Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 11

 

 

*******т холбогдох

Эрүүгийн хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй хийж, 

            Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 54 дугаар шийтгэх тогтоолтой *******т холбогдох эрүүгийн 2136000000033 дугаартай хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн, 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Б.Уянга, прокурор З.Алтансолонго нар оролцов. 

Монгол улсын иргэн, 1990 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Ховд аймгийн Зэрэг суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5 эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Зэрэг сумын Эхэн багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ПЕ90020318 дугаарын регистртэй, Нарангийнхан овогт Галбадрахын Амгаланбаатар нь 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд Ховд аймгийн Зэрэг сумын нутаг дэвсгэрт байхдаа “Амгаа Аагий” гэх хэрэглэгчийн нэртэй facebook хаягнаас интернет сүлжээ ашиглан facebook орчинд ашиг олох зорилгоор хөзөр ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоомыг үргэлжилсэн үйлдлээр зохион байгуулан 1240000 төгрөгийн ашиг олж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1-д заасан мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэгт холбогджээ.

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “Шүүгдэгч Нарангийнхан овогт Галбадрахын Амгаланбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор шоо, хөзөр ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Шүүгдэгч Нарангийнхан овогт Галбадрахын Амгаланбаатарт таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний 550000 төгрөгийн торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3-т зааснаар шүүгдэгч Галбадрахын Амгаланбаатараас гэмт хэрэг үйлдэж олсон ашиг 1240000/нэг сая хоёр зуун дөчин мянга/ төгрөгийг гаргуулан улсын төсөвт шилжүүлж шийдвэрлэжээ.

Прокурор эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д заасан шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно гэх мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх учиртайг шүүгдэгчид тайлбарлаагүй байна. Энэ нь Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна гэж заасныг зөрчсөн түүнчлэн мөн хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д заасныг хэрэглэж тайлбарлаагүй нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

                                                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т холбогдох хэргийг  хянан хэлэлцэхдээ прокурорын эсэргүүцэлд дурдсан  үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагааг бүхэлд нь хянав.

            Ховд аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******т  2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд Ховд аймгийн Зэрэг сумын нутаг дэвсгэрт байхдаа “Амгаа Аагий” гэх хэрэглэгчийн нэртэй facebook хаягнаас интернет сүлжээ ашиглан facebook орчинд ашиг олох зорилгоор хөзөр ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй,аз туршиж тоглодог мөрийтэй тоглоомыг үргэлжилсэн үйлдлээр  тоглож 1240000 төгрөгийн ашиг олж, мэдээллийн технологи ашиглан мөрийтэй тоглоом зохион байгуулсан үйлдэлд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

            Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой талаас үнэлж дүгнэж  шүүгдэгч  *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох ял оногдуулсан байна.

            Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор нь анхан шатны шүүх шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял шийтгэл ногдуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэх хуулийн заалтуудыг тогтоох хэсэгтээ тайлбарлаж бичээгүй орхигдуулсныг зөвтгөж, шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт өөрчлөлт оруулахаар эсэргүүцэл бичжээ.

Шүүгдэгч *******т ашиг олох  зорилгоор Ховд аймгийн Зэрэг сумын нутаг дэвсгэрт оршин сууж байхдаа 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд гар утсаараа “Амгаа Аагий” гэх хэрэглэгчийн нэртэй facebook хаяг /facebook account/ ашиглан facebook олон нийтийн сүлжээнд хөзөр цаасан шоо ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй,аз туршиж тоглодог Tehac /покер/ нэртэй мөрийтэй тоглоом зохион байгуулан 1240000 төгрөгийн ашиг олж, мэдээллийн технологи ашиглан мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэг үйлдсэн болох нь эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл,гэрэл зургийн үзүүлэлт, Хаан банкны дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч О.Оюунбилэг,Э.Хүрэлчулуун нарын мэдүүлэг болон шүүгдэгчийн   үйлдсэн хэргээ хүлээсэн мэдүүлэг зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан баримтуудаар нотлогдон тогтоогджээ. Анхан шатны шүүх прокуророос ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тухайн зүйл хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулсан нь гэм хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар,хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон, Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчимд нийцсэн байна.

 

            Харин шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт шүүхээс ногдуулсан торгох ялыг төлөх хугацаа болон ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар солих тухай хуулийн заалтуудыг шүүгдэгчид тайлбарлаж өгөөгүй нь шүүх хэрэглэх ёстой хуулийн хэрэглээгүй байна. Энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байх тул давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн хууль хэрэглээний алдааг зөвтгөж, прокурорын эсэргүүцлийг хүлээн авч шийтгэх тогтоолд нэмэлт заалт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 2021/ШЦТ/54 дугаартай шийтгэх тогтоолын Тогтоох хэсэгт “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар ялтан нар нь шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлэх үүрэгтэй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай” гэсэн заалт нэмж оруулан, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн энэ шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” гэсэн үндэслэлээр оролцогчид Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.                               

                      

 

 

 

 

                                         ДАРГАЛАГЧ,

                                      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Н.ТУЯА

 

                                                    ШҮҮГЧИД                                    Д.ЖАМБАЛСҮРЭН

                                                                     

                                                                                                        М.НЯМБАЯР