Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 14

 

 

Т.Хайратад холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй хийж, 

            Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 35 дугаар шийтгэх тогтоолтой Т.Хайратад холбогдох эрүүгийн 213600000016 дугаартай хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн, 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Б.Уянга, прокурор Т.Өсөхболд нар оролцов. 

Монгол улсын иргэн, 1995 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч, мужааны мэргэжилтэй, ам бүл-5, эцэг, эх, дүү нарын хамт Ховд аймгийн Жаргалант сумын наран багийн 06 дугаар гудамж 09 тоотод оршин суух, ПЮ95041713 дугаарын регистрийн дугаартай, Жантекей нура овогт Телиханы Хайрат нь 2021 оны 01 дүгээр сарын 06-наас 01 дүгээр сарын 07-нд шилжих шөнө Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 20-84 ХОҮ улсын дугаартай цагаан өнгийн “Hyundai accent verna” маркын тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол улсын замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчиж зам тээврийн осол  гаргасны улмаас иргэн Т.Нурсолтаны биед зүүн гарын бугалга ясны төгсгөл хэсгийн ташуу зөрүүтэй далд хугарал, зүүн гарын бугалганы ард хагалгааны шарх зөөлөн эдийн няцрал гэмтлүүд бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “Шүүгдэгч Жантекей нура овогт Телиханы Хайратыг авто тээврийн хэрэгсэлийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, энэ гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч Т.Хайратын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, 1/нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн 213600000016 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл үгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэж ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь цаашид гарах хохирол, хор уршгаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмааар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч Т.Хайратад оногдуулсан 1 жилийн хорих ялыг 8 сарын хугацаагаар тэнссэж шийдвэрлэжээ.

Прокурор эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах хуулийн заалттай болохыг шүүгдэгчид тайлбарлаагүй байна.  Энэ нь Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна гэж заасныг зөрчсөн түүнчлэн мөн хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг хэрэглэж тайлбарлаагүй нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

                                                                                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Т.Хайратад холбогдох хэргийг давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хянан хэлэлцэхдээ шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон эсэхийг прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийтгэх тогтоолыг бүхэлд нь хяналаа.

 Ховд аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Т.Хайратыг 2021 оны 01 дүгээр сарын  06-наас 01 дүгээр сарын 07-нд шилжих шөнө Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ20-84 ХОҮулсын дугаартай цагаан өнгийн “Hyunda accent verna” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож  Монгол улсын замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас иргэн Т.Нурсолтаны биед хүндэвтэр хохирол учруулсан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

Анхан шатны шүүх прокуророос ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Т.Хайратыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1. заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодохыг нэг жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасныг журамлан 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар түүнд оногдуулсан 1 /нэг / жилийн хугацаагаар хорих ялыг 8 сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэжээ.

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: “анхан шатны шүүх шүүгдэгч   Т.Хайратад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1. –д зааснаар 1 /нэг / жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн  6.7 дугаар зүйлийн 1.1-д заасныг журамлан 8 сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн боловч шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “...тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол  прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулна.” гэх  заалтыг тайлбарлаагүй тул  зөвтгөж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулна уу.” гэжээ.

Хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар шүүгдэгч Т.Хайрат  2021 оны 01 дүгээр сарын  06-наас 01 дүгээр сарын 07-нд шилжих шөнө Ховд аймгийн Жаргалант  сумын Наран багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 20-84 ХОҮ улсын дугаартай цагаан өнгийн “Hyunda accent verna” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож  Монгол улсын замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын Хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас иргэн Т.Нурсолтаны биед хүндэвтэр хохирол учруулсан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон байна.

            Анхан шатны шүүх хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой талаас үнэлж шүүгдэгч Т.Хайратад Эрүүгийн хуулийн тухайн зүйл хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулсан нь түүний хувийн байдал, хэрэг үйлдсэн гэм хэргийн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

            Харин анхан шатны шүүх нь “шүүгдэгч Т.Хайратад  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1.-д зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн  6.7 дугаар зүйлийн 1.1-д заасныг журамлан 8 сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн нь  хуульд  нийцсэн  боловч  тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол  прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулна гэж хуульчилсан Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн  7.3  дугаар зүйлийн 4 дэх заалтыг тайлбарлаагүй орхигдуулсан байх тул энэ талаар бичсэн  бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч  анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд нэмэлт заалт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 2021/ШЦТ/35 дугаартай шийтгэх тогтоолын Тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн  7.3  дугаар зүйлийн 4 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Хайрат нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.” гэсэн нэмэлт заалт оруулан, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн энэ шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” гэсэн үндэслэлээр оролцогчид Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.                               

                      

 

 

 

                               ДАРГАЛАГЧ,

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Н.ТУЯА

 

                                       ШҮҮГЧИД                                        Д.ЖАМБАЛСҮРЭН

                                                                     

                                                                                                 М.НЯМБАЯР