| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Хишигдэлгэр |
| Хэргийн индекс | 132/2022/00468/И |
| Дугаар | 132/ШШ2022/00556 |
| Огноо | 2022-10-14 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 10 сарын 14 өдөр
Дугаар 132/ШШ2022/00556
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Хишигдэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Батчулууны Ганчулуун -ы нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Авидсүрэнгийн Алтантогос -д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага:18,522,000/арван найман сая таван зуун хорин хоёр мянга/ төгрөг гаргуулах тухай132/2022/00468/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: Б.Ганчулуун,
Хариуцагч: А.Алтантогос,
Хариуцагчийн өмгөөлөгч: М.Даваасүрэн,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Долгор нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Б.Ганчулуун нь хариуцагч А.Алтантогост холбогдуулан 18,522,000/арван найман сая таван зуун хорин хоёр мянга/ төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Иргэн А.Алтантогос нь 2021 оны 08 сарын 10-ны өдөр надаас 8,000,000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй зээлэн сар болгоны 10-ны өдөр зээлийн хүүг төлж үндсэн зээлийг 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр бүрэн барагдуулахаар тохиролцон Булган аймгийн тойргийн нотариатч Г.Одгэрэл /бүртгэлийн дугаар 0904/ дээр зээлийн гэрээ байгуулсан. Иргэн А.Алтантогос нь зээлийн хүүгээ сар болгоны 10-ны өдөр төлж явсан бөгөөд 2022 оны 01 дүгээр сарын 10-ны төлбөр төлсөнөөс хойш зээлийн хүүгийн төлөлт хийхгүй 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүрсэн тул А.Алтантогостой тохиролцон Булган аймгийн тойргийн нотариатч П.Золжаргал /бүртгэлийн дугаар 0719/ дээр үндсэн зээл болон хүүгийн төлбөрийн тооцоо нийлж нийт 12,600,000 төгрөгийн төлбөр барагдуулах гэрээг байгуулан 2022 оны 05 дугаар сарын 09-ний едөр бүрэн барагдуулах байсан боловч өнөөдрийг хүртэл төлбөрөө барагдуулаагүй байна.
Иймд Иргэн А.Алтантогосоос төлбөр барагдуупах гэрээний өдрөөс хойш 92 хоногийн хүү 5 922.000 төгрөг үндсэн төлбөр 12,600,000 төгрөг нийт 18,522,000 төгрөгийг гэрээний дагуу хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.
2.Хариуцагч А.Алтантогос шүүхэд ирүүлсэн тайлбартаа: А.Алтантогос миний бие Булган аймагт шинээр ашиглалтанд орж буй Ханжаргалант худалдааны төвд хүнсний лангуу ажиллуулахаар лангуу худалдан авахаар төвийн эзэнтэй харилцан тохиролцож гэрээ хийсэн. Уг үйлчилгээг явуулахын тулд банкнаас зээл авахаар холбогдох материалыг бүрдүүлж банкинд өгтөл надад 20,000,000 /хорин сая/ төгрөгний зээл олгосон. Ингэж олгохдоо худалдах бараа авах зориулалтаар олгоно гэсэн тул энэ шаардлагыг зөвшөөрч зээлээ авч бараагаа татсан. Энэ орлогоосоо банкны зээл болоод лангууны мөнгөө төлж явтал худалдааны төвийн эзэн үлдэгдэл 8,000,000 /найман сая/ төгрөгийг төлж барагдуулахыг шаардсанаар би Б.Ганчулуунтай харилцан тохиролцож 8,000,000 /найман сая/ төгрөгийг 6 сарын хугацаатай сарын 10 хувийн хүүтэй авсан. Ингээд гэрээ ёсоор авсан зээлийн хүүгээ эхний 5 сард сар бүр хүүг төлж нийт 4,000,000 /дөрвөн сая/ төгрөгийн хүү төлсөн. /зарим сард алданги төлж байсан./ Гэтэл 2022 оны 1 дүгээр сарын 10-аас хойш өвчин тахал ихэссэн, хүмүүсийн худалдан авах чадвар буурснаас орлого буурч 2 дугаар сарын хүү болон үндсэн зээлээ төлж чадаагүй. Түүнээс хойш ч орлого дээшлээгүй тул өнөөг хүрээд байна. Надад энэ лангуунаас өөр орлого, эд хөрөнгө байхгүй тул орлогоороо авсан үндсэн зээл 8,000,000 /найман сая/ төгрөг төлөөгүй 1 сарын хүү 800,000 /найман зуун мянган/ төгрөг нийт 8,800,000 төгрөгийг төлж барагдуулна.
Харин зээлийн алдангийг төлөх үнэхээр боломжгүй байна. Би сар бүр банкны зээлд 1,500,000 /нэг сая таван зуун мянган/ төгрөг төлдөг, орлого сайн орохгүй байгаа тул алдангийг төлөх боломжгүй байгааг анхааран үзнэ үү гэв.
3.Нэхэмжлэгч талаас дараах баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн.
-Хариуцагчийн иргэний үнэмлэхний лавлагаа болон нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхний хуулбар /хэргийн 3-р хуудас/,
-Галсаннямын Гүнсэнноровын 5270480514 дугаартай Хаан банкны 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 4-р хуудас/,
-0904 дугаартай зээлийн гэрээ /хэргийн 5-р хуудас/
-0719 дугаартай Тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээн /хэргийн 6-р хуудас/,
4.Хариуцагч талаас нотлох баримт гаргаж өгөөгүй байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Хариуцагчаас зээл, зээлийн хүү 18,522,000 төгрөгийг гаргуулна гэв.
3.Хариуцагч А.Алтантогос нь нэхэмжлэгч Б.Ганчулуунтай зээлийн гэрээ байгуулсан болохоо хүлээн зөвшөөрч, үндсэн зээл 8,000,000 төгрөг, 1 сарын хүү 800,000 төгрөг, нийт 8,800,000 төгрөг төлнө гэдэг. Харин зээлийн алдангийг төлөх боломжгүй гэж маргадаг.
4.Хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
5.Нэхэмжлэгч Б.Ганчулуун, хариуцагч А.Алтантогос нар нь 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 8,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан. Тус гэрээний хугацаа 6 сар, нэг сард төлөх хүү 10 хувь гэж тохиролцсон байна. Зээлдэгч А.Алтантогос нь эхний 5 сарын хүү болох 4,000,000 төгрөгийг зээлдүүлэгч болох Б.Ганчулуунд төлсөн. Харин сүүлийн сарын хүү 800,000 төгрөг, гэрээний хугацаа дуусахад үндсэн мөнгө 8,000,000 төгрөгийг тус тус төлөөгүй болох нь зохигчийн тайлбараар нотлогдож байна.
6.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд нь буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ”, 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэжээ.
7.Зохигчийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн бөгөөд хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр байгуулсан тул нэхэмжлэгч үндсэн мөнгө болон хүү, гэрээнд заасан алдангийг хариуцагчаас шаардах эрхтэй.
8.Хариуцагч А.Алтантогос нь үндсэн мөнгө 8,000,000 төгрөг, хүү 800,000 төгрөг нийт 8,800,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн. Мөн гэрээний хүү өөрт нь хохиролтой өндөр байсан эсэхэд маргаагүй бөгөөд зээлийн гэрээний хүүг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт зааснаар багасгуулах талаар нотлох баримтыг гаргаж, мэтгэлцээгүй тул зээлийн хүүгийн хэмжээг шүүх бууруулах боломжгүй. Харин алдангийг “орлого муу байсан, банкны зээл сар бүр 1,500,000 төгрөг төлдөг” шалтгааны улмаас төлөхгүй гэж маргадаг.
9.Зохигчийн байгуулсан 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 0904 дугаартай зээлийн гэрээний 3.7-д гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлнө гэж заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байна. Зээлдэгч болох хариуцагчийн гүйцэтгээгүй үүрэг нь 8,800,000 төгрөг. Алдангийн хэмжээ 8,800,000 төгрөгийн 50 хувиас хэтэрч болохгүй тул нэхэмжлэгч 4,400,000 /зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш нэхэмжлэгч 6 сарын дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан/ төгрөгийн алдангийг хариуцагчаас гаргуулах эрхтэй.
Гэвч зохигчийн хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаанд болон хариуцагчийн үүрэг гүйцэтгээгүй хугацаанд Монгол улс болон бусад улс оронд Ковид 19-ын халдвар дэгдэж, нийгэм, эдийн засагт сөрөг нөлөө үзүүлсэн. Өөрөөр хэлбэл Ковид 19-ын халдвар дэгдсэн нь бизнесийн салбарт сөрөг нөлөө үзүүлж, бизнес эрхлэгчдийн орлого илт буурсан. Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 04 дүгээр сарын 29-ны өдөр “Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай” хууль баталсан бөгөөд энэ хууль 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал үйлчилнэ. Энэхүү хуулийн 141дүгээр зүйлд Барьцаалан зээлдэх газар болон Зээлдэгч хоорондын зээлийн гэрээний харилцааны хүрээнд авах арга хэмжээг зохицуулахдаа алдангийн хэмжээг өдрийн 0.2 хувиас хэтрүүлэхгүй тооцно гэж заасан. Мөн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дэхь хэсэгт Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно гэж заасан тул нэхэмжлэгчийн хариуцагчаас авах алданги 4,400,000 төгрөгийн хэмжээг 50 хувиар бууруулж, хариуцагчаас алданги 2,200,000 төгрөгийг гаргуулж, шийдэх нь хэн альных нь эрх ашгийг хөндөхгүй гэж үзсэн.
Учир нь зохигчийн хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа, хариуцагчийн үүрэг гүйцэтгээгүй хугацаанд Монгол улсад Ковид 19-ын халдвар дэгдэж, нийгэм, эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж, хариуцагчийн орлого илт буурсан болох нь хариуцагчийн тайлбар, “Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай” хууль баталсан зэргээр нотлогдож байна.
Дээрх нөхцөл байдал үүссэн нь хариуцагчийн төлбөрийн чадвар муудаж, үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрэхэд хүргэсэн гол шалтгаан болох нь тогтоогдож байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт зааснаар алдангийн хэмжээг 50 хувиар бууруулах нь зүйтэй гэж үзсэн.
Иймд хариуцагчаас үндсэн зээл 8,000,000 төгрөг, нэг сарын хүү 800,000 төгрөг, алданги 2,200,000 төгрөг нийт 11,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7,522,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 250,560 /хоёр зуун тавин мянга таван зуун жар/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 190,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
2022 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн Тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээгээр 12,600,000 төгрөгийг 9 хоногийн дотор төлж барагдуулахаар зохигч гэрээ байгуулсан. Энэ гэрээг нэхэмжлэгч тайлбарлахдаа үндсэн зээлийн гэрээний хугацаа сунгасан гэрээ гэж тайлбарласан. Энэхүү гэрээг үндсэн зээлийн гэрээний хугацаа сунгасан гэрээ гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүх нотлох баримтаар үнэлээгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт зааснаар хариуцагч А.Алтантогосоос 11,000,000 /арван нэгэн сая/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Ганчулуунд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7,522,000 /долоон сая таван зуун хорин хоёр мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 250,560 /хоёр зуун тавин мянга таван зуун жар/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 190,950 /нэг зуун ерэн мянга есөн зуун тавь/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ХИШИГДЭЛГЭР