| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Х.Отгонжаргал |
| Хэргийн индекс | 309/2025/0087/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/93 |
| Огноо | 2025-03-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Мэндбаяр |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 2025/ШЦТ/93
2025 03 20
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж,
Нарийн бичгийн дарга Г.Болормаа
Улсын яллагч М.Мэндбаяр
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Урансувд
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Мэндбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бугуд овогт ******* холбогдох эрүүгийн 2521000000087 дугаартай хэргийг 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 14 цаг 02 минутад хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Дорнод аймгийн Гурванзагал суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг Ялалтын ******* тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд нь Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 76 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, Бугуд овогт ******* /*******/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 17 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг сургуулийн хойд талын явган хүний гарцан дээр иргэн ******* маргалдан нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь 2 талын нүдний дээд, доод зовхи, зүүн хацрын цус хуралт, зүүн хацар, шанааны зөөлөн эдийн няцрал, зүүн чихний дэлбэнгийн цус хуралт, зулгаралт, зүүн чихний ард зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* нь шүүх хуралдаан гаргасан тайлбар, мэдүүлэгтээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж ярих зүйл байхгүй гэв.
Гэм буруугийн талаар:
1.Шүүгдэгч Бугуд овогт ******* нь 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 17 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг 5 дугаар сургуулийн хойд талын явган хүний гарцан дээр хохирогч ******* маргалдан нүүрэн тус газар нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь 2 талын нүдний дээд, доод зовхи, зүүн хацрын цус хуралт, зүүн хацар шанааны зөөлөн эдийн няцрал, зүүн чихний дэлбэнгийн цус хуралт, зулгаралт, зүүн чихний ард зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6 тал/,
2. Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн орой 17 цагийн орчим би явган хүний гарц дээр эцэг эх зохицуулагч хийж байхад хүүхэдтэй залуу гарцаар зам хөндлөн гарах гэж байсан бөгөөд хүүхэд нь гарц дээр зогсохгүй шууд зам хөндлөн гүйх гэхээр нь би хүүхэд зам хөндлөн гарах гэж байгааг тээврийн хэрэгслийн жолооч нарт мэдэгдэх зорилгоор дарцаг өргөхдөө замаар явж байсан ДОУ улсын дугаартай цагаан өнгийн приус-20 маркийн тээврийн хэрэгслийг дарцгаараа цохичихсон юм. Тэгсэн чинь тухайн машин 5 дугаар сургуулийн хойд талын зогсоол дээр ирж зогсоод машинаас нэг залуу бууж ирээд чи муу яахаараа миний машиныг цохидог юм бэ гэхээр нь хүүхэд гарцаар гарах гэж байна ш дээ гэж хэлэхэд тэр залуу би тэр хүүхдийг чинь харж байна, би чамайг ална гээд миний нүүр болон толгой руу цохиж намайг зодсон. ...тухайн үед тэр залуу намайг цохиж зодоход миний сонсголын аппарад үсэрч алга болсон байсан. Миний нүүр рүү 4-5 удаа цохисон, мөн зүүн чих болон зүүн чихний ар хэсэгт 2-3 удаа цохиж, өмсөж байсан куртикны захаар хоолой боосон. ...миний сонсголын аппарадны мөнгө 2600,000 төгрөгийг бүрэн төлсөн. Эмчилгээний зардал болон сэтгэл санааны хохирол нэхэмжлэгүй, гомдол саналгүй ...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10, 12 тал/,
3. Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өсгөн мэдүүлэг /хх-ийн 14-15 тал/,
4. Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн №ДОР/0725/101 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 18-19 тал/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Шүүгдэгч ******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч учирсан буюу түүний нэхэмжилсэн 2 600 000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч ******* нь бүрэн төлж барагдуулсан /хх-ийн 40 тал/ байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар
1.Прокурорын санал болгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ялыг шүүгдэгч зөвшөөрсөн байх ба энэ нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаварыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Иймд шүүгдэгч Бугуд овогт ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /Таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэх зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь эмнэлгийн тусламж үйлчилгээ аваагүй тул Эрүүл мэндийн даатгалын сангаас төлбөр нэхэмжлээгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Бугуд овогт *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч 2 600 000 /хоёр сая зургаан зуун мянга/ төгрөгийг бүрэн төлж барагдуулсан буюу бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч *******ийн ******* тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ