Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 102/ШШ2022/03571

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж, шүүгч Б.Азбаяр, Н.Хангал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч:...тоот хаягт оршин суух, регистр ..., М... овогт Т...ийн Г...,

Хариуцагч:...тоотод оршин суух, регистр ..., Х.. овогт Ч...ын Г...,

Нэхэмжлэлийн шаардлага:Гэм хорын хохиролд 4 564 340 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б..., хариуцагч Ч.Г..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Назгүль нар оролцов.

/Зохигч талуудын хүсэлтээр иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно./

        ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.Г... нь хариуцагч Ч.Г...д холбогдуулан гэм хорын хохиролд 4 564 340 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргасан.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна Үүнд:

Би 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр ... байрны 1 давхарт үйл ажиллагаа эрхлэгч гоо сайханч Ч.Г...д өөрийн нүүрний сэвх, нөсөө толбо арилах эсэх талаар асууж зөвлөгөө авахад “лазераар авна, 7-10 хоногийн дотор бүрэн жигд сорвигүй эдгэнэ” гэхээр нь итгэж эмчилгээ хийлгэсэн.Эмчилгээ хийлгэсний маргааш нүүрний өм цөм авсан хэсгүүдээс идээ шүүс гоожиж, нүүр хавдаж, их өвдөлт өгч, хорсоод байхаар нь асуухад тамедины уусмалаар сайн шавшаад бай гэж хэлсний дагуу арга хэмжээ авсан боловч өөрчлөлт орохгүй, нүүрэнд олон тооны гүн, том сорви үлдчихээр нь залгахад холбогдоогүй, ажил дээр нь олон удаа очиход байгаагүй.Би Д..  арьс гоо заслын эмнэлэгт үзүүлэхэд “бүрэн эдгэрэхгүй, нүүрний арьсыг чинь хэтэрхий гүн ухаж авсан байна” гэсэн тул эмчилгээ хийлгэсэн, одоо ч эмчлүүлж байгаа. Иймд Ч.Г... зохих ёсоор эмчилгээ хийгээгүйгээс нүүрийг засаршгүй болгосонд гомдолтой ба гэм хорын хохиролд 4 564 340 төгрөг гаргуулна гэв.

Хариуцагч хариу тайлбартаа:Т.Г... нь 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр нүүрний бүх мэнгэ нөсөө толбоо авхуулах гэж ирсэн, нүүр нь өмнө нь H... гэдэг газарт 4 удаа лазерт ороод арилаагүй ийм болсон учир шүүхэд хандаад төлбөр болох 1 500 000 төгрөгөө буцааж гаргуулж авсан гэж надад хэлж байсан. Би нүүрнийх нь арьсыг үзэхэд гэмтэлтэй, жигд бус, барзгар толбо, мэнгэ ихтэй соривжилттой арьс байна гэж хэлсэн. Үйлчлүүлэгч нь үйлчилгээ хийлгэсний дараа эдгэрэлт нь 7-10 хоногт тав нь унаад эдгэрдэг, мөн мэнгэний сууриас хамаарч хэр гүн авагдах нь янз бүр байдаг учир дараа нь төлжих явц нь аажимдаа төлжиж дүүрч ирдэг гэж тайлбарласан.Үйлчлүүлэгч нүүрэнд байгаа бүх мэнгэ толбоо юу ч үлдээхгүй л авхуулъя гэсэн ингээд бүх тод мэнгэ болон нөсөө толбыг авсан.Уг эмэгтэйд нийт 3 цаг гаруй сэтгэл гаргаж үйлчилсэн.

Үйлчилгээ эхлэхийн өмнө үнэ хамаагүй хэд ч болсон хамаагүй юу ч үлдээхгүй л аваад өг гэж байсан.Харин үйлчилгээ дууссаны дараа ийм үнэтэй болно гэж бодоогүй мөнгө хүрэхгүй нь хүүхэд сургууль нь тараад гадаа байгаа яана гээд янз бүрийн тайлбар хэлээд байхаар нь төлбөрт 280.000 төгрөг авсан, үйлчилгээний төлбөр нь 350 мянган төгрөг болсон.

Гэтэл 10 сарын 12-ны өглөө чи миний нүүрийг яачхав, нүд хавдаад юу ч харахгүй хамартайгаа тэгшрээд идээ гоожоод байна би чамайг нүдийг чинь ухна, нүүрийг чинь сийчнэ, би бөө хүн, чи сайнаа үзэхгүй гэх мэтээр аймшгийн үг хэллэгээр харааж зүхэж эхэлсэн, би хохирогч боллоо би чамайг шүүхэд өгнө гэхээр нь хэзээ ч нэг хоноод идээлэхгүй, мөн нүд юм харахгүй болтлоо хавдахгүй олон жил хийхэд ийм зүйл болж байгаагүй, чи тийм болсон зургаа явуулчих харья гэсэн боловч би олны танил хүн одууд надаар үйлчлүүлдэг чамд зургаа явуулахгүй гэсэн.Ер нь урьд нь үйлчлүүлсэн газраа шүүхдээд мөнгөө авсан гэж байсан чи ингээд сурчихсан хүн юм байна нэг хонож байж эдгэрдэг ямар ч илбийн зүйл байхгүй гэж хэчнээн удаа хэлсэн ч утсаар залгаж би бөө хүн шүү гээд сүрдүүлж харааж элдвийн үг хэлээд байхаар нь утсыг нь блок хийсэн.Гэтэл ажил дээр ирж үйлчлүүлэгч өрөөнд үйлчлүүлж байхад орж ирж элдвээр харааж зүхэж, түлхэж, юм авч шидэж цохиж авч танхайрсан гэрч болох хүмүүс байгаа.Үйлчлүүлэгч Т...д арьс төлжүүлэх, эдгэрэлт дэмжих тос авч өгсөн.Манайд үйлчлүүлсэн хүмүүс ямар ч тос ямар нэг зүйлгүйгээр маш гоё эдгэрч үр дүн маш өндөр, сэтгэл хангалуун байдаг гэрч үйлчлүүлсэн олон үйлчлүүлэгч байгаа болно пэйж хуудас болон зураг гэх мэт баримт маш их байгаа.

Нэхэмжлэгч нь Н... гэх салоноор өмнө нь үйлчлүүлээд үр дүн гараагүй хохирсон гэснээ дахин очиж үнэтэй эмчилгээ хийлгэсэн гэхэд би гайхаж уг эмнэлэг рүү тухайн үед ярьж тодруулахад манай дээр үйлчлүүлээд дөнгөж нэг сар болж байхад долоо хоногийн зайтай 200 000 төгрөгийн үнэтэй эмчилгээнд тав дахь удаагаа орсон гэж хэлсэн нь 35 хоногийн эмчилгээ хийсэн гэж хоног нь зөрөөд байсан тул энэ эмнэлэгтэй хуйвалдсан байх гэсэн хардлага төрж байгаа.Мөн энэ эмнэлэг нь үр дүн гарахгүй 40-50 хувь гэж байхад өөрөө сайн дураараа ийм үнэтэй эмчилгээ хийлгэсэн бол би тэр төлбөрийг төлөх ямар ч шаардлагагүй дээр нь дансаар төлсөн гэх ямар ч баримт байхгүй байгаа нь шунахайн сэдлээр мөнгө нэхэмжилсэн гэж үзэж байна.

Иймээс ямар ч мөнгө төлөх боломжгүй, одоо болтол эдгэрэлт хэвийн болоогүй бол өөрийн дураар хийлгэсэн эмчилгээ үйлчилгээ нь буруу хийгдсэнээс болсон байх гэж үзэж байна гэв.

Нэхэмжлэгчээс:Иргэний үнэмлэхийн хуулбар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Баянгол дүүрэг дэх мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн ...  дугаартай хариу мэдэгдэх хуудас, Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын прокурорын 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн ... дугаар тогтоол, Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын 2022 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн ... дугаар хариу мэдэгдэх хуудас, нэхэмжлэгчийн Хаан банкны дансны хуулга, Д... ХХК-ийн 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн ...  дугаартай Үйлчилгээ үзүүлсэн тухай тодорхойлолт, 5 ширхэг 214 340 төгрөг төлсөн баримт, гэрэл зургуудыг өгсөн.

Хариуцагчаас:Иргэний үнэмлэхийн хуулбар, Үсчин, гоо засалч мэргэжлийн дипломын хуулбар, Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн ... дугаартай шийтгэлийн хуудас, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Баянгол дүүрэг дэх мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн ...  дугаартай эрх бүхий албан тушаалтны даалгавар, гэрэл зургуудыг өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.Г...гийн нэхэмжлэлээс 351 500 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, 4 212 840 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.Үүнд:

Ч.Г...эр 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр нүүрний сэвх, нөсөө толбо арилах эмчилгээ хийлгэснээс хойш Д... ХХК-д хийлгэсэн эмчилгээний зардал 4 070 000 төгрөг, бусад зардлын 494 340 төгрөг нийт 4 564 340 төгрөгийг Ч.Г...эс гаргуулна гэж тайлбарласан.

Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн Үүнд:Т.Г... өмнө нь 3-4 удаа лазер эмчилгээнд орсон учраас нөсөө гүн авагдсан, нэг хоноод идээлэхгүй, чийгшүүлэгч тос өгсөн, нэхэмжилсэн мөнгийг төлөхгүй гэж тайлбарласан.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Баянгол дүүрэг дэх мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн ... дугаартай хариу мэдэгдэх хуудас, Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын прокурорын 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн ... дугаар тогтоол, Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын 2022 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн ... дугаар хариу мэдэгдэх хуудас, нэхэмжлэгчийн ХААН банкны дансны хуулга, Д... ХХК-ийн 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн ... дугаартай Үйлчилгээ үзүүлсэн тухай тодорхойлолт, 5 ширхэг 214 340 төгрөг төлсөн баримт, гэрэл зургууд, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Т.Г... нь 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр нүүрний нөсөө толбо арилгах лазер эмчилгээг Ч.Г...эр хийлгэсэн, үүний улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан болох нь Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын прокурорын 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай” .... дугаар тогтоол, Баянгол дүүргийн Прокурорын газрын ... дугаар Т.Г...д хүргүүлсэн хариу мэдэгдэх хуудас, талуудын тайлбараар нотлогдож байна.

Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын прокурорын 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай” ... дугаар тогтоолд-...Т.Г... нь нүүрний нөсөө толбо арилгах лазер эмчилгээнд орсон, шинжээчийн дүгнэлтээр түүнд хөнгөн гэмтэл учирсан болох нь тогтоогдож байх боловч Т.Г... нь өөрийн хүсэл зоригийн дагуу нүүрний нөсөө толбо арилгах лазер эмчилгээнд харилцан тохиролцон орсон болох нь тогтоогдож байна, Т.Г...гаас гаргасан гомдолд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсугай” гэжээ./хх 7/

Баянгол дүүргийн Прокурорын газрын ... дугаар Т.Г...д хүргүүлсэн хариу мэдэгдэх хуудаст-“...таны эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь тогтоогдож байх боловч Ч.Г...ийн үйлдэл нь эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжгүй байна, та өөрт учирсан гэм хор, хохирлын асуудлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй” гэжээ./хх 8/

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т зааснаар бусдын эрх, эрүүл мэндэд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй байна.

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй байна.

Гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөхийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2-т заасан байна.

Харин нэхэмжлэгч нь Д... ХХК-д 4 070 000 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн гэж шаардаж байх боловч энэхүү мөнгийг дээрх байгууллагад төлсөн тухайгаа баримтаар нотлоогүй байна./хх 10/

Мөн бусад зардлуудаас эмчилгээний зардал, нүүрний тос, сорвины тос зэргийн үнэ 351 500 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, үлдсэн шаардлагууд нь баримтаар нотлогдоогүй, ирүүлсэн баримтууд нь эмчилгээнд хамааралгүй байна.

Иймд хариуцагчаас 351 500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс үлдсэн 4 212 840 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 88 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 11 180 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг баримтлан хариуцагч Ч...ын Г...ээс 351 000 төгрөг гаргуулан Т...ийн Г...д олгож, үлдсэн 4 212 840 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 88 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 11 180 төгрөг гаргуулан Т.Г...д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид, тэдний төлөөлөгч нар гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

               

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             З.ДОРЖНАМЖИН

                      

                                          ШҮҮГЧИД                             Б.АЗБАЯР

 

                                                                                        Н.ХАНГАЛ