| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Дашдондов |
| Хэргийн индекс | 195/2025/1851/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/2055 |
| Огноо | 2025-08-28 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | П.Итгэл |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 08 сарын 28 өдөр
Дугаар 2025/ШЦТ/2055
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Дашдондов даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Галмандах,
улсын яллагч П.Итгэл,
хохирогч Б.Э ,
шүүгдэгч А.П , түүний өмгөөлөгч О.Оюунчимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.П д холбогдох ************** дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ны өдөр, ** аймгийн *** суманд төрсөн, ** настай, эрэгтэй, ** боловсролтой, ** мэргэжилтэй, “*****” ХХК-д ** ажилтай, ам бүл **, ** хамт ** дүүргийн ** дугаар хороо **тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,
Ө овогт А-ын П РД:*************.
Хэргийн товч агуулга:
Шүүгдэгч А.П нь С дүүргийн ** дугаар хороо “**” ХХК-ны баруун замд 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Тоуоtа Рrius маркийн **-** *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3.“3амын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 16.1.Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчnr явган зорчигч Б.Э г мөргөж, эрүүл мэндэд нь зүүн шагай ясны сэлтэрсэн хугарал, тархины дух, баруун чамархайн дэлбэнгийн эдэд цус хуралт, дагзны хуйх, баруун өвдөг, зүүн шагайн үений зөөлөн эдийн няцрал гэмтлүүд бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Талуудын байр суурь, шинжлэн судалсан нотлох баримтууд.
1.1. Улсын яллагчаас шүүгдэгч А.П гийн гэм бурууг шүүхийн өмнө яллах байр суурьтай оролцож хавтаст хэргээс 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 824 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтуудыг,
1.2. Хохирогчоос баримтаар болон сэтгэцэд учирсан хор уршигтай холбоотой зардлыг нэхэмжлэх байр суурьтай оролцсон бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн хохирол төлбөрийн баримтуудыг,
1.3. Шүүх хуралдаанд шүүгдэгч А.П , түүний өмгөөлөгч нар нь гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр сууринаас оролцож, хавтаст хэргээс иргэний нэхэмжлэгч н.Батбаярын мэдүүлэг /хавтаст хэргийн-23х/, Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 29х/, шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хавтаст хэргийн 14-27х/ болон шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн хохирол төлбөр төлсөн 4 хуудас, “MRI” төлбөр төлсөн 3 хуудас баримтуудыг тус тус шинжлэн судлав.
2. Шүүгдэгч А.П нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3.“3амын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 16.1.Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчиж явган зорчигч Б.Э ийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь:
2.1. 102 дугаарын утсанд ирсэн “15-03 УАЕ дугаартай машин хүн мөргөсөн” гэх дуудлагын лавлагааны хуудас /хавтаст хэргийн 5-р хуудас/,
2.2. 3ам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 6-12-р хуудас/,
2.3. Хохирогч Б.Э ий “...Би 2025 оны 03 сарын 17-ны өдөр ажил тараад 16 цаг болох гэж байхад ажлаасаа гараад гэр лүүгээ харихаар ** зам хойд зүг рүү алхаж байгаад “**” ХХК-ны баруун талын замын автобусны буудлын харалдаа байдаг явган хүний гарцаар баруунаас зүүн зүг рүү чиглэн зам хөндлөн гарч явах үед миний зүүн гар талаас нэг машин ирээд мөргөх шиг болсон тэгээд юу болсныг мэдэхгүй байна нэг мэдэхэд түргэний машинд явж байсан тэгээд ГССҮТ-д хүргэгдсэ ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16-р хуудас/,
2.4. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн ЕГ0525/889 дугаартай “...Материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №ЕГ0525/541 дугаартай дүгнэлттэй санал нэг байна. Б.Э ий биед тухайн үед зүүн шагай ясны сэлтэрсэн хугарал, тархины дух, баруун чамархайн дэлбэнгийн эдэд цус хуралт, дагзны хуйх, баруун өвдөг, зүүн шагайн үений зөөлөн эдийн няцрал гэмтлүүд учирчээ. Хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Эрүүл мэндийн сайд, Хууль зүй дотоод хэргийн сайд, Улсын ерөнхий прокурорын хамтарсан 2024 оны А/225/А/153/А/85 дугаартай тушаалын хавсралт хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдоно” гэсэн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 77-81-р хуудас/,
2.5. “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 215 дугаартай “...Уг тээврийн хэрэгслийг тоног төхөөрөмж дээр хэмжилт хийж шалгахад, ...стандартын шаардлага хангаж байна...Урд салхины шил баруун талдаа бяцарч хагарсан нь шинэ гэмтэл байх боломжтой...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 44-48-р хуудас/,
2.6. Мөрдөгчийн 798 дугаартай “...Жолооч А.П нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3.“3амын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 16.1.Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан гэх үндэслэлтэй байна” гэх магадлагаа /хавтаст хэргийн 86-р хуудас/,
2.7. Шүүгдэгч А.П гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлбөрт 4,200,000 төгрөг төлсөн...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
3. Хууль зүйн дүгнэлт.
3.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
3.2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас бусдын эрүүл мэндэд шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан үйлдэл байдаг бөгөөд А.П гийн гэмт үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой.
3.3. Хууль тогтоогч уг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, хэр хэмжээг харгалзан үндсэн болон хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр хуульчилсан. Шүүгдэгч А.П гийн үйлдэлд уг гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж тогтоогдоогүй.
3.4. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч А.П гийн үйлдэл нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан яллах талын нотлох баримтуудаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэх гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулж байна.
3.5. Иймд А.П г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
4. Хохирол-хор уршиг:
4.1. Хохирогч Б.Э ий шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Миний бие 3 дугаар сарын 17-ны өдөр буюу цэргийн баяраас нэг хоногийн өмнө цэргийн ангийн байршлаасаа гэртээ харьж явахад автобусны харалдаа замын гарцаар гарч байхад замын 2 дах эгнээнээс нэг машин гарч ирээд намайг мөргөсөн. Миний бие ахлах дэслэгч цолтой цэргийн албан хаагч хохирлоос болоод миний ахмад цол авах хугацаа өнгөрөөд 3 сар болж байна. Яагаад өнгөрсөн бэ гэхээр ажлын үзүүлэлтгүй болсон. Он гарснаас хойш би 3 сарын хугацаанд эмнэлгээр явсан. Шүүгдэгчийн талаас сүүлд надтай холбогдож яриагүй. Сүүлд дахиж ажилдаа орсноосоо хойш 2 долоо хоног эмнэлэгт хэвтсэн. Би энэ жил энхийг сахиулах ажиллагаанд явах байсан боловч явж чадаагүй. Үүнээс болоод миний карьерыг хааж байна. Би Оросын холбооны улсад цэргийн сургуулийг 6 жилийн хугацаанд төгссөн. Үеийн залуусаас хоцорч цолоо авсан. Одоо нэмэлтээр дахиад хохирч байна. ...нийт 4,200,000 төгрөг авсан. Одоо хэвтэн эмчлүүлсний төлбөр болон эм тарианы зардал 775,000 төгрөг баримтаар нэхэмжилж байгаа...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,
4.2. Эрүүл мэндийн даатгалын сангийн хохирлын баримт /.... /,
4.3. “Тэнцвэр эстимэйт үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 15 дугаартай “3.5-тай харааны шил, рам, Асer Nitro нөүтбүүк” нийт дүн 2,940,000 төгрөг гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 54-56-р хуудас/,
4.4. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 06 дугаар сарын 04- ний өдрийн 1461 дугаартай “Баттөрийн Э ий сэтгэцэд 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 66-68-р хуудас/ зэргээс дүгнэхэд:
Тус гэмт хэргийн улмаас хохирогч Б.Э ий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирч, хохирогчийн зүгээс мөрдөн шалгах ажиллагааны явцад эд хөрөнгийн хохиролд 2,940,000 төгрөг, шүүхийн хэлэлцүүлгийн явцад 775,000 төгрөгийн эмчилгээ үйлчилгээтэй холбоотой баримтыг гаргаж нэхэмжилснээс шүүгдэгч А.П нь 4,200,000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь хохирогчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...нийт 4,200,000 төгрөг авсан...” гэх мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байна.
Мөн Эрүүл мэндийн даатгалын санд 1,915,125 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч А.П нь төлж барагдуулаагүй байна.
Түүнчлэн хохирогч Б.Э ий сэтгэцэд хоёрдугаар зэрэглэлийн хор уршиг учирсан болох нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 1461 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.
4.5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл (эс үйлдэхүй)-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан.
4.6. Хохирогч Б.Э ий сэтгэцэд хоёрдугаар зэрэглэлийн хор уршиг учирсан байх тул Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-н 3.4-д “... Сэтгэцийн хор уршгийн хэмжээ буюу ...2-р зэрэглэл 4-8% ... гэж тогтоож, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлснээр 12,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл дүнгээс нөхөн төлбөрийн хэмжээг хувьчлан тус тус тооцно”, 3.8-д “...Шүүх нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо дээрх журмаар баталсан сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл, тухайлсан гэмт хэрэгт хамаарах хүснэгт, ...үндэслэн гэмт хэргийн хүнд, хөнгөн, хүндрүүлэх нөхцөл байдал, учруулсан гэм хор, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал... гэм хор учруулагчийн гэм буруу, гэм буруугаа гэмшиж байгаа байдал, төлбөрийн чадвар ... зэрэг хохирлын хэмжээнд нөлөөлж болох бүх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, доод болон дээд хэмжээний дотор нөхөн төлбөрийг олгох эсэхийг шийдвэрлэнэ” гэж тус тус заасан.
4.7. Хохирогч Б.Э ий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, шүүгдэгч гэм буруугаа хүлээж, гэмшиж байгаа зэргийг харгалзан гэмт хэрэг гарсан үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660,000 төгрөгийг 6 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 3,960,000 төгрөгөөр тогтоож шийдвэрлэсэн.
4.8. Шүүгдэгч А.П гээс баримтаар нотлогдож буй эмчилгээний зардал 775,000 төгрөг, сэтгэцийн хор уршгийн төлбөр 3,960,000 төгрөг нийт 4,735,000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Э д, 1,915,125 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд тус тус төлүүлэхээр шийдвэрлэлээ. Шүүгдэгчийн өмгөөлөгч 775,000 төгрөгийн зардал нь мэдрэл талын эмчилгээ байх тул энэ гэмт хэргийн улмаас үүссэн хор уршигт хамаарахгүй гэх тайлбарыг гаргасан боловч уг эмчилгээ нь хохирогчийн автомашинд мөргүүлсэн үйлдэлтэй шалтгаант холбоотой эмчийн үзлэг, оношилгоогоор тархи толгойд хийгдсэн эмчилгээ болох нь тогтоогдсон тул өмгөөлөгчийн саналыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй.
4.9. Хохирогч нь хохиролтой холбоотой цаашид гарах эмчилгээ, үйлчилгээний зардлын отлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
5. Эрүүгийн хариуцлагын талаар.
5.1. Улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна” гэх дүгнэлтийг гаргасан,
5.2. Хохирогчоос: “...Прокурорын саналтай санал нэг байна...” гэсэн саналыг,
5.3. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...Хохирол төлбөрийн тухайд 4,735,000 төгрөгийг төлөхөө шүүгдэгч илэрхийлж байгаа. А.П нь барилгын ажил хийдэг учраас төлөх боломжтой. Эрүүгийн хуульд зааснаар хөнгөн гэмт хэрэгт хамаарч байгаа бөгөөд болгоомжгүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн асуудал дээр маргаагүй байгаа. Бага насны 4 хүүхэдтэй ба том хүүхэд нь 1 дүгээр ангид орох гэж байгаа. Хамгийн бага хүүхэд нь ой ч хүрээгүй байгаа. Иймд прокурорын гаргасан саналыг дэмжиж байна. Торгох ялыг 6 сарын хугацаанд хуваан төлөх боломжтой. Нэмэгдэл ялын тухайд бол бууруулж өгөхийг хүсэж байна...” гэх дүгнэлтийг тус тус танилцуулав.
5.4. Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд явган хүний гарц дээр осол гаргасан, шүүгдэгч гэм буруугаа хүлээж байгаа, анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдлын хувьд УБ хотод оршин суудаг боловч Эрдэнэт хотод ажил эрхэлдэг зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.П гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгийн торгох ялаар шийтгэж, түүний цалин хөлс, хөрөнгө, бусад орлого олох боломж зэрэгт дүгнэлт хийж торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 06 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд эрүүгийн хуулиар тогтоосон өөр үр дагаврыг үүсгэхийг түүнд сануулж, шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
6. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тогтоолд тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Ө овогт А-ын П г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.П гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний 3,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг А.П д үүрэг болгосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар А.П гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг ял оногдуулсан үеэс тоолсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг А.П д мэдэгдсүгэй.
6. Иргэний хуулийн тусгай ангийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан А.П гээс эмчилгээний зардалд 775,000 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт 3,960,000 төгрөг, нийт 4,735,000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Э д, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар А.П гээс 1,915,125 төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд тус тус олгосугай.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, А.П цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, хохирогч эрүүл мэндтэй холбоотой цаашид гарах зардлын баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол А.П д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ДАШДОНДОВ