| Шүүх | Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 189/2021/00050/И |
| Дугаар | 189/ШШ2021/00046 |
| Огноо | 2021-11-30 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 11 сарын 30 өдөр
Дугаар 189/ШШ2021/00046
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Нарангэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Багахангай дүүргийн 1 дүгээр хороо, Үнэгтэй 2-3 тоотод оршин суух, Харчууд овогт Доржпаламын Мөнхчимэг, /РД:ЗЮ77013102/-ийн
Хариуцагч: Багахангай дүүргийн 1 дүгээр хороо, Үнэгтэй 2-3 тоотод оршин суух, Хадны лам овогт Дагвадоржийн Ёндондүйчир /РД:ЧБ76112390/-д холбогдох
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэсэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Мөнхчимэг, хариуцагч Д.Ёндондүйчир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Д.Мөнхчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ...Миний бие нь Д.Ёндондүйчиртэй 1998 онд танилцаж, 2000 онд гэрлэлтээ бүртгүүлсэн. Бидний дундаас 2014 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр охин М.Хулан төрсөн. Бид хувийн таарамжгүй харилцааны улмаас 2017 оны 3 дугаар сараас тусдаа амьдарсан. Тус шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч эвлэрээгүй.
Цаашид Д.Ёндондүйчиртэй хамтран амьдрах болон эвлэрэх боломжгүй тул бидний гэрлэлтийг цуцалж, охин М.Хуланг миний асрамжид үлдээж өгнө үү. Тэтгэлэг тогтоолгох шаардлагагүй гэв.
Хариуцагч Д.Ёндондүйчир шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Д.Мөнхчимэгтэй 1998 онд танилцаж, 2000 онд гэрлэлтээ бүртгүүлж, 2017 он хүртэл хамт амьдарсан. Бидний дундаас 2014 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр охин М.Хулан төрсөн. Гэрлэлтээ цуцлуулж, охин М.Хуланг эх Д.Мөнхчимэгийн асрамжид үлдээхэд татгалзах зүйлгүй гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Д.Мөнхчимэг нь хариуцагч Д.Ёндондүйчирт холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Д.Ёндондүйчир нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, татгалзах зүйлгүй талаар шүүхэд бичгээр тайлбар гаргаж маргаагүй.
Нэхэмжлэгч Д.Мөнхчимэг хариуцагч Д.Ёндондүйчир нар 1998 онд танилцаж, 2006 оны 12 дугаар сарын 13-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, тэдний дундаас 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр охин М.Хулан төрсөн болох нь нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, оршин суугаа хаягийн лавлагаа, 2014 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн охин М.Хулангийн төрсний бүртгэлийн лавлагаа, овог өөрчилсний бүртгэлийн лавлагаа, болон гэрлэсний бүртгэлийн лавлагаа, зохигчийн тайлбарууд зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журмын дагуу зохигч Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчид хандсан, 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 189/ЭТ2021/00004 дугаартай эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон тухай баримтад талууд гэрлэлтээ шүүхийн журмаар шийдвэрлүүлэхийг хүссэн, гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ аваад ч үр дүнд хүрэхгүй байх тул эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон гэж үзэн, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.4-т заасныг үндэслэн эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгожээ.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.-д хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, мөн хуулийн 26 дугаар зүйлд эцэг, эх, хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх талаар хуульчилсан байна.
Хариуцагч Д.Ёндондүйчир нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тул шүүх гэрлэлтийг цуцалж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан хүүхдийн хүмүүжих болон дассан орчин зэрэг нөхцөл байдлыг харгалзан 2014 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн охин М.Хулан эх Д.Мөнхчимэгийн асрамжид үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагч нь хүүхдийн эрх ашиг хөндөгдөх тохиолдолд асрамжийн талаар маргах, охин М.Хулантай уулзах эрхтэй, нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгох шаардлагагүй талаар илэрхийлсэн болохыг дурдах нь зүйтэй.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.-т зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах эцэг, эхийн үүрэг хэвээр болохыг дурдав.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуун/ төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Д.Ёндондүйчирээс улсын тэмдэгтийн хураамж 140,400 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.-д зааснаар нэхэмжлэгч Д.Мөнхчимэг, хариуцагч Д.Ёндондүйчир нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.-д зааснаар 2014 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн охин М.Хуланг эх Д.Мөнхчимэгийн асрамжид үлдээсүгэй.
3. Нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгох шаардлага гаргаагүй, хариуцагч Д.Ёндондүйчир нь охин М.Хулантай уулзах эрх нээлттэй болохыг дурдсугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.-т зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах эцэг, эхийн үүрэг хэвээр болохыг дурдсугай.
5. Шүүхийн шийдвэрийн хувийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ж.Чимэддоржид даалгасугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 140,400 төгрөгийг улсын төсвийн дансанд үлдээж, хариуцагч Д.Ёндондүйчирээс 140,400 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Мөнхчимэгт олгосугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2.,119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй, шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авсугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасныг баримтлан зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.НАРАНГЭРЭЛ