| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 129/2022/00474/И |
| Дугаар | 129/ШШ2022/00581 |
| Огноо | 2022-10-10 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 10 сарын 10 өдөр
Дугаар 129/ШШ2022/00581
| 2022 оны 10 сарын 10 өдөр | Дугаар 129/ШШ2022/00581 | Архангай аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: АЧСЗД
Хариуцагч: Б овогт Г.Б ,
Хариуцагч: А овогт С.О
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 13,569,900 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Б.Т
Прокурор Ц.Мөнхжаргал
Хариуцагч С.О
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Оюунгэрэл
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч АЧСЗД нь 13,569,900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
- Архангай аймгийн Чулуут сумын иргэн Г.Б, хамтран зээлдэгч С.О нар нь 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр тус сумын Сум хөгжүүлэх сангаас “Засвар үйлчилгээ” зориулалтаар 13,000,000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэй зээлийн гэрээ байгуулж авсан боловч зээлийн эргэн төлөлтийн хугацаа дууссан, зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй байна. Анх энэ зээлийг засвар үйлчилгээний зориулалттай авсан. Энэ чиглэлээрээ засвар үйлчилгээгээ явуулаад тодорхой хэмжээний орлого олсон гэж үзэж байгаа. Г.Б, хамтран зээлдэгч С.О нар нь 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн зээлийн гэрээгээр 13,000,000 төгрөг авсан боловч үндсэн зээлээс төлөөгүй, зээлийн хүүд 195,000 төгрөг төлсөн. Иймд иргэн Г.Б, хамтран зээлдэгч С.О нараас одоо үндсэн зээл 13,000,000 төгрөг, зээлийн хүүний төлбөр 569,900 төгрөг, нийт 13,569,900 төгрөг нэхэмжилж байна гэв.
3. Хариуцагч С.О шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Г.Б нь миний нөхөр. Уг зээлийг Б 2016 оны 08 дугаар сарын 13-ны өдөр авсан болно. Би энэ зээлийн гэрээнд гарын үсэг зураагүй, миний иргэний үнэмлэхийг л авч явсан. Г.Б 2019 оны 03 дугаар сарын 02-ны өдөр нас барсан. Уг зээлээр авсан тоног төхөөрөмжийг одоо Архангай аймгийн Чулуут суманд оршин суух дүү Ц, хүү Ц нар нь ашиглан үйл ажиллагаа явуулж байгаа болно. Би уг багаж хэрэгслээс нэгийг ч аваагүй, ашиглаагүй болно. Би зээлийг төлж чадахгүй. 2 хүүхдээ хараад ажилгүй байгаа гэв.
4. Прокурор Ц.Мөнхжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлийн гэрээгээр Г.Б, С.О нар нь 13.000.000 төгрөгийг жилийн 3 хувийн хүүтэй, 3 жилийн хугацаатай авсан гэх нөхцөл байдал нотлогдож байгаа. Хариуцагч Г.Б нь нас барсан. Энэ нь түүний нас барсны гэрчилгээгээр нотлогдож байгаа. Ийм учраас хамтран зээлдэгчээс зээлийн гэрээний үүргийг биелүүлэхээр нэхэмжлэл гаргасан нь үндэслэлтэй байна. Зээлийн гэрээний 3.15 дугаар зүйлд хамтран зээлдэгч нь зээлийн гэрээтэй холбогдон гарсан бусад төлбөр зардлыг бүрэн хариуцан арилгах үүргийг хүлээнэ гээд тодорхой заасан. Мөн хөөн хэлэлцэх хугацааны хувьд уг гэрээ нь 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 3 жилийн хугацаатай хийгдсэн. Тэгэхээр 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрөөс шаардах эрх үүснэ. Шаардах эрх үүссэнээс хойш 3 жилийн хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа яригдана. Энэ хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр дуусгавар болохоор байгаа боловч нэхэмжлэлийг АЧСЗД 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр шүүхэд гаргасан. Энэ нь Иргэний хуулийн 79 дүгээр зүйлд зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдах гэсэн заалтад хамаарч байгаа. АЧСЗД-ас тогтоосон журмаар нэхэмжлэл гаргаснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдаж байгаа. Ийм учраас хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна, нэхэмжлэл үндэслэлтэй байна. Хамтран зээлдэгч С.О-ы хувьд зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх үүрэгтэй гэв.
5. Нэхэмжлэгчээс:
- 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 03 дугаартай Сум хөгжүүлэх сангийн зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөх хуваарь болон Г.Б, С.О нарын иргэний үнэмлэхний хуулбар зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
6. Хариуцагчаас
- Г.Б-гийн нас барсны гэрчилгээг шүүхэд гаргаж өгсөн.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч АЧСЗД нэхэмжилсэн хариуцагч Г.Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох, хариуцагч С.О-д холбогдох 13,569,900 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
2. Нэхэмжлэгч доорхи үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
... Архангай аймгийн Ч сумын иргэн Г.Б, хамтран зээлдэгч С.О нар нь 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр тус сумын Сум хөгжүүлэх сангаас “Засвар үйлчилгээ” зориулалтаар 13,000,000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэй зээлийн гэрээ байгуулж авсан боловч зээлийн эргэн төлөлтийн хугацаа дууссан, зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй байна. Зээлийн хүүд 195,000 төгрөг төлсөн. Иймд иргэн Г.Б, хамтран зээлдэгч С.О нараас үндсэн зээл 13,000,000 төгрөг, зээлийн хүүний төлбөр 569,900 төгрөг, нийт 13,569,900 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
3. Хариуцагч нэхэмжлэлийг доорхи үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:
.. Би энэ зээлийн гэрээнд гарын үсэг зураагүй, миний иргэний үнэмлэхийг л авч явсан. Г.Б нь миний нөхөр, тэрээр 2019 оны 03 дугаар сарын 02-ны өдөр нас барсан. Уг зээлээр авсан тоног төхөөрөмжийг одоо Архангай аймгийн Ч суманд оршин суух дүү Ц, хүү Ц нар нь ашиглан үйл ажиллагаа явуулж байгаа болно. Би уг багаж хэрэгслээс нэгийг ч аваагүй, ашиглаагүй. Би зээлийг төлж чадахгүй. 2 хүүхдээ хараад ажилгүй байгаа гэжээ.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 03 дугаартай Сум хөгжүүлэх сангийн зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөх хуваарь, Г.Б-гийн нас барсны гэрчилгээ зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.а. АЧСЗД нь зээлдэгч Г.Б-д 13,000,000 төгрөгийг сарын 0,25 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, авто засвар, сэлбэг хэрэгслэлийн зориулалтаар зээлдүүлж 2016 оны 09 сарын 23-ны өдрийн 03 дугаартай зээлийн гэрээ бичгээр байгуулжээ. Талууд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ байгуулсан байна.
Зохигчийн байгуулсан зээлийн гэрээний 1.1-д зээлдэгч Г.Б-тэй харилцан тохиролцож гэрээ байгуулахаар зааж, гэрээнд зээлдэгч Г.Б гарын үсэг зурж мөн гэрээнд батлан даагч гэж гарын үсэг /гарын үсгийн тайлалгүй/ зурсан бөгөөд хариуцагч С.О шүүх хуралдаанд “би гэрээнд гарын үсэг зураагүй” гэж тайлбарлаж байна. Гэрээнд зурагдсан гарын үсэг С.О-ых мөн эсэхийг тогтоолгох талаар зохигч, хэргийн оролцогчоос хүсэлт гаргаагүй.
Нэхэмжлэгч АЧСЗД нь С.О-ыг хамтран зээлдэгчээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж, прокурор “зээлийн гэрээний 3.15-т хамтран зээлдэгч нь зээлийн гэрээтэй холбогдон гарсан бусад төлбөр зардлыг бүрэн хариуцан арилгах үүргийг хүлээхээр заасан тул хамтран зээлдэгчийн хувьд С.О зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийг биелүүлэх үүрэгтэй” гэж тайлбарлаж байна.
Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д “үүрэг гүйцэтгэгчийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгч гэнэ”, Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1-д “батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгч өөрийн үүргийг гүйцэтгэж чадна гэж үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө баталж, гүйцэтгэхгүй бол өөрөө хариуцах үүрэг хүлээнэ”, 459 дүгээр зүйлийн 459.1-д “хуульд өөрөөр заагаагүй бол батлан даалтын гэрээг бичгээр байгуулна” гэж заасан.
2016 оны 09 сарын 23-ны өдөр байгуулсан сум хөгжүүлэх сангийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг зээлдэгч Г.Б-тэй С.О хамтран хариуцахаар, мөн Г.Б-гийн өмнөөс С.О бүрэн болон нөхөх хариуцлага хүлээхээр гэрээнд заагаагүй, энэ талаар талууд гэрээнд харилцан тохиролцож С.О-тай бичгээр гэрээ байгуулаагүй байх тул АЧСЗД, С.О нарын хооронд Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д заасан үүргийн харилцаа үүсээгүй байна.
Иймд нэхэмжлэгч АЧСЗД нь зээлдэгч Г.Б-тэй байгуулсан зээлийн гэрээний үүргийг С.О-аас шаардах эрхгүй бөгөөд энэ үндэслэлээр Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч С.О-аас зээлийн гэрээний үүрэг 13,569,900 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
4.б. Зээлдэгч Г.Б 2019 оны 03 дугаар сарын 02-ны өдөр нас барсан нь нас барсны 0000210495 дугаар гэрчилгээгээр тогтоогддог бөгөөд зохигч энэ талаар маргаагүй.
Хариуцагч С.О нь зээлдэгч С.Б-н эхнэр боловч нэхэмжлэгч түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамтран хариуцагчаар оролцуулсан, зохигч, хэргийн оролцогч түүнийг эрх залгамжлагчаар оролцуулах талаар хүсэлт гаргаагүй тул С.О-ыг маргаантай үүргийн эрх залгамжлагчаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон гэж үзэхгүй.
Зээлдэгч Г.Б-гийн 2016 оны 09 сарын 23-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үүрэг эрх залгамжлагчид шилжээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.10-т заасан үндэслэл шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх үед тогтоогдож байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар Чулуут сумын Засаг даргын нэхэмжлэлтэй, Г.Б-д холбогдох 13,569,900 төгрөг гаргуулах тухай хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
5. АЧСЗД нэхэмжлэл Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдснийг дурьдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар АЧСЗД-ын нэхэмжлэлтэй хариуцагч Г.Б-д холбогдох 13,569,900 төгрөг гаргуулах тухай хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар хариуцагч С.О-аас 13,569,900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч АЧСЗД-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар энэ нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдснийг дурдсугай.
4. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
5. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАЙГАЛМАА