Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 2025/ШЦТ/86

 

 2025         03         17                                       2025/ШЦТ/86

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа

Улсын яллагч Б.Өлзийбаатар

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Батболд

Хохирогчийн өмгөөлөгч М.Энхтуяа

Хохирогч *******

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт ******* холбогдох эрүүгийн 2421005690012 дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, “*******” ХХК-д цахилгаанчин ажилтай, ам бүл 8, эхнэр, 6 хүүхдийн хамт, Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Зангиатын ******* тоотод оршин суух, Боржигон овогт ******* /РД: *******/.

 

Шүүгдэгч ******* нь 2024 оны 10 дугаар сарын 18-ны шөнө 24 цагийн орчимд согтуугаар Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн 24 дүгээр байрны баруун талд байрлах под станцын хажууд хохирогч *******тай маргалдаж, цээжин тус газарт нь гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь баруун талын цээжний хөндийн хий хуралдалт, баруун уушгины авчилт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанд дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1.Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ Би тухайн өдөр гэр бүлийн найзуудын хамт баарнаас гарсан. Гэтэл Өлзиймөнхийг Батбаатар нь үг хэлээр гутаан доромжлоод байсан учир адилхан эмэгтэй хүнээс төрчихөөд ийм үйлдэл гаргаж болохгүй гэж хэлээд нэг удаа өшиглөсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна ... ” гэх мэдүүлэг /Шүүх хуралдааны тэмдэглэлд/

            2. Хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “: Би тухайн орой Ханан булаг баараар үйлчлүүлж гараад найзуудаа хүлээж 24 дүгээр байрны таксины зогсоол руу явсан. Тухайн үед нэг машин шахаж зогссон. Би машинд явж байсан хүмүүст хандаж “хүн дайрлаа болгоомжтой яваач” гэж хэлэхэд хэдэн эмэгтэй хүмүүс машинаасаа гарч ирж хэрүүл маргаан үүсгэсэн. Над руу 2 эмэгтэй хүн дайрч, нэг эрэгтэй хүн цохиж би унасан. *******ыг явах үед тухайн машиныг жолоодож явсан залуу гар утсыг нь өгчих гэж машинаас бууж ирээд өгсөн. Тухайн үед бүгд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Гэхдээ миний гар утсыг авах гэж намайг цохисон гэж үзэж байна. Улаанбаатар хот руу сэтгэцэд учирсан хохирлын зэрэглэлийг тогтоолгохоор явахад гарсан зардал 8,373,400 төгрөг, эмчилгээний зардал болон замын зардалд 3,091,500 төгрөгийг нэхэмжилж байна. Хэрэг прокурорт шилжих үед прокуророос “хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой. ******* танд хохирол төлбөр төлсөн үү” гэж асуусан. Тухайн өдрөөс 2 өдрийн дараа ******* надад 1 150 000 төгрөгийг өгсөн. ... ” гэх мэдүүлэг /Шүүх хуралдааны тэмдэглэлд/

            3. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 тал/

            4. Дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 5 тал/

5. Иргэний нэхэмжлэгч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...хохирогч *******ын эмчилгээнд Эрүүл мэндийн даатгалын сангаас 355, 834 төгрөг зарцуулсан байна. Иймд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт зааснаар ...гэм буруутай этгээдээс гаргуулж өгнө үү...”гэх мэдүүлэг /хх-ийн 33 тал/

            6. Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...манай найз ******* намайг өмөөрөөд нөгөө залууг под станцын зүүн урд хэсэгт нөгөө залуугийн цээжнээс дээш хэсэгт цохисон чинь уг залуу толгойгоо бариад газар унахад нь би уг залуугийн хөл хэсэг рүү өшиглөхөд гүйж ирээд намайг аваад машин руу явахад ард нөгөө залуу Өнөрөө 2 үлдсэн ...уг залуутай би маргаж уг залуугийн цээжин хэсэгт нэг удаа цохиж, хөл хэсэг рүү нь 2 удаа өшиглөсөн. ... Бид хоёроос өөр хүн маргаж зодолдсон асуудал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 тал/

            7. Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 24 дүгээр байрны таксины зогсоолын чигтэй нэг эрэгтэй хүн өнгөрч гарахдаа манай найзууд руу нэг муухай үг хэлэхээр нь манай найз болох Өлзиймөнх, хоёр барьж явсан усаа уг залуу руу шидэхэд уг залуу манай найзууд руу буцаж ирэхэд уг залууг аваад под станцын урд хэсэг рүү аваад явсан удалгүй эргээд ирсэн, нөгөө залуу руу ******* гүйж очоод уг залууг цохиж унагаж байгааг нь хальт харсан, учир нь эхнэр машинаас буух гээд би эхнэрээ гаргахгүй гэж машин дотор маргалдаж байхад ******* нь цохиж байгаа нь нүдний үзүүрт харагдсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45 тал/

            8. Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 595 дугаартай “1.*******ын биед баруун талын цээжний хөндийн хий хуралдалт, баруун уушгины авчилт гэмтэл тогтоогдлоо.  2. 3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 4.Дээрх гэмтлүүд нь амь насанд аюултай тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.15-т зааснаар хохирлын хүнд зэрэгт хамаарна. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна” гэсэн дүгнэлт /хх-ийн 59-61 тал/

9. Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 1527 тоот сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжээчийн дүгнэлт /хх-ийн 66-68 тал/

            10. Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...манай нөхөр хавирч унагаагаад хоёулаа газарт унаж байсанаас өөр зодож байгаа талаар би хараагүй...” /хх-ийн 47-48 тал/

            11. Шүүгдэгч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 112-113 тал/

            12.Хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон болон бусад нотлох баримтууд:

            13.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 55 тал/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 87 тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 88 тал/, иргэний оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 89 тал/ зэрэг дагуу цуглуулж бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Боржигон овогт ******* нь согтуугаар 2024 оны 10 дугаар сарын 18-ны шөнө 24 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн 24 дүгээр байрны баруун талд байрлах под станцын хажууд хохирогч *******тай маргалдаж, цээжин тус газарт нь гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь баруун талын цээжний хөндийн хий хуралдалт, баруун уушгины авчилт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн мэдүүлэг, хохирогч *******ын шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, гэрч Э.Мөнхзоригт, , , , иргэний нэхэмжлэгч   нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 595 дугаартай шинжээчийн дүгнэлт, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 1527 тоот сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжээчийн дүгнэлт, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл, хүлээн авсан тэмдэглэл, дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.    

Эрүүгийн 2421005690012 дугаартай хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх дүгнэлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

 

Хохирол төлбөрийн талаар:

 

Шүүгдэгч *******гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч *******ын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд хохирогч ******* нь “...Улаанбаатар хот руу сэтгэцэд учирсан хохирлын зэрэглэлийг тогтоолгохоор явахад гарсан зардал 8 373 400 төгрөг, эмчилгээний зардал болон замын зардалд 3 091 500 төгрөг, ажилгүй байсан хугацаа 3 сар ажил хөдөлмөр эрхлээгүй тул сарын цалин 1 500 000 төгрөг, нийт 4 500 000 төгрөг зэргийг нэхэмжилж байна. ... ******* надад 1 150 000 төгрөгийг өгсөн. ... гэжээ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж, мөн хуулийн 505.2.Гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс, орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй гэж, мөн хуулийн 511.3-т сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ гэж тус тус хуульчилсан.

Монгол Улсын Дээд шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалаар хохирогч *******т учирсан сэтгэцийн хохирол нь 2 дугаар зэрэглэлд хамаарч байгаа талаар Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 1527 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна.

Энэ аргачлалын дагуу хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг нөхөн төлүүлэх хэмжээг тогтоохдоо  Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-аас 12.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл хэмжээгээр тооцохоор тогтоосон ба хэргийн нөхцөл байдал, хохирогчийн биеийн байдал зэргийг харгалзан үзэж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 8 дахин нэмэгдүүлж буюу 660 000х8=5 280 000 төгрөгийг сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт тооцож гаргуулахаар шийдвэрлэлээ.

Мөн хохирогчоос хэрэгт ирүүлсэн эм тариа, эмчилгээний хохирол төлбөрийн баримтаас нотлох баримтын шаардлага хангасан, хэрэгт хамааралтай баримтуудыг үнэлж / хх-ийн 24-26-р тал/ дүгнээд нийт 341 300 төгрөгийн эмчилгээ, эм тарианы төлбөр баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэлээ.

Хохирогч нь ажилгүй байсан хугацааны цалин гэж 3 сараар тооцож нэхэмжилж байх боловч 2024 оны 12 сарын 01-ний өдрийн Б/12 дугаартай Талын их шүтээн ХХК-ийн захирлын тушаалаар дагалдан тогоочоор ажилд орж 2025 оны 01 сарын 02-ны өдрийн Б/01 тушаалаар чөлөөлөгдсөн байна. Энэ хугацаанд ажил хөдөлмөр эрхэлж байсан ба гэмт хэрэг 2024 оны 10 сарын 16-ны өдөр болсон байх тул гэмт хэргийн улмаас ажил хөдөлмөр эрхэлж чадаагүй хугацааг энэ цаг үеэс тоолон 2024 оны 12 сарын 02-ны өдөр хүртэл  буюу 1 сарын цалин хөлс 660 000 төгрөгөөр тооцож шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэлээ. 

 Иймд шүүгдэгч *******гаас сэтгэцэд учирсан гэм хорын нөхөн төлбөрт 5 280 000 төгрөг, эм тариа, эмчилгээний зардалд 341 300 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалинд 660 000 төгрөг, нийт 6 281 300 төгрөгийг хохирогчид төлөх үндэслэлтэй гэж дүгнэлээ. Үүнээс шүүгдэгч нь хохирогчид 1 150 000 төгрөгийг төлсөн болох нь тогтоогдож байх тул үүнийг хасаж үлдэх 5 131 300 төгрөгийг шүүгдэгч *******гаас  гаргуулж, хохирогч *******т олгохоор шийдвэрлэлээ.

Хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй ба ******* нь Эрүүл мэндийн даатгалын санд хохирогч *******ын эмчилгээний зардалд 355 834 /гурван зуун тавин таван мянга найман зуун гучин дөрвөн төгрөг/ төлсөн байна.

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Улсын яллагч нь шүүхийн хэлэлцүүлэгт “... Эрүүгийн хуулийн тусгай 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 16 800 /арван зургаан мянга найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 16 800 000 /арван зургаан сая найман зуу төгрөгөөр торгох саналыг гаргасан.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Урансувд нь шүүхийн хэлэлцүүлэгт торгох шийтгэл оногдуулж өгнө үү. Шүүгдэгч ******* нь ...олон хүүхэдтэй нөхцөл байдлыг маань харгалзан надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү ... гэх санал, тайлбарыг гаргажээ.

Хэрэгт авагдсан баримтаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөний ангийн 6.1 дүгээр зүйл 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасныг баримтлан шүүгдэгч Боржигон овогт *******гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа болон хохирогчид учруулсан хохирол, нөхөн төлбөрөө төлөхөө илэрхийлж байгаа байдал, түүний гэр бүлийн нөхцөл байдал / 33 настай, ам бүл 8, эхнэр, хүүхдүүдийн хамт/ зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 12 000 /арван хоёр мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12 000 000 /арван хоёр сая/ төгрөгийн торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн  хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 2 / хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгчид торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сидиг хэргийн хамт хадгалж, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Боржигон овогт *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 12000 /арван хоёр мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12 000 000 /арван хоёр сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 2/ хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгчид торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 505 дүгээр зүйлийн 505.3, 511 дүгээр зүйлийн 511.3-т тус тус зааснаар шүүгдэгч *******гаас эрүүл мэндэд учирсан хохиролд 5 131 300 /таван сая нэг зуун гучин нэгэн мянга гурван зуу/ төгрөг гаргуулж хохирогч *******т олгож, бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

5. Шүүгдэгч ******* нь Эрүүл мэндийн даатгалын санд 355 834 /гурван зуун тавин таван мянга найман зуун гучин дөрвөн төгрөг/ төлсөн болохыг дурдсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сидиг хэргийн хамт хадгалж,  битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Х.ОТГОНЖАРГАЛ