ................. ХХК нь Ө-наас авах ёстой болчихоод байгаа юм...” гэх мэдүүлэг /3хх 111-112/,
Тогтохдэмбэрэлийн Ө-гийн Хаан банкны ................. дугаартай дансны хуулгад үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /3хх 113-114/,
Тогтохдэмбэрэлийн Ө-ийн Хаан банкны .................. дугаартай дансуудын хуулганд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /3хх 125-127/,
Хаан банкнаас ирүүлсэн 2024 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 29/8766 дугаартай албан бичиг /3хх 129-136/ болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч нарын, шүүгдэгчийн мэдүүлэг, тайлбар зэргээр нотлогдон тогтоогдож байна.
4.Залилах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх зэргийг гэмт этгээд гэмт үйлдэл хийхээсээ өмнө шууд санаатайгаар шунахай сэдэлтээр буцааж өгөх, хариу төлбөр хийхгүй байх зорилгоор хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан өөртөө шилжүүлэн авахыг ойлгоно.
Хэрэгт цугларсан баримтуудаас дүгнэхэд, шүүгдэгч Т.Ө нь бодит байдал дээр урьд өндөр хэмжээний арилжаанд орж байсан туршлагагүй атлаа өөрийн Голомт банканд ажилладаг байдлыг далимдуулан “Таны банканд хадгалагдаж байгаа мөнгийг олон улсын арилжааны гүйлгээнд оруулж богино хугацаанд өсгөж өгнө” хэмээн хохирогч Б.А-г хуурч, биелэгдэх боломжгүй өндөр хүүг амлаж гэрээ байгуулан бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 115.000 ам доллар буюу 303.023.850 төгрөгийг өөрийн Худалдаа хөгжлийн банкын ................... тоот дансаар шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь залилах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Хэдийгээр шүүгдэгч Т.Ө нь хохирогч Б.А-аас авсан мөнгийг шууд арилжааны дансанд байрлуулсан явдал нь өнгөц харахад гэрээний дагуу үүргээ биелүүлсэн мэт харагдах боловч даруй буюу 3 хоногийн дараанаас тухайн данснаас өндөр хэмжээний мөнгө татаж эхэлсэн, улмаар нийт хөрөнгийн 52.78 хувийг 3 сар 15 хоногийн дотор татан авч хувийн хэрэглээндээ зарцуулсан байна.
Энэ нь шүүгдэгчийг анхнаасаа арилжааг хийж гүйцэтгэх бодит боломжийг бүрдүүлэх санаа зорилго агуулаагүй, хохирогчоос их хэмжээний мөнгө авч хувьдаа ашиг хонжоо олох гэсэн залилах гэмт хэргийн шинжийг агуулж байсан болохыг харуулж байна гэж үзлээ.
5. Төлбөр тооцооны алдаатай гүйлгээг завших гэмт хэргийн хувьд гэмт этгээд бусдын өмчийг өөрт олж авахын тулд идэвхтэй үйлдэл хийгээгүй, хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдийн эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа гэмт этгээдэд завших сэдэл төрсөн байдаг.
Шүүгдэгч Т.Ө нь “...................” ХХК-д ажиллаж байхдаа хохирогч Э.Б-ын “..................” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй Худалдаа хөгжлийн банкны данс руу шилжүүлэх гэж байгаад андуурч түүний эзэмшлийн Хаан банкны данс руу шилжүүлсэн 151.875.000 төгрөгөөс 82.000.000 төгрөгийг байгууллагын дансанд шилжүүлэн, үлдсэн 69.875.000 төгрөгийг хувийн хэрэгцээндээ зарцуулж, төлбөр тооцооны алдаатай гүйлгээг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж өөртөө ашиг хонжоо олох зорилгоор завшсаны улмаас их хэмжээний хохирол учруулсан үйлдэл нь хөдөлбөргүй тогтоогдсон байна.
Шүүгдэгч Т.Ө нь хохирогч Э.Б-ын андуурч шилжүүлсэн 151.875.000 төгрөгөөс 82.000.000 төгрөгийг байгууллагын дансанд шилжүүлсэн байх бөгөөд энэ түүнийг анхнаасаа андуурч шилжүүлсэн алдаатай гүйлгээ, тухайн мөнгө бүхэлдээ бусдын эзэмшлийнх гэдгийг мэдэж байсан болохыг давхар нотолж байна.
Харин гэмт хэрэг үйлдэгдсэний дараа шүүгдэгчийн зүгээс хохирогчтой холбогдон хувьдаа ашигласан, өөрт нь хамааралгүйгээр байгууллагатай тохиролцож хурдан хугацаанд төлж барагдуулах болохоо илэрхийлсэн явдал нь гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал болохгүйг дурдах нь зүйтэй.
6. Шүүгдэгч Т.Ө нь дээрх гэмт үйлдлүүддээ шунахай сэдэлттэй, шууд санаатай хандсан байх ба өөрийн үйлдлийн хууль бус болохыг ухамсарлаж мэдсээр байж, хүсэж үйлдэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.
7. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Т.Ө-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй үйлдсэн гэм буруутайд,
Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар төлбөр тооцооны алдаатай гүйлгээг завших гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.
Хохирол, төлбөрийн талаар:
8. Залилах гэмт хэргийн улмаас хохирогч Б.А-д 303.023.850 төгрөгийн хохирол, Завших гэмт хэргийн улмаас хохирогч Э.Б-д 69.875.000 төгрөгийн хохирол учирсан.
Шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Б.А-д 74.174.286 төгрөгийг төлсөн, хохирогч Э.Б-д хохирол төлж барагдуулсан зүйлгүй байна.
Хэрэгт авагдсан баримтаар хохирогч Б.А нь шинжээчийн дүгнэлт гаргуулах зардал болох 2.500.000 төгрөгийг төлсөн гэх үйл баримт тогтоогдож байх тул тус төлбөрийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд тооцож шүүгдэгч Т.Ө-аас гаргуулж хохирогчид олгуулах нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч Т.Ө-аас гэмт хэргийн улмаас учирсан хохирлын төлбөрт 69.875.000 төгрөг гаргуулж хохирогч Э.Б-д, 234.709.099 төгрөг гаргуулж хохирогч Б.А-д, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 2.500.000 төгрөг гаргуулж хохирогч Б.А-д тус тус олгуулахаар шийдвэрлэсэн.
Шүүгдэгч Т.Ө нь хохирол, төлбөрийг төлж барагдуулахаар хуульд заасан тав хоногийн хугацаагаар завсарлага авч улмаар энэ хугацаанд хохирогч Э.Б-д 40.000.000 төгрөгийг, хохирогч Б.А-д 70.000.000 төгрөгийг тус тус төлж барагдуулсан байна.
Иймд шүүгдэгч Т.Ө-аас гэмт хэргийн улмаас учирсан хохирлын төлбөрт 29.875.000 төгрөг гаргуулж хохирогч Э.Б-д, 164.709.099 төгрөг гаргуулж хохирогч Б.А-д, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 2.500.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.А-д тус тус олгуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
9. Улсын яллагчаас шүүгдэгч Т.Ө-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дээрх ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 5 жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргасан.
Шүүгдэгч Т.Ө-гийн өмгөөлөгч М.Ц-нээс шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “...Миний үйлчлүүлэгч нь анхнаасаа хохирогч нарын хохирлыг төлөөд явж байсан, үлдэгдэл хохирол төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлсэн. Тиймдээ ч хуульд заасан 5 хоногийн завсарлага аваад зохих хэмжээнд буюу хохирогч Б.А-д 70.000.000 төгрөг, хохирогч Э.Б-лд 40.000.000 төгрөгийг төлж барагдуулсан. Үлдэгдэл хохирлоо барагдуулах гэрээ байгуулах гээд саналаа тавьсан боловч хохирогч Б.А нь хүлээн зөвшөөрөөгүй, гарын үсэг зураагүй ч гэсэн тухайн хохирлоо нөхөн төлөх илэрхийлэл хэвээр байгаа, 12 сарын хугацаанд ижил хэмжээгээр хэсэгчлээд төлнө гэх саналыг хохирогч Б.А-д гаргасан байгаа. Хохирогч Э.Б-ын тухайд үлдэгдэл төлбөрийг 6 сарын хугацаанд сар бүр тэнцүү хэмжээгээр хэсэгчлээд төлөх байр суурийг илэрхийлсэн. Тухайн илэрхийллийг хохирогч Э.Б нь хүлээн зөвшөөрч гарын үсэн зурсан байгаа. Шинээр гаргаж өгсөн баримтад шүүгдэгч нь одоогоор ажиллаж байгаа компанийн тодорхойлолтыг шинээр шүүхэд гаргаж өгсөн байгаа. Тухайн компанид 5.000.000 төгрөгийн үндсэн цалинтайгаар ажилладаг. Иймд цаашдаа ажил хөдөлмөр эрхлээд хохирогч нарын хохирлыг барагдуулах илэрхийлэлийг шүүхэд бичгээр гаргаж өгсөн байгаа. Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх зорилготой. Нэг талаасаа шүүгдэгч Ө-г яллах гээд боловч нөгөө талаасаа хохирогч нарын эрх ашиг яригддаг. Миний үйлчлүүлэгчид зайлшгүй хорих ял оногдуулахгүйгээр хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх боломжтой учир Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, мөн хуулийн 17.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг журамлан тэнсэж өгнө үү гэсэн саналтай байна...” гэв.
Шүүгдэгч Т.Ө-ийн өмгөөлөгч Ц.Ш-аас шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “...Миний үйлчлүүлэгчийн хувьд хохирлоо нөхөн төлсөн, үлдэгдэл хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа, эрүүгийн хариуцлага оногдуулахад гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзэх шаардлагатай байдаг. Криминологийн үүднээс гэмт хэрэгтэн бие хүн, залилагч гэж ямар хүнийг хэлэх үү гэсэн ойлголтууд байдаг. Ө-ийн хувьд хүнд хохирол учруулсан болохоос биш яг гэмт хэрэгтэн бие хүн төлөвшсөн гэж үзэхгүй байна. Ийм учир заавал хорих ял шийтгэхгүйгээр бусад ялын төрлөөс сонгож хэрэглэж өгнө үү гэж шүүхээс хүсэж байна. Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү гэж хүсэж байна. Мөн хуулийн 17.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг журамлан тэнсэж өгнө үү гэж шүүхээс хүсэж байна. Хэд хэдэн ял шийтгэл оногдуулсан тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд тус тусад нь эдлүүлж болно гэж заасан учраас 1 жилийн хугацаагаар тэнсэх явцдаа 10.000.000 төгрөгийн торгуулыг хэсэгчлэн төлөх боломжтой байна...” гэв.
Шүүгдэгч Т.Ө-д эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний өөрийн үйлдэл болон үр дагаварт хандаж буй хандлага зэргийг харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч хорих ял оногдуулах нь хууль болон шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.
Иймд шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл, учруулсан хохирол төлбөрийн тодорхой хувийг төлж барагдуулсан, цаашид төлөхөө илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүгдэгч Т.Ө-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Т.Ө-г 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ө-д энэ тогтоолоор оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх хорих ялыг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэв.
Бусад асуудлын талаар:
10. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж, шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Ө-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
11. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хоёр ширхэг сиди /дүрс бичлэгийн хуурцаг/-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт нь үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А овогт Т-ийн Ө-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй үйлдсэн гэм буруутайд,
Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар төлбөр тооцооны алдаатай гүйлгээг завших гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Т.Ө-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ө-д энэ тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх хорих ялыг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ө-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын төлбөрт шүүгдэгч Т.Ө-аас 29.875.000 төгрөг гаргуулж хохирогч Э.Б-д, 164.709.099 төгрөг гаргуулж хохирогч Б.А-д тус тус олгосугай.
6. Шүүгдэгч Т.Ө-аас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 2.500.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.А-д олгосугай.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хоёр ширхэг сиди /дүрс бичлэгийн хуурцаг/-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт нь үлдээсүгэй.
8. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Т.Ө-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЧАНЦАЛНЯМ