Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 184/ШШ2022/02754

 

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Нямсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч:Баянгол дүүрэг, 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 57 дугаар байр, тоотод оршин суух, Б овогт Г.И/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч:Сонгинохайрхан дүүрэг, 3 дугаар хороо, Бага наран  тоотод оршин байх, “Б г” ХХК-д холбогдох

9,282,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б , Н.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ч /үнэмлэх дугаар 3077/ хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Г, гэрч Б.Б, шинжээч Г.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Намуундарь нар оролцов.

                      

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Иыг төлөөлөн түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Г.И нь анх 2015 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Б г ХХК-тай ХУ-3866 дугаар Барьцаат зээлийн гэрээ байгуулан 4,000,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай, 6 хувийн хүүтэй, 42-67 УНД улсын дугаартай Huinday Migthy маркийн автомашиныг банк бусын өмчлөлд шилжүүлэн зээл авсан бөгөөд тухайн зээлээс 960,800 төгрөг, 379,800 төгрөг нийт 1,340,600 төгрөгийг төлсөн. Улмаар “Б г” ХХК-иас 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай мэдэгдэх хуудсыг Г.Ит хүргүүлсэний дагуу “Б г групп” ХХК-ийн эрх бүхий албан хаагчтай уулзаж гэрээг дахин шинээр байгуулах тохиролцоонд хүрсэн. Үүний дагуу 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн ХЗ-251 тоот Барьцаат зээлийн гэрээгээр өмнөх зээлийн гэрээний үндсэн төлөр болох 3,760,000 төгрөгийн үнийн дүнд харилцан тохиролцож 30 хоногийн хугацаатай, 5 хувийн хүүтэй төлж барагдуулах нөхцөлтэйгээр гэрээ байгуулсан бөгөөд уг зээлийн гэрээний дагуу Г.И нь 342,000 төгрөг, 400,000 төгрөг, 96,000 төгрөг, нийт 838,000 төгрөг төлсөн байдаг. Гэтэл “Б г” ХК нь уг барьцаанд тавьсан буюу банк бусын өмчлөлд шилжүүлсэн 42-67 УНД улсын дугаартай Huinday Migthy маркийн автомашиныг 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдөр 04 дүгээр “Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ”-г Б.Б  гэх хүнтэй байгуулан зах зээлийн үнээс хямд буюу 4,136,000 төгрөгөөр худалдахдаа өмчлөгч Г.Ит мэдэгдэлгүй худалдсан байдаг. Өөрөөр хэлбэл “Б г” ХК нь 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр байгуулагдсан ХЗ-251 дугаар “Барьцааны гэрээ”-ний дагуу барьцаа эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах арга хэмжээг авахдаа өмчлөгч Г.Ит мэдэгдэх үүргээ хэрэгжүүлэлгүй уг автомашиныг гуравдагч этгээдэд худалдсан нь холбогдох хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн байна. Тодруулбал Иргэний хуулийн 159 дүгээр зүйл Барьцааны зүйлийг худалдах, 159.1-д заасан байхад “Б г” ХК нь өмчлөгч Г.Ит мэдэгдэх үүргээ хэрэгжүүлэлгүй бусдад худалдсан нь хуулийг ноцтой зөрчсөн байна. Хэдийгээр “Б г” ХК нь 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдөр 32 дугаар, мөн 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 29 дүгээр мэдэгдэх хуудсыг тус тус хүргүүлсэн гэж тайлбарладаг боловч Г.И нь уг мэдэгдэлийг огт хүлээж аваагүй буюу хүлээж авсан гэх гарын үсэг зурагдаагүй болно. Мөн 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдөр “Б г групп” ХХК нь Б.Бд уг автомашиныг 4,136,000 төгрөгөөр худалдсан нь өмчлөгч Г.Иыг илтэд хохироосон буюу уг автомашины тухайн үеийн зах зээлийн ханш 13,000,000-14,000,000 төгрөг орчим үнийн дүнгээр худалдахаар байхад маш доогуур худалдсанд И нь гомдолтой байна. Үүний дагуу нэхэмжлэгчийн зүгээс зах зээлийн үнэлгээг тогтоолгохоор шинжээч томилуулах тухай хүсэлт гаргасны дагуу Монголын хөрөнгө хохирол үнэлгээчдийн холбооноос томилогдсон фэйр валюшн ХХК, Бест Эстимэйт ХХ, Хос стандарт ХХК-ийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтээр маргаан бүхий Hyundai Migthy маркийн 2004 онд үйлдвэрлэгдсэн, KMFGAP4C193391 арлын дугаартай автомашины байгаа газар буюу Дархан-Уул аймгийн Хонгор суманд очин дүн шинжилгээ хийхэд 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн байдлаарх зах зээлийн дундаж үнийг 13,418,000 төгрөг гэж тодорхойлсон болно. Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.5.4-т заасны дагуу өмчлөгч Г.И нь 9,282,000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгчийн зүгээс шинээр эрх зүйн харилцаа үүссэн 2016 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн ХЗ-251 тоот барьцаат зээлийн гэрээний гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж 42-67 УНД улсын дугаартай Huinday Migthy маркийн автомашиныг эзэмшигчид нь мэдэгдэлгүй бусдад худалдан борлуулсны улмаас учирсан хохирол 9,282,000 төгрөгийг хариуцагч “Б г” ХХК-иас гаргуулж нэхэмжлэгч Г.Иыг хохиролгүй болгож өгнө үү.

Шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлээ дэмжиж оролцож байгаа. Хариуцагч нь уг эд хөрөнгийг шууд худалдан борлуулах эрхгүй. Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3-т заасны дагуу дуудлага худалдаагаар худалдан борлуулж, борлуулсан дүнгээс үүргийг хангаж, үлдэх мөнгийг буцаан өгөх үүрэгтэй байсан.

Хариуцагч тал талуудын хооронд байгуулагдсан сүүлийн гэрээг сунгалт, эсхүл нэмэлт гэрээ гэж тайлбарлаж байна. Энэ нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т заасны дагуу талуудын хүсэл зоригийн илэрхийллийн дагуу бичгээр байгуулагдсан хүчин төгөлдөр гэрээ юм. Энэ нь нэг талаараа хугацаа олгосон байх боловч шинээр эрх зүйн харилцаанд оролцож, хүүг багасгаж шийдвэрлэсэн. Өмнөх гэрээний хавсралт эсхүл сунгалт гэж харагдахгүй байна. Шинээр эрх зүйн харилцаанд оролцож байгаа, бид хариуцагч талаас 3,760,000 төгрөг аваагүй гэдэгтэй маргадаггүй, хариуцагч талаас 3,760,000 төгрөгийг олгосон мэтээр баримт үйлдэж хэрэгт хавсаргасан. Өөрөөр хэлбэл 2015 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр фидуцийн гэрээ, сүүлд харин барьцаалан зээлдэх гэрээ байгуулсан. Талууд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийг баримтлан гэрээгээ байгуулсан. Үүнийхээ дагуу тухайн автомашиныг зогсоолд байршуулах нэмэлт гэрээ байгуулагдсан. Б г ХХК-ийн зүгээс автомашиныг түргэн борлогдох үнээр борлуулах эрхтэй гэж тайлбарлаж байна. Сүүлийн гэрээ нь талуудын хооронд байгуулагдсан хүчин төгөлдөр гэрээ юм. Иргэний хуулийн 195 дугаар зүйлд заасны дагуу талууд хүсэл зоригоо илэрхийлж, гэрээг байгуулсан тул шинээр эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэж байгаа учраас өмнөх гэрээний зохицуулалт яригдах боломжгүй. Харин барьцаалан зээлдэх гэрээний дагуу Б г ХХК нь зээлдэгчид мэдэгдэх үүргээ хэрэгжүүлээгүй, хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдаагүй, худалдан борлуулсан үнийн зөрүүг өмчлөгчид өгөөгүй. Барьцаалан зээлдэх гэрээнд фидуцийн гэрээг оролцуулаад явж байгаа нь үндэслэлгүй байна. Мөн талуудын хооронд эд хөрөнгө хүлээлцэх акт үйлдэгдсэн. Хариуцагч тал тээврийн хэрэгслийг тухайн зах зээлийн үеийн үнэлгээгээр үнэлээгүй гэж тайлбарлалаа. Гэтэл шинжээч нь тухайн үед автомашиныг хэдэн төгрөгөөр худалдсан гэх дүгнэлт гараагүй, тухайн үеийн байдлыг буюу гуравдагч этгээдэд шилжүүлж авах үеийн үнэлгээг л гаргаж ирсэн. Тухайн автомашины өөрийнх нь үнэлгээ, зах зээлийн ханш нь ямар байхыг газар дээр нь үнэлсэн үнэлгээ хэрэгт авагдсан. Нэхэмжлэгч Г.И нь анх хэдэн төгрөгөөр тээврийн хэрэгслийг авч байсан нь тодорхойгүй гэх тайлбар нь үндэслэлгүй учир хариуцагч талын хариу тайлбарыг эс зөвшөөрч байна гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А шүүх хуралдаанд гаргасан тайлбарта:О.Б ын нэхэмжлэл тайлбарыг дэмжиж оролцож байна. Нэмж хэлэхэд Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3-т “Зээлдэгч зээлсэн мөнгө болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөөгүй тохиолдолд барьцаалан зээлдэх газар барьцаалагдсан хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийг хангуулах тухай зээлдэгчид нэн даруй бичгээр мэдэгдэнэ. Ийнхүү мэдэгдсэнээс хойш арав хоногийн дотор зээлдэгч үүргээ гүйцэтгээгүй бол барьцааны зүйлийг комиссын буюу дуудлага худалдаагаар худалдаж, борлуулсан үнийн дүнгээс үүргийг хангуулж үлдсэн мөнгийг буцаан олгоно.” гэж заасан. Барьцааны эд хөрөнгийг худалдан борлуулах 2 төрлийн арга байдаг ба Иргэний хуулийн 410-419 дүгээр зүйлд комиссын худалдаа, барьцааны эд хөрөнгийг дуудлага худалдаагаар үнэ хаялцуулах замаар худалдах, худалдан авах гэрээ байгуулна. Иргэний хуулийн 197 дугаар зүйлийн 197.7-т “Дуудлага худалдаагаар үнэ хаялцан ялагч нь хамгийн өндөр үнэ санал болгосон этгээд байна” гэж заасан. Түүнчлэн дуудлага худалдааг явуулах болон эд хөрөнгө хадгалахад гарсан нэмэлт зардлыг худалдан борлуулсан үнийн дүнгээс суутгана. Барьцааны хөрөнгийг худалдан борлуулах тухай Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3-т зааснаар зээлдэгчид бичгээр мэдэгдэнэ. Бичгээр мэдэгдэхдээ хууль тогтоомжид заасан шаардлагыг хангаагүй байна гэв.

 

Хариуцагч “Б г” ХК-ийг төлөөлөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Г шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Г.Иын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б аас 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр гаргасан “Б г” ХХК-иас 9,282,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг тус шүүхээс гардуулсныг хүлээн авч танилцаад уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, татгалзаж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх заалтыг үндэслэн дээрх нэхэмжлэлд дараах хариу тайлбарыг хүргүүлж байна. Үүнд: Иргэн Г.И нь “Б г” ХХК-тай 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр ХУ3866 тоот Барьцаат зээлийн гэрээ байгуулан 4,000,000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй 30 хоногийн хугацаатай зээлдэж авсан байна. Иргэний хуулийн 235 дугаар зүйлд заасныг үндэслэн Г.Иын өмчлөлийн 4267 УНД улсын дугаартай Маяти маркийн автомашины өмчлөх эрхийг Б г ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн байдаг ба автомашиныг зээлдэгч Иын эзэмшил ашиглалтанд үлдээж, өөрөөр хэлбэл унаж явах нөхцөлтэйгээр зээлийг олгосон байдаг.  Ингээд 30 хоногийн хугацаа 2015 оны 10 дугаар сарын 24-нд дуусахад И зээлээ төлөөгүй, гэрээний үүргээ биелүүлээгүй ба гэрээний хугацаа дуусаад 4 хоносон дараа буюу 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр бүрэн төлөлгүйгээр ердөө 960,800 төгрөг төлсөн байдаг, зээлдүүлэгчээс зээлийн гэрээний хугацаа дууссан ч түүнд зээл төлөх боломжоор хангах үүднээс гэрээг 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл 30 хоногоор сунгасан, энэ сунгасан хугацаанд тэрээр зээл төлөх үүргээ мөн л зөрчиж ямар нэг төлөлт хийлгүйгээр мөн гэрээний хугацааг дуусгасан ба 2015 оны 12-14-ний өдөр гэрээний хугацаа дуусаад 18 хоносон дараа 379,800 төгрөгийн төлөлт хийсэн. Зээлдүүлэгч гэрээг дахин 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл сунгаж зээлийг төлөх хугацаа олгосон ч энэ хугацаанд ямар ч төлөлт хийгээгүй байна. Ингээд зээлдэгч гэрээний үүргээ биелүүлэхгүй, талуудын харилцан тохиролцсон зээл төлөх хугацаанд зээлээ төлөөгүй хугацаа дууссан ба түүний зээлийн төлөх үлдэгдэл төлбөр нь 3,760,000 төгрөг үлдсэн байна. Мөн барьцааны зүйл болох 4264 УНД улсын дугаартай маяти машиныг зээлдэгч нь унаж ашиглах явцад тээврийн хэрэгслийн өнгө үзэмж, чанар байдал илт муудснаас болж зах зээл дэх үнэ буурах нөхцөл байдал үүссэн. Тиймээс Г.Иын өөрийнх нь хүсэлтийг дагуу түүний төлөөгүй үлдсэн өр төлбөр болох 3,760,000 төгрөгийг төлүүлэхээр талууд харилцан тохиролцсоны дагуу 3,760,000 төгрөг дээр ийм хэмжээний төгрөгийг зээлснээр тооцож хүүг 5 болгон өөрчлөн 2016 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн 251 тоот нэмэлтээр барьцаат зээлийн гэрээг дахин байгуулсан юм. Угтаа энэ гэрээ нь өмнөх 4 сая төгрөгийн үлдэгдэл төлбөр дээр хүү тооцож сунгасан гэрээний сунгалт юм. Ингэж гэрээг сунгахаас өмнө буюу 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр зээлдүүлэгч байгууллагын ажилтан Э.Г зээлдэгч Иын Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол 57 дугаар байр 101 тоотод очиж Барьцааны зүйлийг худалдаж, гэрээний үүргийг хангуулах шаардах эрхээ хэрэгжүүлэх болсон тухай болон  зээлийг төлөх эцсийн боломжит хугацааг заасан мэдэгдэх хуудсыг гардуулан өгч гарын үсэг зуруулсан байна. Уг сунгалтын гэрээг 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн 30 хоногийн хугацаатай байгуулсан ч тэрээр хугацаандаа зээлийг төлөөгүй, хугацаа дууссанаас хойш 13 хоногийн дараа буюу 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 342,000 төгрөгийг төлсөн бөгөөд зээлдүүлэгчийн зүгээс 2016 оны 3 дугаар сарын 19-ний өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл 30 хоног гэрээг дахин сунгасан байна. Гэвч И нь мөн л ямар нэг зээлийн төлөлт хийгээгүй учир зээлийг дахин 2016 оны 05 дугаар сарын 14-ний өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүртэл 30 хоног гэрээний хугацааг сунгасан ч  тэрээр 1 удаа 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 496,000 төгрөгийн төлөлтийг хийснээс өөрөөр зээлийг төлөөгүй, дахин ямар нэгэн төлөлт хийх арга хэмжээ авалгүйгээр гар утсаа авахгүй өөрийн оршин суугаа хаяг дээр байхгүй, алга болсон байна. Зээлийн гэрээний хамгийн сүүлийн сунгалтын хугацаа 2016 оны 06 дугаар сарын 12-ны өдөр дууссан бөгөөд үндсэндээ “Б г” ХХК болон И нарын хооронд 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр анх байгуулсан 30 хоногийн хугацаатай зээлийн гэрээний хугацаа 2015 оны 10 дугаар сарын 24-ний өдөр дууссан ба энэ өдрөөс зээлдүүлэгчийн гэрээний үүргийг шаардах эрх  үүссэн гэж үзэж байна. Зээлийн гэрээний хугацаг 4-5 удаа сунгасан ч зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй, нийт сунгалтын хугацаа дууссан байх ба дууссаны дараа зээлдүүлэгчийг төлөөлөн зээл олгосон ажилтан Э.Г зээлдэгч И руу удаа дараалан түүний зээл хүсэгчийн анкет дээрх гар утасны дугаар руу залгаж “зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг хэлж, сануулсан ч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна. Иймд 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн гэрээний хугацаа дууссанаас хойш 369 хоногийн дараа мэдэгдэх хуудас гардуулснаас хойш 205 хоногийн дараа зээлийн гэрээний сунгалтын эцсийн өдөр болох 2016 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс хойш 67 хоногийн дараа 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдөр барьцааны зүйлийг гэрээнд заасан түргэн борлогдох үнэ болох 4,136,000 төгрөгөөр худалдан борлуулж барьцаалагчийн шаардлага хангасан байна. Худалдан борлуулахаас өмнө 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдөр “Б г” ХХК-ийн ажилтан Б.Ү зээлдэгч
Иын Баянгол дүүрэг, 19 дүгээр хороо,
4 дүгээр хороолол, 57 дугаар байр 101 тоотод очиж, барьцааны зүйлийг худалдаж, гэрээний үүргийг хангуулах болсон тухай болон зээлийг төлөх эцсийн боломжит хугацааг заасан “мэдэгдэх хуудас”-ыг гардуулахаар очсон ч гэрт нь хүн байхгүй, өөрийн гар утсыг авахгүй байсан байна. Мөн түүнчлэн зээл олгосон ажилтан Г зээлдэгч Иын дээрх хаягаар 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдөр очиж барьцааны зүйлийг худалдаж, гэрээний үүргийг хангуулах болсон тухай болон зээлийг төлөх эцсийн боломжит хугацааг заасан “мэдэгдэх хуудас”-ыг гардуулан өгөхөөр очсон ч тэрээр гэртээ байхгүй гэр нь цоожтой байсан ба утасаа авахгүй байсан учир  ажилчид “мэдэгдэх хуудас”-т энэ тухай тайлбар бичиж, гарын үсэг зуран байгууллагын тамга дарж баталгаажуулсан байна.

ХУ-3866 тоот Барьцаат зээлийн гэрээний 4.6, 4.7 дахь хэсгүүдэд “зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу зээлийн гэрээний хугацаа дууссанаа хойш 5 хоногийн дотор үндсэн зээл болон хүүгийн төлбөрийг графикийн дагуу төлөөгүй бол зээлдүүлэгч хуульд зааснаар барьцаа хөрөнгийг тэргүүн ээлжинд бусдад худалдах, дурын авто ломбарданд шилжүүлэн тавьж төлбөрөө гарган авах бүрэн эрхтэй ба үүнтэй холбоотой зардлыг барьцаалуулагч бүрэн хариуцна”, уг гэрээний 4.6 заалтын дагуу зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар болсон бол зээлдүүлэгч түргэн борлогдох үнээр бусдад зарж үндсэн зээл, хүүгийн төлбөр бусад зардлыг гарган авахыг зээлдэгч би хүлээн зөвшөөрч байна гэсэн заалттай учраас зээлдүүлэгч огт хууль болон гэрээний заалтыг зөрчөөгүй байна. Иын хаягаар очиж, барьцааны зүйлийг худалдаж, гэрээний үүргийн хангуулах болсон тухай болон зээлийг төлөх эцсийн боломжит хугацааг заасан “мэдэгдэх хуудас”-ыг гардуулан өгч гарын үсэг зуруулсан байдаг уг мэдэгдэх хуудасыг гардуулаад гарын үсэг зуруулсан үлдэх хэсгийг өөрөө авсан байтал нэхэмжлэгч мэдэгдээгүй автомашиныг зарсан гэж маргаж байгаа нь ойлгомжгүй байна. Мөн өөрөө хэзээ хэдэн төгрөг авсан нь тодорхойгүй 2004 онд үйлдвэрлэгдэж, үйлдвэрлэгдсэнээс хойш 18 жил болсон 2012 онд Монгол улсад орж ирж орж ирсэнээс хойш 10 жил явсан, унаж ашиглагдсан тээврийн хэрэгслийг 13,418,000 төгрөгөөр үнэлүүлсний эс зөвшөөрч байна. Мөн ийм бодит байдалд нийцээгүй, илт эргэлзээтэй гарсан үнэлгээндээ тулгуурлан 9,282,000 төгрөг нэхэмжилж байгаа нь хариуцагчийн хууль ёсны ашиг сонирхол илтэд хөндөж банйа гэж үзэж байна. Иймд Иын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б аас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Сүүлд шинээр зээлийн харилцаа үүсээгүй, барьцаа хөрөнгө ч өөрчлөгдөөгүй. Нэхэмжлэгч талын гол үндэслэл болгоод байгаа гэрээг харвал зээлдэгчийн дансанд огт мөнгө шилжээгүй учраас шинээр эрх зүйн харилцаа үүсэж, шинээр эрх, үүрэг үүссэн гэж яригдахгүй. Зээлдэгч зээлээ төлөх үүрэгтэй, 4,000,000 төгрөгийг хэсэгчлэн үндсэн зээл, хүүгийн хамтаар төлж дуусгах үүрэг л үргэлжилж байгаа. Худалдан борлуулахдаа комисс, дуудлага худалдаа гэж яриад байна. Талууд гэрээний нөхцөлөө чөлөөтэйгөөр тохирч, Монгол Улсын Иргэний хуулийн 181 дүгээр зүйлд заасан зээлийн харилцаагаа 2015 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр л үүсгэсэн. Тус гэрээгээр зээлдэгч Г.Иыг зээлээ төлөхгүй бол барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар фидуцийн гэрээ байгуулагдаж, автомашины нэр, өмчлөл нь Б г ХХК-ийн нэр дээр шилжсэн.

Гэрээний 4.6, 4.7-д дуудлага худалдаа, комисс гэх үг, үсэг огт байхгүй, гэрээгээрээ дуудлага худалдаагаар борлуулахаар заагаагүй, шууд худалдан борлуулна гэж заасан. Тус гэрээг Г.И хүлээн зөвшөөрөөд, гарын үсгээ зурсан. Хэрэв зээлдэгч зээлээ төлөхгүй 5 хоновол зах зээлд түргэн борлогдох үнээр шууд борлуулах зөвшөөрлийг гэрээ байгуулах явцдаа урьдчилж тогтсон. Гэхдээ бид гэрээ байгуулагдсанаас хойш мэдэгдэх ажиллагаагаа хийсэн. Хэдийгээр худалдан борлуулахынхаа өмнө дахин мэдэгдэхээр Б г ХХК-аас 2 ажилтан очсон боловч нэхэмжлэгч талын хэлээд байгаа шиг Г.И өөрөө гэртээ байгаагүй. Г.И нь урьд, урьдын шүүх хуралдаанд оролцож байхдаа өөрийнхөө байхгүй байсныг хүлээн зөвшөөрдөг ба ар гэр бүлээс нь хэн нэгэн нь нас бараад, 7, 8 сарын хугацаанд Улаанбаатар хотод байгаагүй, Б г ХХК-тай холбогдохгүй байсан гэдгээ хэлсэн. 2020 оны 4 дүгээр сарын шүүх хуралдааны тэмдэглэл дээр нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар үүргийн гүйцэтгэлийг хангуулах үүргээ мэдэж байсан гэдгээ маш тодорхой ярьсан нь бичигдсэн. Тиймээс бидний зүгээс мэдэгдээгүй гэх зүйл огт байхгүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэх байр суурь дээрээ хэвээрээ байна гэв.

 

Нэхэмжлэгчээс Хаан банк ХХК дахь Б г ХХК-ийн 5079122818 дугаар дансны орлогын баримт, Б г ХХК-ийн орлого, зарлагын баримт, “Б г” ХХК-ийн 000135553 дугаартай Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, “Б г” ХХК, Г.И нарын хооронд байгуулагдсан 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн зээлийн гэрээ,  Б г ХХК-ийн Г.И хүргүүлсэн мэдэгдэх хуудас, Г.Иын зээл хүсэгчийн анкет, 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 04 дугаартай “Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ”, Хаан банк ХХК дахь Г.Иын 5026296344 дугаар депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Хаан банк ХХК дахь Б г ХХК-ийн депозит дансны хуулга, “Итгэлт эстимэйт” ХХК-ийн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн захирамжийн хариу хүргүүлэх тухай албан бичиг, Хөрөнгийн үнэлгээний төвийн 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 192 дугаартай Хөрөнгийн үнэлгээний дүгнэлт, “Ашид билгүүн” ХХК-ийн Үнэлгээний тайлан зэрэг бичгийн баримтыг гаргасан байна.

 

Хариуцагчаас “Б г” ХХК-ийн 000135553 дугаар хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, “Б г” ХХК, Г.И нарын хооронд байгуулагдсан 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн Барьцаат зээлийн гэрээ, 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн зээлийн гэрээ, “Б г” ХХК-иас Г.Ит хүргүүлсэн мэдэгдэх хуудас, 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 04 дугаар Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ, Г.Иын зээл хүссэн анкет, №13 дугаартай Автомашин хүлээлцэх акт, Хаан банк ХХК дахь Г.Иын 5026296344 дугаар депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Б.Үгийн гэрчийн мэдүүлэг, “Б г” ХХК-ийн Г.Иын зээл авахыг хүссэн өргөдөл, “Редскай” ХХК-ийн Г.Иын ажилладаг нь үнэн болохыг тодорхойлсон тодорхойлолт, автомашины фото зураг зэрэг бичгийн баримтыг гаргасан байна.

 

Шүүхийн журмаар хариуцагч талын хүсэлтээр тус шүүхийн архиваас Г.Иын нэхэмжлэлтэй, Б г ХХК-д холбогдох, 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 184/ШЗ2021/05705 дугаартай “Нэхэмжлэлийн буцаах тухай” шүүгчийн захирамжтай иргэний хэрэг материалаас гаргуулж бүрдүүлсэн шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 2006 дугаартай шинжээчийн дүгнэлт, “Итгэлт эстимэйт” ХХК-ийн захирамжийн хариу хүргүүлэх тухай албан бичиг, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 192 дугаартай хөрөнгийн үнэлгээний дүгнэлт, 4267 УНД улсын дугаартай маяти автомашины тээврийн хэрэгслийн лавлагаа, “Ашид билгүүн” ХХК-ийн Үнэлгээний тайлан, Монголын хөрөнгө, хохирол үнэлэгчдийн холбооны гүйцэтгэх захирлын 2020 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 20/04 дугаартай шинжээч томилох тухай тушаал, дүгнэлт зэрэг бичгийн баримтыг бүрдүүлсэн байна.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

                                                 ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.И нь хариуцагч “Б г” ХХК-д холбогдуулан 9,282,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Г.И нь хариуцагч “Б г” ХХК-д холбогдуулан барьцаа хөрөнгө болох 42-67 УНД улсын дугаартай Hyundai Migthy маркийн автомашиныг эзэмшигчид нь мэдэгдэлгүй бусдад худалдан борлуулсны улмаас учирсан хохирол 9,282,000 төгрөгийг гаргуулах тухай шаардлагыг гаргаж, шаардлагын үндэслэлээ “...барьцааны зүйлийг худалдан борлуулахдаа дуудлага худалдаагаар оруулаагүй, худалдан борлуулах тухай урьдчилан мэдэгдээгүй, маш бага үнээр бусдад худалдсан тул тухайн үеийн ханшаар тооцож шинжээчээс тогтоосон үнэлгээгээр тогтоосон 13,418,000 төгрөгөөс тооцон зөрүү 9,282,000 төгрөгийг гаргуулна гэж шаардаж байна.

Хариуцагч Б г ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч нэхэмжлэгч нь барьцаат зээлийн гэрээний үүргээ биелүүлүүлээгүй гэрээний сунгасан хугацаа  дууссан тул талууд харилцан тохиролцож үлдэгдэл төлбөр 3,760,000 төгрөгийг зээлснээр тооцож хүүг 5 хувь болгон бууруулж, барьцааны зүйл болох тээврийн хэрэгслийг зогсоолд байршуулахаар гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулсан. Энэ нь өмнөх зээлийн гэрээний сунгалт бөгөөд гэрээнд заасны дагуу түргэн борлогдох үнэ болох 4,136,000 төгрөгөөр худалдан борлуулж гэрээний үүргийг хангуулсан тул зөвшөөрөхгүй гэсэн тайлбарыг гаргаж байна.

Хэрэгт авагдсан бичгийн баримтууд болон талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдож байна гэж үзлээ.

Талуудын хооронд 2015 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр барьцаат зээлийн гэрээ байгуулагдаж, зээлдэгч Г.И нь 4,000,000 төгрөгийг 6 хувийн хүүтэй, 30 хоногийн хугацаатай зээлдэж, барьцаанд нь өөрийн эзэмшлийн 42-67УНД улсын дугаартай Hyundai Migthy маркийн автомашиныг барьцаалсан байна. Уг гэрээний хугацаа 2015 оны 10 дугаар сарын 25-ны өдөр дууссан ба талууд гэрээний хугацааг 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл нэг удаа, дахин 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл гэрээний үндсэн нөхцөлөөр хугацааг сунгасан байна. Дээрх гэрээний нийт хугацаанд нэхэмжлэгч Г.И 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 960,800 төгрөгийг, 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 379,800 төгрөгийг тус тус төлсөн өөр төлөлт хийгдээгүй талаар талууд маргадаггүй.

 

   Дээрх барьцаат зээлийн гэрээгээр автомашины өмчлөх эрхийг зээлдүүлэгч авах, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл бүрэн дуусгавар болсон үед зээлдэгчид буцаан шилжүүлэх, зээлдэгч нь зээлдүүлэгчид хохирол учруулсан бол барьцаа хөрөнгөөр хариуцлага хүлээх мөн зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, гэрээний хугацаа дууссанаас хойш 5 хоногийн дотор үндсэн зээл, хүүгийн төлбөрийг графикийн дагуу төлөөгүй бол зээлдүүлэгч нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.2-т заасныг үндэслэн барьцаа хөрөнгө болох автомашиныг худалдах, дурын авто ломбардад тавьж төлбөрөө гаргуулах авах, үүнтэй холбогдон гарсан зардлыг зээлдэгч хариуцах, барьцаа хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийг хангуулах тохиолдолд 4,480,000 төгрөгөөр бусдад зарж, үндсэн зээл, хүүгийн төлбөр бусад зардлыг гарган авахыг зээлдэгч Г.И хүлээн зөвшөөрч гэрээ байгуулсан болох нь тогтоогдсон. Дээрх хугацаанд барьцаа хөрөнгө нэхэмжлэгч Г.Иын эзэмшилд байсан байна.

Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний үүрэг үүссэн байна.

 

Харин ХУ-3866 тоот барьцаат зээлийн гэрээний хугацаа дуусахад зээлдэгч Г.И нь гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй тул түүний хүсэлтээр талууд харилцан тохиролцож 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр ХЗ-251 дугаартай “Зээлийн гэрээ”, болон “Барьцааны гэрээ”-г тус тус байгуулан зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр болох 3,760,000 төгрөгт тооцон уг төлбөрийг 30 хоногийн хугацаанд сарын 5 хувийн хүүтэйгээр төлж барагдуулах, зээлийн барьцаанд нь 42-67УНД улсын дугаартай Маяти маркийн автомашиныг дахин барьцаалж, тухайн тээврийн хэрэгслийг барьцаалагч эзэмшилд шилжүүлэн өгч, ил зогсоолд байршуулахаар гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулж, зээлдэгч  зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш 5 хоногийн дотор үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрийг хуваарийн дагуу төлөөгүй бол зээлдүүлэгч Б г групп ХХК нь барьцаа хөрөнгө болох автомашиныг худалдах, дурын авто ломбардад тавьж төлбөрөө гаргуулах авах, үүнтэй холбогдон гарсан зардлыг зээлдэгч хариуцах, барьцаа хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийг хангуулах тохиолдолд 4,136,000 төгрөгөөр бусдад зарж, үндсэн зээл, хүүгийн төлбөр бусад зардлыг гарган авахыг зээлдэгч хүлээн зөвшөөрч, гэрээний бусад нөхцөлийг хэвээр үлдээж гэрээ байгуулж талууд гарын үсэг зурж баталгаажуулжээ.

 

Энэхүү хэлцлийн дагуу Б г ХХК нь зээлдэгч Г.Ит 3,760,000 төгрөгийг шилжүүлээгүй талаар  болон автомашиныг ил зогсоолд байршуулсан талаар мөн маргадаггүй.

Зээлдэгч Г.И нь дахин гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, төлбөр төлөгдөөгүй, улмаар зээлдүүлэгч гэрээний 1.3, 1.4-т заасныг үндэслэн 2016 оны 8 дугаар сарын 19-нд барьцаа хөрөнгө болох 42-67УНД улсын дугаартай Hyundai Migthy маркийн автомашиныг түргэн борлогдох үнэ болох 4,136,000 төгрөгөөр худалдан борлуулж зээлийн төлбөрийг төлж барагдуулсан болох нь Б г ХХК-ийн Б.Бтой байгуулсан “Тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах” гэрээгээр тогтоогдож байна. Гэрч Б.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “...тухайн үед намрын ажилд гарахаас өмнө том машин авах хэрэгцээ гарсан. Гэхдээ мөнгө төгрөгийн бололцоо тааруу байсан учраас нэлээн судалгаа хийж байгаад банк бус санхүүгийн байгууллагад хураагдсан автомашины талаар олж мэдээд, очиж үзэхэд ерөнхий шинж байдал нь нэлээн тааруу, муу, үнийн хувьд боломжийн байсан. Бид нар тухайн автомашиныг засаж янзлаад, нэлээн засвар үйлчилгээ хийгээд, орон нутаг руу аваад явсан. Тухайн машиныг авахад гэрэл асахгүй, торомз нь ажиллахгүй байсан. Тэгэхээр нь би өөрийнхөө унаж явсан машинаар чирээд, засварын газар аваачаад, сэлбэгээ аваад, засаж янзлаад орон нутаг руу явуулсан. ...Мотор нь гайгүй байсан учраас бусад зүйлийг засах боломжтой гэж үзэж авсан. Машины кузов хазгай, дугуй авах юмгүй байсан, хямдхан авсан учраас засвар их орсон, бид өөрсдийн бололцоонд тааруулан, аажим, аажмаар засаж янзалж, байсан. Одоо гэхдээ цаашаа борлуулсан...,  ...анх тус тээврийн хэрэгслийг 4,800,000 орчим төгрөгөөр авсан...” гэх мэдүүлгээр мөн дээрх зарагдсан үнийг дүн тогтоогдож байна.

Харин нэхэмжлэгч уг үнэлгээг эс зөвшөөрч,  зах зээлийн үнэлгээ 13,0-14,0 сая төгрөг байгаа гээд тус шүүхийн шүүгчийн 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 184/ШЗ2021/05705 дугаартай "Нэхэмжлэлийн буцаах тухай” шүүгчийн захирамжтай, Г.Иын нэхэмжлэлтэй, Б г ХХК-д холбогдох хохиролд 14,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээч томилуулан дүгнэлт гаргуулсан ба уг хэргээс нотлох баримтаар гарган ирүүлсэн Итгэлт-эйстимэйт ХХК-ийн үнэлгээний тайлан, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-иас гарган ирүүлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан, Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээний тайлан, Монголын хөрөнгийн хохирол үнэлгээчдийн холбооны хамтарсан багийн шинжээчийн дүгнэлт зэргийг тус тус үндэслэн 2016 оны 8 дугаар сарын 19-ний байдлаар маргаан бүхий автомашины үнийг 13,418,000 төгрөгөөр тооцон зөрүү үнэ болох 9,282,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.

            Нэхэмжлэгч Г.И нь 2015 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр байгуулсан зээлийн гэрээ болон түүнээс хойш хийгдсэн гэрээний сунгасан хугацаа, нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээний нийт хугацааг зөрчиж төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй, улмаар зээлийн гэрээний үүргээ биелүүлэх талаар Б г ХХК-иас 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр түүний оршин суух хаяг болох Баянгол дүүргийн 19-р хороо 4-р хороолол 57-р байрны 101 тоотод очиж зээлийг төлөх эцсийн боломжит хугацааг зааж, энэ үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох автомашиныг худалдан борлуулж гэрээнд заагдсан төлбөрийг төлж барагдуулах талаар мэдэгдэж гарын үсэг зуруулсан болох нь тогтоогдож байна. Мөн түүний хаягаар удаа дараалан зээлийн гэрээний үүргээ биелүүлэх талаар мэдэгдлийг хүргүүлж байсан бөгөөд өөрийн оршин суугаа хаяг дээрээ байхгүй байх, гар утас нь холбогдох боловч тэрээр утсаа аваагүй, амьдрах хаягаа өөрчилсөн талаар зээлдэгч Б г ХХК-нд мэдэгдээгүй болох Б г ХХК-ийн мэдэгдэх хуудас, түүн дээрх тайлбар тэмдэглэлээр тогтоогдож байна. Иймд түүнийг зээлийн гэрээний үүргээ хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн, зээлдэгч зээлийг эргэн төлүүлэх талаар арга хэмжээ аваагүй, улмаар нэхэмжлэгчид мэдэгдэлгүйгээр барьцааны зүйлийг худалдан борлуулсан гэж үзэх үндэслэлгүй юм. Учир нь зээлдэгч Г.И гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны зүйлийг талуудын харилцан тохиролцож тогтоосон үнээр бусдад худалдах тухай гэрээний заалтыг зөвшөөрч гарын үсэг зурсан нь гэрээний агуулга, нөхцлийг ойлгосон энэ талаар мэдсэн гэж үзэхээр байна. Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1-д хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана гэж заасан ба талууд гэрээгээр энэ талаар харилцан тохиролцсон байна. Иймд нэхэмжлэгчийн “...комиссын болон дуудлага худалдаагаар худалдан борлуулах хуульд заасан журмыг зөрчсөн...” гэх тайлбар үндэслэлгүй гэж үзлээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Г.Иоос Маяти маркийн автомашиныг ямар ч эвдрэл гэмтэлгүй хүлээлгэн өгсөн, автомашиныг хүлээлгэн өгөх үед акт үйлдээгүй гэх тайлбарыг гарган хэргийн 65-р талд авагдсан Автомашин хүлээлцэх акт №13 гэх баримтад зурагдсан гарын үсгийг өөрийн гарын үсэг биш гэж шинжээч томилуулсан ба Шүүхийн шинжилгээний хүрээлэнгээс 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 2006 тоот дүгнэлтийг гарган ирүүлсэн байна. Уг дүгнэлтээр уг баримтад зурагдсан Г.Иын гэх гарын үсэг шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн гарын үсгийн загваруудтай гарын үсгийн галиглал, ерөнхий хэлбэр зэрэг гарын үсгийн бүтцийг илэрхийлэх шинж тэмдэгүүдээрээ өөр байх тул харьцуулан шинжлэх боломжгүй гэжээ. Энэ нь уг гарын үсгийг Г.И зурсан эсхүл зураагүй болохыг шууд тогтоох боломжгүй, тухайн шинжилж буй гарын үсэг нь үл уншигдах байдлаараа өөр байх тул цаашид харьцуулан судлах боломжгүй гэсэн дүгнэлт хийсэн нь шүүх хуралдаанд гаргасан шинжээч Г.Оын мэдүүлгээр тогтоогдож байна.  Нэхэмжлэгч уг автомашиныг хүлээлгэн өгөх актад гарын үсэг зураагүй нь уг автомашиныг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлэн өгсөн үйл баримтыг мөн барьцааны гэрээнд заасны дагуу барьцаалагчийн эзэмшилд шилжүүлэн ил зогсоолд байршуулан, түргэн борлогдох үнэ буюу 4,136,000 төгрөгөөр бусдад зарж үндсэн зээл, хүүгийн төлбөрт бусад зардлыг гаргуулан авахаар гэрээний 1.3, 1.4-т заасан талуудын тохиролцоог үгүйсгэхгүй юм.

Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3-д Зээлдэгч зээлсэн мөнгө болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөөгүй тохиолдолд барьцаалан зээлдэх газар барьцаалагдсан хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийг хангуулах тухай зээлдэгчид нэн даруй бичгээр мэдэгдэнэ. Ийнхүү мэдэгдсэнээс хойш арав хоногийн дотор зээлдэгч үүргээ гүйцэтгээгүй бол барьцааны зүйлийг комиссын буюу дуудлага худалдаагаар худалдаж, борлуулсан үнийн дүнгээс үүргийг хангуулж үлдсэн мөнгийг буцаан олгоно гэж, энэ хуулийн 453 дугаар зүйлийн 453.2-т Зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйлийг үл маргах журмаар зээлдүүлэгчид шилжүүлэхээр гэрээнд заасан бол тухайн барьцааны зүйлийг гэрээний хугацаа дууссан өдрөөс эхлэн зээлдүүлэгч захиран зарцуулах эрхтэй. Энэ заалт зөвхөн хөдлөх эд хөрөнгөнд хамаарна гэж тус тус заасны дагуу зээлдүүлэгч Б г ХХК нь барьцаа хөрөнгө болох 42-67УНД улсын дугаартай Маяти маркийн автомашиныг гэрээнд заасны дагуу 4,136,000 төгрөгөөр бусдад худалдсан нь хууль зөрчөөгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

            Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч Г.Иын нэхэмжлэлийн бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн  163,470 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118  дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

                                         

                                                 ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.2, 156 дугаар зүйлийн 156.1, 158 дугаар зүйлийн 158.3 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Г.Иын Б г ХХК-д холбогдуулан гаргасан 9,282,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 163,470 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж  шийдвэрийг  өөрөө авах ба гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шийдвэрийг гардан авснаас  хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.       

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Ч.НЯМСҮРЭН