| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинжавын Ганболд |
| Хэргийн индекс | 101/2022/05142/И |
| Дугаар | 101/ШШ2022/04368 |
| Огноо | 2022-10-21 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 10 сарын 21 өдөр
Дугаар 101/ШШ2022/04368
| 2022 10 21 | 101/ШШ2022/04368 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Г даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д ХХК -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: З” ХХК -д холбогдох,
257,058,375 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.П нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Д” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний төлөөлөгч М.С нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч “Д” ХХК нь хариуцагч “З” ХХК-тай 2020 оны 08 дугаар сарын 28-ний өдөр №20/51 “Асфальт бетон нийлүүлэх гэрээ”-г байгуулсан. Энэхүү гэрээний дагуу нийлүүлэгч нь 1250,65 тонн өнгө асфальт бетон хольцыг /1 тонн*175000/ 218,863,750 төгрөг, суурь асфальт бетон хольц 470.05 тонн /1 тонн*170000/ 79,908,500 төгрөг нийт 298,772,250 төгрөгийн бүтээгдэхүүн нийлүүлсэн. Гэрээний нийт төлбөрөөс гэрээний урьдчилгаанд 127 400 000 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэгдэл 171,372,250 төгрөгийг 2020 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн дотор төлөхөөр тохиролцсон бөгөөд үлдэгдэл төлбөрийг 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр мэйл хаягаар тооцоо нийлсэн акт илгээж үлдэгдэл төлбөрийг баталгаажуулсан.
Гэвч захиалагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бөгөөд удаа дараа төлбөр төлөх тухай Т.А /гүйцэтгэх захирал/-ын дугаараар мэдэгдэж, Х /нягтлан/-тай утсаар холбогдсон ч “З” ХХК нь өнөөдрийн байдлаар ямар ч төлөлт хийгээгүй байна. Иймд Асфальт бетон хольц нийлүүлэх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул үндсэн төлбөр болон гэрээгээр тохирсон алдангийг нэхэмжилж байна.
- Гэрээний дагуу төлөх төлбөр 171,372,250 төгрөг
- Асфальт бетон нийлүүлэх гэрээний 2 дугаар зүйлийн 2.2-д “ Энэхүү гэрээний 2.2-т заасан хугацаанд төлбөрийг төлж дуусаагүй бол төлөгдөөгүй үнийн дүнгээс хоног тутамд 0,5 хувийн алданги тооцно.” гэж заасны дагуу 2020 оны 09-р сарын 05-ны өдөр төлөх 171,372,250 төгрөгийг 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл /410 хоног*856,861.25/ 351,313,112 төгрөгийг алдангид төлөх хэдий ч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д “Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж заасны дагуу 85,686,125 төгрөг
Нийт: 257 058 375 төгрөгийг нэхэмжилж байна.
Хариуцагчтай 2020.8.28-нд бетон нийлүүлэх гэрээ байгуулсан. Улмаар 1,250 тонн буюу 298,772,250 төгрөгийн асфальт нийлүүлсэн. 127,400,000 урьдчилгаад төлсөн. Үлдэгдэл нь 171,372,250 болно. Төлбөрөө 2020.10.20-нд төлөх байсан. Өнөөдрийн болтол төлөөгүй. Утсаар холбогдоод 2 жил болж байна. Олон удаа санал асуусан. Гэрээнд зааснаар алданги тооцсон. Нэхэмжлэл гаргах хүртэл 410 хоног байсан боловч 50 хувиар алдангийг тооцсон. Хариуцагч нь үндсэн төлбөрийг тайлбараараа зөвшөөрсөн байна. Бид холбогдож ярилцах гэсэн боловч утсаа аваагүй гэв.
Хариуцагч “З” ХХК нь шүүхэд гаргасан тайлбартаа: “Д” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлд алдангийн хэмжээг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Нэхэмжлэгч нь шүүхэд: 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 20/51 дугаар асфальт бетон хольц нийлүүлэлтийн гэрээний хуулбар /хх12-15/, төлбөр тооцооны хураангуй тайлан /хх21/-г нотлох баримтаар ирүүлсэн.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх дараах үндэслэлээр хариуцагчаас 257,058,375 төгрөг гаргуулж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч “Д” ХХК нь гэрээний үндсэн төлбөрт 171,372,250 төгрөг, алданги 85,686,125 төгрөг, нийт 257,058,375 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч “З” ХХК нь гэрээ байгуулагдаж бүтээгдэхүүн олгогдсон, 171,372,250 төгрөгийн төлбөр төлөгдөөгүй талаар маргаагүй боловч алданги төлөхгүй гэж маргаж байна.
Хариуцагч нь 2022 оны 09 дүгээр сарын 21-ны өдөр Т.А-т итгэмжлэл олгосноор шүүх тус өдөр хариуцагчийн төлөөлөгчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг тайлбарласан. Улмаар өнөөдрийн шүүх хуралдааны товыг хариуцагчийн төлөөлөгчид 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр утсаар мэдэгдэхэд тэрээр ойлголоо гэж хариулсан байна. /хх38/
Хариуцагчийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, ямар нэг хүсэлт гаргаагүй тул түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй.
Зохигчид 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр асфальт бетон хольц нийлэлтийн гэх нэртэй гэрээ байгуулсан байна. /хх12-15/
Гэрээгээр нэхэмжлэгч нь 1 тонн нь 175,000 төгрөгийн үнэ бүхий 1,188.7 тонн, 1 тонн 170,000 төгрөгийн үнэ бүхий 470,050 тонн асфальт бетон хольц нийлүүлэх, хариуцагч нь гэрээ байгуулагдсан өдөр 30,000,000 төгрөг, бүтээгдэхүүн нийлүүлж эхлэх өдөр 40,000,000 төгрөг, 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 57,400,000 шилжүүлнэ. Үлдэх 160,531,000 төгрөгөөс 50531,000 төгрөгийг 2020 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр, 110,000,000 төгрөгийг 2020 оны 10 дугаар сарын 01-ны өдөр тус тус төлөхөөр тохиролцсон байна.
Уг гэрээг бүхэлд нь үзвэл зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүсжээ.
Нэхэмжлэгч нь нийт 298,772,250 төгрөгийн бүтээгдэхүүн нийлүүлж, улмаар 124,400,000 төгрөг төлөгдсөн, үлдэх 171,372,250 төгрөгийн үнэ төлөгдөөгүй гэж тайлбарласан.
Хэрэгт байгаа тооцооны үлдэгдлийн баталгаа болон хариуцагч “З” ХХК-ийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 20-12/06 дугаар албан тоот нь нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул шийдвэрийн үндэслэл болохгүй. /хх16-17/
Гэвч хариуцагч нь шүүхэд ирүүлсэн тайлбараараа үлдэгдэл төлбөрийн талаар маргаагүй байна. /хх35/
Иймд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа нь мэтгэлцээний зарчмаар явагдах тул зохигчдын маргаагүй зүйлийг шүүх нотлох шаардлагагүй тул хариуцагчийг 171,372,250 төгрөгийн үнэ төлөх үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй.
Гэрээний 2.4-т талууд алдангийн талаар тохиролцсон байна.
Гэрээний 2.2-т зааснаар сүүлийн төлбөрийг 2020 оны 10 дугаар сарын 01-ны өдөр төлөхөөр тохиролцсон боловч нэхэмжлэгчийн төлөөлөгч нь 20-нд төлөхөөр дахин тохиролцсон талаар тайлбарлаж байх тул энэ хугацаанаас хойш алдангийг тооцно.
Нэхэмжлэгч нь шүүхэд 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэл гаргасан тул төлбөр төлөх хугацаа 1 жил, 9 сар, 26 хоног буюу нийт 664 хоногоор хэтэрчээ.
Гүйцэтгээгүй үүрэг болох 171,372,250 төгрөгөөс гэрээний 2.4-т зааснаар 0.5 хувиар алданги тооцвол хоногт 856,861.25 төгрөг, 664 хоногт 568,955,870 төгрөгийн алданги тооцогдоно.
Улмаар нэхэмжлэгч нь алдангид 85,686,125 төгрөг шаардсан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг зөрчөөгүй байна.
Хариуцагч нь алдангийг зөвшөөрөхгүй гэж маргасан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар өөрийн татгалзлын үндэслэлийг тайлбарлаж, нотлоогүй, холбогдох баримтыг шүүхэд ирүүлээгүй.
Иймд хариуцагчаас гэрээний үндсэн үнэ 171,372,250 төгрөг, алданги 85,686,125 төгрөг, нийт 257,058,375 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс иргэний эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай.
Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,443,242 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1,443,242 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч “З” ХХК-с худалдах худалдан авах гэрээний үүрэгт нийт 257,058,375 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Д” ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,443,242 төгрөг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1,443,242 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД