Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 132/ШШ2022/00511

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Сөүлийн гудамж, 6/2 “Од плаза төв” 406 тоот хаягт оршин байгаа, “МБ *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Булган аймаг, Хутаг-Өндөр сум, 2 дугаар баг, Хангай 1-1 тоот хаягт оршин байгаа, “Г*******” ХХК-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлээр худалдах худалдан авах гэрээний үүрэгт 13,140,621 төгрөг гаргуулах тухай 132/2022/00431/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Амарбилэг

Харуицагч Г.Б*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Долгор нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “МБ *******” ОНӨХХК нь хариуцагч “Г*******” ХХК-д холбогдуулан зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 13,140,621 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.  Үүнд:

1.1. Манайх хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж зардаг үндсэн үйл ажиллагаатай компани, Г******* ХХК, МБ инжиниринг бол сайн бизнессийн хамтрагчид түншүүд. “Г*******” ХХК нь “МБ *******” ХХК-тай 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 2106469 дугаар зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан, Беларусь улсад үйлдвэрлэгдсэн үр тарианы комбайн КЗС-5А, палессе GS58 жатка ЖЗК-5-1 087-ийг 90,000 ам.доллар, төлбөрийг 2021 оны 06 дугаар сарын 30-ны дотор бүрэн төлж барагдуулах нөхцөлтэй зээлээр худалдан авсан. Одоо “Гурбанборхууд” ХХК нь 2017 онд техник худалдан авсан гэрээний үүргийн гүйцэтгэлийн үлдэгдэл 10 сая орчим хүү алдангитайгаа нийлээд 13 сая орчим үлдэгдэл байгаа. Зээлээр худалдан худалдан авах гэрээ 2017 онд байгуулагдаад 2019 онд дуусах ёстой гэрээ. Байсан. Гэтэл 2019 онд Ковид-2019 өвчин гарч, 2020 он, 2021 онд сунгаж байж дуусгасан. Манай компани нотлох баримтаар санхүүгийн баримтаа гаргаж өгсөн. Хариуцагч “Г*******” ХХК-иас зээлээр худалдах худалдан авах гэрээний үүрэгт нийт 13,140,621 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

2. Хариуцагч хариу тайлбараа: Манай компани “МБ инжиниринг” ХХК-аас 2 удаа 2 комбайн авсан. Одоо нэхэмжлээд байгаа нь 2017 онд авсан хамгийн анхны худалдаж авсан комбайны төлбөрийн үлдэгдлийг нэхэмжилж байгаа гэж ойлгоод байгаа. Манай компани тус зээлээр авсан комбайны төлбарийг цувуулаад төлөөд дууссан байгаа. 2 өөр юм яриад байх шиг байна. Нэхэмжлэхдээ хамгийн анх 2017 онд авсан комбайны үлдэгдэл нэхээд байгаа. Сая ярихдаа сүүлд ирсэн 5а комбайны төлбөр нэхэж байх шиг байна. 5а комбайн дээрч манайх ямар ч төлөх төлбөр байхгүй. Эхний комбайн ч төлөөд дууссан. Манайх мэдээж төлье гэж бодохгүй байна. Манайх МБ инжинирингээс 2 комбайн, 1 трактор, 2 жактак, 1 хор цацагч гэсэн 6 төрлийн техник худалдаж аваад одоогийн байдлаар төлбөр тооцоо бол дууссан. Найдваргүй итгэлгүй түншүүд гэж өөрсдийгөө бодохгүй байгаа. Тооцоо дууссан учраас үүнд санаа зовохгүй байна. Хэрвээ төлүүлэх гэж байгаа бол биднээс илүү төлбөр авах гээд байна гэж ойлгож байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

        3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 2017/33 дугаар “Зээлээр худалдах худалдан авах гэрээ, 2017/33/а Барьцааны гэрээ, “МБ *******” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ,  компаний дүрэм зэрэг баримтуудыг нотлох баримтуудыг бүрдүүлсэн байна.

        4. Хариуцагч хариу тайлбар, “МБ *******” ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 2/77 дугаартай “Г*******” ХХК нь төлбөрийн үлдэгдэлгүй гэх” тодорхойлолт зэргийг ирүүлсэн байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтууд болон зохигчийн тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч “МБ *******” ХХК нь хариуцагч “Г*******” ХХК холбогдуулан зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 13,140,621 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан ба хариуцагч нь төлбөрийг манай компани бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэж маргажээ. 

2. Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

2.1. Талуудын хооронд 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 2017/33 дугаартай зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасан зээлээр худалдах худалдан авах гэрээний харилцаанд хамаарч байна.

2.2. Дээр дурдсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-д “Гурван борхууд” ХХК нь 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл “МБ *******” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны 495052100 дансанд төлбөрийг хэсэгчлэн төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 263.2.2-д заасан зохицуулалтад нийцсэн байна.

3. Хэрэгт авагдсан 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 2017/33 дугаартай зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан болох нь тогтоогдож байх ба талууд гэрээний нөхцөлийг хүлээн авч, холбогдох гарын үсгийг зурж, тамгаа дарж баталгаажуулжээ.

4. Хариуцагч талаас ирүүлсэн “МБ *******” ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 2/77 дугаар албан бичигт “Булган аймаг, Хутаг-Өндөр сум, 2 дугаар баг, Хангай 1-1 тоот хаягт орших “Гурван борхууд” ХХК нь “МБ *******” ХХК-тай зээлээр худалдах худалдан авах гэрээгээр доорх тенхик, тоног төхөөрөмжүүдийг худалдан авсан бөгөөд төлбөрөө төлж барагдуулсан тул аливаа төлбөрийн үлдэгдэл байхгүй болохыг үүгээр тодорхойлж байна” гэжээ.

4.1. Компаний тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-д “Гүйцэтгэх удирдлага нь компанийн дүрэм болон төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/-тэй байгуулсан гэрээнд заасан эрх хэмжээний дотор компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна”, 83.8-д “Гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна” гэж заажээ.

4.2. “МБ *******” ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 2/151/А дугаар “А.Болдтой байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөр дуусгавар болгосон тухай” тушаалыг нотлох баримтаар шүүхэд ирүүлсэн байна.

4.3. Дээрх тушаалаас үзэхэд “МБ *******” ХХК-ийн захирал А.Болд нь 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 2/77 дугаар албан бичгээр “Г*******” ХХК-ийг зээлээр худалдах худалдан авах гэрээгээр доорх техник, тоног төхөрөөмжүүд “-Трактор Беларус-1221.2, -хор цацагч ОП-2500-12, -Комбайн КЗС-5А палессе GS5A, Жатка ЖЗК-5-1, комбайн КЗС-575, Палессе GS-5, жатка ЖЗК-5-2”-ийн төлбөрийн үлдэгдэлгүй талаарх тодорхойлолтыг бичгээр өгсөн нь хариуцагч “Г*******” ХХК-ийг зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн гэж үзэхээр байна.

4.4. Иймд дээрх баримтыг үндэслэн нэхэмжлэгч “МБ *******” ХХК нь хариуцагч “Г*******” ХХК-иас 2017 онд байгуулсан зээлээр худалдах худалдан авах гэрээний үүрэгт үлдэгдэл төлбөр 13,140,621 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

5. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 223,653 /хоёр зуун хорин гурван мянга зургаан зуун тавин гурав/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

        1. Иргэний хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1, 262 дугаар зүйлийн 262.2 дах хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч “Г*******” ХХК-иас 13,140,621 /арван гурван сая нэг зуун дөчин мянга зургаан зуун хорин нэг/ төгрөг гаргуулах тухай нхэмжлэгч “МБ *******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд ньхэрэгсэхгүй болгосугай.

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Хаан банк-ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 223,653 /хоёр зуун хорин гурван мянга зургаан зуун тавин гурав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

              3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       О.ОДОНЧИМЭГ