| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбаатарын Чанцалням |
| Хэргийн индекс | 186/2025/0011/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1605 |
| Огноо | 2025-06-16 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Б.М |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1605
2025 06 16 2025/ШЦТ/1605
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Чанцалням даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Золзаяа,
Улсын яллагч Б.Мөнгөншагай,
Шүүгдэгч А.Э, түүний өмгөөлөгч Д.Ганбаатар нарыг оролцуулан Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б ургийн овогт А-ийн Э-д холбогдох эрүүгийн ***************дугаартай хэргийг тус шүүхийн хуралдааны “Б” танхимд 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдөр нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч А.Э нь 2024 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 10-ны шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн ........ дугаар хороо, .................. тоот иргэн Ж.Б-гийн тавилга хийх үйлдвэрийн зориулалттай үйл ажиллагаа явуулдаг байранд хууль бусаар нэвтэрч цахилгаан мотор 2 ширхэгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч нийт 2.400.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 559 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан бол,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: /хэргээс давхцахгүй байдлаар/, /хх-ийн 18 дугаар тал хохирогчийн гомдол саналгүй, хохирол төлбөр барагдсан талаарх баримт/, /хх-ийн 44 дүгээр тал эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх лавлагаа/ зэргийг шинжлэн судлав.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гараагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн, нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Гэм буруугийн талаар:
1. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрч, хохирлоо төлж барагдуулж оролцсон болохыг дурдаж байна.
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлэг, гэм буруугийн талаарх дүгнэлтийг дүгнэн үзэхэд нь А.Э нь 2024 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 10-ны шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн ...........дугаар хороо, ................ тоот иргэн Ж.Б-ийн тавилга хийх үйлдвэрийн зориулалттай үйл ажиллагаа явуулдаг байранд хууль бусаар нэвтэрч цахилгаан мотор 2 ширхэгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаарнийт 2.400.000 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэргийг бусдын үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хүндрүүлэх нөхцөл байдалтай үйлдсэн гэх үйл баримт тогтоогдлоо. Энэ нь:
Хохирогч Ж.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Миний бие Чингэлтэй дүүргийн............ дугаар хороо ................ тоотод хэдэн ажилтантай гал тогооны чулуун бүтээгдэхүүн хийдэг үйл ажиллагаа явуулдаг юм. Би тухайн газраа ажиллаж байгаад оройдоо түгжээд шалгаад явдаг. Өчигдөр орой 22 цагийн үед би хамгийн сүүлд хаалга үүдээ шалгаад түгжээд явсан. Тэгээд 23 цаг 30 минутын үед дахиж ирээд машинаа үлдээчихээд шууд гараад явсан. Өнөөдөр өглөө 10 цагийн үед манай ажилчид ирээд 1 давхрын арын вакум цонх хагарсан байдалтай байсан бөгөөд тухайн үед манай барилгын шатны 380 квт цахилгаанаар ажилладаг редуктортой мотор 2 ширхэг ком алга болсон байсан. Тэгээд би тэр хавиар явж шалгахад урьд өмнө манайд түр хугацаагаар ажиллаж байсан Э гэгч нь өөр нэг хүнтэй хамт мотор барьж ороод зарна гэх зүйл яриад уулзаад явсан байсан. Тэгээд өмнөх шөнө Э нэг таксинд сууж яваад манайд ирсэн байсан. Тухайн таксины мөнгөө төлөхөөр манай ажилтан Б-ны .............. утас руу шөнө залгасан байсан. Өглөө нөгөө залгасан дугаар луу нь эргээд залгахад Э яриад таксины мөнгө өгчих гэсэн юм. Тэр дугаар луу нь ярьж Э болон таксины хүн гэдгийг нь мэдээд таксины мөнгөө өгөөгүй байсан гэхээр нь худлаа ярьж мөнгийг чинь өгье гээд ирүүлсэн юм...” гэх мэдүүлэг /хх 14-18/,
Гэрч Л.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2024 оны 03 дугаар сарын 09-ний орой 21 цагийн үед надаас 15.000 төгрөг аваад гарсан. Тэгээд 2024 оны 03 дугаар сарын 09-нөөс 10-ны шилжих шөнө 02 цагийн үед над руу****** гэсэн дугаараас залгаад гэрийн чинь гадаа байна надад таксины мөнгө өг гэхээр нь би таксины мөнгө өгөөгүй, бас гэртээ оруулаагүй. Маргааш нь манай хүүхэд Б-ын ............. гэсэн дугаар луу залгаад хаана байна гэхээр нь манай хүүхэд “битгий наашаа залгаад бай” гэж хэлээд утсаа салгасан байсан. Тэрнээс хойш холбоогүй байгаа...” гэх мэдүүлэг /хх 20/,
Гэрч Г.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2024 оны 03 дугаар сарын 09-ний орой таксинд явж байгаад үл таних 2 хүн аваад тэр 2 хүн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тэгээд тэр 2 Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо 32-ын автобусны буудлаас суугаад 32-ын хавиар яваад нэгнийх нь гэр лүү 5 удаа явсан. Тэгээд би одоо буучих аа гэхэд хонуулчих газар байвал хонуулчих өглөө 100.000 төгрөг өгье гэхээр нь хадам ахынхаа гэрт аваачиж хонуулсан. Тэр хоёр гартаа юу ч бариагүй байсан. Таягтай нэг залуугаа түшсэн байсан. Тэр хоёр залуу нэгнийгээ Г, С гээд байсан...” гэх мэдүүлэг /хх 24-25/,
Гэрч Ц.Оч-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2024 оны 03 дугаар сарын 23-ний орой 23 цагийн үед ажил дээрээ ажлаа хийгээд зогсож байсан...тэр шөнө гаднаас С гэх залуу 1 ширхэг мотор бариад манай дэлгүүрт ороод ирсэн. Тухайн моторыг барьцаанд тавьчихмаар байна гэж байсан. Би авахгүй, юу гэдгийг нь мэдэхгүй юм байна гэж хэлээд гаргасан. Манай дэлгүүрийн арын гудамжинд байдаг чулууны үйлдвэрт ажилладаг. Манай дэлгүүрээр байнга орж ирдэг залуу байгаа юм...” гэх мэдүүлэг /хх 27-28/,
Гэрч Ц.Б-ны мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2024 оны 03 дугаар сарын 10-ны өглөө 08 цаг өнгөрч байхад манай ажлын залуу Б, Ба бид нар ажил дээрээ ирсэн. Манай ажлын газрын гадна талын цонх хагарсан байсан. Тэгээд 2 ширхэг цахилгаан мотор алга болсон байхаар нь бид нар тэр хавийн хүмүүсээс асууж сураглаад олдохгүй байхаар нь Ба цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Цагдаа нар ирээд үзлэг шалгалт хийгээд явсан. Гэхдээ бид нар хэн хулгайлсан гэдгийг мэдсэн. Бид нартай хамт ажиллаж байсан А.Э байсан. Э гэдгийг яаж мэдсэн гэхээр манай ажлын урд байдаг “...........” гэх нэртэй дэлгүүрийн эзэн өчигдөр Э-ныг шөнийн 23 цаг өнгөрч байхад согтуу орж ирээд мотор авах уу гэхээр нь манайх авахгүй гэж хэлээд гарсан гэж хэлсэн. Тухайн моторыг манай компани урдаас шинээр нь авч байсан. Хэдэн төгрөгөөр авсан гэдгийг манай захирал Ба мэдэж байгаа байх...” гэх мэдүүлэг /хх 30/,
“Дамно үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн .............. дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 37-41/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдсон.
3. Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нууц, далд аргаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар бусдын эд хөрөнгийг авсан үйлдэл байдаг бөгөөд эд хөрөнгийн өмчлөгч, хууль ёсны эзэмшигчид бага хэмжээний хохирол учирсан бол гэмт хэрэгт тооцохгүй байхаар хуульчилсан.
Гэмт хэргийн улмаас хохирогчид бага хэмжээнээс дээш буюу 2.400.000 төгрөгийн хохирол учирсан байна.
4. Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч А.Э нь хэрэг хариуцах чадвартай, өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлах чадамжтай этгээд байх бөгөөд хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж дүгнэлээ.
5. Прокуророос шүүгдэгчийг хулгайлах үйлдлээ бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч үйлдсэн буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрсэн хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй үйлдсэн гэж хэргийг зүйлчилсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, үндэслэлтэй байна.
6. Иймд шүүгдэгч А.Э-ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хохирол, төлбөрийн талаар:
7. Хохирогч Ж.Б нь мөрдөн шалгах ажиллагааны явцад /хх 18/ А.Э нь хэрэг гарснаас хойш манай байгууллага дээр ажиллаад цалингаараа хохирол төлж барагдуулсан учраас гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн, мөн шүүхийн шатанд гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй болохоо илэрхийлсэн байх тул шүүгдэгч А.Э нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
8. Улсын яллагчаас “...шүүгдэгч А.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад хэсэгт зааснаар 2 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх...” санал дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гэм буруу дээрээ маргаагүй, нийгмийн хор аюулын шинж, хохирол төлбөр төлөгдсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар улсын яллагчийн санал болгосон хорих ялын хоёрны нэгийг оногдуулж өгнө үү гэх санал гаргасан бол шүүгдэгч нь хөнгөн ял оногдуулж өгнө үү гэжээ.
Шүүгдэгч А.Э-д эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “...учруулсан хохирлыг төлсөн...” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүхээс шүүгдэгч А.Э-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ, хохирол төлбөрөө нөхөн төлсөн байдал, үйлдсэн гэмт хэргээ ойлгож гэмшиж байгаа хувийн байдал зэргийг харгалзан хуульд зааснаас хөнгөн ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
9. Шүүгдэгч А.Э нь энэ хэрэгт яллагдагчаар нийт 33 хоног цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар эдлэх ялд нь оруулан тооцов.
10. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт А-ийн Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч А.Э-ныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Э-нд оногдуулсан 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Э-ны цагдан хоригдсон 33 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцсугай.
5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЧАНЦАЛНЯМ