Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 2025/ШЦТ/172

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Х,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Н,

Хохирогчийн өмгөөлөгч: Ө.Н,

Шүүгдэгч Б.С-ын өмгөөлөгч: Д.Д,

Шүүгдэгч Х.Б-гийн өмгөөлөгч: Г.А,

Шүүгдэгч: Б.С-, Х.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Н-ээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн  2 дахь хэсгийн 2.2, 2.4-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Н- овогт Б-ы С-, Т- овогт Х-ын Б- нарт холбогдох эрүүгийн 25350005000.. дугаартай хэргийг 2025 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ............ Увс аймгийн ......... суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, мал аж ахуй эрхэлдэг, ам бүл.........хамт амьдардаг, Увс аймгийн ......... сумын ....... оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Н- овогт Б-ы С- (регистрийн дугаар: .........);

Монгол Улсын иргэн, ........... Увс аймгийн ......... суманд төрсөн, ...настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, мал аж ахуй эрхэлдэг, ам бүл ........... амьдардаг, Увс аймгийн ......... сумын ....... оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Т- овогт Х-ын Б- (регистрийн дугаар: ..................);

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.С-, Х.Б- нар нь бүлэглэж, 2023 оны 7 дугаар сард Увс аймгийн ......... сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрээс хохирогч Б.Э-ийн 700,000 төгрөгийн үнэлгээ бүхий нэг тооны адууг машин механизм буюу Б.С-ын эзэмшлийн Мустанг-5 загварын улсын бүртгэлд бүртгүүлээгүй мотоцикл ашиглан хулгайлсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгч Б.С-, Х.Б- нарт холбогдох эрүүгийн 25350005000... дугаартай хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 09:00 цагт тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулахаар товлон зарлаж, талуудад шүүх хуралдааны товыг мэдэгдсэн байна.

Хохирогч Б.Э- нь 2025 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн шүүх хуралдаанд биечлэн оролцсон бөгөөд 2025 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 09 цагт товлогдсон шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байна. Мөн тэрээр шүүх хуралдаанд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй тул хохирогчийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулсан болно.

Нэг: Гэм буруугийн талаар:

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж, цуглуулсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

1.1 Улсын яллагч хэргээс:

1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл, түүнийг хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 02-04 дэх тал);

2. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 07-09 дэх тал);

3.  Хаан банкны лавлагаа, ………. тоот дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 18 дахь тал);

4. Хохирогч Б.Э-ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 30,32,35 дахь тал);

5. Гэрч И.Б-гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 43,45 дахь тал);

6. Гэрч Э.Б-ын мэдүүлэг (хавтаст хэргийн 60-61 дэх тал);

7. Гэрч О.Х-гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 65 дахь тал);

8. Гэрч Д.Ц-гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 69-70 дахь тал);

9. Гэрч Б.Б-ы мэдүүлэг (хавтаст хэргийн 75-78 дахь тал);

10. Гэрч Б.Л-гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 82 дахь тал);

11. Гэрч Б.Б-ын мэдүүлэг (хавтаст хэргийн 104-106 дахь тал);

12. Хөрөнгийн үнэлгээний шинжээчийн 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 44 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 115 дахь тал);

13. Хөрөнгийн үнэлгээний шинжээчийн 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 63 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд (хавтаст хэргийн 123 дахь тал) зэрэг баримтуудыг шинжлэн судлаад:

Шүүхийн хэлэлцүүлэгт: “шүүгдэгч Б.С-, Х.Б- нар нь бүлэглэж 2023 оны 7 сард Увс аймгийн ......... сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрээс хохирогч Б.Э-ийн эзэмшлийн 700,000 төгрөгийн үнэ бүхий 1 тооны адууг машин механизм буюу мотоцикл ашиглаж хулгайлсан болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул шүүгдэгч Б.С-, Х.Б- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх саналтай байна. Хохирогч Б.Э-эд учирсан хохиролд шүүгдэгч нараас 1,000,000 төгрөгийг төлсөн тул шүүгдэгч нараас гаргуулах хохирол төлбөргүй байна” гэх дүгнэлтийг,

1.2 Хохирогчийн өмгөөлөгч Ө.Н хэргээс:

1. Хохирогч Б.Э-ийн 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн дахин өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 35 дахь тал);

2. Гэрч О.Х-гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 65 дахь тал);

3. Гэрч Д.Ц-гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 69-70 дахь тал) зэрэг баримтуудыг шинжлэн судлаад:

Шүүхийн хэлэлцүүлэгт: “Хэрэгт цугларсан баримтаар шүүгдэгч нар нь бүлэглэж хохирогч Б.Э-ээгийн 1 тооны малыг хулгайлсан гэх үйл баримт тогтоогдож байх тул прокурорын яллах дүгнэлтийн хэмжээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна. Хохирогчийн 1 тооны 3 настай гүү нь үржлийн мал байсан. Хэрвээ одоо байсан бол үржиж өсөх байсан. Хавтас хэргийн 35 дахь талд хохирогчийн “адуугаа хайсны зардал 500,000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1,000,000 төгрөг, жилийн төлөө алдсан тул төлийн хохирол 600,000 төгрөг, нийт 2,100,000 төгрөг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг авагдсан. Мэдээж малаа алдсан хүн малаа эрж хайсан, удаа дараа шүүх хуралдаанд оролцохоор ......... сумаас ирж явж байсан, мөн өмнөх шүүх хуралдаан машин хөлсөлж ирсэн гэдгээ илэрхийлж байсан ч баримтаа авч ирж чадаагүй зэрэг зардлууд гарсан. Иймд миний үйлчлүүлэгчийн энэ хэрэгтэй холбоотой гарсан зардлуудыг нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж өгнө үү. Мөн шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцуулах саналтай байна” гэх дүгнэлтийг,

1.3. Шүүгдэгч Б.С-ын өмгөөлөгч Д.Д хэргээс:

            1. Хохиролд 1,000,000 төгрөг төлсөн Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 18 дахь тал);

            2. Хөрөнгийн үнэлгээний шинжээчийн 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 44 дугаартай “3 настай гүүний зах зээлийн үнэлгээ 700,000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 115 дахь тал); зэрэг баримтуудыг шинжлэн судлаад:

            Шүүхийн хэлэлцүүлэгт: Миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргаангүй шүүх хуралд оролцож байна. Миний үйлчлүүлэгчийн хувьд гэмт хэргийн хохиролд хохирогчийн эхнэр О.Х-гийн дансанд 1,000,000 төгрөг шилжүүлсэн байгаа. Хохирогчийн мэдүүлэгт малаа эрж хайсан зардал, өмгөөлөгчийн хөлс,  үржлинй мал байсан тул ирээдүйд бий болох төлийн хөлс зэргийг нэхэмжилсэн байна. Хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан саналыг дэмиж байна. Хохирогчийн бусад зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү. Миний үйлчлүлэгчийн хувьд гэм буруутайд тооцоход татгалзах зүйлгүй” гэх дүгнэлтийг,

            1.4. Шүүгдэгч Х.Б-гийн өмгөөлөгч Г.А хэргээс

            1. Хохирогч Б.Э-ийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл (хавтаст хэргийн 2-3 дахь тал);

            2. Хохирогч Б.Э-ийн эхнэр О.Х-гийн Хаан банкны дансанд хохиролд 1,000,000 төгрөг шилжүүлсэн дансны хуулга (хавтаст хэргийн 18 дахь тал);

            3. Мөрдөгчийн 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн “иргэн Г.У, Г.Б нартай утсаар ярьсан” тэмдэглэлүүд (хавтаст хэргийн 26-27 дахь тал);

            4. Хохирогч Б.Э-ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 30 дахь тал);

            5. Х.Б-гийн гэрчээр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 37-38 дахь тал);

            6. Х.Б-гийн гэрчээр дахин өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 40-41 дэх тал);

            7. Насанд хүрээгүй гэрч И.Б-гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 43 дахь тал);

            8. Гэрч У.О-ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 47, 49 дэх тал);

            9. Гэрч Б.О-ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 51-52 дахь тал);

            10. Гэрч О.Х-гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 65 дахь тал);

            11. Гэрч Т.Б-ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 67 дахь тал);

            12. Гэрч Д.Ц-гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 69-73 дахь тал);

            13. Гэрч Б.Б-ы мэдүүлэг (хавтаст хэргийн 75-78 дахь тал);

            14. Гэрч Б.Н-гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 86 дахь тал);

            15. Гэрч С.И-ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 93-94 дэх тал);

16. Гэрч З.Х-ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 96-99 дэх тал);

17. Гэрч Б.Б-ын мэдүүлэг (хавтаст хэргийн 104-106 дахь тал);

18. Гэрч Э.Б-ын мэдүүлэг (хавтаст хэргийн 108-110 дахь тал); зэрэг баримтуудыг шинжлэн судлаад:

Шүүхийн хэлэлцүүлэгт: “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т гэмт хэрэг гарсан байдал, 1.2-т гэмт хэргийг хэн үйлдсэн гэдгийг хөдөлбөргүй тогтоох ёстой байдаг. Хавтаст хэргийн материалд авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон прокурорын яллах дүгнэлтээс харахад Б.С-ын хувьд энэ хэргийг үйлдсэн гэдэг нь нотлогдон тогтоогдож байна. Х.Б-г энэ хэргийг үйлдсэн гэдэг нь нотлогдон тогтоогдоогүй гэж үзэж байгаа. Х.Б-г яагаад яллаад буруутгаад байна гэхээр түүний 2 дахь удаагийн гэрчээр өгсөн мэдүүлэгт үндэслээд байна. Эхлээд би энэ гэмт хэрэгт хамааралгүй гээд бүх зүйлээ үнэнээр нь мэдүүлсэн гэтэл дахиад гэрчээр мэдүүлэг авахад өөрчлөгдсөн байдаг. Бид нар сонирхол, хоббигоороо адууг цаламдсан. Ингээд цаламдсан гүү адуунаас салсан, буцаад адуун сүрэгт нийлүүлье гэхэд нь нийлүүлэхгүй явснаас болоод эцсийн дүндээ хулгайн хэрэгт холбогдчихсон. Гэтэл хохирогч Б.Э-ийн хүүхэд нь гэрч Б-тай уулзсан. Уулзахад бид нар танай хэдэн адуу байхаар нь хоббигоороо цаламдаад нэг нь салаад явчихаар нь энэ асуудлыг битгий хэлээрэй гэж хэн хэлсэн  бэ? гэдэг асуудал байдаг. Мал хулгайлах гэмт хэрэг бол бусдын эд хөрөнгө буюу малыг хулгайлж аваад өөрөө захиран зарцуулах боломжтой болсноор энэ гэмт хэрэг төгсдөг. Гэтэл зүгээр хоббигоороо цаламдаад адуун сүргээс тасалчихсан байхад яагаад хэн ч битгий хэлээрэй гэсэн бэ, үгүй бол энэ залуучууд маань хүний малыг алга болгоход нөлөөлсөн хэрэг болох юм биш биз гэдэг ийм ойлголтыг бас авсан байхыг үгүйсгэхгүй юм. Б.С-ын ээж Ц-, түүний аав Б-, бусад гэрч нарын мэдүүлгийг нотлох баримт шинжлэн судлах үе шатад дэлгэрэнгүй шинжлэн судалсан. 2023 оны зуун С- хээр зүсмийн гүүг нядалсан талаар хэлсэн байдаг. Х.Б-гийн хувьд 2023 оны 8 сард эхнэрээ авч, гэр бүлтэй болж найр хуримаа хийсэн. Энэ үед хулгайн хэрэг үйлдэх, мал нядлаад явах нь байтугай найр наадмын ажил зөндөө л байсан бас эхнэр нь жирэмсэн байсан нөхцөл байдалтай байсан. Халууны улиралд адууг нядлаад зараад, тэрийг нь авах хүн байх ч юм уу эргэлзээ төрүүлэх асуудал. Монголчууд адууны махыг халуунд тэр болгон иддэггүй заншилтай. Улсын яллагч хавтаст хэрэгт авагдсан авагдсан нотлох баримтуудаар гэдэг нэг ерөнхий байдлаар яллаж байна. Маш тодорхой заасан нотлох баримт байхгүй байна. Өөрөөр хэлбэл Х.Б-г гэмт хэрэг үйлдсэн гэдэг нь хавтаст хэргийн хэддүгээр хуудаст авагдсан тийм гэрч нарын мэдүүлгээр тогтоогдоод байна гэж заах ёстой, хөдөлбөргүй тогтоох ёстой, гэрч ингээд хэлээд байна шүү гэх шууд заасан нотлох баримт алга байна. Б.С-ын мэдүүлэг маш их зөрүүтэй мэдүүлгүүд их байдаг. Б.С- мөрдөн шалгах ажиллагаа явуулахад жишээлбэл тэр Б гэдэг хүнийг би танихгүй гэсэн байдаг, Б- гэдэг хүнд болохоор надад эхлээд ганцаараа гэж хэлсэн дараа хоёулаа гэж хэлсэн байдаг. Харин Х.Б-гийн хувьд гэрчээр өгсөн 2 дахь мэдүүлгээр буруутгаад байгаа. Би цагдан хорих байгууллагад очиход Х.Б- надад цагдаа над руу албаны хийн буу тулгасан учир би маш их айсан Б.С- хэргээ хүлээсэн одоо чи хүлээ гэж хэлсэн. Маш ноцтой асуудал эрүүдэн шүүж хэргийг нь хүлээлгэсэн гэж үзээд Хүний эрхийн н.Ц ахлагчтай эрүүдэн шүүхээс урьдчилсан сэргийлэх асуудал хариуцсан багт энэ асуудлыг Х.Б- бид танилцуулсан байгаа.  Ер нь Х.Б-г энэ гэмт хэрэг шууд буруутгаж байгаа нотлох баримт авагдаагүй байна гэж харж байна. Хохирогч Б.Э-э нь Б.С-тай л утсаар яриад байсан хохирол юу болж байгаа гэхээр би төлнө өө гээд яваад байдаг. Б.С- адуу нь алга болчихсон байна бид нарыг төлж өг гэж байна хэдүүлээ төлье өө гээд энэ хэдээсээ мөнгө асуусан байсан юм. Б.Э-ийн мэдүүлэгт авагдсан байдаг Б.С- миний хүүг гэрчлээд малын хулгайн хэргээр явуулчихсан, дээрээс нь мөнгө өгөхгүй болохоор би цагдаад өгчихсөн гэдэг. Б.С- 1,000,000 төгрөг өөрөө төлсөн үнэхээр Х.Б- оролцоотой байсан бол 500,000 төгрөг авах ёстой байсан. Ийм учраас дээрх дүгнэлтүүдээс үзвэл миний үйлчлүүлэгч энэ гэмт хэрэгт ямар ч холбоо хамааралгүй байгаа учраас Х.Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргав.

2. Шүүхээс тогтоосон үйл баримт:

Анхан шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч  Б.С-, Х.Б- нарт холбогдох хэргийг хянан  шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.С-, Х.Б- нар нь бүлэглэж, 2023 оны 07 дугаар сард Увс аймгийн ......... сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрээс хохирогч Б.Э-ийн нэг тооны морийг машин механизм буюу мотоцикл ашиглан хулгайлж,  700,000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт улсын яллагчаас яллах дүгнэлтдээ тусгаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудын хүрээнд нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

2023 оны 7 дугаар сард Увс аймгийн ......... сумын 4 дүгээр багийн нутаг "Улаан хад" гэх газраас хохирогч Б.Э-ийн адуунаас хээр зүстэй, зөв гуяны хонго хэсэгт нэгдэл /дөрвөлжин/ тамгатай, 3 настай гүү алга болсон. Тухайн үедээ хохирогчийн хүү Э.Б- хайж сураглаж явсан боловч олоогүй байна.

-2023 оны 7 дугаар сард Б.С-, Х.Б-, И.Б-, У.О- нар адуу хайж явахдаа ......... сумын 4 дүгээр багт байх Бугат гэх газарт тийрэглэж байсан хохирогч Б.Э-ийн адуун сүргийг бугуйлдаж, улмаар Х.Б-гийн бугуйл хээр гүүнд орж, чирэгдэж, араас нь Х.Б- мотоциклоор хөөж бугуйлаа салгаж авсан, ингэхдээ уг хээр гүүг ижил сүргээс нь салгасан,

-2023 оны 7 дугаар сард Б.С-, Х.Б- нар нь ......... сумын 4 дүгээр багийн нутагт Б.С-ын эзэмшийн Мустанг-5 загварын улсын дугааргүй мотциклтой адуу хайж явахдаа 4-5 хоногийн өмнө бугуйлдаж байсан хээр зүсмийн гүү айлын адуунд байхад нь барьж авч, эзэнгүй газарт нядалж, махыг нь хуваан авсан,

-2024 оны 7 дугаар сард Б.С-, Х.Б-, И.Б-, У.О- нар уг үүг бугуйлдаж байсан талаар хохирогч Б.Э-э сураг сонсож,  Б.С-тай утсаар яриж тодруулахад Б.С- нь "Ах аа та цагдаад хандаж хэрэггүй. Одоо би гэрлэх гэж байгаа, найр хийсний дараа, таны хохирлыг барагдуулж өгнө гэж хэлсэн”,

-2025 оны 02 дугаар сард Б.С- нь ......... сумын 4 дүгээр багт оршин суух Б.Э-ийн гэрт нь очиж уулзаж, гүүний үнэ гэж 1,000,000 төгрөг дансаар шилжүүлж өгсөн” гэх үйл баримтууд хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Үүнд:

1.  Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 4 дэх тал);

2. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 07-09 дэх тал);

3. Хаан банкны лавлагаа, ...........тоот дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 18 дахь тал);

4. Хохирогч Б.Э-ий мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2023 оны 07 дугаар сард манай адуунаас хээр зүсмийн /3 настай/ зөв гуяны хонгоны махан дээрээ нэгдэл дөрвөлжин тамгатай гүү алга болсон. Тухайн үедээ би энэ талаар мэдсэн боловч өөрөө явж хайгаагүй ба миний хүү Б- хайж сураглаж явсан боловч сураг ажиг огт гараагүй....Тэр явдлаас хойш 1 жилийн дараа буюу 2024 оны 07 дугаар сард миний хүү Б- надад “манай нөгөө алга болсон гүүг тухайн үед манай сумын Б.С-, Ж, О-, Б- гэх залуучууд Цахир, Талхит гэх газрын завсарт адуу бугуйлдаж байхдаа барьсан байна" гэж хэлэхээр нь би 2024 оны 07 дугаар сарын сүүлээр Б.С- гэх залуутай утсаар ярьсан юм. Тэгээд би С-аас "Чи миний адуу малын хохирол хэзээ барагдуулж өгөх гэж байна. Чи хохирол барагдуулж өгөхгүй бол би энэ сумын цагдаад хандаж өргөдөл гаргана" гэж хэлсэн. Тэгэхэд С- надад хандаж "Ах аа та цагдаад хандаж хэрэггүй ээ, одоо би гэрлэх гэж байгаа, найр хийсний дараа би таны хохирлыг барагдуулж өгнө гэж хэлсэн...С- гэх залуу 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдөр цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан өдрөөс хойш яг өдрийн сайн санахгүй байна, надтай ирж уулзаад надад хандаж, би танай нэг тооны адууг авсан учир, хохирлыг тань барагдуулж өгнө гэж хэлээд манай эхнэр Х- гэх хүний Хаан банкны .......... тоот данс руу 1,000,000 төгрөг шилжүүлэн, ах намайг уучлаарай гэж хэлээд явсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30-35 дахь тал),

- Гэрч И.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Б ах надаас "Миний тамгатай буюу нэгдэл дөрвөлжин тамгатай хээр гүү үзсэн үү” гэж асуухаар нь Б ахад хандаж 2023 оны 07 дугаар сарын сүүлээр С, О, Б, бид дөрөв Бугат гэх газар байх Б-ын өвөлжөөн дотор тийрэглэж байсан танай адууг хашаанаас шахаж гаргаад бугуйлдаж байтал Б бид хоёрын бугуйл хоёр гүүнд орсон. Тэгээд миний бугуйлыг надад С ах салгаж өгөөд Б өөрийнхөө бугуйлыг нэг хээр гүүнд оруулаад чирэгдээд алдчихсан. Тэгээд бугуйлаа салгаж авахаар араас мотоциклоор хөөгөөд явсан, тэгээд удалгүй өөрийнхөө бугуйлаа авчихсан хүрээд ирсэн талаар Б /Б-/ ахад хэлсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 43-45 дахь тал),

- Гэрч Э.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2023 оны 7 дугаар сарын 20-ны өдөр адуугаа харахад тэр хээр гүү адуу дотор байсан. 2 хоногийн дараа ......... сумны 4 дүгээр багийн нутаг "Хоо толгойн суга" гэх газарт байсан адуугаа очиж харахад уг хээр гүү ижил сүрэгтэй байхгүй байсан гэж миний ах Б- надад хэлсэн. 2024 оны 05 дугаар сарын 10-ны үеэр С, Б- хоёртой би өөрийн ах Б-тай хамт "Э-ээн эхэн" гэх газарт С-ын гэрт очиж уулзсан. 2023 оны 07 дугаар сарын сүүлээр С, Б-, О-, Ж гэх 4 хүн манай адууг бугуйлдаж тэр алга болсон хээр гүүнд бугуйлаа алдаж явуулчхаад араас нь С Б- хоёр явж бугуйлаа салгаж авсан...Ах бид хоёр С, Б- хоёртой уулзаад Би С /С-/ гэх хүнээс "Миний гүүг та нар авсан байна, надад миний гүүг амьдаар нь авч ирж өг" гэж хэлэхэд С- "чиний гүүг би хаанаас олж ирхэв дээ, байхгүй" гэж хэлсэн. Тэгэхээр нь би С-д хандаж тэгвэл та нар надад орны гүү өг гэж хэлэхэд С "Энэ жил зуд болсон гүү өгөх боломжгүй" оронд нь бид хэд нийлээд чиний хэлсэн мөнгийг өгье" гэж хэлсэн. Тэгэхээр нь би "Мөнгө төгрөгөө өгөхгүй бол цагдаад өгнө шүү” гэж хэлэхэд С надад хандаж "Цагдаа энэ тэр гээд яах вэ, эндүүрээ учраа ольё гэж хэлэхээр нь би маргааш гэхэд мөнгө авч ирж өгөөрэй гэж хэлчихээд ах бид хоёр тэднийхээс явсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 60-61 дэх тал),

- Гэрч О.Х-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2025 оны 02 дугаар сарын 14-ний орой миний Хаан банкны .......... тоот дансанд "Sооко" гэх утгатай 1,000,000 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдсэн. Тэгээд удалгүй манай гэрт тэр С /С-/ гэх залуу өөрөө хүрээд ирсэн. Тэгээд надтай мэнд мэдэлцээд миний нөхөр Б.Э-ийг дуудаад гадна гарч уулзсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 65 дахь тал),

- Гэрч Б.Л-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2023 оны зун С- гэх хүнд адуу мал алалцсан зйү байхгүй. 2022 оны 10 дугаар сард Гэдрэгийн буйр гэх газарт С-ын гэрт алж зарсан гүүний зарсан гүүний махнаас худалдан авч байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 82 дахь тал),

- Гэрч Б.Н-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би урьд нь Манай ач хүү С- 2022 юм уу 2023 оны зун 7, 8 дугаар сарын үед “Адуу хөл, ганц, хоёр сээр хавирга танай хөлдөөгчинд авч ирж хадгалуулмаар байна” гэхээр нь “Чи халуун зун ямар учиртай адууны мах хадгалуулж байгаа” талаар асуухад “Зараад үлдсэн мах, идэх гэж байгаа юм” гэж хэлсэн” гэж гэж мэдүүлсэн. Тухайн үед сайн санахгүй байсан. Энэ үйл явдал 2023 оны 8 дугаар сарын эхээр болсон юм байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 86 дахь тал),

- Гэрч М.А-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Өнөөдөр буюу 2025 оны 3 дугаар сарын 12-ны өглөө 10 цаг 44 минутанд Х.Б- гэх залуу миний цахим хаягаар vedio call хийж нүүр нүүрээ харж ярихдаа надад хандаж “Тань руу цагдаа ярьж уулзвал 2023 онд автобусанд адуу мах дайсан гэж хэлээрэй” гэж хувийн чанартай зүйл гуйхад нь би хариуд нь “Хууль гэж юм байдаг юм шүү. Чи юу яриад байна. Чи яриад байгаа асуудлаа өрөө учраа ол. Надаас цагдаа нар юм асуувал үнэн учраа хэлнэ” гэж хэлэхэд утсаа тасалсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 88 дахь тал),

-Гэрч Б.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр ......... суманд гэртээ ирчихсэн байхад С- надтай ирж уулзахдаа “Би нэг хүний гүү барьж аваад хүнд өгчихсөн юм. Адуу эзэн мэдчихээд цагдаад өгчихсөн юм шиг байна. Би адууны эзэнтэй уулзаж хохирлыг нь барагдуулах гэсэн юм. Та надтай хамт яваад хань болоод өгөөч” гэж надаас гуйхад нь би зөвшөөрч Б.Э-э гэх айлд очиход Б.Э-э болон эхнэр Х хоёр гэртээ байсан. Э-ийг дуудаж гэрийн гадна уулзахад С- “Би танай адууг авсан нь үнэн учир би хохирол барагдуулаад өгий” гэж хэлээд урьд нь уулзаж мөнгө зээлдэж авахаар тохирсон гэх нэг хүн руу утсаар яриад 1,000,000 төгрөг Э-э гэх хүний эхнэр Х-гийн данс руу хийлгэсэн. Надад анх С- ярихдаа тухайн адууг ганцаараа барьж аваад хүнд өгөөд явуулчихсан гэж хэлж байсан бөгөөд дахин асуухад “Би тухайн үед танаас эмээгээд танд худлаа ярьсан юм. Яг үнэндээ тухайн Б.Э-э гэх хүний адууг Х.Б- гэх залуутай хамт адуунаас нь барьж аваад эзэнгүй хаваржаан дээр нядлаад махыг нь хувааж авсан” гэж хэлж байсан.  Ямар ч байсан хүний адууг нууцаар авчихсан талаар ярьж байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 104-105 дахь тал), зэрэг нотлох  баримтуудын хүрээнд нотлогдон тогтоогджээ.

Шүүх хуралдаанаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэргийн үйл баримтыг сэргээн тогтоосон ба улсын яллагчаас яллах дүгнэлтдээ тусгаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь агуулгын хувьд хоорондоо зөрөөгүй, нэг нь нөгөөгөө нотолсон шинжтэй, харилцан хамаарал бүхий, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул тэдгээрийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох үндэслэлтэй гэж үзлээ.

Хууль зүйн дүгнэлт:

1. Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хэрэгт тогтоогдсон дээрх үйл баримтын хүрээнд шүүгдэгч Б.С-, Х.Б- нарыг бүлэглэж, 2023 оны 07 дугаар сард Увс аймгийн ......... сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрээс хохирогч Б.Э-ийн 700,000 төгрөгийн үнэлгээ бүхий нэг тооны  адуу /шүдлэн гүү/-г машин механизм буюу Б.С-ын эзэмшлийн Мустанг-5 загварын улсын бүртгэлд бүртгүүлээгүй мотоцикл ашиглан хулгайлан авч, нядлан махыг нь хувааж авсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Тодруулбал: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мал хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинжийг, мөн зүйлийн 2 дахь хэсэгт хүндрүүлэх шинжийг тус тус тодорхойлсон байх бөгөөд бүлэглэж, машин механизм ашиглаж малыг хулгайлсан бол уг гэмт хэргийн хүндрүүлэх шинжээр зүйлчлэхээр тогтоожээ.

Мал хулгайлах” гэмт хэрэг нь бусдын малыг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг гэмт хэрэг юм.

“Машин механизм” гэдэгт хүн, ачаа тээвэрлэхэд зориулсан бүх төрлийн автомашин, мотоцикл, трактор, өөрөө явагч бусад машин болон өргөх, буулгах, ухах, малтах, түрэх, цоолох, зүсэх зэрэг зориулалттай машин механизмууд хамаарах бөгөөд “Машин механизмыг хэрэглэсэн” гэдгийг бусдын эд хөрөнгийг хулгайлах үйлдлээ хөнгөвчилж түргэтгэх, хамгаалалт, бэхэлгээг эвдэх, эд хөрөнгөд хүрэх, зөөж тээвэрлэх зорилгоор урьдчилан бэлтгэж ашигласныг ойлгоно.

Эрүүгийн хуулийн 17 дугаар бүлгийн 17.12 дугаар зүйлд заасан мал хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа таван хошуу малыг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч, үнэ төлбөргүй өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломжийг бүрдүүлсэн буюу захиран зарцуулсан үйлдэл бөгөөд энэ нь эрүүгийн эрх зүйн онол, хууль хэрэглээний жишигт тогтсон ойлголт билээ.

Энэхүү гэмт хэрэг зөвхөн шунахай сэдэлтээр буюу бусдын өмчлөлийн малыг хууль бусаар завшиж өөртөө хэрэглэх болон зарж борлуулан ашиг хонжоо олох зорилготой, шууд санаатай үйлдэгддэг онцлогтой юм.

Шүүгдэгч Б.С-, Х.Б- нар нь хохирогч Б.Э-ийн нэг тооны гүүг хохирогчид мэдэгдэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, өөрийн өмчийн адил захиран зарцуулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан мал хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд нэг тооны гүүг бэлчээрээс нь хулгайлан авч, өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломжийг бүрдүүлснээр гэмт хэрэг төгссөн гэж үзнэ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлд гэмт хэрэгт хамтран оролцох хэлбэрийг хуульчлан тогтоосон бөгөөд мөн зүйлийн 1 дэх хэсэгт “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ” гэж, мөн хуулийн  3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Б.С-, Х.Б- нар нь үйлдлээрээ санаатай нэгдэж, Б.С-ын эзэмшлийн Мустанг-5 загварын мотоцикл ашиглаж, хохирогч Б.Э-ийн 1 тооны адууг хулгайлж, захиран зарцуулсан нь тогтоогдсон тул тэдгээрийг мал хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Б.С-, Х.Б- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т заасан “Бусдын мал хулгайлах гэмт хэргийг бүлэглэн машин механизм ашиглаж үйлдсэн” гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.С-, Х.Б- нар нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж байсан ч түүнийг хүсэж үйлдэн хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул тэдгээрийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

2. Шүүгдэгч Б.С- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч маргаагүй болно.

3. Шүүгдэгч Х.Б- болон түүний өмгөөлөгчөөс гаргасан Х.Б-г цагаатгуулах санал, дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзсэн болно.

Учир нь шүүгдэгч Б.С- нь энэ гэмт хэргийг шүүгдэгч Х.Б-тэй хамтран үйлдсэн талаараа Х.Б-г шууд зааж мэдүүлсэн бөгөөд түүний мэдүүлэг нь  гэрч Б.Л-, Б.Н-, Б.Б- нарын мэдүүлгээр давхар нотлогдож байгаа тул нотлох баримтаар үнэлж, шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсон болно.

Мөн шүүгдэгч Х.Б- нь гэмт үйлдэж олсон эд хөрөнгөө хэрхэн захиран зарцуулсан талаараа худлаа мэдүүлэг өгүүлэх зорилгоор гэрч М.А-д нөлөөлсөн үйл баримт тогтоогдож байгаа нь түүний гэм бурууг давхар нотолно.

Шүүгдэгч Х.Б- нь мөрдөн байцаалтын шатанд эрүү шүүлт тулгаж, хэрэг хүлээлгэсэн талаар мэдүүлж байгаа нь хэрэг авагдсан нотлох баримтуудаар нотлогдохгүй байна.

4. Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч Б.С-, Х.Б- нарыг  амар хялбар аргаар эд хөрөнгөтэй болох шунахайн сэдэлт шууд нөлөөлсөн гэж шүүх дүгнэв.

Гэмт хэргийн хохирол, хор уршгийн тухай

Хөрөнгийн үнэлгээний шинжээчийн 2025 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 44 дугаартай “Увс аймгийн ......... суманд 2024 оны 7 дугаар сарын байдлаар 3 настай гүүний зах зээлийн үнэлгээг 700,000 төгрөгөөр тогтоов” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 115 дахь тал)-ээр 3 настай гүү 700,000 төгрөгийн үнэтэй болох нь тогтоогдож байна.

Хохирогч Б.Э-э мөрдөн байцаалтын шатанд “...тухайн адууны үндсэн хохирол 700,000 төгрөгөөр үнэлсэн тул түүнээс 1,000,000 төгрөгийг барагдуулсан. Харин тухайн адуугаа хайсны зардал 500,000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1,000,000 төгрөг, жилийн төлөө алдсан тул төлийн хохирол 600,000 төгрөг, нийт 2,100,000 төгрөг нэхэмжилж байна...Миний хувьд сэтгэл санааны хохирол тогтоолгохгүй” гэх мэдүүлгийг өгсөн байна. (хавтаст хэргийн 35 дахь тал),

Шүүгдэгч Б.С- нь хохирогч Б.Э-эд учруулсан хохиролд 1,000,000 төгрөгийг төлж барагдуулсан нь хавтаст хэргийн 18 дахь талд авагдсан Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 18 дахь тал)-аар тогтоогдож байна.

 Харин хохирогч Б.Э-ээс нэхэмжилсэн өмгөөллийн хөлс 1,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

Учир нь хохирогч Б.Э-э нь Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан “өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах” эрхээ эдэлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өмгөөлөгч сонгож авснаар хууль зүйн хувьд түүний эрх зүйн байдал дээрдэж байгааг гэмт хэргийн хохирол, хор уршиг гэж үзэх үндэслэлгүй. Иймд хохирогч Б.Э-эээс өмгөөллийн хөлсөнд нэхэмжилсэн 1,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хохирогч Б.Э-э нь мал эрж хайсан зардал болон бусад зардалд 500,000 төгрөг, жилийн төлөө алдсан тул төлийн хохирол 600,000 төгрөг нэхэмжилсэн боловч энэ талаарх нотлох баримтыг шүүх, прокурор, мөрдөн байцаалтын шатанд гаргаж өгөөгүй, тухайн баримтуудыг одоо нөхөн бүрдүүлэх боломжгүй нөхцөл байдал, жилийн төлөө алдсан гэх ирээдүйд бий болох эсэх нь тодорхойгүй нөхцөл байдал тогтоогдож байх тул хохирогч Б.Э-ээс малаа эрж хайсан болон бусад зардалд нэхэмжилсэн 1,100,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхив.  

Иймд шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.С-, Х.Б- нараас гаргуулж, хохирогч Б.Эрднэнэд олгох хохирол, хор уршиггүй гэж дүгнэлээ.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

1. Шүүгдэгч Б.С-, Х.Б- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т заасан “Бусдын мал хулгайлах гэмт хэргийг бүлэглэн машин механизм ашиглаж үйлдсэн” гэм буруутай болох нь тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

2. Улсын яллагч эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч Б.С-д 3 жил хорих ял, шүүгдэгч Х.Б-д 3 жил, 3 сар хорих ял тус тус оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Б.С-ын эзэмшлийн Мустанг-5 загварын тээврийн хэрэгслийг улсын орлого болгох саналтай байна” дүгнэлтийг,

3. Шүүгдэгчийн Б.С-ын өмгөөлөгч Д.Д эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “Миний үйлчлүүлэгчийн хувьд гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” талаар заасан. Миний үйлчлүүлэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм буруутай үйлдлээ ойлгон ухамсарласан, эхнэр, нэг хүүхэдтэй, залуу гэр бүл, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж байсан, өнөөдөр ч гэсэн болсон үйл явдлын талаар үнэн зөвөөр мэдүүлэг өгч, шүүхийн шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлж байна. Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршин гэж заасан. Иймд миний үйлчлүүлэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлаад ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял буюу 1 жил хорих ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг,

4. Шүүгдэгч Х.Б-гийн өмгөөлөгч Г.А эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “Миний үйлчлүүлэгчийг гэм буруутайд тооцсон тул шүүхийн шийдвэрийг хүндэтгэж, хүлээн зөвшөөрч байна. Х.Б- нь эхнэр 1 настай хүүхэдтэй залуу гэр бүл юм. Дөнгөж амьдралд хөл тавьсан шинэ гэр бүл, цөөн тооны мал маллаж, хөдөө амьдардаг. Анх удаа гэмт хэрэгт холбогдсон. Б.С-, Х.Б- нарыг энэ гэмт хэргээс маш их сургамж авсан байх, цаашдаа дахин гэмт хэрэгт холбогдохгүй гэдэгт өмгөөлөгчийн хувьд итгэж найдаж байна. Миний үйлчлүүлэгчийн хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа зөвшөөрөөгүй учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх боломжгүй, үүнийг үйлчлүүлэгчдээ, ар гэрт нь хэлж байсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдал анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал байна. Учир нь Б.С-, Х.Б-, И.Б- нар морь цаламдаж байх үед нэг гүү алга болсон. Дараа нь Б.С-, Х.Б- нар нь мал хайж, мотоциклтой сундалж явж байхад нь алга болсон гүү таарсан, улмаар гэнэт орж ирсэн санаа бодлын улмаас анх удаа  гэмт хэрэг үйлдсэн. Иймд миний үйлчлүүлэгчид Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг хэрэглэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т заасан ялаас доод хэмжээ болох 2 жил хорих ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргав.

5. Хохирогчийн өмгөөлөгч Ө.Н эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд тусгайлан санал гаргаагүй болно.

6. Шүүгдэгч Б.С- нь эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “Хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж, харамсаж байна. Би 2024 оны 06 дугаар сард гэр бүл болсон. Эхнэр, нэг хүүхдийн хамт амьдардаг. Иймд ялын доод хэмжээ оногдуулж өгнө үү” гэх мэдүүлгийг,

7. Шүүгдэгч Х.Б- нь эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “Надад ялын доод хэмжээ оногдуулж өгнө үү. Би эхнэр, хүүхдийн хамт амьдардаг. Банкны зээлтэй, ар гэрийн амьдрал хүнд нөхцөлд байна. Иймд ялын доод хэмжээ оногдуулж өгнө үү” гэх мэдүүлгийг тус тус гаргав.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

-Шүүгдэгч Б.С-, Х.Б- нар нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байгааг хөнгөрүүлэх нотлох баримтаар үнэлэх үндэслэлтэй. (хавтаст хэргийн 169, 181 дэх тал);

Шүүгдэгч Б.С- нь гэмт хэргийн хохирол, хор уршигт нийтдээ 1,000,000 (нэг сая) төгрөгийг төлж барагдуулсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т “гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн” гэж заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Мөн шүүгдэгч Х.Б- нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Б.С-, Х.Б- нарын хувийн байдлын талаар иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, мал тооллогын баримтын хуулбар (хавтаст хэргийн 171-178, 183-191 дэх тал) зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна.

6. Иймд шүүгдэгч нарт ял оногдуулахдаа тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт үйлдэлдээ хандаж байгаа хандлага, шүүгдэгч нарын хувийн байдлын талаар хэрэгт тогтоогдсон нөхцөл байдлууд, шүүгдэгч Б.С-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т “гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн” гэж заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч Б.С-д 1 (нэг) жил 6 (зургаа) сар хорих ял,

Шүүгдэгч Х.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй зэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч Х.Б-д 2 (хоёр) жил хорих ял тус тус шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоох нь гэмт хэргийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-, Х.Б- нарын энэ хэрэгт цагдан хоригдсон 42 хоногийг эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ уналга болгон ашиглаж, хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Б.С-ын өмчлөлийн 300,000 төгрөгийн үнэ бүхий Мустанг-150 мотоциклийг хураан авч, улсын орлогод оруулж, энэ ажиллагаа эхлэх хүртэл битүүмжилсэн тогтоолыг хэвээр үлдээж, хэрэг эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, шүүгдэгч Б.С-, Х.Б- нараас шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх  ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.С-, Х.Б- нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Н- овогт Б-ы С-, Т- овогт Х-ын Б- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т заасан “Бусдын мал хулгайлах гэмт хэргийг бүлэглэн, машин механизм ашиглаж үйлдсэн”  гэм буруутайд  тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч Б.С-д 1 (нэг) жил 6 (зургаа) сар хорих ял,

 - Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч Х.Б-д 2 (хоёр) жил хорих ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.С-, Х.Б- нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-, Х.Б- нарын энэ хэрэгт цагдан хоригдсон 42 (дөчин хоёр) хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

5. Шүүгдэгч Б.С-, Х.Б- нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэсүгэй.

6. Хохирогчид учирсан хохирол төлөгдсөн болохыг дурдаж, өмгөөллийн хөлс 1,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

7. Хэрэг эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, шүүгдэгч Б.С-, Х.Б- нараас шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх  ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ уналга болгон ашиглаж, хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Б.С-ын өмчлөлийн 300,000 төгрөгийн үнэ бүхий Мустанг-150 мотоциклийг хураан авч, улсын орлогод оруулж, энэ ажиллагаа эхлэх хүртэл битүүмжилсэн тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

                                       

                             

                            

                                     ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Б.ГАНСҮХ