| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 132/2022/00300/И |
| Дугаар | 132/ШШ2022/00476 |
| Огноо | 2022-09-02 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 09 сарын 02 өдөр
Дугаар 132/ШШ2022/00476
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж, Ерөнхий шүүгч Г.Мягмарсүрэн, шүүгч Л.Хишигдэлгэр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Булган аймгийн Булган сумын, * дугаар баг, *** дугаар байр, * тоот хаят оршин суух, Буурал овогт Жалбуугийн Батсүхийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Төв аймаг, Заамар сум, Хайлааст * дугаар гудамж, ** тоот хаягт оршин суух, Боржигон овогт Цэгмидийн Дандарт холбогдох
Гэм хорын хохирол 1,616,610 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй, 132/2022/00300/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Ж.Батсүх
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Намжилмаа
Иргэдийн төлөөлөгч Д.Уламбаяр
Нарийн бичгийн дарга М.Долгор нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Батсүх нь хариуцагч Ц.Дандарт холбогдуулан гэм хорын хохирол 1,616,610 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Би 2022 оны 05 дугаар сарын 09-ний орой Булган сумын нутаг дэвсгэрт **-** ОРО улсын дугаартай crown маркийн авто машинтай чигээрээ явж байтал яг хажуу талаас Ц.Дандар нь **-** ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад мөргөсөн. Миний машин бүтэн эргээд 2 талаараа мөргүүлээд зогссон. Би өөрөө цагдаа дуудсан цагдаа нар ирээд зураг аваад өнгөрсөн. Хүмүүс харилцан бие биенээ мөргөсөн гэж хүмүүс бодож магадгүй. Миний машиныг хажуу талаас мөргөсөн. Мөргүүлсэн тал нь арилсан нөгөө талаараа айлын хашаа мөргөсөн тэр тал мөн арилсан. Толгой эргээд хоолны дуршил муудаад байхаар нь эмнэлгээр явсан. Хүзүү гоёдсон юм шиг болоод байсан. Маргааш цагдаа нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн тухай хуулийн 15.8-ыг Ц.Дандар зөрчиж намайг мөргөсөн гэж хэлсэн. Цагдаагаас Ц.Дандарыг 100 нэгжээр торгоод 10 оноо хассан гэж тайлбарласан. Бие өвдөөд байсан болохоор эмчид үзүүлэхэд эхний өдөр нэг эм бичиж өгсөн. Хэдэн төгрөгөөр эм авснаа санахгүй байна. Дараа нь очиж үзүүлэхэд эм, шингэн залгуулаад 7 хоног хөдөлгөөнгүй хэвт гэсэн. Тэгээд би 10 хоногийн чөлөөг цалингүй авсан. Удаан суухаар миний нуруу өвдөөд, машин барихаар хол явж чадахгүй байгаа. Би анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хохирол 1,616,610 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан одоо нэхэмжлэлийн шаардлагаа 636,610 төгрөгөөр багасгаж, цалингүй 10 хоногийн 500,000 төгрөг, эхний хийлгэсэн эмчилгээний зардал 480,000 төгрөг, нийт 980,000 төгрөг нэхэмжилж байна гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Ж.Батсүх нь 2022 оны 05 дугаар сарын 8-9-нд шилжих шөнө гэнэт миний машины урдуур орж ирснээр намайг самбаачлах хугацаа авах боломжгүй болгож мөргөсөн. Би Орхон аймагт үнэлгээний газар очоод дүгнэлт хийлгэсэн боловч Батсүх дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй энэ машинаа авахгүй гээд уурлаад гарсан. Дараа нь өөрөө дахин үнэлгээ хийлгэсэн, үнэлгээний хөлс 182,000 төгрөгийг би төлсөн. Батсүх нь өөрөө миний машиныг урдуур яарч ороогүй бол осол гарахгүй байсан. нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2022 оны 05 дугаар сарын 08 ны өдрөөс 05 дугаар сарын 09-нд шилжих шөнө болсон. Тиймээ би амжина гэж бодоод орсон тэгтэл амжсангүй гэж нэхэмжлэгч Ж.Батсүх өөрөө хүлээн зөвшөөрч байсан учир цагдаа дуудаагүй тухайн үедээ хэн хэн нь буруутай юм байна гээд 2 тийшээ болсон. Замын хүн болохоор явсаар байтал энэ хүн нэхэмжлэл өгсөн байна. Энэ хүн хөдөлгөөнд оролцуулахгүй үнэмлэхийг авчихаад тэр хүн хөдөлгөөнд орж чадахгүй яваад байгаа. Одоо нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 636,610 төгрөгөөр багасгаж, хариуцагчаас 980,000 төгрөг нэхэмжилж байна. Энэ хүн эмнэлэгт үзүүлсэн гээд байгаа боловч баримт нь байхгүй байна. Үнэхээр эмчлүүлсэн бол эмчийн картанд бичээд түүний дагуу эмийн сангаас эм авч байж түүнийг төлөх боломжтой. Гэтэл тэр баримт байхгүй байна. Ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжилж байгаа бол нийгмийн даатгал төлсөн, төлөөгүй баримт мөн хэрэгт байхгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэв.
Нэхэмжлэгчээс Булган аймаг дахь Цагдаагийн газрын 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 30/07-1097 дугаартай тодорхойлолт, 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 1121-0016 дугаартай Номин даатгалд гаргасан тодорхойлолт, төлбөрийн баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.
Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Д.Уламбаяр нь “Ц.Дандараас хохирол 980,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ж.Батсүхэд олгох нь зүйтэй” гэж дүгнэлт гаргасан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Нэхэмжлэгч Ж.Батсүх нь хариуцагч Ц.Дандараас нь зам тээврийн осол гаргасны улмаас өөрийн биед эмчилгээ хийлгэсэн төлбөр, цалингүй чөлөө авсан 10 хоногийн цалин, тээврийн хэрэгслийн сэлбэг болон шатахууны зардалд нийт 1,616,610 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 636,610 төгрөгөөр багасгаж, эмчилгээний төлбөрт 480,000 төгрөг, цалингүй 10 хоногийн цалин 500,000 төгрөг, нийт 980,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Намжилмаа нь татгалзлын үндэслэлээ нэхэмжлэгч Ж.Батсүх нь ямар эмчилгээ хийлгэсэн нь тодорхойгүй, мөн ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжилж байгаа бол нийгмийн даатгал төлсөн төлөөгүй гэх баримтуудыг ирүүлээгүй байх тул 980,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байна.
Хэрэгт авагдсан нотлох баримт болон зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
1. Хариуцагч Ц.Дандар нь 2022 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс 09-ний өдөр шилжих шөнө 00 цаг 10 минутын орчим **-** ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.8-д “Адил замын уулзварт жолооч баруун гар талаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчиж иргэн Ж.Батсүхийн **-** ОРО улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гаргасан нь зохигчийн тайлбар, шийтгэлийн хуудасны хуулбараар тогтоогдож байна. /хэргийн 8 тал/
Дээрх зам тээврийн ослын улмаас хариуцагч Ц.Дандарыг Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт “Жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчиж бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасны дагуу 100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 100,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.
2. Хариуцагч Ц.Дандар нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасны дагуу Ж.Батсүхэд учирсан гэм хорын хохирлыг хариуцан төлөх үүрэгтэй байна.
Иймд Ц.Дандарын буруутай үйлдлээс зам тээврийн осол гарч нэхэмжлэгч Ж.Батсүхийн биед гэмтлийн зэрэг тогтоогдоогүй боловч түүний эрүүл мэндэд толгой доргих, хүзүү, нуруу бөөр өвдөж эмчилгээ хийлгэсэн нь хэрэгт авагдсан амбулаториор эмчлүүлэгсдийн карт, “Бэршфарм” эмийн сангийн 2022 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн эм тариа худалдан авсан төлбөрийн баримтаар тогтоогдож байна. /хэргийн 10 тал/
3. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Д.Уламбаяр нь хариуцагч Ц.Дандараас хохирол 980,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ж.Батсүхэд олгох нь зүйтэй гэж дүгнэсэн дүгнэлтийг гаргасан байна.
4. Харин нэхэмжлэгчээс ирүүлсэн баримтуудаас үзэхэд Булган аймгийн Засаг даргын дэргэдэх Статистикийн хэлтсийн даргын 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 25 дугаартай “Тус хэлтсийн судлаач Ж.Батсүхэд эрүүл мэндийн шалтгааны улмаас 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс 10 хоногийн цалингүй чөлөө олгов” гэх тодорхойлолтыг хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн, нэхэмжлэгч нь 10 хоногийн хугацаанд цалингүй чөлөө авч эмчилгээ хийлгэсэн тул 500,000 төгрөгийг гаргуулна гэж тайлбарлаж байгаа боловч нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн баримтыг хэрэгт ирүүлээгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас 500,000 төгрөгийг хасч тооцох нь зүйтэй байна.
Иймд хариуцагч Ц.Дандараас гэм хорын хохирол болох эмчилгээний зардал 480,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ж.Батсүхэд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 500,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
5. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40,816 / дөчин мянга найман зуун арван зургаа/ төгрөгийг Төрийн санд үлдээж, хариуцагчаас Ц.Дандараас 15,050 /арван таван мянга тавь/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ж.Батсүхэд олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг баримтлан хариуцагч Ц.Дандараас гэм хорын хохиролд 480,000 /дөрвөн зуун наян мянга/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ж.Батсүхэд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 500,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40,816 /дөчин мянга найман зуун арван зургаа/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Ц.Дандараас 15,050 /арван таван мянга тавь/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд ирж өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ
ШҮҮГЧИД Г.МЯГМАРСҮРЭН
Л.ХИШИГДЭЛГЭР