Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 102/ШШ2022/03425

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч:....тоотод оршин суух, ......, З. ..овогт М......ын А...,

Хариуцагч:.... тоот хаягт оршин суух, ....., А.... овогт Л....ийн Ц...,

Нэхэмжлэлийн шаардлага:4 500 000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч М.А..., хариуцагч Л.Ц...., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Назгүль нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.А... нь хариуцагч Л.Ц....д холбогдуулан 4 500 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд:

Би 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Л.Ц....аас Lexus RX450Н маркийн машиныг 45 700 000 төгрөгөөр худалдаж авсан, 26-ны өдөр машиныг унаад явж байтал анхааруулах гэрэл ассан тул авто оношилгооны газар очиж компьютер оношилгоонд үзүүлэхэд hybrid батарейг нь солиулах шаардлагатай гэсэн. Компьютер оношилгооны газар restart хийлгэхэд асаж байсан ч маргааш нь дахин анхааруулах гэрэл ассан, ахин унтраагаад үзэхэд өдөртөө эсвэл маргааш нь унтраад байсан тул батарейг солих шаардлага гарсан.Анх машины батарей муудаж эхэлж байвал restart хийвэл 7-21 хоног яваад гэрэл нь асдаг гэсэн.Эцсийн шатандаа очсон байсан учраас иж бүрнээр нь буюу 30 ширхэг батарейг нь солиулах шаардлага гарсан, 26-ны өдрөөс хойш хариуцагчтай холбогдох гэсэн боловч миний утасны дугаар болон фейсбүүк хаягийг блок хийсэн.Үүнээс 4 хоногийн дараа машины цонхон дээр наасан байсан дугаар руу залгахад Ц....ыг танихгүй гэж хэлсэн тул эвлэрүүлэн зуучлахад хандсан.Гэвч хариуцагч 500 000 төгрөгийг төлөх боломжтой, эвлэрэх боломжгүй гэж хэлсэн.Би үүнийг нь хүлээн зөвшөөрөхгүй. Машин засуулсан 4 500 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэв.

Хариуцагч хариу тайлбартаа:Нэхэмжлэгч анх машиныг авахгүй, үзье гэж хэлсэн боловч үзчихээд худалдаж авъя гэсэн.Надтай хамт хотын төвөөр замын хөдөлгөөнд орсон бөгөөд машины амортизаторыг солиулах юм байна гэж хэлсэн, машиныг 45 700 000 төгрөгөөр авахаар болсон.Тухайн үед надад байрны төлбөр хийх мөнгө хэрэгтэй байсан.Хамт машиныг оношлуулъя гэхэд үгүй итгэмжлэл байхад болно гэж хэлсэн.Нэхэмжлэгч тэр өдрөө миний дансанд 45 700 000 төгрөгийг шилжүүлсэн, түүнээс хойш 10 гаруй хоногийн дараа холбогдож машины гэрэл ассан 30 ширхэг батарей солиулахад 4 500 000 төгрөг байдаг гэж хэлсэн, би машинд 30 ширхэг батарей байдаг гэдгийг ч мэдэхгүй.

Батарей сольдог газраас асуухад  машинд 30 батарей байдаг бүгд нурсан бол машин огт асахгүй, хэдэн батарей нурсан гэдэг нь оношилгоогоор харагддаг бөгөөд нурсан батарейг нь мөнгөний боломжоороо солиулж болдог, 1 ширхэг батарей 150 000 төгрөг байдаг гэж хэлсэн, би мөнгийг төлөх боломж байхгүй гэв.

Нэхэмжлэгчээс:Иргэний үнэмлэхийн хуулбар, тооцооны хуудас-2 ширхэг, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, Л.Ц....аас М.А...д олгосон итгэмжлэл, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл, Хаан банкин дах дансны хуулгыг шүүхэд өгсөн./хх 5, 6-7, 8, 9, 15/

Хариуцагчаас:Татвар төлсөн баримт, Хаан банкны шилжүүлгийн баримтыг шүүхэд өгсөн./хх 17, 18/

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.Үүнд: Л.Ц....аас худалдан авсан машины батарейг солиулсан тул 30 ширхэг батарейны үнэ 4 500 000 төгрөгийг гаргуулна гэж тайлбарласан.

Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн Үүнд:Машиныг оношлуулъя гэхэд нэхэмжлэгч үгүй гэсэн, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж тайлбарласан.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тооцооны хуудас,  тээврийн хэрэгслийн гэрчилгээ, Л.Ц....аас М.А...д олгосон итгэмжлэл, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл, Хаан банкин дах дансны хуулга, талуудын тайлбар зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Зохигчдын хооронд 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдөр авто машин худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна.

Талуудын маргааны зүйл нь тухайн тээврийн хэрэгсэл доголдолтой байсан, үүнийг засуулсан зардал байна, харин хэлцлийн хүчин төгөлдөр, авто машины үнийн талаар маргаагүй байна.

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

Нэхэмжлэгчийн Л.Ц....аас худалдан авсан авто машины батерей муудсан, ком батерейг 4 500 000 төгрөгөөр солиулсан болох нь Ц...ийн Г... гэсэн дардас бүхий 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн тооцоо хуудас гэх баримтууд, нэхэмжлэгчийн Хаан банкны дансны хуулгаар нотлогдож байна./хх 6-7, 25/

Иргэний хуулийн 253 дугаар зүйлийн 253.1-т “Худалдсан эд хөрөнгө нь доголдолтой бол худалдагч уг доголдлыг арилгах, хэрэв эд хөрөнгө нь төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгө байвал тухайн төрлийн ижил эд хөрөнгөөр буюу тухайн цаг үед худалдан авагчид шаардлагатай өөр эд хөрөнгөөр сольж өгөх үүрэгтэй” гэж заасан байна.

Иргэний хуулийн 253 дугаар зүйлийн 253.2-т “Энэ хуулийн 253.1-д зааснаар доголдлыг арилгахтай холбогдсон /ачих, тээвэрлэх, гүйцэтгэсэн ажлын хөлс, зарцуулсан материалын үнэ гэх мэт/ зардлыг худалдагч хариуцна” 254 дүгээр зүйлийн 254.1-д “Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй” гэж зааснаар нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

Иймд дээрх үндэслэлээр хариуцагчаас 4 500 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Ц....аас 86 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д заасныг баримтлан Л....ийн Ц....аас 4 500 000 /дөрвөн сая таван зуун мянган/ төгрөгийг гаргуулан М....ын А....д олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Ц....аас 86 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.А...д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           З.ДОРЖНАМЖИН