Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 2025/ШЦТ/176

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалан,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Х,

            Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын  прокурор Э.Ц,

             Шүүгдэгч: З.Ж- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Цэвээнгэрэлээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Ш- овогт З-гийн Ж-д холбогдох 25350000001.. дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ................. ..... аймгийн .... суманд төрсөн, ... настай, эрэгтэй, .........., бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .......... хамт амьдардаг,  Увс аймгийн ........... сумын ....... багт оршин суух хаягтай, урьд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 2024/ШЦТ/169 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жил хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж байсан, улсаас авсан гавъяа шагналгүй Ш- овогт З-гийн Ж- (РД: ............);

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч З.Ж- нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2025 оны 5 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө Увс аймгийн ........... сумын …….. багийн нутаг дэвсгэрт байрлах “Баялаг Увс” шатахуун түгээх станцын урд замд согтуугаар иргэн Д.О-гийн эзэмшлийн улсын бүртгэлд бүртгүүлээгүй “Мустанг-5” загварын мотоцикл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон” гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгч З.Ж-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Шүүгдэгч З.Ж- нь 2025 оны 5 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө Увс аймгийн ........... сумын ……. багийн нутаг дэвсгэрт байрлах “Баялаг Увс” шатахуун түгээх станцын урд замд согтуугаар “Мустанг-5” загварын мотоцикл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон замын хөдөлгөөнд оролцсон болох нь:

-Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 1 дэх тал),

- Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүй илрүүлсэн тухай 2025 оны 5 дугаар сарын 22-ны шөнийн 01 цаг 00 минутанд “Жолооч З-гийн Ж-ы согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг драгер 6820 загварын багажаар үлээлгэж шалгахад хэмжилт-хяналтын төхөөрөмжийн заалт 2.66%. байв” гэх тэмдэглэл, согтуурал шалгах явцыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 7, 9 дэх тал),

-Тээврийн хэрэгсэл /Мотоцикль/-д үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 2-6 дахь тал),

- Гэрч Х.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2025 оны 5 дугаар сарын 21-ний өдөр өөрийн нагац ах болох З.Ж-ы хамт Увс аймгийн ........... сумын…. дугаар багийн нутаг дэвсгэр … гэх нэртэй газар руу хөлсөөр ямаа самнахаар явсан юм. Тэгээд уг газарт очоод хөлсөөр ямаа самнаж дуусчихаад манай нагац ах З.С ........... сумаас авч очсон 1 шил архиа тухайн айлд задалж уусан. Уг архиа ууж дуусаад дахин нэмээд архи уусан.  Ах бид хоёр 2025 оны 5 дугаар сарын 21-ний орой 21 цагийн үед ........... сум руу улсын дугааргүй мустанг-5 загварын саарал өнгөтэй мотоцикльтэй хөдөлсөн юм. Тухайн үед манай ах согтуу жолоо барих чадваргүй байсан учир би жолоодож явсан. Аймгийн төв рүү орж ирэх үед Улиасны хэв гэх газарт явж байхад манай нагац ахын гар утас руу нь нэг хүн залгасан. Ах утсаар ярьж байгаад ........... сумын … дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “…….” гэх нэртэй дэлгүүрийн урд уулзахаар болсон. Тэгээд уг дэлгүүрийн гадна ирээд уг хүн рүүгээ залгаад манай нагац ах З.Ж- “Найз манайд хүрээд ир гэж хэллээ” гэсэн юм. Уг айлд очоод байж байгаад ах бид хоёр гэр рүүгээ харихаар болоод явах гэтэл ахын найз хамт явж З.Ж- ахынд очиж хонохоор болсон. Тэгээд тэр хүний улаан өнгийн мустанг-5 загварын улсын дугааргүй мотоциклийг манай нагац ах З.Ж- унаад ард талд нь ахын найз суугаад хөдөлсөн юм. Тухайн үед манай нагац ах З.Ж- нь их хэмжээгээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан юм. Тэгээд ........... сумын …угаар багийн нутаг дэвсгэрт улсын дугааргүй тээврийн хэрэгсэл жолоодож явж байхад цагдаа зогсоон шалгаж нагац ах З.Ж-ыг цагдаагийн газарт авч ирсэн юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34 дэх тал),

- Гэрч К.О-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2025 оны 5 дугаар сарын 21-ний орой 23 цагийн үед би найз З.Ж-тай утсаар залгаж яриад “Хаана явж байна? завтай байвал манайд хүрээд ир” гэж хэлэхэд З.Ж- төд удалгүй Увс аймгийн ........... сумын ........ хашаанд манайд гэрт хамаатны дүүгийн хамт мотоцикльтой ирсэн. Тухайн үед уг тээврийн хэрэгслийг хамаатны дүү нь жолоодож явсан. Манай гэрт найз З.Ж- орж ирэхдээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бололтой үнэртэж байсан. Би ч бас тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Хэсэг хугацаанд сууж байгаад найз З.Ж- “Манай гэрт очъё” гэж хэлсэн. Тэгэхээр нь хамт гэрт нь очихоор болоод би гэрээсээ гартал найз З.Ж- “Миний мотоцикльд гурван хүн багтахгүй. Чиний мотоциклийг би жолоодоод, чи миний хойно сундалдаад явчих” гэж хэлхээр нь би зөвшөөрөөд миний эзэмшлийн улаан өнгөтэй мустанг-5 загварын улсын дугааргүй мотоцикльтэй замын хөдөлгөөнд оролцсон. Гэрийн гаднаас хөдлөөд Увс аймгийн ........... сумын.... багийн нутаг дэвсгэрт гудамж нь дундуур явж байтал цагдаагийн машин урд талаас чиглэж ирсэн. Тэгээд найз З.Ж- бид хоёрыг цагдаа нар зогсоож бичиг баримт болон согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгасан. Тэгээд З.Ж-ыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гээд цагдаа дээр ирсэн юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 38 дахьтал),

-Гэрч СЛ-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2025 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Увс аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч У.Б-ын баталсан хуваарийн дагуу ........... сумын нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд хяналт шалгалт хийж ажиллаж байсан юм. 2025 оны 5 дугаар сарын 21-нээс 22 шилжих шөнө 00 цаг 40 минутын үед ........... сумын ... дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Баялаг Увс”  ШТС-ын гурван замын уулзвар дээр үүрэг гүйцэтгэж байхад улаан өнгийн улсын дугааргүй мустанг-5 загварын тээврийн хэрэгсэл жолооч зорчигчийн хамтаар замын хөдөлгөөнд оролцож байсныг зогсоож шалгахад уг тээврийн хэрэгслийг жолоодож явсан хүнээс согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан. Уг хүн З- овотой Ж- гэх хүн байсан бөгөөд би өөрийн төхөөрөмжөөр регистрийн дугаараар нь шалгахад тээврийн хэрэгсэл жолоодох В ангилын жолооны эрх хасагдсан А ангилын жолооны эрхгүй хүн байсан. З- овогтой Ж- гэх хүнийг цагдаагийн газарт авч ирж драгер багажаар согтолтын зэргийг шалгахад 2.66% гарч байсан юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 36 дахь тал),

-Шүүгдэгч З.Ж-ы мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би 2024 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ял шийтгүүлж жолоодох эрхээ хасуулсан. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Дахин ийм хэрэг үйлдэхгүй” гэх мэдүүлгүүдээр тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Хууль зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол...” гэж энэ гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлжээ.

Тус зүйлийн тайлбарт: “Энэ зүйлд заасан “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгоно” гэж,

Мөн зүйлийн тайлбарт “Тээврийн хэрэгслийн жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг ойлгоно гэж,

“Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан  хүнийг ойлгоно” гэж тус тус хуульчлан тайлбарлажээ.

Шүүгдэгч З.Ж- нь Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 2024/ШЦТ/169 дугаартай шийтгэх тогтоол (хавтаст хэргийн 69-70 дахь тал)-оор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2 жилийн хугацаагаар хасуулсан болох нь нотлогдож байгаа тул түүнийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн гэж үзнэ.

- 2025 оны 5 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө Увс аймгийн ........... сумын … дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Баялаг Увс” шатахуун түгээх станцын урд замд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2.66% согтолттой, улсын дугааргүй “Мустанг-5” загварын мотоцикл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон замын хөдөлгөөнд оролцсон болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар эргэлзээгүйгээр нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч З.Ж- нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2025 оны 5 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө Увс аймгийн ........... сумын …дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Баялаг Увс” шатахуун түгээх станцын урд замд согтуугаар “Мустанг-5” загварын мотоцикл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Иймд шүүгдэгч З.Ж-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч З.Ж- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.

Хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч З.Ж-ы үйлдсэн гэмт хэргийн улмаас бусдад хохирол учраагүй тул шүүгдэгчээс гаргуулах хохирол, хор уршиггүй гэж дүгнэв.

2. Шүүгдэгч З.Ж-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч З.Ж- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч З.Ж- нь Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 2024/ШЦТ/169 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар 5 дахь хэсэгт зааснаар зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жил хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж байжээ.

Шүүгдэгчийн хувийн зан байдлын талаар: Гэрч З.О өгсөн: “З.Ж- нь 1990 оны 11 дүгээр сарын 07-нд төрсөн. 2012 онд гэрлэж, 2 хүүхэдтэй болсон. 2018 онд салсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 40 дэх тал), гэрч З.Э өгсөн: “Миний төрсөн дүү З.Ж- нь 1990 оны 11 дүгээр сарын 07-нд төрсөн. 2012 онд гэр бүл зохиож 2 хүүхэдтэй болсон. 2018 онд салсан. Одоо хүү Ж.Б-ийн хамт амьдардаг” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 42 дахь тал)-үүд хэрэгт авагдсан  байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч З.Ж- нь Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 201 дугаартай шийдвэрээр  эхнэр Х овогт С-ын О-ээс гэрлэлтээ цуцлуулж, хүү Ж.Б-ийг өөрийн асрамжид авсан, одоо хамт .......... сумын ... дугаар багт амьдардаг. хүү Ж.Б нь .............-нд төрсөн, ....настай, түүнд өөр асран хамгаалагч тогтоогоогүй гэх үйл баримтууд тогтоогдож байна.

            Шүүхээс шүүгдэгч З.Ж-д ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, урьд нь энэ төрлийн гэмт хэргийг үйлдэж, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж байсан боловч гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилго биелэгдээгүй тул дараагийн шийтгэлийг хүндрүүлэх нь зүйтэй гэж үзээд шүүгдэгч З.Ж-ы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жилээр хасаж,  1 (нэг) жил зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, зорчих эрх хязгаарлах ялын хугацаанд өөрийн байнга оршин суух Увс аймгийн ........... сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох хязгаарлалт  тогтоох нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч З.Ж- Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 2024/ШЦТ/169 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэрэглэсэн хугацаа дууссан,

тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2 жил хасах ялаас 295  хоногийг эдлэж, 435 ( 1 жил 2 сар 10 хоног) хоногийн үйлдэгдэлтэй болох нь Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ирүүлсэн 2025 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 01/1546 дугаартай албан бичгээр тогтоогдож байна.

Шүүгдэгч З.Ж-д Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 2024/ШЦТ/169 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 (хоёр) жил тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялаас эдлээгүй үлдсэн 435 (1 жил 2 сар 10 хоног) хоногийн ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 (гурав) жил тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялд нэмж нэгтгэн түүний эдлэх тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг 4 жил 2 сар 10 хоногоор тогтоож, шийтгэх тогтоол гарсан өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч З.Ж-д өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 (хоёр) жил тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялаас эдлээгүй үлдсэн 435 (1 жил 2 сар 10 хоног) хоногийн ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 (гурав) жил тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялд нэмж нэгтгэн түүний эдлэх тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг 4 жил 2 сар 10 хоногоор тогтоох нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс арван хоёр жил хүртэл хасна” гэж заасанд нийцнэ.

Шүүгдэгч З.Ж- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

  Шүүгдэгч З.Ж-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэхээр тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ш- овогт З-гийн Ж-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Ж-ы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасаж, 1 (нэг) жил зорчих эрх хязгаарлах ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-т зааснаар ялтан З.Ж-д зорчих эрх хязгаарлах ялын хугацаанд өөрийн байнга оршин суух Увс аймгийн ........... сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох хязгаарлалт  тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-т зааснаар ялтан нь зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарлалтыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр зөрчсөн бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-т заасныг баримтлан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил хасах ял дээр Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 2024/ШЦТ/169 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жил хасах ялаас эдлээгүй үлдсэн 1 (нэг) жил 2 (хоёр) сар 10 (арав) хоногийн ялыг нэмж нэгтэн, түүний эдлэх тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг 4 (дөрөв) жил 2 (хоёр) сар 10 (арав) хоногоор тогтоосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч З.Ж-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жил 2 сар 10 хоногоор хугацаагаар хасах ялын хугацааг шийтгэх тогтоол гарсан өдрөөс эхлэн тоолсугай.

7. Шүүгдэгч З.Ж- нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч З.Ж-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэсүгэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

                                         

                                    

                                     ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Б.ГАНСҮХ