| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинсүрэнгийн Уранзул |
| Хэргийн индекс | 184/2022/03106/И |
| Дугаар | 184/ШШ2022/03183 |
| Огноо | 2022-10-19 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 10 сарын 19 өдөр
Дугаар 184/ШШ2022/03183
| 2022 10 19 | 184/ШШ2022/03183 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранзул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 8 дугаар хороо, Шинэ яармаг цогцолбор хороолол, 726 байр, 29 тоот хаягт оршин суух, Боржигин овогт Ган-Эрдэнийн ******* /рд:ИХ92030501/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 27 дугаар хороо, Орчлон хороолол, ХД 41 байр, 147 тоот хаягт оршин суух, Санж овогт Шижирбаатарын Мөнхбат /рд:УШ92101139/-д холбогдох,
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.*******, хариуцагч Ш.Мөнхбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Намуундарь нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Г.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би 2011 оны 9 дүгээр сард Ш.Мөнхбаттай танилцсан. Биднийг хамт амьдрах хугацаанд буюу 2013 оны 10 дугаар сарын 20-ны өдөр охин М.Намуунгоо төрсөн. Бид 2015 оны 5 дугаар сарын 19-ний өдөр албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлж, 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдөр хуримаа хийсэн. 2017 оны хавар Ш.Мөнхбат Солонгос улс руу суралцахаар явсан. Ингээд 2021 оны 7 дугаар сард Солонгосоос сургуулиа төгсөөгүй ирсэн. Солонгост байх хугацаанд нь миний бие цалингийн зээл авч мөнгө төгрөг явуулдаг байсан. Энэ хугацаанд маш олон асуудлыг нь тэвчиж, хайрлаж амьдралын төлөө зүтгэсээр ирсэн боловч ирээд хэрэлдэж, ойлголцохгүй, нэгнээ гэх ямар ч итгэлгүй болсноо ойлгосон. Эрүүл саруул байхдаа охиныхоо хажууд хэд хэдэн удаа надад гар хүрч, ёс зүйгүй авир гаргасан. Түүнээс хойш бид хоёр байнгын айдаст автаж, 2021 оны 11 сарын 01-ний өдөр гэрээсээ явж өнөөдрийг хүртэл тусдаа амьдарч байна. Бидэнд эд хөрөнгийн маргаан байхгүй. Тиймээс бидний гэрлэлтийг цуцалж, охин М.Намуунгоог өөрийн асрамждаа авч, эцгээс нь тэтгэлэг гаргуулж өгнө үү” гэв.
2.Хариуцагч Ш.Мөнхбат нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Би 2011 оны намар их сургуульд ороод, Г.*******тай танилцаж, 2012 оноос хамтран амьдарч эхэлсэн. Бидний дундаас 2013 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хөөрхөн охин М.Намуунгоо маань мэндэлсэн. Би 2017 онд их сургуулиа төгсөөд, 2018 онд Солонгос улс руу магистрт суралцахаар явсан. 2021 оны 8 дугаар сард Монголд буцаж ирсэн. Г.*******ын гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлага болон охиноо эхийнх нь асрамжид үлдээхийг хүлээн зөвшөөрч байна. Миний хувьд охиндоо тэтгэлэг төлнө. Бидэнд гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаан байхгүй.” гэв.
3.Нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтуудыг дурдвал: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, охин М.Намуунгоогийн эрүүл өсөн бойжиж байгаа талаарх өрхийн эмчийн тодорхойлолт, Нийслэлийн Ерөнхий боловсролын 62 дугаар сургуулийн тодорхойлолт, Г.*******, Ш.Мөнхбат нарын иргэний үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, М.Намуунгоогийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчийн 2022 оны 05 сарын 25-ны өдрийн 334 дугаартай дуусгавар болгосон тухай тэмдэглэл,
Шүүхийн журмаар: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчийн 2022 оны 09 сарын 29-ний өдрийн 604 дугаартай эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон тухай тэмдэглэл зэрэг бичмэл баримтууд авагджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
4.Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч Ш.Мөнхбатад холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
5.Г.*******, Ш.Мөнхбат нар нь 2011 онд танилцан, хамтын амьдралаар амьдарч, 2015 оны 05 сарын 19-ний өдөр гэрлэлтээ эрх бүхий байгууллагад бүртгүүлсэн байна. Тэдний дундаас 2013 оны 10 сарын 20-ны өдөр охин М.Намуунгоо төрсөн болох нь зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдов.
6.Эвлэрүүлэн зуучлалын тухай хуульд зааснаар талуудын хооронд үүссэн маргааныг шүүхийн бус аргаар шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхээр шүүгчийн 2022 оны 07 сарын 06-ны өдрийн 184/ШЗ2022/10667 дугаар захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлсэн бөгөөд Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч тус маргааныг хүлээн авч ажиллагаа хийхэд гэрлэгчид эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгох хүсэлт гаргасан байх тул уг ажиллагааг 2022 оны 09 сарын 29-ний өдөр дуусгавар болгожээ.
7.Зохигчид нь тус тусдаа амьдарч, гэрлэлтээ цуцлуулах талаар хэн аль нь маргаагүй, хариуцагч нь зөвшөөрсөн тайлбар гаргасан, шүүхээс эвлэрүүлэх арга хэмжээ авсан боловч гэрлэгчид эвлэрээгүй тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзэв.
8.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх бөгөөд Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-т заасан хүүхдийн эрхийг хангах талаар эцэг, эх адил үүрэг хүлээнэ. Мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т зааснаар эцэг, эх тусдаа амьдрах, гэрлэлтээ цуцлуулсан нь тэднийг хуулийн 10.1-т заасан үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж заасан.
9.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно” хэмээн заасан бөгөөд талууд хүүхдүүдийн асрамжийн талаар маргаагүй тул охин М.Намуунгоог эх Г.*******ын асрамжид үлдээх нь зүйтэй гэж шүүх үзэв.
10.Охин М.Намуунгоо нь эцэг Ш.Мөнхбатаар овоглосон байх ба хариуцагч нь хүүхдийн эцэг мөн эсэхэд маргаангүй, эцэг нь мөн болох талаар зөвшөөрсөн тайлбарыг гаргав. Насанд хүрээгүй хүүхэд М.Намуунгоо нь эхийн асрамжид байгаа тул эцгээс нь тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.
11.Тиймээс Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан Э.Намуунгоод 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн тавин хувиар, 11-16 нас хүртэл /хэрвээ суралцаж байгаа бол 18 нас/ тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг тогтоож, эцэг Ш.Мөнхбатаар тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй байна.
12.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч Ш.Мөнхбатыг эцэг хүний хувьд хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэх, үр хүүхэдтэйгээ уулзахад нь саад болохгүй байхыг дурдав.
13.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Мөнхбатаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.*******д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т заасныг баримтлан Боржигин овогт Ган-Эрдэнийн ******* /рд:ИХ92030501/, Санж овогт Шижирбаатарын Мөнхбат /рд:УШ92101139/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар охин М.Намуунгоо /рд:УП13302061/-г эх Г.*******ын асрамжид үлдээсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2013 оны 10 сарын 20-ны өдөр төрсөн охин Э.Намуунгоод 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн тавин хувиар, 11-16 нас хүртэл /хэрвээ суралцаж байгаа бол 18 нас/ тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг тогтоож, эцэг Санж овогт Шижирбаатарын Мөнхбат /рд:УШ92101139/-аар тэжээн тэтгүүлсүгэй.
4.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч Ш.Мөнхбатыг эцэг хүний хувьд хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэх, үр хүүхэдтэйгээ уулзахад нь саад болохгүй байхыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Мөнхбатаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.*******д олгосугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болох ба хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.УРАНЗУЛ