| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатаржавын Ихтамир |
| Хэргийн индекс | 307/2025/0309/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/349 |
| Огноо | 2025-07-04 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | К.Нанжинханд |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 2025/ШЦТ/349
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 307/2025/0309/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Оюунцэцэг,
Улсын яллагч К.Нанжинханд,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар*******эд холбогдох эрүүгийн 2518000000455 дугаартай хэргийг 2025 оны 07 сарын 01-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,******* /РД:******* /, 1989 оны 03 сарын 15-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, “******* ” ХХК-ийн Боловсруулах үйлдвэрийн хэсэгт ахлах мастер ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дархан-Уул аймаг, Дархан сум, баг,*******,*******,******* тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******ийг 2025 оны 05 сарын 22-оос 23-нд шилжих шөнө 04:00 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын багийн 02 дугаар хорооллын*******ны******* тоот гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр*******ийг “дуудаж байхад ирж авсангүй” гэх үл ялих зүйлээр шалтаглан үснээс нь зулгаах, толгой хэсэгт нь цэцгийн ваараар цохих зэргээр биед нь халдан зодож зулайн хуйханд шарх, баруун шилбэнд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулахдаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ. (Яллах дүгнэлтэд бичсэнээр)
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2025 оны 05 сарын 22-оос 23-нд шилжих шөнө 04:00 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дархан-Уул аймгийн Дархан сумын багийн 02 дугаар хорооллын*******ны******* тоот гэртээ эхнэр*******ийг “дуудаж байхад ирж авсангүй” гэх үл ялих зүйлээр шалтаглан үснээс нь зулгаах, толгой хэсэгт нь цэцгийн ваараар цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь зулайн хуйханд шарх, баруун шилбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1/,
- ...зурагтын тавиур дээр цагаан өнгийн цэцгийн ваар байх ба тухайн ваар нь цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байсныг тэмдэглэлд тусгав... гэх хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-7/,
- Цагаан өнгийн шавар ваар нь 15 сантиметр өндөр, өрнө нь 4-7 сантиметр, амсрын өргөн 3 сантиметр, дээд хэсэгт цагаан өнгийн өд мэт үс болон хар өнгийн нарийн ширхэгтэй үсний хэсэг наалдсан байв гэх хэргийн газрын үзлэгээр хураан авсан ваарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, уг ваарыг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 10, 12-15/,
- ...араас ирээд үснээс зулгаагаад том өрөө рүү чирэхээр нь би өөрөөсөө холдуулаад түлхсэн. Тэгтэл зурагтын тавиур дээр байсан ваарыг аваад миний толгой руу нэг удаа цохиход толгойноос цус гарсан... гэх хохирогч*******ийн мэдүүлэг /хх-ийн 18-19/,
- Хохирогч*******ийн гэр бүлийн хүчирхийллийн аюулын зэргийн үнэлгээ бага түвшинтэй гэх тэмдэглэл /хх-ийн 22-23/,
- Дархан-Уул аймгийн Дархан сумын багийн хамтарсан багаас хийсэн шүүгдэгч *******, хохирогч******* нарын гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ, хурлын тэмдэглэл /хх-ийн 24-27/,
- Хэсэг газрын үзлэгээр зулай хэсэгт язарсан шархтай гэх хохирогч*******ийн Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт үзүүлсэн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 30/,
- Дархан-Уул аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 06 сарын 02-ны өдрийн дугаартай:*******ийн биед зулайн хуйханд шарх, баруун шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь эрүү мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид эрүү мэнд ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 31-32/,
- ...аав уурлаад тавиур дээр байсан ваарыг цохисон чинь ээжийн толгойг оноод цус гарсан... гэх насанд хүрээгүй гэрчгийн мэдүүлэг /хх-ийн 37-39/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцдог бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор, 2 дахь хэсэгт гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг уг гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнд тооцохоор тус тус хуульчилжээ.
Шүүгдэгч *******, хохирогч******* нар нь нөхөр, эхнэр буюу Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан тус хуулийн үйлчлэлд хамаарах этгээд мөн болох нь хэрэгт авагдсан гэрлэсний бүртгэлийн лавлагаа, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгүүдээр нотлогдож байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д "гэр бүлийн хүчирхийлэл" гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно гэж тодорхойлсон.
Өөрөөр хэлбэл гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь гэр бүлийн бусад гишүүдэд хяналтаа тогтоож, эрх мэдлийн тэнцвэргүй байдалд оруулах зорилгоор эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг хэлнэ.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримт болох шүүгдэгч *******ийн дээрх үйлдэл нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарласан, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу эхнэр*******ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, зэргээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь холбогдсон хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч*******ийн биед зулайн хуйханд шарх, баруун шилбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан ба Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогчид эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн зардалд 28,350 төгрөг зарцуулагдсан байна.
Хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь Эрүүл мэндийн даатгалын санд 28,350 төгрөгийг нөхөн төлсөн болох нь хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, хүсэлт, ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримтуудаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзлээ.
2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 04 сарын хугацаанд сар бүр 175,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх санал гаргасныг шүүгдэгч ******* нь хүлээн зөвшөөрч тохиролцсон нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч *******эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 04 сарын хугацаанд сар бүр 175,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй дүгнэлээ.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдвал зохино.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цэцгийн ваарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэлээ.
Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 04 сарын хугацаанд сар бүр 175,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.
6. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан нэг ширхэг ваарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ИХТАМИР