| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбаатарын Чанцалням |
| Хэргийн индекс | 194/2025/1381/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1651 |
| Огноо | 2025-06-19 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Ц.Ц |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1651
2025 06 19 2025/ШЦТ/1651
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Чанцалням даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал,
Улсын яллагч Ц.Цэрэнбалжир,
Шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч О.А нарыг оролцуулан Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б-н овогт Б-ийн А-д холбогдох эрүүгийн .......................... дугаартай хэргийг тус шүүхийн хуралдааны “В” танхимд 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдөр нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар (товч утга):
Шүүгдэгч Б.А нь Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр “Өлзий” төвийн урд талын замд 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр “Toyota Agua” маркийн ................ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас явган зорчигч Б.Я-ыг мөргөж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас 202 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 580 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан,
Шүүгдэгчийн өмгөөлөгч О.А-аас: Хавтаст хэргээс хавтаст хэргээс 3-р хуудас, 4-р хуудас, 6-р хуудас, 11-р хуудас, 17-р хуудас, 25-р хуудас, 33-36-р хуудас, 43-р хуудас, 48-49-р хуудас, 50-р хуудас, 51-р хуудас, 56-р хуудас, 57-р хуудас, 71-р хуудас, 79-р хуудас, 80-р хуудас, 84-56-р хуудас болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн 1 хуудас сургуулийн тодорхойлолт зэргийг шинжлэн судлав.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гараагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн, нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Гэм буруугийн талаар:
1.Шүүх хуралдаанд шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрч оролцсон болохыг дурдаж байна.
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын мэдүүлэг, тайлбар, гэм буруугийн дүгнэлтийг дүгнэн үзэхэд шүүгдэгч Б.А нь Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр “................” төвийн урд талын замд 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 15 цаг 54 минутын орчимд “Toyota Agua” маркийн ............... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, “15.7. Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч нь уулзвар нэвтрэх үйлдлээ дуусгаж байгаа тээврийн хэрэгсэл, зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Я-ыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдлоо. Энэ нь:
Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 4-8/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн “Бичлэгийн 01-ээс 02 дахь секунтэд “.............” төвийн уулзварын явган хүний гарц гэрэл дохио зөвшөөрсөн ногоон асаж байгааг харуулав. Бичлэгийн 02 секунтээс 03 дахь секунтэд “Toyota Aqua” маркийн ................... улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч явган зорчигч Б.Я-ыг мөргөж байгааг харуулав. Бичлэгийн 4 дэх секунтэд “Toyota Aqua” маркийн ................. улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч явган зорчигч Б.Я-ыг мөргөсний дараа тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ авч байгааг харуулав” гэх тэмдэглэл /хх 48/,
Насанд хүрээгүй хохирогч Б.Я-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... Би 2025 оны 02 дугаар сарын 27-ны өглөө хичээлдээ явах гээд гэрээсээ гараад Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн автобусны буудал дээр буугаад сургууль руугаа орох гээд 06 цаг 56 минут орчим “.............” төвийн уулзварын гэрлэн дохиотой гарцаар баруунаасаа зүүн тийш гарах гээд хүлээж зогсож байгаад явган хүний ногоон гэрэл асахаар нь баруунаасаа зүүн тийш зорчих хэсгийн хоёрдугаар эгнээгээр явж байсан. Замын зүүнээсээ баруун тийш зорчих хэсгийн хоёрдугаар эгнээгээр явж байсан “Toyota Aqua” маркийн автомашин хоёрдугаар эгнээнээс гэнэт баруун эргэж намайг замын хоёрдугаар эгнээнд явахад миний зүүн талын гарын тохой хэсэг болон алхам таарах үед мөн хөлийн баруун өвдөг хэсэгт тухайн автомашины баруун урд талын гуперт мөргүүлсэн. Мөргүүлээд хэсэг зуур гараа барьж зогсож байгаад ямартай ч замаас гаръя гэж бодоод замаас гараад сургуульруугаа орж хамгийн түрүүнд ээж рүүгээ залгаж болсон зүйлийн талаар хэлсэн. Миний бие осол болох үед зүүн гарын тохой хэсэг болон баруун хөлийн өвдөг орчим хөндүүртэй гишгэхэд их зовуурьтай байсан...” гэх мэдүүлэг /хх 11/,
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Я-ын баруун өвдөгний урд чагтан холбоосны хэсэгчилсэн, урагдал, суналт, жийргэвч мөгөөрсний арын эврийн урагдал, зүүн тохойн үений зөөлөн эдийн няцрал, баруун өвдөгний зулгаралт болсон байна гэсэн. Жолооч миний охиныг мөргөчхөөд өөрийнхөө бурууг ухамсарлахгүй байгаад гомдолтой байна. Тиймээс тухайн жолоочоос охиныхоо эрүүл мэндэд учирсан хохирлыг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх 14/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Нийслэлийн шүүх шинжилгээний газрын шинжээч эмч нарын 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн ................ дугаартай “урьд гарсан шүүх эмнэлгийн №ЕГ0725/3203 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Б.Я-ын биед баруун өвдөгний урд чагтан холбоос, дотор жийргэвч мөгөөрсний арын эврийн сэмэрсэн урагдал, зүүн тохойн үений зөөлөн эдийн няцрал, баруун өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хх 25-26/,
Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээч С.М-н 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн №184 дугаартай дүгнэлт /хх 33-36/,
Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Б-ийн “Toyota Aqua” маркийн ............... улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.” “15.7. Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч нь уулзвар нэвтрэх үйлдлээ дуусгаж байгаа тээврийн хэрэгсэл, зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол үйлдэгдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Явган зорчигч Б.Я нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчөөгүй байна” гэх магадалгаа /хх 43-44/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судласан нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон байна.
3. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн үндсэн шинж нь жолооч Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж осол гарсан, улмаар тухайн буруутай үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хуульд заасан хохирол учирсан байхыг шаарддаг.
Дээрх тохиолдолд шүүгдэгч нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмээр хүлээсэн замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч нь уулзвар нэвтрэх үйлдлээ дуусгаж байгаа тээврийн хэрэгсэл, зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргасан болох нь мөрдөгчийн магадлагаа, шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг баримтаар давхар нотлогдон тогтоогджээ.
Шүүгдэгч Б.А нь замын хөдөлгөөний дүрэм зөрчиж явган зорчигч Б.Я-г мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэх нөхцөл байдал насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, шинжээчийн дүгнэлт зэргээр хөдөлбөргүй тогтоогдсон байна.
Иймд улсын яллагчийн шүүгдэгч Б.А-г зам тээврийн осол гаргасан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутайд тооцуулах санал үндэслэлтэй байна.
Хохирол, төлбөрийн талаар:
4. Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч Б.Я-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд шүүгдэгч Б.А нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2.500.000 төгрөгийг төлж барагдуулсан талаарх /хх 80/ авагдсан байна.
Мөн гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Б.Я нь 149.762 төгрөгийн эмчилгээ, үйлчилгээг Эрүүл мэндийн даатгалын сангаас авсан байх бөгөөд дээрх төлбөрийг шүүгдэгч Б.А нь төлж барагдуулсан талаарх баримт /хх 85/ талд авагдсан байх тул шүүгдэгч Б.А-г энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
5. Улсын яллагчаас шүүгдэгч Б.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан болно.
Шүүгдэгчийн өмгөөлөгч О.А-аас: “...Миний үйлчлүүлэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээр маргахгүй байгаа тул улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг дэмжиж байна. Тэрээр хохирогчид 2.500.000 төгрөгийг төлсөн. Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөлөгчөөс сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй, гомдол, саналгүй болохоо илэрхийлсэн болохыг хэлэх нь зүйтэй байна. Миний үйлчлүүлэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэрэгтээ хандаж буй хандлага, хувийн байдал, гадаад улс руу суралцах гэж байгаа нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү гэж хүсэж байна...” гэх дүгнэлтийг гаргасан болно.
Шүүгдэгч Б.А-д эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “...учруулсан хохирлыг төлсөн...” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүхээс шүүгдэгч Б.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон, оюутан зэрэг хувийн байдал, үйлдлийн шинж, хохирогчийн гомдол саналгүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэв.
Бусад асуудлын талаар:
6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн багалгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.
7.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг сиди /дүрс бичлэгийн хуурцаг/-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт нь үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Б-ийн А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг сиди /дүрс бичлэгийн хуурцаг/-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт нь үлдээсүгэй.
4. Шүүгдэгч Б.А нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, өмгөөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЧАНЦАЛНЯМ