| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2022/04353/И |
| Дугаар | 102/ШШ2022/03582 |
| Огноо | 2022-10-19 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 10 сарын 19 өдөр
Дугаар 102/ШШ2022/03582
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч:.... тоотод оршин суух, регистр ...., Б...овогт К...н А....,
Хариуцагч:.... тоотод оршин суух, регистр ..., Б... овогт Н...гийн Д....,
Нэхэмжлэлийн шаардлага:14 962 500 төгрөг гаргуулах тухай хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С..., өмгөөлөгч Ю.Б..., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Назгүль оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч К.А... нь хариуцагч Н.Д...д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 14 962 500 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд:
Н.Д...тэй 2019 оны 12 сарын 20-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан. Тус зээлийн гэрээгээр 11 250 000 төгрөгийг 6 сарын хугацаатай нэг сарын 5 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн.Н.Д...д Зээлийн гэрээг байгуулсан өдрөө 11 250 000 төгрөгийг бэлнээр өгсөн.Н.Д... нь 2020 оны 1 сараас эхлэн зээлсэн мөнгөний хүүг төлөх ёстой байсан боловч өнөөдрийг хүртэл хүү гэж мөнгө өгөөгүй юм. 2020 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр зээлийн үндсэн төлбөр болох 11 250 000 төгрөгөөс 9 000 000 төгрөгийг төлсөн.Үндсэн зээлийн үлдэгдэл нь 2 250 000 төгрөг юм.Нэг сарын төлөх хүү 562 500 төгрөг болж байгаа бөгөөд 2020 оны 09 сарын 20-ний өдөр хүртэлх нийт 9 сарын хүү бодоход 5 062 500 төгрөг, 2020 оны 09 сарын 20-ний өдөр 9 000 000 төгрөгийг зээлийн үндсэн мөнгөнөөс өгсөн ба үлдэгдэл 2 250 000 төгрөгийн нэг сарын 5 хувийн хүүгээр бодоход 112 500 төгрөг болох бөгөөд 2022 оны 9 дүгээр сарын 13-ний өдрийг хүртэл нийт 23 сарын хүүг тооцоолоход 2 587 500 төгрөг болж байна.Зээлийн гэрээний 3 дах заалтад зээлдэгч нь үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй тохиолдол гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцох эрхтэй гэж заасан байх бөгөөд 11 250 000 төгрөгийн өдрийн 0.5 хувийн алданги нь 56 250 төгрөг болж байх бөгөөд 2020 оны 6 сарын 20-ний өдрөөс 2020 оны 9 сарын 20-ний өдрийг хүртэл нийт хоногийн 5 062 500 төгрөг болж байна. Н.Д...гээс зээлийн гэрээний үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй тул зээлийн гэрээний үүрэгт үндсэн төлбөр 2 250 000 төгрөг, хүү 7 650 000 төгрөг, алданги 5 062 500 төгрөг нийт 14 962 500 төгрөгийн нэхэмжилж байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Зээлийн гэрээгээр 11 250 000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 0.5 хувийн алдангитай зээлсэн, хариуцагчаас буцааж төлсөн 9 000 000 төгрөгт маргахгүй, 11 250 000 төгрөгөөс төлсөн гэх 9 000 000 төгрөгийг хасахаар 2 250 000 төгрөг үлдэж байгаа бөгөөд үүн дээр зээлийнхээ хүү алдангийг нэмээд нийт 7 875 000 төгрөгийг нэхэмжилж байна.Шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ хэмжээг багасгаж үндсэн зээлийн үлдэгдэл 2 250 000 төгрөг, зээлийн хүү 5 062 500 төгрөг, алданги 562 500 төгрөг нийт 7 875 000 төгрөгийг гаргуулна гэв.
Хариуцагч хариу тайлбартаа:Н.Д... нь 2019 оны 3 сард К.А...аас 3 000 000 төгрөг зээлж аваад сар бүр 5 хувиар тооцон 150 000 төгрөг төлж явсаар 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүүд 150 000 төгрөг, үндсэн зээлээс 1 750 000 төгрөг нийт 1 900 000 төгрөг төлж, гэрээний 1 250 000 төгрөгийн өртэй үлдсэн байхдаа нэмж 10 000 000 төгрөг зээлэх хүсэлт гаргахад А... нь 10 000 000 төгрөг дээр гэрээ хийж байж мөнгө өгнө гэсэн тул нотариат дээр 10 000 000 төгрөг зээлдүүлэх гэрээ хийхдээ урд авсан зээлийн үлдэгдэл 1 250 000 төгрөгийг нэмж 11 250 000 төгрөг зээлдүүлэх гэрээ хийж гарын үсэг зуруулсан боловч гэрээ байгуулсны дараа 5 000 000 төгрөг бэлнээр өгөөд 5 000 000 төгрөгийг 3 хоногийн дараа нэмж өгөхөөр тохирсон боловч өгөөгүй байдаг.Н.Д... авсан 6 250 000 төгрөгтөө 2020 оны 11 сар хүртэл сар бүр 5 хувиар тооцож 312 500 төгрөг төлж, 11 сард нийт 3 450 000 төлж, 2020 оны 11 сарын 5-нд үндсэн зээл 6 250 000 төгрөгийг төлж, урд нь өгсөн 55 кг адууны махыг 1 кг-ыг нь 8000 төгрөгөөр бодож 400 000 төгрөгт тооцон өгснөө нэмж тооцон 9 000 000 төгрөг болгож өгсөн баримтыг авсан байна.Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчээс:зээлийн гэрээ, хариуцагчаас мөнгө хүлээлгэн өгсөн баримтыг шүүхэд өгсөн.
Нэхэмжлэгч К.А... нь хариуцагч Н.Д...гээс зээлийн гэрээний үүрэгт 14 962 500 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан боловч шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн дүнг багасган Н.Д...гээс 7 875 000 төгрөг гаргуулна гэж тайлбарлав.
Нэхэмжлэгч К.А...ийн нэхэмжлэлийн шаардлагаас 6 1787 500 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, үлдсэн 1 687 500 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн Үүнд:К.А...аас авсан зээлийн мөнгийг хүүгийн хамт төлөөд дууссан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж тайлбарласан.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зээлийн гэрээ, мөнгө хүлээлгэн өгсөн баримт, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
Зохигчдын хооронд 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдсан байна.
Талуудын маргааны зүйл нь зээлдэгч нь гэрээнд заасан 11 250 000 төгрөгийг зээлж аваагүй, 1 250 000 төгрөг нь өмнөх зээлийн үлдэгдэл дээр, гэрээний дагуу 5 000 000 төгрөг бэлнээр авсан, зээлээс 5 000 000 төгрөгийг К.А...аас аваагүй, өмнөх зээлийн үлдэгдэл 1 250 000 төгрөг болон сүүлийн зээлийн 5 000 000 төгрөгийг хүүгийн хамт 9 000 000 төгрөг болгон эргүүлж төлсөн гэж хариуцагч маргаж байна.
Нэхэмжлэгч нь Н.Д...гээс 9 000 000 төгрөгийг эргүүлэн авсан үйл баримтад маргахгүй байна.
Зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.
Хариуцагч Н.Д... нь 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч К.А...аас зөвхөн 5 000 000 төгрөг л авсан гэх тайлбар нь баримтаар нотлогдохгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй байна.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заасан байх боловч хариуцагч нь зээлийн төлбөрөөс зээлдэгчид эргүүлэн төлж байгаа үйлдэл нь К.А...аас мөнгө зээлж авсан үйлдлийг нотолж байна гэж үзэв.
Иймд хариуцагчаас үндсэн зээлийн үлдэгдэл 2 250 000 төгрөг, үндсэн хүү 3 375 000 төгрөг, алданги 562 500 төгрөг нийт 6 187 500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдсэн 1 687 500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232 672 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 113 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан Н...гийн Д...гээс 6 187 500 /зургаан сая нэг зуун наян долоон мянга таван зуун/ төгрөг гаргуулан К....н А...д олгож, үлдсэн 1 687 500 /нэг сая зургаан зуун наян долоон мянга таван зуун/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232 672 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 113 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Д...д олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид, тэдний төлөөлөгч нар гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН