Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 101/ШШ2022/04369

 

 

 

 

 

 

 

                              2022        10          21

                   101/ШШ2022/04369

           

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “А” ХХК //-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: С. С /рд:/,

 

Хариуцагч: М.Ц /рд:нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт нийт 9,676,173.14 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.П нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “А” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний төлөөлөгч Б.А нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “А” ХХК-д С.С 2019.07.01-ны хандаж автомашин худалдаж авахад мөнгө дутагдалтай байгаа тул 10.150.000 төгрөгийг 36 сарын хугацаатай зээл олгохыг хүссэн.

Зээлдэгчийн хүсэлт болон холбогдох баримтыг үндэслэж тус өдөртөө 36 сарын хугацаатай, сарын 3.2%-ийн хүүтэй зээлийн гэрээг С.С болон хамтран зээлдэгч М.Ц нартай, мөн эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээг тус тус байгуулан зээл олгосон.

“А” ХХК-ийн зүгээс зээлийн графикт хугацаанд төлбөрийг төлж барагдуулахыг удаа дараа сануулж, бичгээр мэдэгдэл өгч тодорхой хугацаанд зээлийн болон барьцааны гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэх боломжит хугацааг зээлдэгчийн хүсэлтийн дагуу өгч байсан. Гэвч хариуцагч нь өнөөдрийг хүртэл зээлийн нэмэгдүүлсэн хүү, үндсэн хүү болон үндсэн төлбөрийг бүрэн барагдуулаагүй байх тул тус шүүхэд хандаж байна.

Иймд хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэгт нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 9,071.14 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 2.671.732 төгрөг, үндсэн зээлийн төлбөрт 6.995.370 төгрөгийг зээлдэгч нараас гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү.

Хариуцагч тал ирээгүй тул хуулийн 100.3-т зааснаар эзгүйд нь шийдвэрлүүлье. Хариуцагч С.С нь авто машин авахаар зээл олгох хүсэлт гаргаснаар хариуцагч нартай зээлийн гэрээ байгуулж, мөн фидуцийн гэрээ байгуулсан. Улмаар зээлээ төлөхийг сануулж байсан. Гэвч гэрээний үүргээ биелүүлэхгүй байна. Иймд нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нараас нийт 9,676,173.14 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү.

Хариуцагчийн тайлбарт дурдсанаар ББСБ-н захирал нь Монголд байхгүй тул баримтыг гаргаж чадахгүй байгаа юм. Даатгалаас орж ирсэн мөнгөний заримыг зээлд аваад заримыг нь өөрт нь өгсөн. Хариуцагч нь зээл авснаа зөвшөөрдөг, хуралд ирээгүй тул нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагч бөгөөд хариуцагч М.Цийн төлөөлөгч С.С нь шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие С.С нь 2019 оны 07.01-нд А-с 10,150,000 төгрөгийн зээл авснаа хүлээн зөвшөөрч байна. Эргэн төлөлтийг боломжоороо төлж байсан. Сүүлийн жилүүдэд ковид, хувиараа ажиллаж байсан газрын санхүүжилт олгогдоогүй байсан зэргээс шалтгаалж төлөлтийг удаашруулсан нь үнэн. Машинаа мөргөлдүүлээд даатгалаас орж ирсэн мөнгийг тухайн ББСБ-н дансаар орсныг надад өгөлгүй шууд төлөлтөд авсан бөгөөд сарын төлөлтөөс илүү мөнгө орж ирэхэд үндсэн төлөлтөөс хасаагүй байсан. Иймд би нийт 9,676,173 төгрөгийг бүгдийн төлөх чадваргүй үнээсээ багасгах хүсэлтэй байна гэжээ.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд:  улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх4/, зээл төлөлтийн дансны хуулга /хх5/, 2019 оны 07 дугаар сарын 01-ны өдрийн зээлийн гэрээний хуулбар /хх6-7/, эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний хуулбар /хх8-9/, иргэдийн зээлийн хүсэлтийн тухай мэдээлэл /хх10/, мемориалын ордер №6, №7, №33 /хх12/, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар /хх13/, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх14/, нэхэмжлэх /хх30/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх31/, Хаан банк дахь дансны хуулга /хх32/-г нотлох баримтаар ирүүлсэн.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

        ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх дараах үндэслэлээр хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэгт 9,676,173.14 төгрөг гаргуулж, шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч “А” ХХК нь зээлийн гэрээний үндсэн төлбөрт 6,995,370 төгрөг, хүүд 2,671,732 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 9,071.14 төгрөг, нийт 9,676,173.14 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

Хариуцагч С.С, М.Ц нар нь зээлийн гэрээ байгуулж, зээл олгогдсон талаар маргаагүй боловч зээлийн үлдэгдлийн тооцооллын талаар маргасан.

 

Шүүх хариуцагч бөгөөд хариуцагч М.Цийн төлөөлөгч С.Ст 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг тайлбарласан.

Улмаар шүүх хуралдааны товыг 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралдаанд хүрэлцэн ирээгүй бөгөөд ямар нэг хүсэлт гаргаагүй.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 103.3-т зааснаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй.

 

Зохигчид 2019 оны 07 дугаар сарын 01-ны өдөр 16632 дугаартай 10,150,000 төгрөгийн үнэ бүхий зээлийн гэрээ байгуулсан байна. /хх6-7/

Зээлийн гэрээний дагуу 10,150,000 төгрөг олгогдсон болох нь нэхэмжлэгчийн Хаан банк дахь дансны хуулгаар тогтоогдсон. /хх32/

Энэхүү үйл баримтын талаар зохигчид маргаагүй бөгөөд хариуцагч С.С нь зээл олгогдсон гэх тайлбарыг гаргажээ. /хх26/

 

Нэхэмжлэгч зээлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй болох  дугаар тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тус тус тогтоогдсон. /хх13-14/

 

Иймд зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

 

Зээлийн гэрээгээр сарын 3.2 хувийн хүү төлөхөөр тохиролцож, 36 сарын хугацаатай байгуулсан тул гэрээний хугацаа 2022 оны 07 дугаар сарын 01-ны өдөр дуусгавар болсон.

 

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар энэ төрлийн зээлийн харилцаанд гэрээний хугацаа дууссан нь зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

 

Улмаар нэхэмжлэгч нь 2022 оны 09 дүгээр сарын 14-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан тул зээлийн гэрээний дагуу үүссэн үүргийг тооцвол:

Зээлийн гэрээ 3 жил, 76 хоног үргэлжилсэн байна. Гэрээний 3.1.3-т зааснаар сарын 3.2 хувийн хүү тооцогдох тул жилд 38.4 хувийн хүү тооцогдоно.

Үүнээс хүүг тооцвол 1 жилд 3,897,600 /10,150,000*38.4%/ төгрөг, 3 жилд 11,692,800 төгрөгийн хүү тооцогдоно. Цаашлаад жилд 3,897,600 төгрөгийн хүү тооцогдох тул 365 хоногоор тооцвол 1 хоногт 10,678.36 төгрөг, 76 хоногт 811,555.36 төгрөгийн хүү тооцогджээ.

Эдгээрийг нэгтгэн тооцвол үндсэн зээл 10,150,000 төгрөг, нийт хүү 12,504,355.36 төгрөг, нийт 22,654,355.36 төгрөгийн үүрэг үүссэн.

 

Улмаар нэхэмжлэгч нь хариуцагчийг нийт 10,364,191 төгрөг төлсөн гэж тайлбарласан бөгөөд хариуцагч тал нь энэ мөнгөн дүнгийн талаар маргаагүй тул хариуцагч нарын гүйцэтгээгүй үүргийн дүн нь 12,290,164.36 төгрөг юм.

 

Хариуцагч нар нь даатгалын нөхөн олговрыг үндсэн зээлээс хасаж тооцоогүй гэж маргасан бөгөөд харин нэхэмжлэгч нь энэхүү даатгалын олговрыг зохих төлбөрөөс хассан гэж тайлбарласан.

Гэвч хариуцагч нар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргийн дагуу өөрийн тайлбарыг нотлоогүй.

 

Зээлийн гэрээний 3.1.4-т үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү тооцохоор тохиролцсон бөгөөд хариуцагч нар нь гэрээний хугацаанд зээлийг буцаан төлөөгүй хугацаа хэтрүүлсэн байх тул үндсэн хүү болох 12,504,355.36 төгрөгөөс 2,500,871.07 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү тооцогдоно.

 

Дээрх үндэслэлээр хариуцагч нарын зээлийн гэрээний дагуу төлөх үлдэгдэл үүрэг нь нийт 14,791,035.43 /12,290,164.36+2,500,871.07/ төгрөг байх боловч нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүрэгт нийт 9,676,173.14 төгрөг шаардсан тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хангаж шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйлийн 116.2-т нийцнэ.

 

Нэхэмжлэгч болон хариуцагч С.С нар нь 2019 оны 07 дугаар сарын 01-ны өдөр эд хөрөнгө өмчлөх эрх шилжүүлэх буюу фидуцийн гэрээ байгуулсан байна. /хх8-9/

 

Барьцааны гэрээний зорилго нь дээрх 16632 дугаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заасан байх бөгөөд гэрээний зүйл нь Toyota Prius маркийн автомашин байна.

Уг гэрээ байгуулагдсан талаар хариуцагч тал маргаагүй.

 

Хэдийгээр энэхүү Toyota Prius маркийн 4 УБЦ улсын дугаартай автомашин нь нэхэмжлэгчийн өмчлөлд бүртгэлтэй байх боловч бодит байдалд хариуцагч С.Сийн эзэмшилд байгаа болох нь түүний шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдсон.

Иймд хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлагыг хангах үндэслэлтэй.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс иргэний эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлсэнтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгчээр урьдчилан төлүүлэх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай.

Мөн Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн илүү төлсөн хураамжийг буцаан олгоно.

Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 240,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 239,968.77 төгрөг, Баянзүрх дүүргийн татварын хэлтсээс 31.33 төгрөг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.         Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2-т зааснаар хариуцагч С.С, М.Ц нараас зээлийн гэрээний үүрэгт нийт 9,676,173.14 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “А” ХХК-д олгосугай.

2.         Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч С.С, М.Ц нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд 4 УБЦ улсын дугаартай Toyota Prius маркийн автомашиныг албадан дуудлага худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

3.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 240,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.С, М.Ц нараас 239,968.77 төгрөг, Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 100200300941 тоот данснаас 31.33 төгрөг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгосугай.

4.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Д.ГАНБОЛД