Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 132/ШШ2022/00516

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааныг танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Булган аймаг, Х сум, Тээл * дүгээр багт оршин суугаа, Г******* овогт Т******* П******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Булган аймаг, Х сум, Тээл * дүгээр багт оршин суугаа, Н******* овогт Б******* Н*******сүрэн холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 113,250,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2022/00428/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч П.П*******, хариуцагч Б.Н*******сүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Долгор нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч П.П******* нь хариуцагч Б.Н*******сүрэнд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 113,250,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Би 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Б.Н*******сүрэнтэй зээлийн гэрээ байгуулан 100,000,000 төгрөгийг 15 хоногийн хугацаатай 7 хувийн хүүтэй, 05 хувийн алданги тооцох нөхцөлтэйгөөр зээлсэн. Б.Н*******сүрэн нь 2021 оны 02 дугаар сард 7,000,000 төгрөг, 2021 оны 03 дугаар сарын 7,000,000 төгрөг, 2021 оны 04 дүгээр сард 7,000,000 төгрөг, 2021 оны 05 дугаар сард 7,000,000 төгрөг, нийт 28,000,000 төгрөг төлсөн. Үүнээс эхний төлөлт 7,000,000 төгрөгнөөс 15 хоногийн хугацааны хүүнд тооцож 3,500,000 төгрөг авч, үндсэн зээл 100,000,000 төгрөгнөөс 24,500,000 төгрөгийг хасч, 75,500,000 төгрөгийг төлөөгүй байна. Зээлийн гэрээний хугацаа дуусч зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч өнөөг хүртэл төлөөгүй байна. 2022 оны 03 дугаар сард таны мөнгийг удаасан гээд 16,000,000 төгрөг төлсөн.  Б.Н*******сүрэн нь байр зарж өгнө гэсэн мал зарж өгнө гэсэн тэгээд өгөөгүй. Сүүлдээ Н*******сүрэн надтай уулзахаа больсон. Би л дэлгүүр дээр нь очиж уулздаг байсан. Би мал дээр байсан хүн энэ бол миний 30 жилийн хөдөлмөр. Ээж маань 4 жилийн өмнө ходоодны хорт хавдар гээд малаа цөөлөөд сумын төв рүү орж ирсэн. Тэгээд ганц нэг найдвартай хүмүүст хүүтэй мөнгө зээлдэг. Эм тарианы мөнгөнд хэрэглэх гэж зээлдэг. Зээлийн үлдэгдэл 113,250,000 төгрөг л авъя орон нутгийн залуу хүнд тус болъё л гэж бодож зээлсэн гэв.

2. Хариуцагч Б.Н*******сүрэн нь би П.П******* ахаас 100,000,000 төгрөг авсан нь үнэн. Бид хоёр зээлийн гэрээг сүүлд 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр нотариатаар баталгаажуулсан. Зээлийн гэрээг 15 хоногийн  хугацаатай, сарын 7 хувийн хүүтэй, 05 хувийн алданги тооцох нөхцөлтэйгөөр  тохиролцсон. Зээлийн гэрээний хугацаанд 15 хоногийн хүү болох 3,500,000 төгрөг, үндсэн зээлд 40,500,000 төгрөг төлсөн.  Одоо 59,500,000 төгрөгийг төлбөр үлдсэн. Хүнсний дэлгүүрийн үйл ажилагаа муу,  байгаагаас болж одоо ч үйл ажиллагаа нь сайжраагүй, миний хувьд төлбөрийн чадвар муу байна.

Иймд алданги төлөхгүйгээр үндсэн зээл болох 59,500,000 төгрөгийг төлөх боломжтой, алдангийг хөнгөлж өгнө үү гэв.

3. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн зээлийн гэрээг нотлох баримтаар өгсөн байна.

4. Хариуцагч нь шүүхэд хариу тайлбар ирүүлсэн ба Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэргийг ирүүлсэн байна.

         Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

                                                 ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч П.П******* нь хариуцагч Б.Н*******сүрэнд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 113,250,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

2. Хариуцагч Б.Н*******сүрэн нь нэхэмжлэгч П.П******* нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээл 59,500,000 төгрөгийг төлнө, алдангиас хөнгөлж өгнө үү гэх хариу тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.

3. Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

3.1. Талууд 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр “Зээлийн гэрээ” байгуулж, зээлдүүлэгч П.П******* нь зээлдэгч Б.Н*******сүрэнд 100,000,000 төгрөгийг 15 хоногийн хугацаатай, сарын 7 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаанд хамаарч байна.

3.2. Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д зааснаар зээлдэгч Б.Н*******сүрэн нь зээлдүүлэгч П.П*******ас авсан мөнгийг тохирсон хугацаанд хэлэлцэн тохиролцсон хүүгийн хамтаар буцаан өгөх үүргийг хүлээх бөгөөд зээлдүүлэгч П.П******* нь зээлдэгч Б.Н*******сүрэнгээс зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй.

4. Зээлийн гэрээний хугацааг 15 хоног гэж тогтоосон ба зээлдэгч Б.Н*******сүрэн нь зээлдүүлэгч П.П*******д 15 хоногийн хугацааны хүүнд 3,500,000 төгрөгийг төлсөн байна.

4.1. Харин зээлдэгч Б.Н*******сүрэн нь 2022 оны 2 сараас 5 сарыг дуустал хугацаанд 28,000,000 төгрөг, 2022 оны 03 дугаар сард 16,000,000 төгрөг, нийт 44,000,000 төгрөгийг төлснөөс хүүнд 3,500,000 төгрөгийг суутгаж, үндсэн зээлнээс 40,500,000 төгрөгийг төлснөөс хойш дахин зээлдүүлэгч П.П*******д зээл төлөөгүй байна.

5. Талууд “Зээлийн гэрээ”-ний 3 дугаар зүйлийн 3.7-д хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцохоор харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасан алдангийн зохицуулалтад нийцжээ.

6. Үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр болох 59,500,000 төгрөгөөс хоног тутам 0.5 хувийн алдангийг үүрэг үүссэн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд тооцож үндсэн төлбөрийн 50 хувиас хэтэрч байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар 59,500,000 х 50% = 29,750,000 төгрөгийн алданги тооцож үндсэн зээл 59,500,000 төгрөг, алданги 29,750,000 төгрөг, нийт 89,250,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П.П*******д олгох нь зүйтэй байна.

7. Хариуцагч Б.Н*******сүрэн нь алданги төлөхгүйгээр үндсэн зээл болох 59,500,000 төгрөгийг төлөх боломжтой, алдангийг хөнгөлж өгнө үү гэж тайлбарлаж байх боловч алдангиас чөлөөлөх үндэслэл нотлогдоогүйн дээр хариуцагч дээрх хүсэлтээ баримтаар нотлоогүй тул алдангиас чөлөөлөх үндэслэлгүй байна.

8. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 724,200 / долоон зуун хорин дөрвөн мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд үлдээж, хариуцагчаас  Б.Н*******сүрэнгээс 604,200 /зургаан зуун дөрвөн мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч П.П*******д олгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д зааснаар хариуцагч Б.Н*******сүрэнгээс зээлийн гэрээний үүрэгт нийт 89,250,000 /наян ёсөн сая хоёр зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.П*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 24,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй  олгосугай.

        2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчийн 724,200 / долоон зуун хорин дөрвөн мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд үлдээж, хариуцагчаас  Б.Н*******сүрэнгээс 604,200 /зургаан зуун дөрвөн мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч П.П******* /рд: ГН77102715/-д олгосугай.

         3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     О.ОДОНЧИМЭГ