| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 142/2022/01594/И |
| Дугаар | 142/ШШ2022/01360 |
| Огноо | 2022-10-17 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 142/ШШ2022/01360
2022 10 17 142/ШШ2022/01360
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Шанд баг манханы 2-37 тоотод оршин суух, Боржигон овогт Бооройн Ганхуяг /Регистрийн дугаар: ФА89061917, 88062249/-т холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 4,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: О.Чулуун,
Хариуцагч: Б.Ганхуяг,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Энэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.Чулуун шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: О.Чулуун миний бие 2021 оны 04 дугаар сарын 25-нд Б.Ганхуяг түүний хүргэн Мөөжиг буюу Мөнгөнхүлэг нараас 0,7 га хашааг таллаж худалдан авч Б.Ганхуягийн Хаан банкны 52 дугаартай дансанд 4,000,000 төгрөгийг шилжүүлж өгсөн. Түүнээс хойш 1 жил 5 сарын хугацаанд хашааны бичиг баримтаа ч өгөхгүй өдий хүрлээ. Надад зарсан хашаа нь өөр хүний нэр дээр ч байж болзолшгүй болоод байна. Иймд өргөдлийн дагуу дээрх хүмүүсийг нягтлан шалгаж миний өгсөн 4,000,000 төгрөгийг гаргуулан өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Ганхуяг шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Б.Ганхуяг, Э.Мөнгөнхүлэг бид хоёр 4,000,000 төгрөгийг авсан нь үнэн. Энэ хүний хохирлыг барагдуулна. Миний бие хашаа байшингаа зарж байж хохирлыг барагдуулахад бэлэн байна гэжээ.
Нэхэмжлэгчээс: 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжинд 78,950 төгрөг, О.Чулууны иргэний үнэмлэхний хуулбар, депозит дансны хуулга, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, гэрээ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
Хариуцагчаас: шүүхэд гаргасан хариу тайлбар /хх-16/-ыг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
О.Чулууны нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Нэхэмжлэгч О.Чулуун нь хариуцагч Б.Ганхуягт холбогдуулан 4,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч нь 0,7 га хашааг таллаж худалдан авч Б.Ганхуягийн Хаан банкны 52 дугаартай дансанд 4,000,000 төгрөгийг шилжүүлж өгсөн. Түүнээс хойш 1 жил 5 сарын хугацаанд хашааны бичиг баримтаа ч өгөхгүй өдий хүрлээ. Надад зарсан хашаа нь өөр хүний нэр дээр ч байж болзолшгүй болоод байна гэж нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэлийг тайлбарлаж байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрч энэ талаар маргахгүй байна.
Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан байх бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчид 4,000,000 төгрөгийг шилжүүлснийг хариуцагч хүлээн авсан боловч хашааны гэрчилгээг шилжүүлээгүй болох нь хэрэгт авагдсан гэрээ болон дансны хуулгын баримтуудаар батлагдаж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Ганхуягаас 4,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.Чулуунд олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч О.Чулууны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78,950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Б.Ганхуяагаас 78,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.Чулуунд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН