Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 2025/ШЦТ/70

 

  2025        02          26                                        2025/ШЦТ/70

                                

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Баярцэцэг

Улсын яллагч С.Ариунаа

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Батболд

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Ариунаагаас Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн овогт *******холбогдох эрүүгийн 2521000000071 дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 15 цаг 31 минутад хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1998 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Хөвсгөл аймгийн Хатгал суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цэргийн цагдаа зохицуулагч мэргэжилтэй, ******* дугаар ангийн Тагнуулын албаны мэргэн буудагчийн хянагч жолооч ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг ******* тоотод оршин суух, овогт ******* /РД: *******/.

 

Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багт байрлах ******* дугаар ангид Тагнуулын салааны мэргэн буудагчийн тасгийн хянагч жолоочоор буюу ахлагчаар ажиллаж байхдаа 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн хүртэл 13 хоногийн хугацаанд цэргийн албанаас зайлсхийх зорилгоор чөлөө зөвшөөрөл авалгүй цэргийн анги байгууллагад алба хааж байгаа газраа дур мэдэн орхиж явсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

           

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

   Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “... Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Өөр нэмж гаргах тайлбар байхгүй...гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Батболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч *******гийн гэм буруутай үйлдэл тогтоогдож байх тул прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэлд маргах зүйлгүй байна. Шүүгдэгч *******гийн хувьд урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх нөхцөл байдал тогтоогдож байна. Мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргаж, улсын яллагчтай ял тохиролцож хэргийг шүүхэд ирүүлсэн. Иймд улсын яллагчийн саналын хүрээнд хэргийг шийдвэрлүүлэх саналтай байна гэв.

 

Гэм буруугийн талаар:   

Шүүгдэгч овогт ******* нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багт байрлах ******* дугаар ангид Тагнуулын салааны мэргэн буудагчийн тасгийн хянагч жолоочоор буюу ахлагчаар ажиллаж байхдаа 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл 13 хоногийн хугацаанд цэргийн албанаас зайлсхийх зорилгоор чөлөө зөвшөөрөл авалгүй цэргийн анги байгууллагад алба хааж байгаа газраа дур мэдэн орхиж явсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

-шүүгдэгч *******гийн шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд “...гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний буруу...” гэх мэдүүлэг,

-мөрдөн шалгах ажиллагаанд гэрч ******* нь мэдүүлэхдээ: “... би ******* дугаар ангийн тагнуулын салааны захирагчаар ажилладаг юм. Гомдол гаргаж байгаа асуудал гэвэл ... Манай зэвсэгт хүчний дугаар ангийн тагнуулын салааны мэргэн буудагч, тасгийн хянагч жолооч албан тушаалтай ахлагч ******* нь 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр ажилдаа ирээд 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс хойш ажилдаа ирээгүй байгаа юм. Ингээд ... ажилдаа  ирэхгүй болохоор нь утсаар нь залгахад холбогдох боломжгүй байсан тул эхнэр Дэлгэррүү нь залгахад мэдэхгүй 2025 оны 01 дүгээр сарын 07-ны орой гэрэсээ гараад гэртээ ирж хоноогүй гэж хэлсэн. Тэгэхээр нь хамт ажилладаг он жав болох ахлагчаас чи өчигдөр *******тай хамт байсан уу гэж асуухад байхгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь худлаа ярьж байж магадгүй гэж бодоод гэррүү очиход нь гэрт нь байхгүй байсан. Ингээд ангийн удирдлага мэдсэн бөгөөд 2025 оны 01 дүгээр сарын 10-ний өдөр *******гийн ээж над руу залгасан тэгээд *******г 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өглөө Улаанбаатар хотод гэрт ирсэн тэрнээс хойш гэртээ ирээгүй байна, манай хүү ажлаасаа гарна гээд байна мөн их архи уудаг болсон , ямар нэг асуудал үүсвэл танай байгууллагад гомдол гаргана шүү гэх зэргээр хэлсэн. Тэгэхээр нь би ээжийнх нь ярьсан зүйлийн талаар ангийн захирагч, штабын дарга, албаны дарга нарт хэлж танилцуулсан. ... Тэгээд албаны шугамаар цэргийн цагдаагийн тасагт мэдэгдэж аймгийн хэмжээнд эрэн хайсан боловч ******* Дорнод аймагт байхгүй болох нь тогтоогдсон. Мөн эхнэртэй нь утсаар ярихад тухайн үед гэр бүлийн маргаантай байсан тэгээд гараад явсан гэж хэлсэн. Ингээд 2025 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр *******гийн эхнэр Дэлгэр залгаад өмнө нь дугаар ангид ажиллаж байсан одоо Баян-Уул суманд хилийн цэрэгт ажилладаг гэх залуутай хамт явж байгаа юм байна, Улаанбаатар хот руу явсан юм шиг байна гэж хэлсэн. ******* нь 2025 оны 01 дүгээр сарын 07-ны орой ажлаасаа тараад явахдаа ангийн удирдлагаас чөлөө зөвшөөрөл аваагүй. Мөн ажилдаа ирэхгүй талаар хэлсэн зүйл огт байхгүй ... гэх мэдүүлэг /хх-ийн 10 тал/

 

-мөрдөн шалгах ажиллагаанд гэрч мэдүүлэхдээ: “... нөхөр бид хоёр 2025 оны 01 дүгээр сарын 07-ны орой гэр бүлийн маргаанаас болж маргалдсан тэгэхээр нь би зайл гээд хэлчихсэн чинь гараад явсан. Гарахдаа ямар нэг юм хэлээгүй мөн хаашаа явахаа хэлээгүй юм. Би тухайн үедээ нөхрийг ийш тийшээ явчихна гэж бодоогүй юм. Тэгээд тухайн орой гэртээ ирээгүй бөгөөд маргааш нь би утас руу нь залгахад холбогдохгүй байхаар нь хадам ээж рүү нь утсаар хэлээд орхисон. Тэгээд ерөөсөө холбогдохгүй байж байгаад 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хадам ээж над руу залгаад *******г Улаанбаатар хотод ирсэн гэж хэлсэн. Би *******г явсанаас нь хойш одоо болтол холбогдоогүй байгаа юм. ... гэх мэдүүлэг /хх-ийн 14 тал/

            -мөрдөн шалгах ажиллагаанд гэрч мэдүүлэхдээ: “... би ангийн ирц бүртгэлтэй өдөр болгон танилцдаг бөгөөд тухайн үед ахлагч ******* нь ажилдаа ирэхгүй 72 цаг өнгөрөхөөр нь албан бичгийг нь үйлдэж цагдаагийн байгууллагад явуулсан. Учир нь цэргийн дүрэмдээ 72 цагийн дотор анги байгууллагадаа ирэхгүй бол хуулийн байгууллагад мэдэгдэж шийдвэрлүүлдэг журамтай юм. ... гэх мэдүүлэг /хх-ийн 21 тал/

 

                 -Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 07 тал/

                 -гэрч Б.Отгончимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 19-20/

                 -Цэргийн албан хаагчийн дэлгэрэнгүй судалгаа /хх-ийн 29-30/

                 -Цагийн бүртгэл /хх-ийн 39-40/

                 -Зэвсэгт хүчний хуурай замын цэргийн командлагчийн тушаал 2023 оны 09 дүгээр сарын 06-ний өдрийн Б/75.. дугаар тушаал /хх-ийн 49тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.    

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байхаас гадна хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул үнэлж шүүгдэгч *******г цэргийн албанаас оргон зайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож байна.

Ял, эрүүгийн хариуцлагын талаар:

Хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд шинжлэн судалснаар тооцсон нотлох баримтуудаар  шүүгдэгч ******* нь цэргийн албанаас оргон зайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх санал гаргасныг шүүгдэгч зөвшөөрсөн байх тул прокуроын саналын хүрээнд шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Д.******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ******* дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр тогтов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:  

1. Шүүгдэгч овогт *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан цэргийн албанаас оргон зайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т  заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч *******д хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.  

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч ******* нь тэнссэн 1 жилийн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч *******д мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.  

 5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч *******гийн ******* тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                     Х.ОТГОНЖАРГАЛ