| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гүнбаярын Баярдаваа |
| Хэргийн индекс | 104/2022/00042/И |
| Дугаар | 104/ШШ2022/00459 |
| Огноо | 2022-10-18 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 10 сарын 18 өдөр
Дугаар 104/ШШ2022/00459
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Баярдаваа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Юнескогийн гудамж Юнион бюлдинг, 1501 тоотод байрлах, Эй ди констракшн ХХК /РД:2599236/,
Хариуцагч: Налайх дүүрэг, 3 дугаар хороо, Их уурхай үйлдвэрийн баазад байрлах, Юу би метал маркет ХХК /РД:6116507/-д холбогдох
Худалдах, худалдан авах гэрээг цуцлах, гэм хор учирсныг тогтоолгох, гэрээний төлбөр, алданги, хохирол нийт 595,923,400 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мөнхтулга,
Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Очирхуяг,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.
/Хариуцагчийн төлөөлөгч Б.Ууганбаатар шүүх хуралдааныг эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн./
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Манай компани болон Юу Би Металл Маркет ХХК нарын хооронд 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Арматур худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. Тухайн гэрээгээр Юу Би Металл Маркет ХХК нь 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс мөн оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд ф13, ф16 миллметрийн стандарттай 267,5 тонн арматурыг манай компанид нийлүүлэх, манай компани гэрээ байгуулагдсан даруйд байр, машиныг гэрээнд тохиролцсон хэлбэрээр буюу бэлэн бусаар 100 хувь төлөхөөр харилцан тохиролцсон. Энэхүү гэрээ байгуулагдсан даруйд төлбөр болох 428,000,000 төгрөгт Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Ар зайсангийн гудамж 100/7 дугаар байр, 1 дүгээр орц, 3 давхар, 15 тоот 107.5 метр квадрат 3 өрөө 258,000,000 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх замаар Юу Би Металл Маркет ХХК-ийн нэр дээр шилжүүлж өгсөн. Мөн Toyota Land cruiser 200 маркийн 2018 онд үйлдвэрлэгдсэн хар саарал өнгөтэй 7679 УБД улсын дугаартай авто машин /үнэ-170,000,000/ төгрөгт тооцож Юу Би Металл Маркет ХХК-д шилжүүлж өгсөн. Юу Би Металл Маркет ХХК-тай гэрээ байгуулагдсанаас хойш буюу 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл буюу 80 тонн 580.81 килограмм арматурыг манай компанид нийлүүлсэн. Үлдэх 186 тонн 919.19 килограмм арматурыг нийлүүлээгүй буюу гэрээнд заасан үүргээ биелүүлэхээс үндэслэлгүйгээр татгалзаж, зайлсхийсэн учраас манай компанийн зүгээс шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Нэхэмжлэлд дараах үндсэн 3 шаардлагыг гаргасан:
- Эй Ди Констракшн ХХК, Юу Би Металл Маркет ХХК нарын хооронд 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр байгуулагдсан арматур худалдах, худалдан авах гэрээ-г цуцлах,
- Юу Би Металл Маркет ХХК-ийн 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр байгуулагдсан арматур худалдах, худалдан авах гэрээ-нд заасан үндсэн үүргээ биелүүлээгүйгээс Эй Ди Констракшн ХХК-д гэм хорын хохирол учирсныг тогтоолгох,
- Юу Би Металл Маркет ХХК-с 595,923,400 төгрөг гаргуулах шаардлагыг гаргасан.
595,923,400 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа 3 хувааж задалж байна. Нэгдүгээрт: 290,070,704 төгрөгийг илүү төлсөн төлбөр гэж үзэж нийлүүлээгүй арматурт ноогдох илүү төлсөн төлбөр гэж үзэж байна. Хоёрдугаарт: 42,800,000 төгрөг нь хүү, алданги юм. Арматур худалдах, худалдан авах гэрээ-ний 5.3 дугаар зүйлд талууд гэрээний үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.1 хувьтай тэнцэх алдангийг буруутай тал нь нөгөө талдаа төлнө, 5.4 дүгээр зүйлд Энэхүү гэрээний 5.3-т заасан нийт алдангийн хэмжээ нь гэрээний нийт үнийн дүнгийн 10 хувиас хэтрэхгүй байна гэж заасан үнийн дагуу 42,800,000 төгрөгийг алдангид тооцон нэхэмжилж байна. Гуравдугаарт: 254,052,696 төгрөгийн гэм хор учирсан гэж үзэж байна. Бид нар гэрээний дагуу 267.5 тонн арматурын мөнгийг 100 хувь төлж дуусгасан. Хариуцагч компанийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүйн улмаас 92.5 тонн арматурыг авах боломжгүй нөхцөл байдал үүсээд байна. Энэ 92.5 тонн арматурын үнийн дүн нь 254,052,696 төгрөг юм. Ингээд гурван үнийн дүнгийн нийлбэр нь 595,923,400 төгрөг болж байна. Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
2. Хариуцагч тал шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ... Юу Би Металл Маркет ХХК нь Эй Ди Констракшн ХХК-тай 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Арматур худалдах, худалдан авах гэрээ-г байгуулаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгч талаас Эй ди констракшн ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрмийн хуулбар, 2019 оны 5 сарын 23 өдрийн 19/052301 дугаартай Арматур худалдах, худалдан авах гэрээ, нийлүүлэлтийн хуваарийн хуулбар, авто машин хүлээлцсэн актын хуулбар, тооцоо нийлсэн баримтын хуулбар, 2021 оны 7 сарын 05 өдрийн 05/112 дугаартай мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийн хуулбар, Барилга,хот байгуулалтын яамны Барилгын хөгжлийн төвийн 2021 оны 8 сарын 09 өдрийн 2/1884 дугаар албан бичиг, хавсралтын хуулбар, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 сарын 22 өдрийн 181/ШШ2021/01722 дугаар шийдвэрийн хуулбар, Налайх дүүргийн 3 дугаар хорооны засаг даргын 2021 оны 11 сарын 19 өдрийн 1847 дугаартай тодорхойлолтын хуулбар, Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2021 оны 11 сарын 22 өдрийн 261-1/7448 дугаар албан бичгийн хуулбар, Г.Ариунболдын төрсний гэрчилгээний хуулбар зэргийг хэрэгт ирүүлжээ. / 1-р ХХ-н 7-26, -р хуудас/,
4. Хариуцагч талаас 2019 оны 6 сарын 10 өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний хуулбар, Улаанбаатар хотын банк ХХК-ийн мемориалын баримтын хуулбар, Юу би металл маркет ХХК-ийн 2019 оны 4 дүгээр улирлын тайлан зэргийг хэрэгт ирүүлжээ. /1-р ХХ-н 47-49-р хуудас, 2-р ХХ-н 17-36-р хуудас/,
5. Шүүх талуудын хүсэлтээр Улсын бүртгэлийн ерөнхий газраас Юу би металл маркет ХХК-ийн хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа, Хаан банк, Голомт банк, Богд банк, Худалдаа хөгжлийн банк, Хас банк, Төрийн банк, Чингис хаан банк, Үндэсний хөрөнгө оруулалтын банк, Капитрон банк, Ариг банк, Тээвэр хөгжлийн банк, Транс банк-аас Юу би метал маркет ХХК харилцах данс эзэмшдэг эсэх талаарх лавлагаа гаргуулах, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах, П.Саранхүү, Ж.Батдорж нарыг гэрчээр асуух, Авто тээврийн үндэсний төв, Улсын бүртгэлийн ерөнхий газраас лавлагаа гаргуулах зэрэг ажиллагааг хийж гүйцэтгэжээ. /1-р ХХ-н 65-66, 82, 84, 86, 88, 90, 92, 94, 96, 98-99, 101-114, 118-123, 130-131, 166-182, 184-215,246-250-р хуудас, 2-р ХХ-н 7, 9-16- дугаар хуудас/.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч тал 2019 оны 5 сарын 23 өдрийн Арматур худалдах, худалдан авах гэрээг цуцлах, Юу би металл маркет ХХК-нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүйн улмаас Эи Ди констракшн ХХК-д гэм хор учирсныг тогтоолгох, гэрээний төлбөр, алданги, хохирол нийт нь 595,923,400 төгрөг гаргуулах шаардлага гаргажээ.
3. Хариуцагч тал 2019 оны 5 сарын 23 өдрийн Арматур худалдах, худалдан авах гэрээг Юу би металл маркет ХХК-тай байгуулаагүй тул гэрээний үүргийг хариуцах үндэслэлгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
-Нэхэмжлэгч Эи Ди констракшн ХХК нь П.Саранхүүтэй 2019 оны 05 сарын 23 өдөр 267.5 тонн Ф13, Ф16 стандартын Арматур худалдах, худалдан авах гэрээг байгуулжээ. /1-р ХХ-н 16-17-р хуудас/
-Талууд гэрээний төлбөрт Хануул дүүргийн 1-р хороо Ар зайсангын 100/7 байр 1-3-15 тоот хаягт орших 3 өрөө орон сууцыг 258,000,000 төгрөгт, Тоёота ланд крузер 200 маркын, 76-79 УБД улсын дугаартай автомашиныг 170,000,000 төгрөгт тооцож шилжүүлэхээр харилцан тохирчээ.
-76-76 УБД улсын дугаартай автомашиныг 2019 оны 05 сарын 23 өдөр Э.Батдоржид хүлээлгэн өгсөн, 2019 оны 05 сарын 24 өдөр Г.Ариунболдоос П.Саранхүүд 170,000,000 төгрөгөөр тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ байгуулсан, 2019 оны 05 сарын 25 өдөр Тайгын булаг кредит ХХК өмчлөгчөөр бүртгүүлсэн байна. /1-р ХХ-н 18, 167, 170 /ар/-р хуудас/,
-2019 оны 06 сарын 10 өдөр Улаанбаатар хот, Хануул дүүрэг 11-р хороо, Ар зайсангийн 100/7 байр 15 тоот хаягт байрлах 3 өрөө орон сууцыг Б.Энхцэцэгээс Юу би металл маркет ХХК-д 100,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан, Юу би металл маркет ХХК-н хувьцаа эзэмшигчдийн хурлын 2019 оны 06 сарын 10 өдрийн 19/002 дугаар шийдвэрээр дээрх орон сууцыг , Юу би металл маркет ХХК-н нэр дээр шилжүүлэн авахаар шийдвэрлэсэн байна. /1-р ХХ-н 190-191-р хуудас/
-Юу би металл маркет ХХК нь Эй ди констракшн ХХК-д 2019 оны 07 сарын 30 өдрөөс 2019 оны 10 сарын 31 өдөр хүртэл хугацаанд 6 удаа Ф13, Ф16 стандартын 80,580.81 тонн арматурыг шилжүүлсэн баримт хэрэгт авагджээ. /1-р ХХ-н 19-р хуудас/
Хэрэгт авагдсан гэрээний хуулбарт худалдагч тал /Юу би металл маркет ХХК/-г төлөөлж захирал П.Саранхүү гэж гарын үсэг зурагдсан /П.Саранхүү гарын үсэг зурсан болохоо гэрчээр мэдүүлсэн/ байх боловч П.Саранхүү нь хариуцагч компанийг гэрээ хэлцэлд төлөөлөх эрх бүхий этгээд болох нь баримтаар тогтоогдоогүй /төлөөлөх, хэлцэл хийх эрх олгогдсон баримтыг хэрэгт ирүүлээгүй/ байх тул талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсээгүй гэж үзлээ.
Нэхэмжлэгч тал гэрээний үүргийн төлбөрт орон сууцыг 280,000,000 төгрөгт тооцож, автомашиныг 170,000,000 төгрөгт тооцож хариуцагч талд шилжүүлсэн гэж тайлбарлаж байх боловч хэрэгт ирүүлсэн баримтаар 76-79 УБД улсын дугаартай автомашиныг өмчлөгч Г.Ариунболд иргэн П.Саранхүүд 170,000,000 төгрөгөөр худалдсан, Ү-2206060331 улсын бүртгэлийн дугаартай орон сууцыг өмчлөгч Б.Энхцэцэг 100,000,000 төгрөгөөр Юу би металл маркет ХХК-д худалдсан болох нь тогтоогдож байна.
Талуудын хооронд 80,580.81 тонн арматур шилжүүлсэн баримт хэрэгт авагдсан байх боловч энэхүү баримтыг Арматур худалдах, худалдан авах тухай 2019 оны 05 сарын 23 өдрийн гэрээний үүргийн биелэлттэй холбоотой гэж дүгнэх үндэслэлгүй байна.
П.Саранхүүгийн Тухайн үед Батдорж бид ярилцаад би гарын үсэг зурсан. .. би хувьцаа эзэмшигч байсан.... машиныг ... Батдорж унаж байгаад зарсан. Байр банк бусын барьцаанд тавигдаад дараа нь зарагдаад компанийн үйл ажиллагаанд мөнгө нь зарцуулагдсан ... гэх мэдүүлэг бичгийн нотлох баримтаар нотлогдоогүй болно.
Талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсээгүй тул арматур худалдах, худалдан авах гэрээг цуцлах, гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгч талд гэм хор учирсныг тогтоолгох, гэрээний төлбөр, алданги, хохирол гаргуулах шаардлагын хариуцагчаар Юу би металл маркет ХХК-г тодорхойлсон нь үндэслэлгүй гэж үзлээ.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
5. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,402,950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3., 116, 118, 119 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Юу би метал маркет ХХК /РД:6116507/-д холбогдох арматур худалдах, худалдан авах гэрээг цуцлах гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас гэм хор учирсныг тогтоолгох, гэрээний төлбөр, алданги, хохирол нийт 595,923,400 /таван зуун ерэн таван сая есөн зуун хорин гурван мянга дөрвөн зуу/ төгрөг гаргуулах тухай Эй ди констракшн ХХК /РД:2599236/-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-т зааснаар нэхэмжлэгч талын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,402,950 /гурван сая дөрвөн зуун хоёр мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.3., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасныг баримтлан нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАЯРДАВАА