Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 2025/ШЦТ/177

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Х,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Н,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Б,

Шүүгдэгч: Д.Х- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын ахлах прокурор А.А-аас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн  2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Т- овогт Д-гийн Х-т холбогдох эрүүгийн 24350000002.. дугаартай хэргийг давж заалдах шатны шүүхээс дахин хэлэлцүүлэхээр ирүүлснийг 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол Улсын иргэн .......................д Увс аймгийн ........... суманд төрсөн, ... настай, эрэгтэй, суурь боловсролтой, мэргэжилгүй, ..........., ам бүл ............ хүүхдийн хамт Увс аймгийн ........... сумын ............ амьдардаг, урьд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2022/ШЦТ/17 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-д зааснаар 4 жилийн хорих ял шийтгүүлж, Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солиулсан, Т- овогт Д-гийн Х- (РД:.......................);

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Х- нь Увс аймгийн ........... сумын 04 дүгээр багийн нутгаас 2021 оны 09 дүгээр сарын 08-ны үед .......... сумын иргэн Ц.Б-ийн 5 тооны адууг буюу олон тооны бод мал хулгайлж хохирогчид 3’600’000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Шүүгдэгч Д.Х-ыг мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Д.Х- нь Увс аймгийн ........... сумын 04 дүгээр багийн нутгаас 2021 оны 09 дүгээр сарын 08-ны үед .......... сумын иргэн Ц.Б-ийн 5 тооны адууг нууц далд аргаар хулгайлан авсан болох нь:

-Хохирогч Ц.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Манайх .......... сумын 3 дугаар багийн нутаг “Гурамсан” гэх газарт байдаг бөгөөд манай адуу байнга ........... сумын 4 дүгээр багийн нутаг “Цагаан бургасны сай” гэх газар орчим бэлжиж явдаг байсан. Намайг нутгийн хүмүүс “А- шар” гэх нэрээр дууддаг бөгөөд миний нэр Ц.Б- юм. Мөн манай залууг бид болон нутгийн хүмүүс “У-” гэх нэрээр дууддаг, жинхэнэ нэр нь Б.С- юм. Манай адуу нь 2021 оны 09 дүгээр сарын 07-аас 08-ны өдрийн хооронд байх ........... сумын “Цагаан бургасны сай” гэх газарт байхад нийт 12 тооны адуунаас 5 тооны адууг хулгайд алдсан ба ойр орчимд болон .......... болон ........... сумаар хайгаад олоогүй. Малаа олохгүй болохоор орхичихсон байтал 2024 оны 06 дугаар сарын 20-ны үед байх ........... сумын М.Х гэх залуу нь манай хүү Б.С-тай уулзаад Э.Б, Д.О- болон хэсэг залуус архи, пиво ууж байгаад Д.Х- нь Э.Б-тай утасны цаанаас маргалдаж Э.Б- нь “Л.М- та хоёр .......... сумын 3 дугаар багийн иргэн Ц.Б-ийн адууг хулгайлан авсан гэдгийг чинь хэлнэ шүү” гэж маргалдсан талаар хэлсэн тухай манай хүү надад хэлсэн. Би Л.М-тай очиж уулзаад энэ талаар асуухад мэдэхгүй гэж хэлсэн. Миний хулгайд алдсан 5 тооны адуу нь шарга зүсмийн, таван настай гүү 1 тооны буруу гуяндаа аагт олом тамгатай; халтар зүсмийн 4 настай гүү буруу гуяндаа аагт олом тамгатай; бор хээр зүсмийн 5 настай хүрэн зүсмийн эр унагатай гүү; буруу талдаа аагт олом тамгатай, хүрэн галзан зүсмийн 3 настай гүү алдсан. Дээрх мал нь урьд нь ижлээсээ салж байгаагүй. Тухайн хэрэг шалгаж эхэлсэн орой нь Д.Х- нь надтай уулзаж би танай адууг хулгайлан авсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Сэтгэцэд учирсан зэрэг тогтоох дүгнэлт гаргуулахгүй" гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 6-7, 9 дүгээр хуудас);

-Гэрч М.Х-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2024 оны 05 дугаар сарын эхэн үед байх ........... сумын 4 дүгээр баг ........ гэх газарт Э.Б-, Д.О- бид нар пиво ууж байтал Д.Х- бид нар руу залгаад Э.Б-д “дүү уруу татаж архи дарс уулаа” гэж хэлэхэд Э.Б- нь Д.Х-т “би М- та хоёрын хийсэн хулгайг чинь гэрчлэн, та хоёр ...........ийн У-гийн 5 адууг ...........иос М- (Л.М-) тууж ууланд гаргаад Д.Х- нь ...... сум руу ачуулсан” гэж хэлэхэд Д.Х- нь Э.Б-д “2024 оны өвөл айлын адуунаас шарга зүсмийн даага салгаж аваад явсан шүү, тэр даагыг хариу эзэнд нь өг” гэж хэлэхэд Э.Б- нь “зудад үхсэн малыг би яаж өгдөг юм” гэж хэлсэн. Хэсэг маргалдаж байгаад утсаа тасалсан. Бид гурав тараад явсан. Энэ тухайгаа У-д бүгдийг нь хэлсэн. Урьд нь би У-тай хамт анх 5 адуу алдах үед Хяргас нуур хүртэл хайж байсан учраас У-г адуугаа хулгайд алдсан талаар мэдэж байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12-13 дугаар хуудас),

-Гэрч Э.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2024 оны 05 дугаар сард байх ........... сумын 4 дүгээр багийн нутаг Орлогийн зоо гэх газарт М.Х-, Д.О-, н.Б- бид 4 пиво уугаад сууж байтал Д.Х- нь над руу утсаар залгаад “дүүд архи өгсөн байна” гэхээр нь “би архи өгсөн зүйл байхгүй, Д.О-, Б- 2 өөрсдөө ирж хамт суухаар нь ууж байсан архинаасаа буюу пивоноос өгсөн, өөр зүйлгүй” гэхэд “гэр бүлтэй хүнд архи өгч байна" гэж маргалдаж эхэлсэн. Д.Х- нь “чиний адуу гэхээр юу байдаг юм” гэхээр нь “миний адуу байгаа” гэхэд Д.Х- юм хэлэхгүй байхаар нь “би бас гэрчилж чадна шүү, М- гэгч залуу 2021 оны 09 дүгээр сард .......... сумын А- шарын У-гийн 5 тооны адууг хулгайлан аваад танд хүргэж өгсөн, түүнийг та ууланд хадгалж байгаад ......... сум руу ачиж явуулсан шүү. Ийм асуудал байгаа шүү” гэхэд Д.Х- нь утсаа тасалсан. Энэ яриаг надтай хамт пиво ууж байсан М.Х-, Д.О-, н.Б- нар сонсож байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16 дугаар хуудас),

Гэрч Л.М-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2021 оны 09 дүгээр сарын эхэн үед буюу 09 дүгээр сарын 01-ээс 10-ны хооронд гэж бодож байна. Би ........... сумын 4 дүгээр багийн нутаг “Цагаан бургасны сай” гэх газарт өдрийн 15 цагийн үед ус авах гээд явж байтал хар зүсмийн морь унасан Д- овогтой Х- тааралдаад надаас “голд байгаа адуу хэний адуу вэ” гэж асуухаар нь би .......... сумын А- хочтой буюу Ц.Б- гэх хүний адуу байгаа юм аа гэж хэлэхэд Д.Х- “аан за за” гэж хэлээд хар зүсмийн морио унаад явахдаа надад хандаж “энэ адууг хойшоо хөөгөөд гаргаарай” гэж хэлээд мордоод явсан. Би мотоциклоо унаад гол руу ороход голд байсан адуу нь мотоциклын дуунаас үргэж Цагаан уснаас хойш гарсан. Би усаа аваад гэртээ хүргээд орой 07-оос 08 цагийн үед байх, нар орохын үед гэрийн гадна талд сууж байтал голоос дээшээ үргээд явсан Ц.Б- ахын адууг цаанаас хар зүсмийн адуутай Д.Х- ирээд яг хэдэн тооны адуу гэдгийг мэдэхгүй байна голоос тууж аваад уул руу явсан. 10 хоногийн дараа Ц.Б- ахын залуу У- буюу Б.С- нь хажуудаа нэг залуутай хамт Холбоо гэх газарт тааралдаад “2021 оны 09 дүгээр сарын эхэн үед Цагаан бургасны сай гэх газраас хүрэн алаг азаргатай 11 тооны адуунаас нийт 5 тооны адуу хулгайд алдаад хайж байна” гэхээр нь ах үзсэн зүйл байхгүй гэхэд “чи эндүүр явахдаа адуу мал сайн харж яваарай сураг гарах юм бол хэлээрэй” гэж хэлээд явсан. Би адуугаа хараад гэртээ хариад бодож үзэхэд Ц.Б- ахын 4 тооны адууг Д.Х- нь хулгайлан авсан юм байна даа гэж бодож байгаад удалгүй Д.Х-тай хөдөөд тааралдахаар нь “Ц.Б- ах 5 тооны адуугаа алдсан байна, танд мэдэж байгаа зүйл байна уу” гэхэд “надад мэдэж байгаа зүйл байхгүй” гэж хэлсэн. Би 1 жилийн дараа халамцуу явж байтал Б.С- тааралдахаар нь би адууны талаар хэлэх гэж байгаад айгаад хэлээгүй. 2024 оны 6 сард Б.С- ирээд “миний хулгайд алдсан 5 тооны адууг чи Х-т гаргаж өгсөн байна. Үнэн байдлаа хэлээд халуун дээрээ хохирлоо барагдуул гэхээр” би тухайн үед айгаад мэдэхгүй гэж хэлэхэд С- явсан. Уг хүнээс салаад шууд дээшээ яваад Д.Х- ахын гэрт очиход Д.Х- ах ганцаараа байхаар нь уулзаад “хэрэг буруугаар эргэсэн байна, Б.С- ирлээ 5 тооны адууг намайг гаргаж өглөө гэж хэлж ирлээ, энэ асуудлаа зохицуул” гэхэд Д.Х- нь “ямар хүн очиж хэлсэн юм бол” гээд шийдтэй хариу өгөхгүй болохоор нь шууд гэр рүүгээ явсан. 2022 оны 05 дугаар сард Э.Б- нь шүүхээс бугуйн цагтай ялтай байсан бөгөөд би согтуу Э.Б-тай тааралдаж .......... сумын Ц.Б- ахын 5 тооны адууг Д.Х- нь хулгайлан авсан талаар хэлсэн бөгөөд энэ тухай өөр хүнд хэлээгүй. Тухайн үед Д.Х- нь уг адуунаас адуу хулгайлан авах талаар надад хэлсэн зүйл байхгүй, мөн цаашаа хэнд өгөх, хэнтэй хамтарч хулгай хийж байгаа талаар хэлсэн зүйл байхгүй учраас тухайн үед Д.Х-ыг уг адуунаас өөрийн адуугаа барьж авах гэж байна гэж бодсон. Гэтэл сүүлд уг адуунаас 5 тооны адуу хулгайд алдсан гээд хайж байхаар нь Д.Х- хулгайлан авсан юм байна гэж бодсон. Тэгээд 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өглөө Д.Х-тай уулзаж ярилцахад Ц.Б-ийн адуунаас 5 тооны адуу тасалж хулгайлж авсан тухайгаа хэлсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18 дугаар хуудас),

Гэрч Б.Э-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2024 оны хавар адууны сураг гарч ........... сумын иргэн Д.Х- гэх залууг авсан гэдгийг миний нөхөр мэдэж сумын цагдаад хандсан. Албан ёсоор бүртгүүлж мэдүүлэг өгсний дараа буюу намайг эмнэлэгт байх хугацаанд ........... сумын иргэн Д.Х- нь ........... сумын бүсээс гарч болохгүй учраас манай ойролцоо ирээд миний нөхрийг дуудаж уулзаад хохирлыг барагдуулна гэдэг зүйлийг хэлсэн байсан. Тухайн үед хэрхэн яаж авсан талаар болон бусад зүйлийг яриагүй гэсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23 дугаар хуудас)-үүдээр Шүүгдэгч Д.Х- нь Увс аймгийн ........... сумын 04 дүгээр багийн нутгаас 2021 оны 09 дүгээр сарын 08-ны үед .......... сумын иргэн Ц.Б-ийн 5 тооны адуу буюу олон тооны малыг хулгайлсан үйл баримт тогтоогдож байна.

Хууль зүйн дүгнэлт:

 “Мал хулгайлах” гэмт хэрэг нь бусдын малыг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар үнэ төлбөргүй авч, өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг онцлогтой гэмт хэрэг юм.

Шүүгдэгч Д.Х- нь хохирогч Ц.Б-ийн 5 тооны адууг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар буюу тухайн малын эзэн өмчлөгчийн нүднээс далдуур, бэлчээрээс авсан үйлдэл нь бусдын малыг хулгайлах гэмт хэргийн шинжтэй үйлдэл байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т “олон тооны мал хулгайлж” гэж энэ гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнийг заажээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн тайлбар: “Энэ зүйлд заасан “мал” гэдэгт хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ хамаарна”, “олон тооны мал” гэж найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгоно” гэж тус тус тодорхойлсон тул хохирогч Ц.Б-ийн 5 тооны адуу нь олон тооны мал гэх ойлголтод хамаарч байна.

Шүүгдэгч Д.Х- нь Увс аймгийн ........... сумын 04 дүгээр багийн нутгаас 2021 оны 09 дүгээр сарын 08-ны үед .......... сумын иргэн Ц.Б-ийн нүднээс далдуур, бэлчээрээс 5 тооны адууг буюу олон тооны бод малыг авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Иймд шүүгдэгч Д.Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бусдын олон тооны малыг хулгайлах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан мал хулгайлах гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Б-т 3,600,000 төгрөгийн хохирол учирсан болох нь хөрөнгийн үнэлгээний 198 дугаартай дүгнэлт  (хавтаст хэргийн 31 дүгээр хуудас)-ээр тогтоогдож байна.

Хохирогч Ц.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Тухайн үед .......... сумаас ........... сум руу орж малаа хайсан. Нийт 10 хоног хайж явсан. Энэ хугацаанд зарцуулсан шатахуун болон хоол хүнс, ламд үзүүлэх зэрэг нийт 2,500,000 төгрөгийн зардал гарсан. Би Д.Х-аас 15 толгой мал нэхэмжилж байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9 дүгээр хуудас) өгсөн байна.

Хохирогч хулгайд алдсан адуугаа эрж хайсан зардалд 2,500,000 төгрөг нэхэмжилсэн боловч холбогдох нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй байна. 

Мөн хохирогч 5 тооны адуугаа хулгайд алдаагүй бол 15 тооны адуу болж өсөх байсан тул 15 тооны адууг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна.

Тодруулбал, анхан шатны шүүх нь хавтас хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх тул тухайн хулгайд алдагдсан 5 тооны адуу ирээдүйд 15 тооны адуу болж өсөх байсан эсэхэд шүүх дүгнэлт хийх хууль зүйн үндэслэлгүй байна.

Шинжээч Я.Н-ийн 2024 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 198 дугаартай дүгнэлтээр хохирогч Ц.Б-ийн хулгайд алдсан 5 тооны адуу 3,600,000 төгрөг болох нь тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгч Д.Х- нь хохирогч Ц.Б-ийн төрийн банкны ........... тоот дансанд 3,600,000 төгрөгийг Д.Х-аас хохирол төлөв гэх утгаар шилжүүлсэн орлогын мэдүүлэг (хавтаст хэргийн 188 хуудас)-ээр тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Х-ыг хохирогчид учирсан 5 тооны адууны хохирол 3,600,000 төгрөг төлж барагдуулсан гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Д.Х-аас шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол, төлбөргүй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Д.Х- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэм буруугийн талаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч маргаагүй болно.

2. Шүүгдэгч Д.Х-т эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч Д.Х-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.Х- урьд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2022/ШЦТ/17 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-д зааснаар 4 жилийн хорих ял шийтгүүлж, Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солиулж байсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан лавлагаа, шийтгэх тогтоол (хавтаст хэргийн 49, 55-62 дугаар хуудас)-оор тус тус нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгчийн хувийн зан байдлын талаар: Гэрч Е.Н-ийн өгсөн: “Д.Х- нь бүрэн дунд боловсролтой, төлөв даруу, архи тамхи хэрэглэдэггүй, адуунд гарамгай, эрүүл мэндийн хувьд архаг хууч өвчин байхгүй. Хөдөө мал маллан амьдардаг” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22 дугаар хуудас) хэрэгт авагдсан байна.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т “гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн” гэж заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон,  мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Д.Х-т 2 (хоёр) жил хорих ял оногдуулж, оногдуулсан  хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Д.Х- нь урьд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2022/ШЦТ/17 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар 4 жил хорих ял оногдуулж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т зааснаар  хорих ял өршөөн 4 жил зорчих эрх хязгаарлах ялаар сольсон байна. Уг ялаас 300 хоногийн зорчих эрх хязгаарлах ялыг эдлээгүй үлдсэн болох нь улсын яллагчийн шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2025 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 01/1559 дугаартай албан бичгээр тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж заасныг үндэслэн Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2022/ШЦТ/17 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 4 жил зорчих эрх хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 300 хоног зорчих эрх хязгаарлах ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоож, хорих ял эдэлж дууссан үеэс зорчих эрх хязгаарлах ялыг эдлүүлэхээр тогтоов.

Төрийн зүгээс гэмт хэрэг үйлдсэн хүнийг өршөөн ялыг нь сольсон бөгөөд уг ялыг солих хуульд заасан нөхцөл үүсээгүй байхад уг ялыг хүндрүүлэн сольж, өөр гэмт хэрэгт оногдуулсан ялд нэмж нэгтэх үндэслэлгүй гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно” гэж мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар, зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор, хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасна” гэж тус тус зааснаар шүүгдэгч Д.Х-ын энэ хэрэгт цагдан хоригдсон 143 хоногийг хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Д.Х-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-т зааснаар энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хор уршиг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг  тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-т “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж,

Мөн зүйлийн 2-т “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж, 3-т “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж, 4-т “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна.” гэж тус тус заасныг баримтлан шүүгдэгч Д.Х-ын гэмт хэрэг үйлдэхдээ уналга болгон ашигласан морины үнэ 1,300,000 төгрөгийг шүүгдэгчээс хурааж улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т- овогт Д-гийн Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн  2 дахь хэсгийн 2.1-т заасан “бусдын олон тооны мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Д.Х-т 2 (хоёр) жил хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Х-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2-т заасныг баримтлан энэхүү шийтгэл тогтоолоор оногдуулсан  хорих ял, Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2022/ШЦТ/17 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 4 жил зорчих эрх хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 300 хоног зорчих эрх хязгаарлах ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоож, хорих ял эдэлж дууссан үеэс зорчих эрх хязгаарлах ялыг эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Х-ын энэ хэрэгт цагдан хоригдсон 143 (нэг зуун дөчин гурав) хоногийг хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

6.  Шүүгдэгч Д.Х-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хор уршиг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг  тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Х-ын гэмт хэрэг үйлдэхдээ уналга болгон ашигласан морьны үнэ 1,300,000 төгрөгийг шүүгдэгчээс хурааж улсын орлогод оруулсугай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

                                   

 

                                        ДАРГАЛАГЧ,

                               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Б.ГАНСҮХ