| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Х.Отгонжаргал |
| Хэргийн индекс | 309/2025/0161/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/215 |
| Огноо | 2025-07-30 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | Э.Хилчинбаатар |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 07 сарын 30 өдөр
Дугаар 2025/ШЦТ/215
2025 07 30
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн
Улсын яллагч Э.Хилчинбаатар
Шүүгдэгч өмгөөлөгч Б.Солонго, Н.Нарантуяа
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хилчинбаатараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цагаан Боржигон овогт ******* ******* холбогдох 2421001870485 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 05 дугаар сарын *******-ний өдрийн 17 цаг 10 минутад хүлээн авч шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1975 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Дорнод аймгийн Байгаль орчин аялал жуучлалын газрын дарга ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг ******* байрны ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Цагаан Боржигон овогт ******* ******* /РД: *******/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч нийтийн албан тушаалтан буюу Дорнод аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын дарга ******* нь Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.6-д “Албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэхгүй байх”, мөн хэсгийн 7.1.7-д “ Албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэхийг хориглоно”, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт заасан “Албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна”, мөн Дорнод аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 50 дугаартай тогтоолын хавсралтаар батлагдсан “Орон нутгийн өмчийн эд хөрөнгийг худалдан борлуулах, ашиглуулах, түрээслүүлэх үлгэрчилсэн журам-ыг тус тус зөрчиж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Дорнод аймгийн Баян-Уул сумын Сум дундын ойн ангийн өмчлөлийн ******* улсын дугаартай Bomr 904 маркийн тракторыг түрээсийн гэрээ байгуулалгүй 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд Дорнод аймгийн Матад сумын “Мэнэн” багийн нутагт 500 га газарт хадлан хадаж, өөртөө 7 700 000 төгрөгийн давуу байдал бий болгож эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ******* нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Дорнод аймгийн Баян-Уул сумын Сум дундын ойн ангийн өмчлөлийн ******* улсын дугаартай Bomr 904 маркийн тракторыг түрээсийн гэрээ байгуулалгүй 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд Дорнод аймгийн Матад сумын “Мэнэн” багийн нутагт 500 га газарт хадлан хадаж, өөртөө 7 700 000 төгрөгийн давуу байдал бий болгож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан дараах нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв. Үүнд:
1. Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би төрийн албаны 3 байгууллагад ажиллахдаа мэргэжилтнээс буюу хамгийн бага албан тушаалаас ахиж, дэвшиж ажиллаж байснаас албан тушаалаа урвуулж, хувьдаа ашиглаж байсан зүйлгүй… гэх мэдүүлэг,
2.Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2023 оны намар ******* над руу залгаад “танай ойн ангийн тракторыг татаж авчруулах хэрэгтэй байна. Модны нүх ухаж магадгүй шүү, нааш нь явуулчих” гэж хэлсэн ... Хамтарч ажилладаг байгууллага болохоор мөн ******* дарга ярихаар нь байгууллагын эзэмшлийн тракторыг өгч явуулсан юмаа. Анх надаас манай байгууллагын тракторыг авахдаа өөрийнхөө хадлан дээр ашиглана гэж хэлээгүй. Сүүлд нь авчрахдаа “хадлан дээр ашиглачихаад өглөө шүү” гэж хэлсэн...” гэх мөрдан шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1-р хавтас 28, 30-31х, 2-р хавтас 67-р тал /,
3. Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... Дорнод аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 50 дугаартай тогтоолоор хөрөнгийг бусдад ашиглуулах харилцааг зохицуулсан байдаг бөгөөд тус тогтоолын хавсралтаар хөрөнгийн түрээсийн жишиг үнийг баталсан байдаг. Орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын эд хөрөнгийг ашиглуулах тохиолдол нь. Орон нутгийн өмчийн эд хөрөнгийг түрээсийн дагуу ашиглахад тусгай зориулалтын автомашины хувьд өдрийн 300.000-800.000 төгрөг цагаар бол 40.000-80.000 төгрөг байхаар жишиг үнийг баталсан байдаг бөгөөд тухайн төлбөрийг хөдөөгийн сумдад “30 хувь хүртэл бууруулан тооцож болно” гэж заасан байдаг. Тухайн орон нутгийн үйлдвэрийн газар нь эд хөрөнгөө түрээслүүлэхдээ байгууллагын өмч хамгаалах зөвлөлөөр хэлэлцүүлж шийдвэрээ гаргуулах ёстой байдаг бөгөөд эд хөрөнгө түрээслэх этгээдтэй гэрээ байгуулж гэрээний дагуу төлбөрийн 40 хувийг орон нутгийн төсөвт төвлөрүүлэх. Харин 60 хувийг нь үйлдвэрийн газартаа авах ёстой байдаг. Үнэ төлбөргүй орон нутгийн өмчит газрын эд хөрөнгийг ашиглуулах тохиолдол нь Засаг даргын үндсэн чиглэл хөтөлбөрт тусгагдсан арга хэмжээг зохион байгуулах, цаг үеийн асуудлаар хурал цуглаан зохион байгуулах мэдээлэл хийх, орон нутгийн хэмжээнд зохион байгуулж байгаа уулзалт хурал зөвлөгөөн хийх, орон нутгийн хэмжээнд зохион байгуулж байгаа спорт урлагийн арга хэмжээ зэрэгт үнэ төлбөргүй ашиглуулж болно. Сумын засаг даргатай жил бүр өмч эзэмшлийн гэрээг тухайн сумын өмчит байгууллага байгуулдаг бөгөөд сумын засаг дарга нь харин тухайн шатны иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргатай гэрээ байгуулдаг. Аймгийн орон нутгийн өмчийн газраас тухайн сумдын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргатай өмч эзэмшлийн гэрээг байгуулдаг. Хөрөнгө ашиглахтай холбоотой урсгал зардал гарах тохиолдолд ашиглагч байгууллага өөрсдийн урсгал дотоод зардлаас гаргуулж засаж сэлбэх арга хэмжээг авах ёстой байдаг...” гэх мэдүүлэг /1-р хавтас 33-р тал/,
4. Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... Дорнод аймгийн Баян-Уул сумын сум дундын ойн ангиас авсан 904 маркийн тракторыг миний мэдэхийн 4 хоног ******* даргын хадлангийн талбай дээр ажиллуулсан. Би Баян-Уул сумаас тракторыг аймгийн төв дээр авчраад 2-3 хоног засвар үйлчилгээг нь хийлгэж байлгаж байгаад авч явах үед нь би ******* даргатай хамт яваад “Мэнэн” Отрядын тэр хавьд тухайн хадлан гарч байсан ба тэр хавьд шороон дээр Баян-Уул сумаас авчирсан трактороо буулгах үед би байсан. Тэгээд би хадлан дээр 4 хоног ажиллаж байгаад ар гэрт ажил гараад буюу Монгол гэрт амьдардаг байсан учраас бороо ороод шалаар ус гүйгээд байна гэж манай эхнэр хэлсэн болохоор явж очоод гэрийн ажилд 2-3 хоног туслачихаад буцаад би өөрөө тэр хавьд хадлан бэлтгэж байсан нэрийг нь санахгүй байна нэг хүний унаанд дайгдаад хадлангийн талбай дээр очих үед Баян-Уул сумаас авчирсан трактор байхгүй байсан ба тус тракторыг авч явсан гэж хэлж байсан. ******* тракторын эвдэрхий тракторыг засчихсан байсан. Баян-Уул сумын сум дундын ойн ангийн тракторыг хүлээн авахдаа миний зүгээс Дорнод аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 50 дугаартай тогтоолын хавсралтад заасан Орон нутгийн өмчийн эд хөрөнгийг худалдан борлуулах, ашиглуулах, түрээслүүлэх үлгэрчилсэн журмын дагуу эд хөрөнгө түрээслүүлэх гэрээ, ашиглуулах гэрээг Баян-Уул сумын ойн ангийн даргатай байгуулаагүй ******* дарга аваад ир гэхээр нь очиж авчирсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 35-36х, 2хх-ийн 63х/,
5.Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын дарга ******* нь 2023 оны намар тус аймгийн Баяндун, Халхгол сумдын ойн ангийн трактор болон бусад техник хэрэгслийг ашиглан Матад, Халхгол сумын нутаг дэвсгэрт орших Улсын тусгай хамгаалалтын газар Мэнэнгийн талд хадлан хадаж хувьдаа их хэмжээний ашиг олсон...” гэсэн мэдүүлэг /1-р хавтас 12-13-р тал/,
6.Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ : “...Баян-Уул сумаас нэг трактор авчраад тухайн трактороор 5 хоног хадлангийн талбайд ажил хийгээд буцсан...” гэсэн мэдүүлэг,
7.Санхүүгийн хяналт аудитын албаны санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч гэрчээр өгсөн “Дорнод амйгийн Баян-Уул сумын Сум дундын ойн ангийн эзэмшлийн 904 трактор нь ашиглалтын хугацаа дуусаагүй 2020 онд Ороннутгийн хөгжлийн сангаар Бүгд найрамдах хятад ард улсаас 610 сая төгрөгийн багц мод үржүүлэг болон үржүүлгийн талбайг өргөтгөх машин техник үр үрсэлгээ бэлтгэх ажлын дагуу нийлүүлэгдсэн шинэ тээврийн хэрэгсэл байсан. Актлах хугацаа болоогүй байсан. *******аас өөрөөс нь тайлбар гаргуулан авч хугацааг нь тодорхойлсон байдаг. Тракторын нэршил нь тээврийн хэрэгслийн гэрчилгээн дээр 904 гэж байдаг” гэх мэдүүлэг /2-р хавтас 102-р тал/
8. Дорнод аймгийн Засаг даргын тамгын газрын Хөгжлийн бодлого төлөвлөлт хөрөнгө оруулалт уул уурхайн хүнд үйлдвэрлэлийн бодлого хариуцсан мэргэжилтэн гэрчээр өгсөн “...тухайн 2 байгууллагын төсөв тусдаа. Мөн *******ын гүйцэтгэлийн төлөвлөгөөг ******* дарга баталдаггүй. Харин нөгөө талаас Баян-Уул сумын сум дундын ойн ангийн дарга *******ыг томилох үед Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргатай аймгийн Засаг дарга зөвшилцөх хуулийн зохицуулалттай байсан боловч 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Ойн тухай хуульд шинэчилсэн найруулгаар өөрчлөлт орж төрийн захиргааны дээд байгууллага болох Ойн газартай зөвшилцөж томилдог болсон. Ойн ангийн газрын даргын албан тушаалын тодорхойлолтыг Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга боловсруулж түүнийг аймгийн Засаг дарга баталгаажуулдаг байсан...” гэсэн мэдүүлэг /2-р хавтас 104-р тал/
9.Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-хавтас 4-р тал/
10.Дорнод аймгийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/09 дугаартай захирамжаар “******* ажилд томилох тухай” /1-р хавтаст 63 тал/
11.Байгаль Орчин, Аялал жуучлалын газрын дарга ажил байдлын тодорхойлолт /1-р хавтас 66-р тал / 12.Санхүүгийн хяналт, дотоод Аудитын алба хяналт шалгалтын удирдамж /1-р хавтас 126-127-р тал/ 13.Дорнод аймаг, Санхүүгийн хяналт, дотоод аудитын алба санхүүгийн хяналт, дотоод аудитын танилцуулга 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 25-05-21, /1-р хавтас 128-131 тал/ *******.Дорнод аймаг, Санхүүгийн хяналт, дотоод аудитын алба улсын ахлах байцаагчийн акт 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 25-01-28 /1-р хавтас 132-133/
15.Дорнод аймаг, Баян-Уул сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 13 дугаартай тогтоол, болон хавсралт 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр /1-р хавтас 134-138/
16.Bomr 904 дугаартай улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтас 139-*******1-р тал/
17.Дорнод аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 50 дугаартай тогтоол, тогтоолын хавсралт /3хх-ийн 20-26х/
18.Дорнод аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны 11 дүгээр сарын 12-ны 02/*******3 дугаартай “Дорнод аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 50 дугаартай тогтоол, тогтоолын хавсралт “Орон нутгийн өмчийн эд хөрөнгийг худалдан борлуулах, ашиглуулах, түрээслүүлэх, үлгэрчилсэн журам” /3 дугаар хавтас 20-26-р тал/
19.Орон нутгийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн төлбөрийн жишиг үнэ, гэрээний загвар /3-р хавтас 33-38-р тал/
20.Дорнод аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 101 дугаартай тогтоол, хавсралт /1-р хавтас 161, 162-166-р тал/
21.Албан тушаалтны 2021-2023 оны хувийн ашиг сонирхолын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг /хх-ийн 170-181/
22.Дорнод аймгийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 24-ны өдрийн Б/10 дугаартай “Бат-Эрдэнийн Эрдэнэжаргалыг ажилд томилох тухай” захирамж /1-р хавтас 183-р тал/
23.Улсын бүртгэлийн гэрчилгээ /1-р хавтаст 185-р тал/ 24.Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хавтас хх-ийн 190-220, 223-250-р тал/, /2-р хавтас 01-52, *******1-171, 172-180-р тал/
25.Дансны хуулганд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /1-р хавтас 221-222-р тал/
26.Шинжээчийн дүгнэлт 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 01 дугаартай /2-р хавтас 188-190-р тал/
27.” ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 2/39 дугаартай шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 2*******-220х/
28.Дорнод аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны 11 дүгээр сарын 12-ны 02/*******3 дугаартай “Дорнод аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 50 дугаартай тогтоолоор батлагдсан “ Орон нутгийн өмчийн эд хөрөнгийг худалдан борлуулах, ашиглуулах, түрээслүүлэх үлгэрчилсэн журам”-ын дагуу 2023 онд орон нутгийн өмчийн эд хөрөнгийг түрээслүүлснээс орсон орлогын 40 хувийг төвлөрүүлсэн жагсаалт болон 10070000962 дугаартай дансны хуулга /3-р хавтас 90-93/
29.Малын А дансны лавлагаа /3-р хавтас 101-р тал/
30.Дорнод аймгийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн Б/12 дугаар захирамжаар “Аймгийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Байгаль орчин, аялал жуулчлалын газрын бүтэц, орон тоог хавсралтаар баталсан байх ба хавсралтын 2-т “Ойн албаны дарга” хамаарна гэж /3-р хавтас 131-132х/
31.Дорнод аймгийн Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн А/620 дугаартай захирамжаар “Баян-Уул сумын Сум дундын ойн ангийн даргын албан тушаалын тодорхойлолтыг нэгдүгээр хавсралтаар баталсан байх ба “Албан тушаалын тодорхойлолт”-ын IV-т “Албан тушаалыг шууд харьяалан удирдах албан тушаалтан нь Аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга” /3-р хавтас 133-136-р тал/
32.Дорнод аймгийн Прокурорын Газрын 2025 оны 02 дугаар сарын 10-ний өдрийн 03 дугаартай “Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоол” /3-р хавтас 200-203-р тал/
33.Дорнод аймгийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн Б/12 дугаар захирамж, хавсралт /3-р хавтас 238-239-р тал/
34. Дорнод аймгийн Засаг даргын 2009 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 76 дугаартай захирамж, “Сум дундын ойн анги байгуулах, дарга томилох тухай” Сум дундын ойн ангийн дүрэм /3-р хавтас 240-247-р тал/
35.Дорнод аймгийн Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 10-ний өдрийн ... захирамжийн нэгдүгээр хавсралт албан тушаалын тодорхойлолт /3-р хавтас 248-250/ 4-р хавтас /01-р тал/
36.Дорнод аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын зураг зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн З.Алтанцэцэгийн 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн шинжээчийн “...” ХХК-ийн хадлангийн зориулалтаар гэрээ байгуулсан 300 га газар нь тусгай хамгаалалттай газар нутагтай давхцалгүй байна ... “” ХХК нь 2023 онд хадлан бэлтгэсэн талбайг тогтоох боломжгүй бөгөөд одоогийн нөхцөл байдлаар 1 га газраас 20 боодол өвс бэлтгэх боломжтой байна. 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн хооронд 4500 ширхэг боодол өвс бэлтгэж авах боломжтой байна. “Хос жи эйч” ХХК-ийн 2023 онд хадлан бэлтгэсэн талбайг тогтоох боломжгүй бөгөөд одоогийн нөхцөл байдлаар 1 га газраас 20 боодол өвс бэлтгэх боломжтой байна...” гэсэн дүгнэлт /2-р хавтас 188-190-р тал /
37. “” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтэд: “...2023 оны 08 дугаар сарын 15-наас 10 дугаар сарын 01-ний өдрийн хооронд “Мэнэн” багийн нутаг дэвсгэрт 300 га талбайд үйлдвэрлэлийн хадлан бэлтгэх гэрээний дагуу хадлан бэлтгэж 95.500.000 төгрөгийн ашигтай ажилласан байна. 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн хооронд ашигласан бол түрээсийн төлбөр ******* өдрийн 7.700.000 төгрөгийн түрээсийн төлбөр төлөх ёстой байсан...” гэх /2-р хавтас 2*******-220-р тал/
38.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /3-р хавтас 124-р тал/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээрээ үнэлж шүүгдэгч холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх үзлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.
Шүүгдэгч ******* болон түүний өмгөөлөгч нар нь энэ гэмт хэргийг үйлдээгүй буюу гэм буруу дээр маргаж шүүх хуралдаанд оролцдог ба шүүгдэгч Дорнод аймгийн Баян-Уул сумын Сум дундын ойн ангийн өмчлөлийн ******* улсын дугаартай Bomr 904 маркийн тракторыг түрээсийн гэрээ байгуулалгүй 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд Дорнод аймгийн Матад сумын “Мэнэн” багийн нутагт 500 га газарт хадлан хадсан үйл баримттай маргадаггүй.
Харин шүүгдэгчийн дээрх үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй, Дорнод аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 50 дугаартай тогтоолын хавсралтаар батлагдсан ‘‘Орон нутгийн өмчийн эд хөрөнгийг худалдан борлуулах, ашиглуулах, түрээслүүлэх үлгэрчилсэн журам” нь хүчин төгөлдөр бус эрхийн акт ба энэ актыг үндэслэж өөртөө давуу байдал бий болгосон гэж яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлгүй гэж маргаж мэтгэлцдэг.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон бол” гэх үндсэн нөхцлийг шаарддаг. Шүүгдэгч ******* нь нийтийн албан тушаалтан буюу Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д заасан төрийн захиргааны удирдах албан тушаалтан болох нь тогтоогддог, үүнтэй маргадаггүй боловч албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал үүсгээгүй буюу Баян-Уул сумын сум дундын ойн анги нь Дорнод аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт хамаарахгүй гэж мэтгэлцдэг.
Ойн тухай хуулийн ******* дүгээр зүйлийн *******.1-т Байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний эрхлэх асуудлын хүрээнд ойн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага , аймаг, нийслэлийн байгаль орчны газрын бүрэлдэхүүнд ойн асуудал хариуцсан нэгж буюу ойн асуудал хариуцсан эрх бүхий албан тушаалтан, аймаг, суманд сум дундын болон сумын ойн анги ажиллана гэж ойн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын тогтолцоог тодорхойлсон, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т Аймаг, нийслэлийн Засаг даргын бүрэх эрхийг тусгайлан хуульчилсан ба хуулийн 17.2.8-д аймгийн байгаль орчны газрын харьяанд сум дундын ойн анги, нийслэлийн байгаль орчны газарт ойн асуудал эрхэлсэн нэгж байгуулж, бүтэц, орон тоог батлан, тэдгээрийн даргыг ойн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын даргатай зөвшилцөн томилж, чөлөөлнө гэж заасан. Үүнээс дүгнэхэд Дорнод аймгийн Баян-Уул сумын сум дундын Ойн анги нь Дорнод аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт шууд харъяалагддаг болох нь тогтоогдож байна. Иймд шүүгдэгч ******* нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөрийн албан тушаалын харъяалах нэгж болох Дорнод аймгийн Баян-Уул сумын Ойн ангийн Bomr 904 дугаартай улсын дугаартай тээврийн хэрэгслийг хувийн хэрэгцээнд ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон байна. Мөн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт заасан “Албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна гэсэнийг зөрчсөн буюу Баян-Уул сумын сум дундын Ойн ангийн тракторыг хувийн хэрэгцээнд ашигласан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Эрүүгийн 2421001870485 дугаартай хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай, хүрэлцээтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Иймд дээрх үндэслэлээр шүүгдэгч Цагаан Боржигон овогт ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч Э.Хилчинбаатар: ... Шүүгдэгч Цагаан Боржигон овогт ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна ба шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын санал гаргасан бөгөөд, шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь тухайн гэмт хэрэгт оногдуулах хамгийн бага ялыг буюу нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах саналыг тус тус гаргасан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан Эрүүгийн хариуцлага нь хүнлэг бус, хэрцгий, хүний нэр төр, алдар хүндийг гутаах шинжгүй байна гэж заасан ба шүүгдэгч ******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, түүний гэр бүлийн гишүүн эрхэлсэн тодорхой ажилгүй, 02-17 насны 4 хүүхэдтэй зэрэг нөхцөл байдлыг харгалзан нийтийн албанд ажиллах эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч ******* нь хувийн байдлын хувьд Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багт оршин суудаг бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Дорнод аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, шүүгдэгчийг хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч *******д оногдуулсан нийтийн албанд ажиллах эрхийг хасах ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар ял оногдуулсан үеэс эхлэн тоолохоор шийдвэрлэв.
Хохирол, бусад асуудлаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно гэж заасан.
Шүүгдэгч үйлдсэн гэмт хэрэг нь хохирол, хор уршгийг заавал шаардахгүй бөгөөд тухайн гэмт хэргийг үйлдсэн субьектийн үйлдлийн улмаас Дорнод аймгийн Баян-Уул сумын сум дундын ойн ангийн 3385 Ур улсын дугаартай Bomr 904 тракторыг 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд өөрийн хувийн хадлан дээр ашиглаж, орон нутгийн төсөвт 7 700 000 төгрөгийг төлөх ёстой гэсэн “” ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 2/39 дугаартай шинжээчийн дүгнэлтийг гаргажээ.
Мөрдөгч нь 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Орон нутгийн төсөвт 7 700 000 төгрөгийн хохирол учруулсан тул Дорнод аймгийн Орон нутгийн өмчийн газрын бүртгэлийн мэргэжилтэн тогтоосон. Иргэний нэхэмжлэгч нь мөрдөн шалгах ажиллагаанд “Орон нутгийн өмчийн эд хөрөнгийг худалдан борлуулах, ашиглуулах, түрээслүүлэх, үлгэрчилсэн журмын дагуу түрээсийн гэрээ байгуулж түрээсийн орлогын 40 хувийг орон нутгийн төсөвт төвлөрүүлэх ёстой. 7 700 000 төгрөгийн 40 хувь 3 080 000 төгрөгийг төсөвт шилжүүлээд үлдэгдэл 4 620 000 төгрөгийг байгууллагын дансанд авч үлддэг” гэж мэдүүлсэн. ******* улсын дугаартай Bomr 904 трактор нь Дорнод аймгийн Баян-Уул сумын сум дундын ойн ангийн трактор болох нь тогтоогдож байхад хохирол гэх 7 700 000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж Дорнод аймгийн Орон нутгийн төсөвт олгох нь учир дутагдалтай байх тул энэ иргэний нэхэмжлэлийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ бүрдүүлж жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэлээ.
Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал Аудитын шинжээчийн зардалд 1 100 000 төгрөг зарцуулсан, гэм буруутай этгээдээр төлүүлэх гэж яллах дүгнэлтийн хавсралтын 8-д тусгасан. Эрүүгийн хэргийн 3-р хавтасны 99-р талд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тооцох маягтыг хавсаргажээ. Энэ маягтаас шинжээчийн зардал 1 100 000 төгрөгийг Өндөр Хаан итгэл Аудитад олгосон эсэх нь тогтоогдохгүй байх тул шинжээчийн зардлыг шинжээчид олгох, эсхүл Авилгатай тэмцэх газар олгох нь ойлгомжгүй байна. Иймд баримтаа бүрдүүлж гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхийг мөн нээлттэй үлдээв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, иргэний нэхэмжлэгч нь иргэний нэхэмжлэл болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгчийн ******* дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 , 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Цагаан Боржигон овогт ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгож, Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нийтийн албанд томилогдох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар буюу Дорнод аймгийн Хэрлэн сумын хилийн дээсээр тогтоож, шүүгдэгч Дорнод аймгийн Хэрлэн сумаас гадагш зорчих эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хязгаарласугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч *******д тайлбарлаж, түүний нийтийн албанд ажиллах эрх хасах ял болон зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан нийтийн албанд ажиллах эрх хасах ялыг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс буюу шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, иргэний нэхэмжлэгч нь иргэний нэхэмжлэл болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгчийн ******* дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш ******* хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ