| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбаатарын Чанцалням |
| Хэргийн индекс | 194/2025/0732/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1682 |
| Огноо | 2025-06-24 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., |
| Улсын яллагч | Б.Ө |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1682
2025 06 24 2025/ШЦТ/1682
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Чанцалням даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Сүххуяг,
улсын яллагч Б.Өнөбат,
иргэний хариуцагч Л.Ш,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Б
шүүгдэгч Н.Н, түүний өмгөөлөгч Т.Б, Ш.А нарыг оролцуулан Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г овогт Н-ын Н-т холбогдох эрүүгийн ******** дугаартай хэргийг тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдөр нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн товч утга :
Шүүгдэгч Н.Н нь "......................." ХХК-нийг үүсгэн байгуулж, улмаар "нүүрс нийлүүлэх арвин туршлагатай, нүүрс нийлүүлж чадна" гэж итгүүлэн Бүгд Найрамдах Хятад Ард улсын иргэн Л -тай 2021 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 66/01 дугаартай "Нүүрс худалдан авах" гэрээг цахимаар байгуулж, улмаар "нүүрс нийлүүлэх гэж байна" гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 1,086,750 юань буюу 484,484,017.5 төгрөгийг, 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 582,750 юань буюу 273,187,372.5 төгрөгийг, нийт 757,671,390 төгрөгийг 2 удаагийн үргэлжилсэн үйлдлээр өөрийн эзэмшлийн "....................” ХХК-ийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны ************** дугаарын дансаар шилжүүлэн авч, их хэмжээний хохирол учруулж залилсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 406 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан бол,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Б: Хавтаст хэргээс 1 хавтаст хэргийн 57 дугаар хуудас, 94 дүгээр хуудас, 96 дугаар хуудас, 98 дугаар хуудас, 99 дүгээр хуудас, 100 дугаар хуудас зэргийг шинжлэн судалж,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.А: Хавтаст хэргээс 1 дүгээр хавтаст хэргийн 111 дүгээр хуудас, 119 дүгээр хуудас, 120 дугаар хуудас, 121 дүгээр хуудас, 129 дүгээр хуудас, 134, 135 дугаар хуудас, 146-148 дугаар хуудас, 3 дугаар хавтаст хэргийн 47 дугаар хуудас, 50-51 дүгээр хуудас, 52 дугаар хуудас, 58-59 дүгээр хуудас, 108-120 дугаар хуудас, 219-223 дугаар хуудас, 227 дугаар хуудас, 238 дугаар хуудас, 239-250 дугаар хуудас зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Б-с: Хавтаст хэргээс 1 дүгээр хавтаст хэргийн 2 дугаар хуудас, 12 дугаар хуудас, 21 дүгээр хуудас, 25 дугаар хуудас, 27 дугаар хуудас, 36 дугаар хуудас, 42 дугаар хуудас, 60 дугаар хуудас, 44 дүгээр хуудас, 64-65 дугаар хуудас, гэрч Шинэхүүгийн дахин өгсөн мэдүүлэг, 69 дүгээр хуудас, 73 дугаар хуудас, 76 дугаар хуудас, 82 дугаар хуудас, 83 дугаар хуудас, 86 дугаар хуудас, 91 дүгээр хуудас, 90 дүгээр хуудас, 92 дугаар хуудас, 105 дугаар хуудас, 109 дүгээр хуудас, 113-116 дугаар хуудаст авагдсан баримт нь нотлох баримтын шаардлага хангах эсэх нь эргэлзээтэй/, 144 дүгээр хуудас, 151 дүгээр хуудас, 154 дүгээр хуудас, 162 дугаар хуудас, 164 дүгээр хуудас, 188-189 дүгээр хуудас, 206 дугаар хуудас, 116 дугаар хуудас, 124 дүгээр хуудас, 135 дугаар хуудас, 2 дугаар хавтаст хэргийн 9 дүгээр хуудас, 11 дүгээр хуудас, 14 дүгээр хуудас, 17 дугаар хуудас, 19 дүгээр хуудас, 23 дугаар хуудас, 28 дугаар хуудас, 38 дугаар хуудас, 48 дугаар хуудас, 138 дугаар хуудас, 168 дугаар хуудас, 176 дугаар хуудас, 77-79 дүгээр хуудас, 232 дугаар хуудас, 233 дугаар хуудас, 246 дугаар хуудас зэргийг шинжлэн судлав.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн аваагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн, нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Гэм буруугийн талаар:
1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Н-ын өмгөөлөгч Ш.А цагаатгах байр суурьтай, өмгөөлөгч Т.Б шүүх хуралдааныг 60 хүртэлх хоногоор хойшлуулах байр суурьтай тус тус оролцсон бол хохирогчийн хууль ёсны төлөөлөгч улсын яллагчийн дүгнэлтийг дэмжиж оролцсон болохыг дурдаж байна.
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлэг, гэм буруугийн талаарх дүгнэлтээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Н.Н нь "................." ХХК-нийг үүсгэн байгуулж, улмаар "нүүрс нийлүүлэх арвин туршлагатай, нүүрс нийлүүлж чадна" гэж итгүүлэн Бүгд Найрамдах Хятад Ард улсын иргэн Л-тай 2021 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 66/01 дугаартай "Нүүрс худалдан авах" гэрээг цахимаар байгуулж, улмаар "нүүрс нийлүүлэх гэж байна" гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 1,086,750 юань буюу 484,484,017.5 төгрөгийг, 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 582,750 юань буюу 273,187,372.5 төгрөгийг, нийт 757,671,390 төгрөгийг 2 удаагийн үргэлжилсэн үйлдлээр өөрийн эзэмшлийн "Ж...............” ХХК-ийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны ****************дугаарын дансаар шилжүүлэн авч, их хэмжээний хохирол учруулж залилсан гэх үйл баримт тогтоогдлоо. Энэ нь:
Хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б-ын 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр гаргасан гомдол /хх 12-16/,
Хохирогч Бүгд Найрамдах Хятад Ард улсын иргэн Л-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “..........................”-ыг Хятад улс руу нүүрс импортлох чиглэлээр 2021 оны 03 дугаар сард байгуулж байсан. Монгол Улсаас нүүрс худалдаж авахаар манай хүү C нь өөрийн найзаараа дамжуулж Н гэх хүнтэй танилцаж байсан. Н нь өөрийн компаниараа дамжуулж Хятад улс руу их хэмжээгээр, байнга нүүрс нийлүүлж өгөх боломжтой гэж хэлсэн. Тэгээд 2021 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 66/01 дугаартай “Нүүрс худалдан авах гэрээ”-г “........................” ХХК-тай байгуулсан. “Нүүрс худалдан авах гэрээ”-ний дагуу 2021 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Монгол улсад байгаа “..................” ХХК-ны худалдаа хөгжлийн банкны данс руу 1.086.750 юань шилжүүлсэн...2021 оны 06 дугаар сард “Нүүрс худалдан авах гэрээ” байгуулснаас хойш нүүрсээ явуулахгүй байсаар байгаад 2022 он гарч, 2022 оны 06 дугаар сард “.......................” ХХК-ны захирал Н нь “Төмөр замтай гэрээ хийчихсэн байгаа” гээд хуурамч гэрээний баримт бид нар луу явуулсан. Төмөр замтай байгуулсан гэрээний дагуу Хятад улс руу нүүрсээ явуулах гэсэн чинь нүүрсний үнийн өсөлттэй холбоотой, нэмж мөнгө нэхэж, дахин гэрээ байгуулна гэж хэлсэн. Н янз бүрийн шалтаг хэлж хойшлуулсаар л байсан. Ингээд 2022 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр “Нүүрс худалдан авах гэрээ”-нд өөрчлөлт оруулах тухай гэрээг дахин байгуулсан. “.....................” ХХК-ны захирал Н нь “Нүүрс худалдан авах гэрээ”-нд өөрчлөлт оруулахаас өөр аргагүй байдалд бид нарыг оруулж байсан. Н нь өөрчлөлт оруулсан гэрээний дагуу нэмж мөнгө ирснээс хойш 14 хоногийн хугацаанд нүүрсээ Хятад улс руу явуулна гэж хэлж байсан болохоор манай компаниас 582.750 юань нэмж шилжүүлсэн...“.................” ХХК-ны захирал Н-т анхнаасаа хамтран ажиллах хүсэл байгаагүй, гэрээг хуурамчаар байгуулж, манай компанийн хэвийн үйл ажиллагаанд нөлөөлж хохирол учруулсан, одоо ямар ч үйл ажиллагаа явуулах боломжгүй зогсонги байдалд орсон байгаа...” гэх мэдүүлэг /хх 21-24/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Н.Н-ын “....................” ХХК-наас БНХАУ-д үйл ажиллагаа явуулдаг “................” ХХК нь нүүрс худалдан авахаар болж 2021 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 66/01 дугаартай “Нүүрс худалдан авах гэрээ”-г цахимаар байгуулсан...“Нүүрс худалдан авах гэрээ”-ний дагуу төлбөрийн нөхцөл болон тооцооллыг үндэслэн 2021 оны 06 дугаар сарын 09-ний өдөр “..........................” ХХК-наас Хятадын Бүтэн байгуулалтын банкны ***********данснаас Н-ын компаний худалдаа хөгжлийн банкны юанийн ************** дансанд 1.086.750 юань шилжүүлсэн. Гэрээнд зааснаар эхний ээлжийн нүүрсийг БНХАУ руу Эрээн хотын боомтод 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр гэхэд гаргаж өгнө гэж заасан...2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр экспортын үйл явдлын зардлууд гэх мөнгөний тооцоо хийсэн албан бичгийг “..................” компанид ирүүлсэн. Шинэ тооцоолол болон хавсралт, “...........” ХХК-тай хийсэн вагон түрээсийг үндэслэн дахин 582.70 юань “...............” компанийн Хятадын Бүтэн байгуулалтын банкны ************** данснаас Н-ын компанийн худалдаа хөгжлийн банкны юанийн ***********дансанд шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /хх 36-38/
Гэрч Бүгд Найрамдах Хятад Ард улсын иргэн ..............-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны сүүлээр БНХАУ-д Монгол улсын М гэх хүнтэй танилцсан. М-ний нөхөртэй би угаасаа найз байсан учраас найзалсан юм. Тэр цагаас хойш холбоотой байж байгаад 2021 оны 01 дүгээр сараас М-нд би нүүрс худалдаж авмаар байна, таних хүн байна уу гэж хэлж ярьж байсан юм. Ингээд 2021 оны 03 дугаар сард “....................”-ныг манай ээж байгуулсан. 2021 оны 05 дугаар сарын сүүлээр М нь надад Д гэдэг найзаа танилцуулсан. М-ний найз Д нь намайг Н-тай танилцуулсан. Би Н-тай танилцаад вичатаар харилцаж байхдаа “Нүүрсний бизнес эрхэлдэг юм уу” гэж асуухад “Тиймээ, би нүүрсний бизнесийн арвин туршлагатай, нүүрсний уурхайн эзнийг танина, тийм учраас байнга их хэмжээгээр нүүрс нийлүүлэх чадвартай” гэж хэлсэн. Вичатаар дүрсээ харж ярихад М орчуулга хийж өгдөг байсан. Н-ын хэлж байгаа зүйлийг М-ээс асуугаад ойлгодог байсан. Нр бид 2 хоорондоо ойлголцож чадахгүй учраас М-ээр дамжуулж харилцдаг байсан. Хятадад танилцсан Монгол найз учраас М-д маш их итгэдэг байсан...Ингээд 2021 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 66/01 дугаартай “Нүүрс худалдан авах гэрээ”-г “..............”-ны ерөнхий захирал буюу манай ээж Н-тай байгуулсан. “Нүүрс худалдан авах гэрээ”-ний дагуу 2021 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Хятад улсаас Н-ын “...............” ХХК-ны данс руу 1.086.750 юанийг шилжүүлсэн. Гэрээнд зааснаар 2021 оны 06 дугаар сарын 30-ны дотор БНХАУ-ын Эрээн хотод нүүрсийг тээвэрлэж авчрах ёстой байсан. Тэгтэл Н нь нүүрсээ Хятад улс руу явуулахгүй 2021 оны 08 сар болсон. Энэ хугацаанд янз бүрийн шалтаг хэлдэг байсан. Н нь 2021 оны 08 дугаар сарын эхээр дүүтэйгээ хамт Сэлэнгэ аймагт уурхай дээр очоод нүүрсний зураг явуулаад манай компани руу явуулах нүүрс гэж хэлсэн. Нүүрсний зураг явуулсны дараа Улаанбаатар хотод ирээд хэд хоног амарчихаад танай нүүрсийг явуулна гэж хэлээд байхгүй алга болсон. Тэгээд дараа нь Н дахиж холбогдоод өмнөх нүүрс байхгүй болсон байна, дахиад шинэ нүүрс гарахаар нь явуулья гэж хэлсэн... 2022 оны 07 дугаар сар “Төмөр замтай гэрээ хийчихсэн” гээд гэрээний зураг явуулж байсан. Төмөр замтай хийсэн гэрээгээр 2022 оны 08 дугаар сард Хятад улс руу нүүрс очно гэж хэлж байсан. Нүүрсний үнийн өсөлттэй холбоотой нэмж мөнгө шилжүүл гэж хэлсэн. Н нь Хятад улс руу явуулах нүүрс талбай дээр байгаа гэж хэлэхээр нь гаалийн талбай руу ачуул, ачуулсны дараа мөнгөө шилжүүлнэ гэж тохирсон. Тэгтэл нүүрсээ ачуулсан гэж хуурсан байсан. Уурхай дээр байсан нүүрсээ гаалийн талбай руу авчрах хугацаагаа янз бүрийн зүйл хэлээд хойшлуулж байсан. Тэгэхээр нь М-ний найз Д-г Сэлэнгэ аймаг руу очоод нүүрс байгаа үгүйг нь харуулсан. Тэгэхэд уурхай дээр Н-ын авах ёстой нүүрс байхаар нь гаалийн талбай руу ачуулъя гэхэд Н нь уурхайгаас талбай руу ачих тээврийн зардлын мөнгө байхгүй гэж хэлсэн. Мөнгө яаралтай явуулахгүй бол нүүрс ачуулах гэрээний хугацаа дуусах гээд байна, яаралтай мөнгө явуул гэж хэлсэн. Тэгэхээр нь гарцаагүй байдалд орж нүүрсээ алдахаас сэргийлж 2022 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр “Нүүрс худалдан авах гэрээ”-нд өөрчлөлт оруулах тухай гэрээг нэмж байгуулсан. Нэмэлт гэрээний дагуу Хятад улсаас 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Н-ын компанийн данс руу 582.750 юань шилжүүлсэн. Мөнгө шилжүүлсний дараа 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр нүүрсээ явуулна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх 72-75/,
Гэрч Б.М-ний мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 5 сараас эхлэн манай найз А нь өөрийн ээжийн “.........” ХХК-даа Монгол Улсаас нүүрс худалдаж авмаар байна, намайг хамтарч ажиллах хүн олж өгөхийг хүссэн. Тэгэхээр нь би Монгол улсад байхдаа хамт сурч байсан М-тэй утсаар холбогдож ярьж, А-ийн хэлсэн зүйлийг хэлж, хамтран ажиллах боломжтой хүн байгаа эсхийг асуусан. Тэгэхэд М нь өөрийн танил Н гэдэг залууг санал болгож байсан. Н гэх хүнтэй Вечатаар танилцаж, хоорондоо харилцаж эхэлсэн. М, Н 2 зусланд танилцаж байсан, найзууд гэж байсан. Н гэх залуутай танилцаад цахимаар харилцаж байхдаа А, Н, М бид 4 групп чатаар харилцдаг байсан. Мөн А-с тусдаа бид 3-ын групп чат ч байдаг байсан...Н гэх залуутай Вечатаар танилцсанаас хойш холбогдож байгаад Н-ын “.................” ХХК-наас нүүрс худалдан авахаар болж, 2021 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 66/01 дугаартай “Нүүрс худалдах, худалдан авах гэрээ”-г цахимаар байгуулсан. 2012 оны 06 дугаар сарын 08-ны өдөр бид 4-ын харилцдаг групп чатанд Н-аас проформа нэхэмжлэл гэх 68 дугаартай албан тоот ирж “....................” ХХК-наас 1.207.500 юань гэрээний дагуу нэхэмжилсэн бичиг ирүүлсэн. Уг нэхэмжлэлийн дагуу “............” ХХК-ны данснаас 2021 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Н-ын компанийн худалдаа хөгжлийн банкны юаний дансанд 1.086.750 юанийг шилжүүлсэн байсан. Гэрээнд зааснаар 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Н Хятад улс руу нүүрсээ гаргаж, тооцоо дуусган Эрээн хотод оруулж ирэхээр тусгасан байсан...2022 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр анх байгуулсан 66/01 дугаартай “Нүүрс худалдах, худалдан авах гэрээ”-г хавсралтаар сунгасан. Тухайн үед Н нь “..................” ХХК-тай вагон түрээсийн гэрээг хийж 65 сая төгрөг бэлнээр, компанийн данс руу нь 100 сая төгрөг шилжүүлсэн гэж надад вечатаар хэлсэн. Би Н-ын хэлснийг А*т хэлсэн. Мөн Улаанбаатар төмөр замд вагоны тушаал гаргуулсан гэж хүнд 30 сая төгрөг бэлнээр өгсөн гэж надад хэлсэн. Надтай вечатаар холбогдож байхдаа 2022 оны 09 дүгээр сарын 20-доор “.................” ХХК-ны түрээсийн вагон нь гаалийн талбайд ирж нүүрсээ ачна гэж хэлсэн. Тэгэхдээ нүүрс тээвэрлэх богины тээвэрт явах зардалд мөнгө хэрэгтэй гээд мөнгө нэхэмжилсэн баримт над руу явуулахаар нь түүнийг А руу явсан. Мөнгө нэхэмжилсэн баримтын дагуу “..................” ХХК-ний данс руу 582.750 юань шилжүүлсэн байсан...” гэх мэдүүлэг /хх 42-45/,
Гэрч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би “.................” ХХК-ний гүйцэтгэх захирал хийдэг...Би “............” ХХК-нийг бол огт мэдэхгүй. Харин “................” ХХК-ний захирал Н гэх залуутай ганц 2 удаа ажлын шугамаар уулзаж байсан...Манай компаний “..............” ХХК-тай хамтран ажиллаж байгаагүй...“.................” ХХК-аас болон Н-ас мөнгө авч байгаагүй...Н-тай уулзах үед ямар ч ажил ярьж байгаагүй. “...................” ХХК-тай хамтран ажиллах талаар ярилцаж, аман байдлаар тохирсон асуудал байхгүй...“.......................” ХХК-тай вагон түрээсийн гэрээг байгуулж байгаагүй...Манай компанид тээвэр хийдэг ачааны вагон байхгүй...” гэх мэдүүлэг /хх 54-55/,
Гэрч Г.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...”...............” ХХК нь “......................” ХХК-тай нэг ч удаа хамтран ажиллаж байгаагүй. Уг компаниас болон Н-с ямар ч мөнгө авч байгаагүй...“.................” ХХК-тай вагон түрээсийн гэрээг байгуулж байгаагүй. М гэдэг хүнээс “...............” ХХК болон “...................” ХХК-ны захирлууд “Вагон түрээсийн гэрээ” бүхий гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан гэрээний зураг явуулсан. Гэхдээ уг гэрээ нь хуурамч гэрээ байсан. Манай компаний “...................” ХХК-тай байгуулсан гэрээг ашигласан байсан...” гэх мэдүүлэг /хх 57-58/,
Гэрч М.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Вичатаар харьцаж байх үед Н өөрөө “Сэлэнгэ аймагт манай ахын нүүрсний уурхай байгаа, сайн нүүрстэй, би нүүрсний нийлүүлж чадна” гэж хэлсэн. Энэ үеэрээ Н нь ахынхаа нүүрсний уурхайн нүүрсний шинжилгээний бичиг, нүүрсний үнэ зэрэг мэдээллийг өгсөн. Үүнийг М өөрийн Хятад найздаа танилцуулахад найз нь зөвшөөрч, нүүрс худалдан авах гэрээг хийхээр болж, мөнгийг нь шилжүүлэхээр болсон...Үүний дагуу “Нүүрс худалдах, худалдан авах гэрээ”-г цахимаар байгуулж, БНХАУ-ын “...................” ХХК-наас 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг Н-ын “.................” ХХК руу нүүрсний төлбөр болох 1.086.750 юанийг шилжүүлсэн. Мөнгө шилжүүлсний дараа “......................” ХХК-ны явуулж байгаа үйл ажиллагааг тогтмол хянаад, мөнгөний зарцуулалтыг мэдэж байгаарай гэж хэлсэн...Н гэнэт вагон захиалж “....................” ХХК-тай гэрээ байгуулсан байгаа, нүүрс тээвэрлэх вагон бүтсэн, нүүрс тээвэрлэхэд бэлэн болсон. “...............” ХХК-т вагоны төлбөр гэж бэлнээр мөнгө өгсөн гэж вичатад бичиж байсан...” гэх мэдүүлэг /хх 60-62/,
Гэрч Л.Ш-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...“.............” ХХК-ны захирал Н нь миний танил На гэх залуугаар дамжуулан надтай танилцаж байсан. На, Н хоёр хамт үйл ажиллагаа явуулах гэж яриад байсан. Тэгээд 2021 оны 06 дугаар сарын эхээр надтай уулзаж, нүүрс худалдаж авах гэж байгаагаа хэлсэн. Би тухайн үед боломжгүй гэдгээ тэд нарт хэлж байсан. Тэгэхэд манай компаниас нэг цуваа вагон нүүрс буюу 3500 тонн нүүрс авья, төлбөр тооцоо нь асуудалгүй гэж хэлсэн. Ингээд 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 2021/04 дугаартай “Нүүрс худалдах, худалдан авах гэрээ”-г “...............” ХХК-ны захирал Н-тай байгуулсан...“..............” ХХК-ны Н нь уурхай дээрээс Сэлэнгэ аймгийн төв гаалийн талбай руу тээвэрлэх дундын тээвэр хийх болон Сэлэнгэ аймгийн төвд гаалийн талбайд нүүрсээ буулгах талбай байхгүй, энэ ажлаа зохион байгуулж чадаагүйгээс болж өдийг хүрээд байна...“.....................” ХХК-наас гэрээний дагуу нүүрсний төлбөрт 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 157.500.000 төгрөг, мөн 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 200.000.000 төгрөг, нийт 357.500.000 төгрөгийг манай компанийн дансанд шилжүүлсэн...Одоо “......................” ХХК-ны зүгээс нүүрсээ авахаар манай компани дээр ирвэл нүүрс нь бэлэн байна, би хамгийн түрүүнд уг компанийн нүүрсийг гаргаж өгнө. “........................” ХХК-ны хүмүүс өөрсдөө нүүрсээ авахгүй алга болсон. Би 2022 оны 11 дүгээр сард Н-ыг нүүрсээ аваарай гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх 64-67/,
Нүүрс худалдан авах 66/01 дугаарын гэрээний хуулбар /хх 76-80/,
Бүгд Найрамдах Хятад Ард улсын Хятадын барилгын банкаар дамжуулан “..................” ХХК-ний захирал Л нь “...................” ХХК-ний Худалдаа хөгжлийн банкны *********** дугаартай дансанд 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 1,086,750 юань, 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 582,750 юань, нийт 1,669,500 юанийг тус тус шилжүүлсэн банкны баримт, орчуулгын хамт /хх-ийн /,
Ч болон Н.Н нарын вичатаар харилцсан зурвас, түүний орчуулгын хамт /хх 113-132/,
Гаалийн Ерөнхий газрын 2023.04.25-ны өдрийн 01-2/1466, 2023.05.01-ний өдрийн 01-2/1596 дугаартай албан бичиг /хх 137-139/,
Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 03/1427 дугаартай албан бичиг /хх 140-141/,
“....................” ХХК-ний эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны ***************** дугаарын гадаад валютын дансны хуулга, дансны хуулганд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /хх 146-148/,
Н.Н-ын эзэмшлийн ХААН банкны ************** дугаарын дансны хуулга, дансны хуулганд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /хх 154-159/,
Н.Н-ын эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны ************** дугаарын дансны хуулга, дансны хуулганд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /хх 164-165/,
“...................” ХХК-ний эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны ************ дугаарын гадаад валютын дансны хуулга, дансны хуулганд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /хх 171-174/,
Монгол банкны 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн ............... дугаартай албан бичиг /хх 191/,
Гэрч Л.О мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр намайг найз К-тай хамт байхад Н над руу утсаар яриад дуудаж уулзсан. Н-ын эмэгтэй нэг найзтай нь би танил болохоор над руу ярьсан юм шиг байна лээ. К бид 2-ыг Н-ын байгаа газарт очиход нэг найзтайгаа хамт сууж байсан. Бид нар нийлээд бага зэрэг согтууруулах ундаа хэрэглэж байгаад дээд талд нь байх буудалд хамт орсон. Буудал руу орохдоо пабд ууж байгаад үлдсэн архи, пивоо авч ороод ууцгаасан. Буудалд ороод юм яриад сууж байхдаа би "К бид 2 хамт явж байгаад машины ар талын гуперээ юманд мөргөсөн" гэж ярьж байхад Н миний яриаг сонсоод машины чинь гуперийг засах төлбөр чинь хэд вэ гэж асуухаар нь 1.200.000 төгрөг болно гэж хэлсэн. Гэхдээ би Н-аас мөнгө зээлээч, надад туслаач гэж хэлээгүй. Тэгтэл Н би чамд туслая, боломжтой үедээ хуваагаад буцаагаад өгөөрэй гэж хэлээд надад утсаа өгөхөөр би өөрийнхөө хаан банкны ************дугаартай дансыг хийж өгсөн чинь над руу 1.200.000 төгрөгийг п гэсэн утгатай шилжүүлсэн байсан. Би Н-тай дахиж уулзаагүй, утсаар болон цахим хэрэгслээр холбогдоогүй...” гэх мэдүүлэг /2хх 8-9/
Гэрч С.М-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: "...Би өөрийнхөө хаан банкны *********** дугаартай Дансны хуулгыг харсан. Н гэх хүний ************* данснаас 4.000.000 төгрөг миний данс руу шилжиж орсон ба энэ мөнгийг манай тоглоомын захирал Д авсан. Тухайн үед миний дансаар шилжүүлж авсан байдаг юм. Д захирал Н гэх хүнээс зээлж авсан мөнгө гэж хэлсэн. Миний данс руу орсон 4.000.000 төгрөгийг нэг их удаагүй өөр хүний данс руу шилжүүлсэн байсан. Ямар учраас миний дансаар шилжүүлж авсан, хэн рүү шилжүүлсэн гэдгийг манай захирал л мэднэ... гэх мэдүүлэг /хх 11-12/,
Гэрч Е.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Миний хаан банкны ************ дугаартай данс руу мөнгө шилжүүлээд байгаа Н гэх хүнийг танихгүй, уулзаж байгаагүй. Энэ Н гэх хүн нь өөрийн bet буюу бооцоо тавьдаг аккаунтыг цэнэглүүлэх зорилгоор над руу мөнгө шилжүүлсэн. Миний данс руу шилжүүлсэн мөнгөн дүнгээр тухайн хүний аккаунтыг цэнэглэж өгдөг. Би энэ цэнэглэлт хийж байгаа мөнгөнөөс ямар ашиг, хувь авдаггүй. Харин тухайн сард ажилласан нийт хугацаагаар, мөн цэнэглэлт хийсэн нийт дүнгээр бодож "Опе Х"-ээс цалингаа авдаг. Н өөрийн аккаунтаар ямар спортын төрөлд bet буюу бооцоо тавьдаг болохыг мэдэхгүй байна. "One X" нь зөвхөн спорт тоглоомын bet хийдэг сайт. Ямар нэгэн мөрийтэй тоглоом зохион байгуулдаггүй...” гэх мэдүүлэг /2хх- 14-15/,
Иргэний хариуцагч Л.Ш-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай ".........." ХХК-ныг иргэний хариуцагчаар татаж байгаа мөрдөгчийн тогтоолыг уншиж танилцлаа. Манай компани нь 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр "............." ХХК-тай "Нүүрс худалдах, худалдан авах гэрээ"-г байгуулж, уг гэрээний дагуу 2021 оны 06 дугаар сарын 21-ний едер 359,424.92 юань буюу 157,500,000 төгрөг, 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 455,892.41 юань буюу 200,000,000 төгрөг, нийт 357.500.000 төгрөг шилжүүлж авсан нь үнэн. Гэрээнд заасны дагуу манай компаний хувьд "................. " ХХК-нд нүүрсээ өгөхөд бэлэн байсан. Тэгтэл ".................." ХХК-нд нүүрсээ БНХАУ руу тээвэрлэх вагон байхгүй, мөн нүүрсээ буулгах гаалийн хяналтын талбай байхгүй гэсэн шалтгаанаар хойшлуулж байсан. Хамгийн сүүлд 2022 оны 10 сарын үед Н-тай холбогдож нүүрсээ аваач гэж хэлсэн, тэрнээс хойш Н өөрөө чимээгүй алга болсон. Манай компаний тухайд нүүрсний төлбөрт 357.500.000 төгрөг авсан учраас энэ мөнгийг эргүүлж өгөх нь зүйн хэрэг. Гэхдээ Н өөрөө манай компаниас нүүрсээ авна гэсэн тул гэрээнд заасны дагуу нүүрсийг нь өгөхөөр бэлэн болгоод хүлээж байна. Гэхдээ Н-ыг хэзээ нүүрсээ авахыг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /2хх 21-22/,
Иргэний хариуцагч Л.Ш-ийн дахин өгсөн “...Би ийм асуудал болсон гэж санахгүй байна. Н нь өөрийн найз Н гэдэг залуугаар дамжуулж надтай танилцсан, мөн Н-аар дамжуулж харилцдаг байсан. Тухайн үед ковид-19 цар тахлын өвчний хөл хорионы үе байсан, манай уурхай ажиллахгүй нүүрс гарахгүй байсан. Би энэ талаар тэд нарт хэлэхэд янз бүрийн асуудал үүсгэхгүй ээ, гэрээ хийгээд л өгчих гэж гуйсаар байгаад гэрээ хийхээр болсон. Мөн гэрээ байгуулах үед манай компаний нүүрс Сэлэнгэ аймгийн Сүхбаатар өртөөний гаалийн талбай дээр байсан. Гэхдээ энэ нүүрс "............" ХХК-ны захиалсан нүүрс байсан. Би Н-ыг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар өртөөний гаалийн талбай дээр байгаа нүүрсийг үзэж харж болно гэж хэлсэн. Гэхдээ уг нүүрсийг Н-т худалдана гэж хэлээгүй. Уурхай зогссон байгаа гэж хэлсээр байхад нүүрсний гэрээ байгуулсан. Тухайн үед Н нь нүүрсээ танай уурхайн үйл ажиллагаа жигдрэхээр очер дарааллын дагуу авна, ямар нэгэн асуудал үүсгэхгүй гэж хэлсэн. Н, М гэдэг эмэгтэйтэй хамт манай уурхай руу олон удаа очиж нүүрс харж байсан, мөн нүүрсний дээж ч авч байсан. Нүүрсний уурхайгаас нүүрс авах гэхээр тэд нарт гаалийн талбай байхгүй, нүүрсээ ачих вагон байдаггүй байсан...” гэх мэдүүлэг /2хх 28-30/ болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэг, иргэний хариуцагчийн мэдүүлэг, тайлбар зэргээр нотлогдон тогтоогдож байна.
4.Залилах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх зэргийг гэмт этгээд гэмт үйлдэл хийхээсээ өмнө шууд санаатайгаар шунахай сэдэлтээр буцааж өгөх, хариу төлбөр хийхгүй байх зорилгоор хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан өөртөө шилжүүлэн авахыг ойлгоно.
Шүүгдэгч Н.Н нь “....................." ХХК-нийг үүсгэн байгуулж, улмаар "нүүрс нийлүүлэх арвин туршлагатай, нүүрс нийлүүлж чадна" гэж хохирогч Бүгд Найрамдах Хятад Ард улсын иргэн Л-д итгүүлэн улмаар "Нүүрс худалдан авах" гэрээг цахимаар байгуулж, "нүүрс нийлүүлэх гэж байна" гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 757,671,390 төгрөгийг өөрийн байгуулсан "................” ХХК-ийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны **************** дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан гэх үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь залилах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Шүүгдэгч Н.Н нь дээрх гэмт үйлдэлдээ шунахай сэдэлттэй, шууд санаатай хандсан байх ба өөрийн үйлдлийн хууль бус болохыг ухамсарлаж мэдсээр байж, хүсэж үйлдэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Н.Н-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хохирол, төлбөрийн талаар:
7. Гэмт хэргийн улмаас хохирогч Бүгд Найрамдах Хятад Ард улсын иргэн Л-д 757.671.390 төгрөгийн хохирол учирсан бөгөөд Н.Н-аас 400.671.390 төгрөг, иргэний хариуцагч Л.Ш-ээс 357.000.000 төгрөгийг тус тус гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Н.Н нь хохирол, төлбөрийг төлж барагдуулахаар хуульд заасан тав хоногийн хугацаагаар завсарлага авч улмаар энэ хугацаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн дансанд нь 400.671.390 төгрөгийг байршуулж, шүүхээс төлүүлэхээр тогтоосон хэмжээгээр хохирлыг төлж барагдуулсан байна.
Иймд шүүгдэгч Н.Н-ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч Л.Ш-ээс 357.000.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Бүгд Найрамдах Хятад Ард улсын иргэн Л-д олгохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
8. Улсын яллагчаас шүүгдэгч Н.Н-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 15.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх санал гаргасан.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Б-ээс “...Миний үйлчлүүлэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа, мөн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй. Шүүхээс тогтоосон хохирлыг нөхөн төлсөн. Хувийн байдлын хувьд өндөр насны тэтгэвэрт байдаг ээж О-ийн хамт хоёулаа амьдардаг, ээж нь 69 настай, эмнэлгийн хяналтад байдаг, тэгэхээр хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 10.000 нэгж буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 3 жилийн хугацаагаар хэсэгчлэн төлүүлж өгнө үү гэсэн хүсэлттэй байна. Миний үйлчлүүлэгч торгох ялыг биелүүлэх боломжтой гэх 2 хуудас нотлох баримтыг шүүхэд гаргаж өгч байна....” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.А-аас “...Өмгөөлөгч Т.Б-тэй санал нэг байна...” гэх дүгнэлтийг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Б:: “...Шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хохирлыг завсарлагын хугацаанд төлж барагдуулсан, улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын саналыг дэмжиж байна...” гэх дүгнэлтийг тус тус гаргасан болно.
Шүүгдэгч Н.Н-т эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “...учруулсан хохирлыг төлсөн...” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний өөрийн үйлдэл болон үр дагаварт хандаж буй хандлага, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, ажил хөдөлмөр эрхэлдэг хувийн байдал, шүүхээс тогтоосон хохирлыг төлж барагдуулсан зэргийг харгалзан үзэж улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Н.Н-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, тус ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 8 /найм/ ширхэг сиди /дүрс бичлэгийн хуурцаг/-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт нь үлдээж, шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Н-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээнүүдийг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г овогт Н-ын Н-г Эрүүгийн хуулийн ерөнхий 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар залилах гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Н.Н-ыг 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Иргэний хариуцагч Л.Ш-ээс 357.000.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Бүгд Найрамдах Хятад Ард улсын иргэн Л-д олгосугай.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 8 /найм/ ширхэг сиди /дүрс бичлэгийн хуурцаг/-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт нь үлдээсүгэй.
8. Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Н-т урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ болон хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЧАНЦАЛНЯМ