| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатарын Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 128/2023/0139/З/Т |
| Дугаар | 128/ШШ2023/0121 |
| Огноо | 2023-02-02 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2023 оны 02 сарын 02 өдөр
Дугаар 128/ШШ2023/0121
| 2022 оны 03 сарын 11 өдөр | Дугаар 128/ШШ2022/0172
| Улаанбаатар хот |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Цэвэлмаа, нэхэмжлэгч Б.Билэгсайхан, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Буянбадрал, Ц.Дэлгэрням, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Батдэлгэр нарыг оролцуулан Б.Билэгсайханы нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын бүртгэгч М.Монголжинд холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: “Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж өгсөн. Мөн анх шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзаж байна. Хасмөнх хувьсал ХХК-ийг хуулийн этгээдийн улсын бүртгэлээс хасахыг улсын бүртгэлд даалгах гэсэн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Б.Билэгсайхан Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын бүртгэгч М.Монголжинд холбогдуулан “Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын бүртгэгч М.Монголжингийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Хасмөнх хувьсал ХХК-ийн бүртгэлээс Б.Билэгсайханыг хасуулж, улсын бүртгэлийг хүчингүй болгуулах, Хасмөнх хувьсал ХХК-ийг хуулийн этгээдийн бүртгэлээс хасахыг хариуцагчид даалгах”-ыг хүссэн шаардлага гаргасан бөгөөд нэхэмжлэгчээс 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт холбогдуулан “Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын улсын бүртгэгчийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Хасмөнх хувьсал ХХК-ийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулсан улсын бүртгэлийг хүчингүй болгуулах” болгон тодруулсан.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй”, “нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлнэ...” гэж зааснаар 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэгч Б.Билэгсайхан нэхэмжлэлийн зарим шаардлага буюу “...Хасмөнх хувьсал ХХК-ийг хуулийн этгээдийн бүртгэлээс хасахыг хариуцагчид даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзах тухай хүсэлтээ шүүхэд бичгээр гаргасан.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т “Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх” талаар тайлбарласан, нэхэмжлэгч Б.Билэгсайхан, түүний өмгөөлөгч Г.Буянбадрал, Ц.Дэлгэрням нар нь энэ талаар ойлгож, түүнийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн бөгөөд баримтад гарын үсэг зурсан.
Иймд нэхэмжлэгч Б.Билэгсайхан “...Хасмөнх хувьсал ХХК-ийг хуулийн этгээдийн бүртгэлээс хасахыг хариуцагчид даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т заасныг баримтлан Б.Билэгсайханы нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын бүртгэгч М.Монголжинд холбогдох “...Хасмөнх хувьсал ХХК-ийг хуулийн этгээдийн бүртгэлээс хасахыг хариуцагчид даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлээсээ Б.Билэгсайхан татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т тус тус заасны дагуу нэхэмжлэгч Б.Билэгсайхан нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН