| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Х.Отгонжаргал |
| Хэргийн индекс | 309/2025/0054/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/55 |
| Огноо | 2025-02-17 |
| Зүйл хэсэг | 11.7.1.1., |
| Улсын яллагч | М.Өлзийбаатар |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 17 өдөр
Дугаар 2025/ШЦТ/55
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Баярцэцэг
Улсын яллагч М.Өлзийбаатар
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Батболд
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Өлзийбаатараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бодонгууд овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2521000000001 дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 10-ний өдрийн 14 цаг 43 минутад хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1982 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Дорнод аймгийн Дашбалбар суманд төрсөн, эрэгтэй, 42 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Хан-Уулын ******* тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд нь Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2013 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 92 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 91 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгүүлж байсан Бодонгууд овогт ******* ******* /РД: *******/.
Шүүгдэгч ******* нь 2024 оны 04 дүгээр сарын 20-ны орой шөнийн 23 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, "Хан-Уул" хороолол ******* тоотод гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч ******* үг хэлээр гутаан доромжилж, зүүн мөр рүү нь нэг удаа баруун гараараа цохиж, 2024 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 22 цагийн үед бусадтай хардан хэрүүл маргаан үүсгэж, үг хэлээр гутаан доромжилж, зодож, бусадтай харьцахыг хазгаарласан, 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 21 цагийн үед зүүн хацарт нэг удаа алгадаж, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны орой 10 цагийн үед гараараа толгой руу нь цохих зэргээд зодож гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “... Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Өөр нэмж гаргах тайлбар байхгүй...гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Батболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие шүүгдэгч *******ы хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалан өмгөөлөгчөөр оролцож байна. Шүүгдэгч *******д шүүхээс урьд нь хоёр удаа ял шийтгэл оногдуулж байсан боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй гэж хуульчилсан байгаа. Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тиймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд зааснаар улсын яллагчийн саналын хүрээнд хэргийг шийдвэрлүүлэх саналтай байна. ...” гэв.
Шүүгдэгч Бодонгууд овогт ******* ******* нь согтуурсан үедээ буюу 2024 оны 04 дүгээр сарын 20-ны орой шөнийн нийн 23 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, "Хан-Уул" хороолол ******* тоотод гэртээ гэр бүлийн хамаар бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч ******* 2024 оны 04 дүгээр сарын 20-ний орой 23 цагийн орчимд үг хэлээр гутаан доромжилж, зүүн мөр рүү нь нэг удаа баруун гараараа цохиж, 2024 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 22 цагийн үед бусадтай хардан хэрүүл маргаан үүсгэж, үг хэлээр гутаан доромжилж, зодож, бусадтай харьцахыг хазгаарласан, 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 21 цагийн үед зүүн хацарт нэг удаа алгадаж, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны орой 10 цагийн үед гараараа толгой руу нь цохих зэргээд зодож гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдсэн болох нь шүүгдэгч *******ы шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний буруу...” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч ******* нь мэдүүлэхдээ “...******* нь олон жил архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаа бөгөөд байнгийн цагдаагийн байгууллагын хяналтанд байдаг. Олон жил эрүүлжүүлэгдэж байгаа юм. Мөн намайг олон жил зодож, танхайрч гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаа бөгөөд энэ болгонд би цагдаагийн байгууллагад дуудлага өгч арга хэмжээ авхуулдаг юм. ... Би , ******* нарын хамт 2024 оны 11 дүгээр сарын 30-ний орой гэртээ байсан юм. Ингээд би өглөө 10 цагийн орчимд гэрийнхээ үүдэнд гадаа гараад сууж байхад гэнэт араас хаалга онгойлгоод толгой дээрээс ******* гараараа юм хэлэлгүй шууд цохьчихоод ороод явсан. Тэгээд орой толгой өвдөөд яаж байна гэсэн чинь эгч гадаа байснаа юу болоо вэ гээд хүрээд ирсэн. Тэгэхээр нь би мэдэхгүй гэнэт араас толгой дээр цохьчихлоо гэж хэлээд эгчийн хамт гэрлүүгээ ороход эгч чи яагаад цохио вэ гэхэд би цохиогүй гээд байсан ... 2024 оны 05 дугаар сард гэртээ байхад ******* согтуу байхдаа миний хацар руу алгадаад би эмнэлэгт үзүүлэхэд хацар хавдсан хөнгөн гэмтсэн байна гэж хэлсэн. ...би ******* хуулийн дагуу арга хэмжээ авхуулмаар байна. Тэрнээс биш ямар нэг мөнгө төгрөг нэхэмжлэхгүй, тиймээс сэтгэцэд учирсан хор уршгийн хохирол гэж нэхэмжлэхгүй ... гэх мэдүүлэг /хх-ийн 14/
Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрч У. мэдүүлэхдээ: “... би аав, ээжийнхээ хамт амьдардаг бөгөөд аав ******* нь олон жил архи согтууруулах ундаа хэрэглэж гэртээ орж ирээд ээж рүү дайраад элдэв, янзын ... гэх зэргээр үгээр олон удаа хэлж дайрч давшлаад байдаг. ... Мөн цохих, алгадах зэргээд байгад бөгөөд архи уусан үедээ унтахгүй байнгын элдвээр хэлээд ээж, бид хоёрлуу дайрч давшлаад байдаг. Энэ байдлыг нь аавд хэлэхээр өөдөөс загнаад хэлж, ярьж байгаа үгийг минь тоосон шинжгүй байдаг ... гэх мэдүүлэг /хх-ийн 20/
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч мэдүүлэхдээ: “...2024 оны 11 дүгээр сарын 30-ний орой ******* нь согтуу маргаж, муудалцан, хэрэлдээд байж байсан. Би тухайн үед гадаа хашааны хог цэвэрлээд байж байсан. нь гэрийнхээ гадна үүдэндээ сууж байсан. Гэтэл ******* нь хаалгаар шагайгаад зангидсан гараараа ийн толгой руу цохьсон. Тэгсэн толгой руу цохьчихлоо гээд хашгираад босоод ирсэн. Энэ үед хүү нь уурлаж “манайхаас яв” гэж аавыгаа загнаад байсан. Энэ хооронд нь цагдаа дуудаад *******ыг өгч явуулсан. ... гэх мэдүүлэг /хх-ийн 22/
- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 11 тал/
-Дорнод аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 2024/ЗШ/1022 /хх-ийн 38-41/
-Дорнод аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ЗШ/470 дугаартай шийтгэвэрийн хуулбар /хх-ийн 42-46/
- Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 54-56/
-Согтуурсан, мансуурсан хүнийг саатуулах тухай тогтоол зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байхаас гадна хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.
Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалснаар тооцсон нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь хохирогч ******* байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Шүүгдэгч ******* нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг сайн дураар гаргасанаа илэрхийлсэн ба гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь хуульд заасан шаардлагыг хангасан байхаас гадна шүүгдэгч нь түүнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хохирогч *******ид шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд шүүх хуралдаанд оролцохгүй шүүгдэгчид гаргах гомдол санал, түүнээс нэхэмжлэх зүйл байхгүй, сэтгэцэд учирсан гэм хорын хохирол нэхэмжлэхгүй гэж шүүхийн мэдэгдэх хуудсанд тэмдэглүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Прокуророос шүүгдэгчид санал болгож, шүүгдэгчээс хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1/нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт заасан оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилсан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Иймд шүүгдэгч *******д прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1/нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Бодонгууд овогт ******* ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч *******д хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5-д зааснаар шүүгдэгч *******д тэнссэн 1 жилийн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах, оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч *******д мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч *******ы ******* тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ