| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатарнямын Одбаяр |
| Хэргийн индекс | 305/2025/0171/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/178 |
| Огноо | 2025-08-13 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Х.Гүнжидмаа |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 08 сарын 13 өдөр
Дугаар 2025/ШЦТ/178
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Одбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь,
Улсын яллагчаар ахлах прокурор Х.Гүнжидмаа,
Шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ө.Манзуширын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.М-т холбогдох 2516000500191 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 2004 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Говь-Алтай аймгийн ****** суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эцэг, дүүгийн хамт Говь-Алтай аймгийн **** сумын *** багийн *** тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, **** регистрийн дугаартай, Ш ургийн овгийн Б-ийн М
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.М нь 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр нь Iphone-13 pro max загварын гар утас унаанд тавьсан хэмээн итгүүлэн хохирогч О.Цээс 500,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн ********* дугаарын дансанд шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.М нь 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр нь Iphone-13 pro max загварын гар утас унаанд тавьсан хэмээн итгүүлэн хохирогч О.Ц-ээс 500,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн ********* дугаарын дансанд шилжүүлэн авч залилсан үйл баримт тогтоогдож байна.
Дээрх үйл баримт нь хохирогч О.Цийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн“...Би 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Фейсбүүк үзээд байж байтал фейсбүүк дээр **** гэсэн нэртэй хэрэглэгч зар байршуулсан байсан. Би уг зарын дагуу тухайн хэрэглэгчтэй чатаар холбогдоод утас зарах юм уу? Утасны зураг үзье гэтэл над руу холбоо барих дугаараа өгсөн. Тэгээд би тухайн өгсөн ***** дугаар руу холбогдоход мөнгөө хийчих юм бол шууд шуудангаар явуулна. Эсхүл 06 цагийн автобусанд тавьж явуулж болно гэсэн. захиалсан тэр үедээ би мөнгөө шилжүүлээгүй яг унаанд тавих үедээ хийнэ гээд автобусанд тавьж явуулж болно оо гэсэн. Би Iphone-13 pro max загварын гар утас хийгээгүй. Тэгээд 06 цагийн автобусанд тавина гээд амжаагүй. Нэг аймгийн унаа олчихлоо гээд над руу ярьсан. **** ГАА гэсэн приус-41 маркийн тээврийн хэрэгсэлд тавилаа гээд жолоочийнх нь дугаарыг өгөөд би жолооч руу нь ярьсан. Тэр үед жолооч нь ачааг чинь авчихлаа гээд надтай ***** гэсэн дугаараас ярьсан. Тэгээд би 2024 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 20:04 минутад утас гэсэн утгатай 500,000 төгрөгийг ********* гэсэн данс руу хийсэн. Энэ явдлаас хойш 5 өдрийн дараа тухайн тээврийн хэрэгслийн жолоочтой уулзаад хотоос танд дайгдан ирсэн бараагаа авъя гэтэл тэр миний машинд утас дайна гээд байсан хүн чинь хэдэн минутын дараа эргэж манайд ирээд наад тавиулсан барааны чинь эзэн мөнгөө хийхгүй байна гээд эргүүлээд аваад явсан гэж хэлсэн. Тэгээд би залилуулснаа мэдсэн.,.2025 оны 03 дугаар сарын 27-ны өдөр миний фейсбүүк чатаар ***** гэсэн хаягаас 14 цаг 30 минутаас хойш нэг хүн байна уу гээд бичээд байхаар нь би нэлээн хугацааны дараа байна гэж бичихэд та уурлуузай би нөгөө утас зарна гээд танаас мөнгө авсан залуу байна. Та дугаараа өгөөч, би тантай ярих гэсэн юм гэхээр би чи миний дугаараар яах нь вэ гэхэд би нөгөө танаас мөнгө авсан залуу байна. Таны мөнгийг хийх гэсэн юм. Би харин өөрөө Сэлэнгэ аймгийн хөдөө байна. Сүлжээгүй байсаар байгаад одоо л сүлжээтэй болоод байна. Тэгээд тантай ярих гэсэн юм. Гэхээр нь би утасныхаа дугаараа бичсэн, за манай авга ах тань руу залгаж ярих байх би харин сүлжээ байдаггүй гэсэн. Тэгээд 15 цаг өнгөрч байхад Б гэх нэртэй хүн нэрээ хэлээд миний утсанд залгаж орж ирээд манай хүү өөрөөс чинь хэдэн төгрөг авсан юм бэ? Ах нь хүүгийнхээ өмнөөс мөнгө төгрөгийг чинь төлөөд өгье. Та цагдаад өгсөн гомдлоо буцааж авч болох уу гэсэн тэгээд миний өөрийн хаан банкны ******* тоот дансанд 500,000 төгрөг хийсэн байсан. Надад гомдол санал байхгүй, Надад өөр нэмж ярих зүйл байхгүй. Миний ярьсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 54-55, 58-59 хуудас/,
2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 5337/23/95 дугаартай Хаан банкны албан бичиг, Хаан банкны ********* тоот данс эзэмшигч Б.М-ын харилцах дансны хуулга, 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр мөрдөгч, цагдаагийн ахмад Х.Жүгдэрнамжилын Хаан банкны ********* тоот дансанд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, /хх-ийн 29-37-р хуудас/,
2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 5337/25/182 дугаартай Хаан банкны албан бичиг, Хаан банкны ******* тоот данс эзэмшигч Б.Мын харилцах дансны хуулга, 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдөр мөрдөгч, цагдаагийн ахмад Х.Жүгдэрнамжилын Хаан банкны 5315437357 тоот дансанд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, /хх-ийн 34-37-р хуудас/
Хохирогч О.Цийн Хаан банкны ******* тоот харилцах дансны хуулга, 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдөр мөрдөгч, цагдаагийн ахмад Х.Жүгдэрнамжилын тус дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, /хх-ийн 38-40-р хуудас/,
Хохирогч О.Ц-ээс гаргасан сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй гэх хүсэлт, /хх-ийн 77-р хуудас/,
Хохирогч О.Цт 500,000 төгрөгийн хохирол төлсөн баримт, /хх- ийн 05-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна гэж дүгнэлээ.
Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд улсын яллагчийн хүсэлтээр шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Залилах гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг мэдсээр байж бусдыг үгээр болон үйлдлээр төөрөгдөлд оруулах, хуурч мэхлэх аргаар авахын зэрэгцээ уг эд хөрөнгийг анхнаасаа буцаан хариу төлбөр хийхгүйгээр өөрийн болгох санаа зорилго, сэдэлтийг агуулсан байдаг бөгөөд гэмт хэргийн сэдэлт, санаа зорилгынхоо шинжээр бусад төрлийн гэмт хэрэг болон иргэний эрх зүйн маргаанаас ялгагддаг.
Өөрөөр хэлбэл бусдын эд зүйлс, өмч хөрөнгийг өөрийн болгож, ашиг олох, шунахайн сэдэлт зорилгоор бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан өөрийн мэдэлд авах үйлдлээс гадна ирээдүйд эд зүйлс, өмч хөрөнгийг өөрийн мэдэлдээ оруулж, буцааж өгөхгүй ашиглах, захиран зарцуулах эрхийг олж авдгаараа ялгагдана.
Түүнчлэн залилах гэмт хэргийн арга болох хууран мэхлэлт нь идэвхтэй болон идэвхгүй хэлбэрээр явагддаг. Идэвхтэй хууран мэхлэлт нь өмчлөгч болон бусад эзэмшигчийг хуурамч мэдээллээр төөрөгдүүлэх замаар эд зүйлс, өмч хөрөнгө өмчлөгчид гэмт этгээд өөрийн үйлдлийг хууль ёсны гэсэн хуурамч сэтгэгдэл төрүүлэх аргаар үйлдэгддэг.
Иймд Говь-Алтай аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зав, шүүгдэгчийн хууль бус үйлдэл нь тус гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч Б.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.М нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.М нь хохирогч О.Ц-т хохирол 500,000 төгрөгийг төлсөн/хх05/, хохирогч нь сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй гэсэн хүсэлт гаргасан/хх77/ байх тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг бүрэн төлсөн, бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
2.Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Б.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирол төлбөргүй байдал нь хуульд заасан шаардлагыг хангаж байгаагаас гадна шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг шүүгдэгч Б.М-т танилцуулсан зэрэг нь хуульд нийцсэн байна.
Шүүгдэгч Б.М-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч Б.М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг, шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.
Иймд шүүгдэгч Б.М-т Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Б.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, уг ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж шийдвэрлэлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш ургийн овгийн Б-ийн М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-ыг 450(дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-т оногдуулсан 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгийн торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь уг торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
4. Шүүгдэгч Б.М-т оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавих үүргийг Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.
5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОДБАЯР