| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбаатарын Чанцалням |
| Хэргийн индекс | 194/2025/1380/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1652 |
| Огноо | 2025-06-19 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Г.Б |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1652
2025 06 19 2025/ШЦТ/1652
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Чанцалням даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Сүххуяг,
улсын яллагч Г.Бат-Оргил,
шүүгдэгч О.Т нарыг оролцуулан Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт О-ын Т-т холбогдох эрүүгийн ................... дугаартай хэргийг тус шүүхийн хуралдааны “В” танхимд 2025 оны 6 дугаар сарын 19-ний өдөр нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон гэмт хэргийн товч утга:
Шүүгдэгч О.Т нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “........................”-д бүртгэлийн ажилтан албан тушаалд ажиллаж байхдаа ажил материал хүлээн авах, бүртгэлийн хураамж төлбөрийг авч, байгууллагад тушаах буюу өөрт нь итгэмжлэн хариуцуулан өгсөн эд хөрөнгөөс хувьдаа завшиж, компанид 1360 евро буюу 4.939.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 339 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтууд, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гараагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн, нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Гэм буруугийн талаар:
1. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрч, хохирлоо төлж барагдуулж оролцсон болохыг дурдаж байна.
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч О.Т нь 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “............”-д бүртгэлийн ажилтан албан тушаалд ажиллаж байхдаа ажил материал хүлээн авах, бүртгэлийн хураамж төлбөрийг авч, байгууллагад тушаах буюу өөрт нь итгэмжлэн хариуцуулан өгсөн эд хөрөнгөөс хувьдаа завшиж, компанид 1360 евро буюу 4.939.000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдлоо. Энэ нь:
Хохирогч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Миний бие 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр үйл ажиллагаа явуулдаг ............... гэх барилгын 9 давхарт байрлах “..................C” гэх нэртэй ажлын байран дээрээ ирээд өмнөх өдөр үйлчлүүлсэн хүмүүсийн материалыг Бүгд Найрамдах Чех улсын элчин сайдын яам руу авч явах гэтэл виз мэдүүлсэн хүмүүсийн материал, тайлан болон виз мэдүүлэгчдийн хураамж болох 1360 еврог авч явах ёстой учраас виз мэдүүлсэн хүмүүсийн материал, тайлан олоод 1360 еврог хайхад олдохгүй байсан. Тэгээд өчигдөр хамгийн сүүлд Т-т виз мэдүүлсэн хүмүүсийн материал, тайлан болон виз мэдүүлэгчдийн хураамжийг үлдээгээд явснаа санаад Т руу залгахад утас нь холбогдохгүй, фейсбүүктэй орж ирэхгүй байсан... Тэгээд би хяналтын камерын бичлэгийг шүүж үзэхэд Т аваад явсан байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. Надад нийт 1360 еврогийн хохирол учирсан байна. Т нь Чингэлтэй дүүрэгт байрлах Элчингүүдийн байр гэх нэртэй газарт түрээсийн байранд амьдардаг. Аав, ээжээтэйгээ 2 жилийн өмнөөс хамтран амьдрахгүй байгаа гэж хэлсэн. Ээж нь надад хэлэхдээ 2 жилийн өмнө Т мөрийтэй тоглоом тоглоод өрөнд ороод аав, ээж хоёр нь өрийг нь дарсан гэж ярьсан... Т нь 2024 оны 7 дугаар сараас хойш 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл ажиллаж байсан...” гэх мэдүүлэг /хх 34/,
Хохирогч Б.Б-ийн дахин өгсөн: “...Манай байгууллага нь олон улсын визний материал хүлээн авдаг албан ёсны эрхтэй байгууллага, Түшиг нь Чех улсын Элчин сайдын яамны визний материал хүлээн авдаг бүртгэлийн ажилтан байсан... Еврогийн валютын ажлыг материал хүлээн авах цагаараа өөр дээрээ байлгаж байгаад орой хураалгах ёстой байдаг...” гэх мэдүүлэг /хх 37/,
О-ын Т-ийг үндсэн ажилд томилох тухай 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 108 дугаартай захирлын тушаал /хх 16/,
О-ын Т-ийг ажлаас чөлөөлөх тухай 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 139 дугаартай захирлын тушаал /хх 15/,
О.Т-ийн Худалдаа хөгжлийн банкны ************ тоот дансны дэлгэрэнгүй хуулга /хх 20-21/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 30-31/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдсон.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан “Хөрөнгө завших” гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг итгэмжлэлийн үндсэн дээр эзэмшиж, ашиглаж буй байдлаа урвуулан ашиглаж, бусдын эд хөрөнгийг өөрийн өмчлөлд хариу төлбөргүйгээр хууль бусаар авах, захиран зарцуулах үйлдлийг ойлгохоор хуульчилсан.
Өөрөөр хэлбэл, “завших” гэмт хэрэг нь нэгэнт өөрт нь итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эрхийг өөртөө хариу төлбөргүйгээр нэг мөсөн шилжүүлэн авсан байхыг шаарддаг.
Шүүгдэгч О.Т нь өөрт нь итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж өөрийн өмчийн адил захиран зарцуулж хувьдаа ашиг хонжоо олсон байх тул дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.
4. Шүүгдэгч О.Т дээрх гэмт үйлдэлдээ шунахай сэдэлттэй, шууд санаатай хандсан байх ба өөрийн үйлдлийн хууль бус болохыг ухамсарлаж мэдсээр байж, хүсэж үйлдэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
5. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч О.Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хохирол, төлбөрийн талаар:
6. Энэ гэмт хэргийн улмаас хохирогч “....................”-д 4.939.000 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгч О.Т нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд 1.100.000 төгрөгийг төлж барагдуулсан талаарх баримт /хх 62-63/ талд авагдсан байна.
Мөн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд 3.839.000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул шүүгдэгч О.Т-ийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
7. Улсын яллагчаас шүүгдэгч О.Т-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргасан.
Шүүгдэгч О.Т-т эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “...учруулсан хохирлыг төлсөн...” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа, учирсан хохирлыг төлж барагдуулсан, анх удаа энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож байгаа, ажил хөдөлмөр эрхэлдэг хувийн байдал зэргийг харгалзан О.Т-т торгох ял оногдуулах нь түүний үйлдсэн гэмт хэргийн шинж, хувийн байдалд тохирно гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч О.Т-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
8. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сиди, цэнхэр өнгийн 1 ширхэг флаш зэргийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт нь үлдээсүгэй
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт О-ын Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч О.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг анхааруулсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сиди, цэнхэр өнгийн 1 ширхэг флаш зэргийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт нь үлдээсүгэй.
6. Шүүгдэгч О.Т нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЧАНЦАЛНЯМ