| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Замбалын Баярмаа |
| Хэргийн индекс | 101/2022/02700/И |
| Дугаар | 101/ШШ2022/04069 |
| Огноо | 2022-10-06 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, Бусад хуулиар, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 10 сарын 06 өдөр
Дугаар 101/ШШ2022/04069
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Баярмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг *******,******* тоот хаягт оршин суух Чонос шонхор овогт Б*******гийн ******* /РД:*******/,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг ,, тоот хаягт оршин суух Шарнууд овогт Чийн******* /РД:/ нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 1, тоот хаягт оршин суух Тариачин овогт Чын******* /РД:/-д холбогдох,
Газар худалдах, худалдан авах гэрээг хүчингүйд тооцож, газар буцаан гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.*******, Ч.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Минжүүрдорж, гэрч Х.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өсөхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа:
Манай охин Ч.Б надад хэлэхдээ мөнгөний хэрэг болоод зээл нэхэгдээд байгаа гээд түр зуур хүнээс байраа тавиад мөнгө авах гэсэн юм гэж хэлээд надаас итгэмжлэл хийлгэж авсан. Итгэмжлэлээрээ Ч.Өтэй гэрээ байгуулж, газрыг 10 сая төгрөгөөр зарсан байдаг. Дараа нь мөнгө олоод газраа буцаагаад авчихна гэсэн байдлаар гэрээ байгуулсан гэж хэлсэн. Ийм тэнцвэргүй, хүлээн зөвшөөрөх аргагүй наймаа хийх боломжгүй. Анх мөнгө нэмж аваад газрыг нь буцааж өгнө гэчихээд одоо өгөхгүй гээд байгааг ойлгохгүй байна.
Хариуцагч Ч.Ө гэдэг хүнийг сайн мэдэхгүй. Энэ хүнтэй охин маань тохиролцоогүй гэсэн. Харин өнөөдөр хурал дээр ирж гэрчийн мэдүүлэгч өгч байгаа н.Х бэр нь юм шиг байгаа юм. Энэ хүн манай хүүхдүүдтэй гэрээ байгуулж, тохиролцсон хүн нь юм байна лээ. Энэ хүн анх тохиролцохдоо 10 сая төгрөг дээрээ 6 сая төгрөг нэмэж өгөөд газраа буцаан авч болно гэж хэлсэн. Х.Х нь мөнгөө бэлдэж очоод өгөх гэхээр уулздаггүй, утсаа авахаа больсон. Ч.Ө нь би огт мэдэхгүй гэдэг. Бидэнд худалдах хүсэл зориг байгаагүй бөгөөд анхнаасаа мөнгө нэмж өгөөд л газраа авна гэсэн тохиролцоо байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
Нэхэмжлэгч Ч.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа:
Манай нөхөр бид хоёр 2019 оны 8 сарын 10-ны өдөр ББСБ дээр барьцаанд байсан газраа чөлөөлөхөөр Х.Х гэдэг хүнтэй холбогдсон. Надаас газраа зарах гээд байгаа юм уу муу гэхэд нь би сайн мэдэхгүй байсан болохоор зарахаар гэрээ байгуулсан. Манай ээж эгч тантай холбоо барьж буцааж газраа авна шүү гэж харилцан тохиролцсон бөгөөд Х.Х нь тэгээ, болно гэж ярилцсан. Газраа буцаан авах талаар хэлэхэд за гэж хэлсэн. Гэтэл сүүлдээ утсаа авахаа больсон.
Ч.Ө гэж хүнтэй уулзаагүй. Х.Хтэй уулзаж тохиролцсоын үндсэн дээр гэрээг байгуулсан. Иймд газраа буцаан авах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Газар худалдан авах гэрээ хууль зааснын дагуу хийгдсэн. Зээл чөлөөлөх гэж газраа хүнд зарж, буцааж авах гэж тохирсон гэж тайлбарлаж байна. Гэрээнд тийм заалт байхгүй. Б.*******гаас Ч.Бт олгосон итгэмжлэл хуульд нийцсэн байгаа. Газраа зарах хүсэл зоригтой байсан. Энэ нь газрыг худалдах зар тавьсан байдаг. Зарын дагуу н.Х холбогдож гэрээг хуулийн дагуу байгуулсан. Үл хөдлөх хөрөнгийг хуульд заасны дагуу улсын бүртгэлд бүртгүүлсэн.
Иргэний хуульд зааснаар нотариатаар баталгаажуулж, хүчин төгөлдөр гэрээ байгуулсан. Нэхэмжлэгчийн нарын ярьж байгаа шиг тийм зүйл огт болоогүй бөгөөд 6 сая төгрөг өгөөд газраа буцааж авах асуудал баримтаар нотлогдохгүй байгаа. Иргэний хуульд заасан гэрээг хүчингүйд тооцуулах хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчээс:2019 оны 8 сарын 15-ны өдрийн Газар худалдах, худалдан авах гэрээ, 2019 оны 8 сарын 14-ний өдрийн итгэмжлэл, газрын байршлын кадастрын зураг, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн №000105894 дугаар гэрчилгээ, нэгж талбарын хил, заагийн газар бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн акт, Б.*******гийн Жигүүр гранд ХХК-нд гаргасан хүсэлт, Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээ, Н.Б*******гийн тодорхойлолт, Батламж, Хүн ам, өрхийн гишүүдийн бүртгэлийн дэвтэр, зээлийн мэдээллийн лавлагаа, И ББСБ ХХК-ийн 2022 оны 5 сарын 5-ны өдрийн албан тоот, эд хөрөнгөтэй эсэх талаар лавлагаа, А.Лхагвадоржийн эзэмшлийн Хаан банкны дансны хуулга, Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ, хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлан зэрэг баримтууд гаргаж өгсөн.
Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Н.Б*******дэлгэр, А.Лхагвадорж нарыг асуусан тэмдэглэл болон Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн тодорхойлолт, Улсын бүртгэлийн газраас ирүүлсэн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, гэрч Х.Хийг асуусан тэмдэглэл зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна.
Шүүхэд болон шүүх хуралдааны үед зохигчдын гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Б.*******, Ч.Б нар нь хариуцагч Ч.Өд холбогдуулан газар худалдах, худалдан авах гэрээг хүчингүй болгож, газар буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг хүсэл зоригийн хувьд худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй, зээл авч, зээлийн гэрээний үүрэгт газар эзэмших эрхийг түр барьцаалсан тул газраа буцаан гаргуулах үндэслэлтэй гэж тодорхойлж байна.
Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн үндэслэлээс үзэхэд Худалдах, худалдан авах гэрээ байгуулах хүсэл зориг илэрхийлээгүй, хүсэл зоригийн илэрхийлэл нэгдээгүй гэх үндэслэлээр 2019 оны 8 сарын 15-ны өдрийн Газар худалдах худалдан авах гэрээ-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж, газар өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг даалгах шаардлага гаргасан гэж үзэхээр байна.
2019 оны 8 дугаар сарын 15-ны өдөр газар худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байх бөгөөд гэрээнд худалдагч тал болох Б.*******г төлөөлж Ч.Б, худалдан авагч талаас Ч.Ө нар гарын үсэг зурсан байна. /хх-ийн 4 дүгээр тал/
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.
Нэхэмжлэгч Ч.Б нь Б.*******гаас итгэмжлэл авч дээрх худалдах, худалдан авах гэрээнд гарын үсэг зурсан гэж тайлбарлаж байх бөгөөд нэхэмжлэгч нарын ...Х.Х гэх хүнтэй очиж уулзаж, ярилцаж тохиролцсоны үндсэн дээр гэрээ байгуулсан...гэх тайлбар, гэрч Х.Хийн ...газар зарна гэсэн зарын дагуу нэхэмжлэгчтэй холбогдож, ярилцаж тохиролцсоны үндсэн дээр гэрээ байгуулж, газрыг худалдаж авсан. Учир нь эгч Ч.Өд газар авч өгөх хүсэл зориг байсан. Нэхэмжлэгч нь газраа зарна гэсэн зар тавьсаны дагуу худалдаж авахаар болсон... гэх мэдүүлгээр дээрх газар худалдах, худалдан авах гэрээ нь нэхэмжлэгч нар болон хариуцагч Ч.Ө нарын хооронд байгуулагдаагүй гэж үзэх үйл баримт тогтоогдож байна.
Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл эс үйлдэхүйг хэлцэл гэнэ гэж, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт хүсэл зоригийн илэрхийлэлийг нөгөө тал нь түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэж заасан.
Тодруулбал, эрх зүйн харилцааг тусгаарлах зарчмын дагуу талуудын тайлар болон гэрчийн мэдүүлгээр Ч.Өтэй газар худалдах, худалдан авах хүсэл зоригийн илэрхийлэл нэгдээгүй байх тул хариуцагч Ч.Өд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж үзэхээр байна.
Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ч.Өд холбогдуулан гаргасан газар худалдах, худалдан авах гэрээг хүчингүйд тооцож, газар буцаан гаргуулах тухай нэхэмжлэгч Ч.Б, Б.******* нарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Хэрэгт нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн Zkh Naimaa гэх фэйбүүк хаяг бүхий хэвлэмэл баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй тул шүүхээс нотлох баримтаар үнэлээгүй бөгөөд нэхэмжлэгч нар нь үзлэг хийлгэх хүсэлт гаргахгүй, шаардлагагүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Б, Б.******* нарын хариуцагч Ч.Өд холбогдуулан гаргасан худалдах, худалдан авах гэрээг хүчингүйд тооцож, газар буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 174,950 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.БАЯРМАА