| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинжавын Ганболд |
| Хэргийн индекс | 101/2022/05599/И |
| Дугаар | 101/ШШ2022/04326 |
| Огноо | 2022-10-19 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 10 сарын 19 өдөр
Дугаар 101/ШШ2022/04326
| 2022 10 19 | 101/ШШ2022/04326 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: М.Ц -ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х ТБАГ -д холбогдох,
Ажилгүй байсан хугацааны өмнө авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 1,530,738 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Ц, хариуцагчийн төлөөлөгч Э.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.П нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Ц нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2022 оны 06 дугаар сарын 20-нд шүүх хуралд орж, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй хугацааны цалин олгохоор шүүхийн 2022.06.20-ны 02852 шийдвэр гарсан боловч шийдвэрийн дагуу цалин олгоогүй, ажилд 2 сарын дараа 2022.08.29 томилсон. Энэ хугацааны цалин болох 1,530,738 төгрөг гаргуулж, энэ хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгал нөхөн төлүүлж өгнө үү.
2022.6.20-8.29 хүртэл хугацаанд 1 530 738 төгрөг гаргуулна. 6.20-нд шүүх хурал болоод ажилд томилоод ажилгүй байсан хугацааны цалин олгосон. Өмгөөлөгч намайг дуудах ёстой гэсэн бөгөөд 8.26-нд дуудаад 29-нд ажилдаа орох болсон. Томилоогүй хугацааны цалингаа нэхэж байгаа юм. Би хууль мэдэхгүй тул өмгөөлөгчийн зөвлөгөөгөөр л явсан. Би хөдөө яваад ирлээ гэж хэлээгүй. Дуудахад нь л очсон гэв.
Хариуцагч Х нь шүүхэд, түүний төлөөлөгч Э.Э нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х-ны нэхэмжлэхтэй М.Ц-д холбогдох иргэний хэргийн хариу тайлбар нь: М.Ц нь 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр гарсан дугаар бүхий ажилд эгүүлэн томилох тухай анхан шатны шүүхийн шийдвэр гарсны дараа тэрээр өөрөө ажлын байрандаа ирж ажилдаа томилогдох ёстой байсан боловч энэ тухайгаа хэлж ажлын байрандаа огт ирээгүй, холбоо бариагүй болно.
2022 оны 8 дугаар сарын 29-ний өдөр байгууллага дээр ирээд “би хөдөө амарч байгаад ирлээ, одоо ажилдаа орно” гэж хэлсэн. Түүнийг ирсэн өдөр нь ажилд томилох тушаал гаргаж М.Ц-г ажилд эгүүлэн томилж анхан шатны шүүхийн шийдвэрийг манай байгууллага биелүүлсэн. Өөрөө ирж ажилдаа томилогдоогүй сураггүй байсан тул 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр гаргасан ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах нэхэмжлэлийн цалин олговрыг олгох боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. 6.20-8.29-нд энэ хүн нэг ч өдөр ажиллаагүй. Нэхэмжлэгч нь дуудах ёстой гээд хүлээж байгаад 8.26-нд очсон гэж байна. Гэтэл энэ хүнийг ирэхээр нь томилсон. Гэтэл ирээд хөдөө амарч байгаад ирлээ гэсэн. Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг биелүүлсэн. Ажилласан бол цалин өгөх ёстой болохоос ажиллаагүй тул зөвшөөрөхгүй гэв
Нэхэмжлэгч нь шүүхэд: Х-ны зохицуулагчийн 2022 оны 08 дугаар сарын 29-ны өдрийн 17 дугаар тушаал /хх4/, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн дугаар шийдвэрийн хуулбар /хх5-14/-г нотлох баримтаар ирүүлсэн.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх дараах үндэслэлээр хариуцагчаас ажилгүй байсан хугацааны өмнө авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 1,530,738 төгрөг гаргуулж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч М.Ц нь ажилгүй байсан хугацааны өмнө авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 1,530,738 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх тухай нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч Х нь шүүхийн шийдвэрийг биелүүлсэн, нэхэмжлэгч өөрөө ажилдаа ирээгүй, дурдсан хугацаанд ажил хийгээгүй гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан.
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн дугаар шийдвэрээр нэхэмжлэгч М.Ц-г хариуцагч Х-ны ээлжийн нийгмийн ажилтны ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон байна. /хх5-14/
Энэхүү шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон үйл баримтын талаар зохигч хэн аль нь маргаагүй.
Улмаар хариуцагч нь 2022 оны 08 дугаар сарын 29-ны өдөр ажилд эгүүлэн томилсон болох нь Х-ны зохицуулагчийн мөн өдрийн 17 дугаар тушаалаар тогтоогдсон. /хх4/
Дээрх үйл баримтын талаар зохигчид маргаагүй.
Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т зааснаар ажил олгогч нь ажилтантай хөдөлмөр эрхлэлтийн үндсэн нөхцөлийн талаар харилцан тохиролцож, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг үүсгэдэг.
Өөрөөр хэлбэл, ажилтанд бус харин ажил олгогчид хөдөлмөр эрхлэлтийн харилцааг үүсгэх эрх хадгалагдана.
Иймд нэхэмжлэгч нь ажлын байранд ирээгүй, ирсэн өдөр нь тушаал гаргасан гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй.
Цаашлаад Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгох үүрэгтэй.
Иймд нэхэмжлэгч нь дурдсан хугацаанд ажил үүрэг гүйцэтгээгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй.
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийн өмнө нь авч байсан дундаж цалин хөлсийг нэг өдрийн 36,102.34 төгрөг гэж тогтоосон байна. /хх12/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлох шаардлагагүй.
Нэхэмжлэгчийг өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон дээрх дугаар шийдвэр гарснаас хойш ажилд эгүүлэн томилсон 17 дугаар тушаал гарах хүртэл нийт 44 ажлын өдөр өнгөрсөн байна.
Иймд энэ хугацаанд холбогдох олговрыг тооцвол 1,588,502.96 /44*36,102.34/ төгрөг болно.
Гэвч нэхэмжлэгч нь олговорт 1,530,738 төгрөг нэхэмжилсэн тул шаардлагын хүрээнд хангаж шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т нийцнэ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай.
Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 39,442 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 39,442 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2, 43.2.7-д зааснаар хариуцагч Х-наас 1,530,738 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч М.Ц-д олгож, хариуцагчид олговорт холбогдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг Нийгмийн даатгалын тухай хуульд зааснаар суутган төлж, холбогдох дэвтэрт бичилт хийлгэхийг даалгасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 39,442 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 39,442 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД