Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 2025/ШЦТ/179

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Одбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь,

Улсын яллагчаар ахлах прокурор Х.Гүнжидмаа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ,

Шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Ундармаагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Г-д холбогдох 2516000000131 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, халх, 2000 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, аав, ээж, дүү нарын хамт Говь-Алтай аймгийн ***** сумын **** багийн *** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, мөн Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус эрүүгийн хариуцлага хүлээж байсан, **** регистрийн дугаартай, М овгийн Б-ийн Г.

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.Г нь Говь-Алтай аймгийн **** сумын **** багийн нутаг дэвсгэрт 2025 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 13 цаг 50 минутад улсын дугааргүй, **** ГАА улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар жолоодон замын хөдөлгөөнд оролцсон оролцсон гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Гэм буруугийн талаар: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсанд тооцуулсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

Шүүгдэгч Б.Г нь Говь-Алтай аймгийн *** сумын *** багийн нутаг дэвсгэрт 2025 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 13 цаг 50 минутад улсын дугааргүй, *** ГАА улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар жолоодож замын хөдөлгөөнд оролцсон үйл баримт тогтоогдож байна.

Дээрх үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны үед хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан:

1. Шүүгдэгч Б.Г-ийн шүүх хуралдаанд “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа учир шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй...” гэх /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

2. Гэрч Ц.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Говь-Алтай аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасагт цагдаа зохицуулагчаар ажилладаг. 2025 оны 05 дугаар сарын 10-нд шугам замын эргүүлийн үүрэг гүйцэтгэж байгаад *** багийн нутаг дэвсгэр *** хөшөөний урд талын засмал зам дээр **** ГАА улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад Б.Г нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон байсан. Тухайн үед эрүүлжүүлэх байранд аваачиж драгер үлээлгэхэд 0,94 хувийн согтолттой байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 21 дүгээр хуудас/,

3. Гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 01 дүгээр хуудас/,

4. Цагдаагийн ерөнхий газрын “2024.09.25-2025.09.25-ны өдөр хүртэл эрх хасагдсан” гэх лавлагаа /хх-ийн 08 дугаар хуудас/,

5.   2025 оны 05 дугаар сарын 10-ны өдөр жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, Физик химийн хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын гэрчилгээ /хх-ийн 06-07 дугаар хуудас/,

6.   Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 2024/ЗШ/*** дугаартай шүүгчийн шийтгэврийн хуулбар /хх-ийн 17-19 дүгээр хуудас/,

7. Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 2024/ЗШ/*** дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 36-40 дүгээр хуудас/,

8.   Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 2025/ШЦТ/*** дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 41-47 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар хөтөлбөргүй тогтоогдлоо.

 

Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгоно.

 

Шүүхээс тогтоосон дээр дурдсан хэргийн нөхцөл байдлаар шүүгдэгч нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарласан, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч согтуурсан мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, бүрэн төгссөн гэмт хэрэг байна гэж үзнэ.

 

Прокуророос шүүгдэгч Д.Г-ийн үйлдлийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийн шинжээр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хэргийг зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

   Иймд шүүгдэгч Д.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар талуудаас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй болно.

 

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд ... эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Д.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Хавтаст хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч нь хэрэг хариуцах чадвартай эсэх болон түүний сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдлыг зорилгоор шүүгдэгч Д.Г-ийн “2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 2024/ШЦТ/*** дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан” гэсэн шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 36-40 дүгээр хуудас/, Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 2025/ШЦТ/**  дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 41-47 дугаар хуудас/, шүүгдэгч Д.Г-ийн “... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг/шүүх хуралдааны тэмдэглэлээс/, Д.Г-ийн ялын тооцооны тодорхойлолт/хх58 дугаар хуудас/, гэрлэсний бүртгэлгүй гэх лавлагаа/хх49 дүгээр хуудас/, эд хөрөнгийн бүртгэлгүй лавлагаа/хх50 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хх51 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан.

 

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч Б.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж өмнөх шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн тээврийн хэрэгсэл жолоодох эрх 4 сар 1 хоногийг нэмж нэгтгэн 1 жил 4 сар 1 хоногийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлтийг, шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс торгох ял оногдуулж өгнө үү гэсэн саналыг тус тус гаргаж оролцсон бөгөөд Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.

 

Шүүгдэгч Д.Г-ийн шинээр үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд харин 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн”-ийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

 

Эрүүгийн хариуцлагын зорилго нь тухайн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд чиглэсэн байдаг ч түүний бусад тулгуур эрхийг хууль бусаар зөрчихгүй байх нь чухал бөгөөд шүүгдэгч Д.Г-д холбогдох хэргийн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, түүний хувийн байдал, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал, өмгөөлөгчийн санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2(хоёр) жил 2(хоёр) сарын хугацаагаар хасаж, 8,000(найман мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу буюу 8,000,000(найман сая) төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Д.Г урьд нь Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 сарын 29-ний өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулж, 3 сар 20 хоногийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгүүлсэн бөгөөд тухайн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацаа дуусаагүй байна.

 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах эрхийг 2 жил 2 сарын хугацаагаар хасах ял дээр  Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 2024/ШЦТ/*** дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан  тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах ялаас эдлээгүй үлдсэн 4 сар 1 хоногийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 6 сар 1 хоногийн хугацаагаар тогтоолоо.

 

Шүүгдэгч Б.Г-д оногдуулсан 8,000(найман мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу буюу 8,000,000(найман сая) төгрөгөөр торгох ялыг 5(тав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1(нэг) хоногоор тооцон хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулав.

 

Шүүгдэгч Б.Г-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолох бөгөөд шүүгдэгчид оногдуулсан ялын биелэлтэд хяналт тавих үүргийг Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулав.

 

Энэ хэрэгт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч  М овгийн Б-ийн Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2(хоёр) жил 2(хоёр) сарын хугацаагаар хасаж, 8,000(найман мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу буюу 8,000,000(найман сая) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жил 2 сарын хугацаагаар хасах ял дээр  Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 2024/ШЦТ/*** дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан  тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах ялаас эдлээгүй үлдсэн 4 сар 1 хоногийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 6 сар 1 хоногийн хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-д оногдуулсан 8,000(найман мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу буюу 8,000,000(найман сая) төгрөгөөр торгох ялыг 5(тав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1(нэг) хоногоор тооцон хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

7. Шүүгдэгчид оногдуулсан ялын биелэлтэд хяналт тавих үүргийг Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.

8. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

10. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Б.ОДБАЯР