Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гончигжанцангийн Бямбажаргал |
Хэргийн индекс | 101/2022/00898/И |
Дугаар | 101/ШШ2022/04354 |
Огноо | 2022-10-20 |
Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 10 сарын 20 өдөр
Дугаар 101/ШШ2022/04354
2022 10 20 101/ШШ2022/04354
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, шүүгч Т.Ганчимэг, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 0 тоотод оршин суух, Нуур овогт Г.Б /рд:0/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүргийн 0 тоотод оршин суух, Басан хаалгач овогт Ц.Б /рд:0/,
Хариуцагч: Баянзүрх дүүргийн 0 тоотод оршин суух, Боржигон овогт Б.Э-А /рд:0/,
Хариуцагч: Баянзүрх дүүргийн 0 тоотод оршин суух, Б.Б-А /рд:0/,
Хариуцагч: Баянзүрх дүүргийн 0 тоотод оршин суух, Б.Д /рд:0/ нарт холбогдох
Эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 4,700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Ц, хариуцагч Б.Д-ын хууль ёсны төлөөлөгч Б.М, Б.Б-Аийн хууль ёсны төлөөлөгч Ж.Ц, хариуцагч Ц.Буянравжих, түүний өмгөөлөгч Ш.Ч, хариуцагч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Г.Батсуурь би 60 настай. 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 23 цагийн үед Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Жанжин клубийн орчим явж байгаад Ц.Б, Б.Э-А, Б.Б-А, Б.Д нарын 4 хүнд зодуулан олон тооны шарх авч үүдэн шүд унаж, хойд шүд хөдөлж хохирсон. Эрүүгийн шүүхийн шатанд хохиролд 1,000,000 төгрөг авсан болно. Дээрхи хүүхдүүдийн Б.Б-А, Б.Д нарыг насанд хүрээгүй гэдэг үндэслэлээр хэргийг нь хэрэгсэхгүй болгож, Ц.Б, Б.Э-А нарыг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 11.6.2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож тус бүрийг нь 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Г.Б миний гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн. Г.Б би 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр "Басхүү имплант клиник" шүдний эмнэлэгт үзүүлэхэд 21 дүгээр шүд буюу зүүн үүдэн шүдийг эмчлэхэд 21-р шүдний ормонд 1 имплант + 1 бүрээс = 3,500,000 төгрөг, хиймэл яс нөхөлт /bone qraft/ 400,000 төгрөг, 21-р имплантанд түр шүд 150,000 төгрөг, 21-р имплантанд custom abutment 150,000 төгрөг, жилд 2 удаагийн цэвэрлэгээ /5-н жилээр/ 50,000 төгрөг, 2удаа, 5 жилээр 500,000 төгрөг, нийт 4,700,000 төгрөг шаардлагатай болсон.
Мөн хажуугийн хөдөлсөн шүднүүдийг Молор дентал клиник шүдний эмнэлэгт үзүүлэхэд 150,000 төгрөг төлсөн ба хөдөлсөн 24-р шүдийн бэхэлгээ хийж тогтооход/ 750,000 төгрөг, 12-23 дугаар шүдийг эмчлэхэд 500,000 төгрөг, нийт 1,250,000 төгрөг шаардлагатай байна. Иймд дээрхи хариуцагч нар болон насанд хүрээгүй хариуцагч нарын асран хамгаалагч нараас гэм хорын хохирол болох 6,100,000 төгрөгийг Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 228.4, 497 дугаар зүйлийн 497.1, 497.3 дахь хэсэгт заасны дагуу гаргуулахаар нэхэмжилсэн. Уг нэхэмжлэлийн шаардлагаас Молор дентал клиник шүдний эмнэлгийн бичгээр нэхэмжилсэн 1,400,000 төгрөгөөс татгалзаж байна. Иймд "Басхүү имплант клиник" шүдний эмнэлэгт эмчилгээ хийлгэх шаардлагатай 4,700,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохиролд авсан 1,000,000 төгрөгөөр шүдээ ломбодуулж, шүд нөхөх эмчилгээ хийлгэж, сувилалд хэвтэн эмчлүүлсэн гэв.
2. Хариуцагч Ц.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
"Басхүү имплант клиник" шүдний эмнэлгийн тодорхойлолтоор 4,700,000 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Уг тодорхойлолт нь шүд хийлгэх, эмчилгээ хийлгэхэд гарах үнийн тодорхойлолт болохоос уг шүдийг хийлгээд эмчлүүлээд гарсан бодит зардлыг баримт биш байна. Иймд уг баримт нь гэм хорын хохирол зардлыг барагдуулах нотлох баримт болохгүй. Молор дентал клиник шүдний эмнэлгийн тодорхойлолт нь мөн шүд бэхэлж тогтоосон, эмчилгээ хийлгэхэд гарах үнийн тодорхойлолт болохоос уг шүдийг бэхэлсэн, эмчлүүлэхэд гарсан зардлын баримт биш байна. Эцэст нь хэлэхэд энэ хүн шүд хийлгэх сонирхолгүй, зөвхөн архи ууж өөрийн зугаа цэнгэлдээ хэрэглэх мөнгө олох гэж л танил талаараа шүдний эмчилгээний үнийн тодорхойлолтуудыг хийсэн гэж бодож байна. Учир нь эрүүгийн хэргийн шүүх хурлын үеэр авсан 1,000,000 төгрөгөөр ямар шүдний эмчилгээ хийлгээгүй, ер нь ч шүдээ огт эмчлүүлээгүй, эмчлүүлэх шаардлагагүй бодолгүй хүн байна лээ. Биднээс шүд хийлгэх мөнгө авлаа гэхэд шүдээ хийлгэх эсэх нь эргэлзээтэй. Нэхэмжлэлээс 500,000 төгрөгийг л төлөх боломжтой, бусад хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
3. Хариуцагч Б.Э-А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Эрүүгийн хэргийн явцад Ц.Б бид 2 нийлээд 1,000,000 төгрөгийг төлсөн. Уг мөнгөөр ямар эмчилгээ хийлгэсэн болох нь тодорхойгүй байна. Биднийг зүгээр бөмбөгөөр тоглоод явж байхад согтуугаар ирж маргаан үүсгэсний улмаас өнөөдрийн асуудал үүссэн. Энэ хүнээс болж 240 цаг нийтэд тустай ажил хийх ялаар шийтгүүлсний улмаас цагдаагийн албан хаагч болох мөрөөдөл маань биелэхгүй болсон. Эрүүгийн хэрэгт 21 дүгээр шүд буюу 1 шүд хөдөлсөн гэж гарсан байхад одоо олон шүдний мөнгө нэхээд байна. Нэхэмжлэгчид 500,000 төгрөгийг төлнө, нэхэмжлэлийн шаардлагаас бусад хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
4. Хариуцагч Б.Д-ын хууль ёсны төлөөлөгч Б.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Хүүхдийнхээ гэм бурууд маргахгүй. Нэхэмжлэгч нь улсын эмнэлэгт хөнгөлттэй нөхцлөөр шүдээ эмчлүүлэх боломжтой байтал заавал үнэтэй хувийн эмнэлгийн бичгээр мөнгө шаардаж байгааг зөвшөөрөхгүй. Зодооны улмаас шүдэнд нь зөөлөн эдийн гэмтэл, булгарал гэж гарсан болохоос шүд унасан гэж гараагүй байхад имплант суулгуулах мөнгө нэхээд байна. Нэхэмжлэгчид 500,000 төгрөгийг төлөх боломжтой, нэхэмжлэлийн шаардлагаас бусад хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
5. Хариуцагч Б.Б-А-ийн хууль ёсны төлөөлөгч Ж.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Хүүхдийнхээ гэм бурууд маргахгүй. Нэхэмжлэгчид 500,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Улсын эмнэлэгт үзүүлж, хөнгөлөлттэй үнээр шүд хийлгэх боломжтой байхад хувийн эмнэлгийн бичгийг үндэслэн мөнгө нэхээд байна гэв.
6. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:
6.1 нэхэмжлэгчээс гаргасан "Басхүү имплант клиник" шүдний эмнэлгийн тодорхойлолт, Молор дентал клиник шүдний эмнэлгийн тодорхойлолт, төлбөрийн баримт, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2021/ШЦТ/0 дүгээр шийтгэх тогтоол, иргэний үнэмлэхийн хуулбар,
6.2 хариуцагч нараас гаргасан иргэний үнэмлэхийн хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, төрсний бүртгэлийн лавлагаа,
6.3 шүүхийн журмаар бүрдүүлсэн Баянзүрх дүүргийн Прокурорын 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 0 дүгээр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол, гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл, насанд хүрээгүй гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 7843 дугаар шинжээчийн дүгнэлт, төлбөрийн баримт, Далд засал ХХК-ийн кассын орлогын ордер, Пи ди ай си гоо сайханы мэс заслын эмнэлгийн баримт, "Басхүү имплант клиник" шүдний эмнэлгийн эмчилгээний тодорхойлолт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 599 дүгээр шинжээчийн дүгнэлт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт зэрэг баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Г.Б нь хариуцагч Ц.Б, Б.Э-А, Б.Б-А, Б.Д нарт холбогдуулан эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол 6,100,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагаа 1,400,000 төгрөгөөр багасгаж, 4,700,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар шаардсан.
1.2 Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...хариуцагч нарт зодуулсны улмаас 21 дүгээр шүд унасан тул имплант суулгах шаардлагатай гэж,
1.3 Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагаас тус бүр 500,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсэгт маргасан. Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 21 дүгээр шүд булгарсан гэх дүгнэлт гарсан ба булгарсан шүдэнд имплант суулгах зайлшгүй шаардлагатай гэж үзэхгүй. Эрүүгийн хэргийн явцад төлсөн 1,000,000 төгрөгөөр шүдэндээ ямар эмчилгээ хийлгэсэн нь тодорхойгүй байна. Одоо нэхэмжилж байгаа мөнгө нь бодитоор гарсан зардал биш. Биднээс имплант хийлгэнэ гэж мөнгө авсан ч уг мөнгөөр имплант суулгах эсэх нь эргэлзээтэй гэж тус тус тайлбарлаж маргасан.
2. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
3. 2021 оны 08 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, Жанжин клубийн орчимд нэхэмжлэгч Г.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хариуцагч Ц.Б, Б.Э-А, Б.Б-А, Б.Д нартай маргалдаж, улмаар хариуцагч нар нь нэхэмжлэгчийг цохих, өшиглөх зэрэг үйлдлээр түүний эрүүл мэндэд нь халдсан үйл баримтын талаар талуудын хэн аль нь тайлбарласан.
3.1 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2021/ШЦТ/0 дүгээр шийтгэх тогтоолоор Ц.Б, Б.Э-А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэж шийдвэрлэсэн байна.
3.2 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд яллагдагчаар оролцож байсан хариуцагч Б.Б-А, Б.Д нар нь насанд хүрээгүй үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдсөн үйл баримтыг зохигчид тайлбарласан.
3.2.1 Эрүүгийн хэрэгт насан хүрээгүй яллагдагч Б.Бат-Амгалангаас ...би Г.Б-ийн нүүр рүү гараараа 3 удаа цохьсон гэж, Б.Д-аас ...Би Г.Б-ийг газарт унагаасан. Намайг зуураад тавихгүй байхаар нь нүүр рүү нь 2 удаа цохьсон гэж тус тус мэдүүлжээ.
3.2.2 Шүүх хуралдаанд хариуцагч Б.Д-ын хууль ёсны төлөөлөгч Б.М, Б.Б-А-ийн хууль ёсны төлөөлөгч Ж.Ц нарын зүгээс нэхэмжлэгч Г.Батсуурийн эрүүл мэндэд хохирол учруулсан үйл баримтын талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан.
3.3 Тус эрүүгийн хэрэгт дүгнэлт гаргасан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 7843 дугаар дүгнэлтэд ...Г.Б-ийн биед уруул язарсан шарх, 1 шүдний булгарал, хоёр нүдний доод зовхи, хоёр хацар, зүүн шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэж дүгнэжээ.
3.3.1 Нэхэмжлэгч Г.Б нь дээрх гэмтлийн зэрэг тогтоосон дүгнэлтээр 21 дүгээр шүд булгарсан болох нь тогтоогдсон, шүд булгарснаас үүдээд 21 дүгээр шүд унасан, уг шүд унаснаас 24, 12-23-р шүднүүд хөдөлгөөнд орсон тул имплант суулгаж, 24, 12-23-р шүднүүдэд эмчилгээ шаардлагатай гарах зардал эмчилгээний мөнгөн хөрөнгийг гаргуулна гэж, нэхэмжлэлийн шаардлагаа Басхүү имплант клиник шүдний эмнэлгийн тодорхойлолт, Молор дентал клиник шүдний эмнэлгийн тодорхойлолт, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2021/ШЦТ/1389 дүгээр шийтгэх тогтоолоор нотлогдоно гэж тайлбарласан.
3.3.2 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 599 дүгээр дүгнэлтээр ...гэмт хэргийн улмаас Г.Б-ийн 21-р шүд унасан нь тогтоогдсон байх тул уг шүдэнд эмчилгээ хийлгэх шаардлагатай, харин тухайн хэргийн үед 24, 12-23-р шүд гэмтээгүй тул уг шүднүүдэд эмчилгээ хийлгэх шаардлагагүй болно... гэж дүгнэснийг үндэслэн нэхэмжлэгч нь 24, 12-23 дугаар шүдэнд эмчилгээ хийлгэх шаардлагатай гэх Молор дентал клиник шүдний эмнэлэгт үзүүлсэн төлбөр, цаашид гарах эмчилгээний зардал нийт 1,400,000 төгрөг гаргуулах тухай шаардлагаасаа татгалзсан.
4. Нэхэмжлэгч нь 21 дүгээр шүдэнд имплант суулгах шаардлагатай гэх Басхүү имплант клиник шүдний эмнэлгийн 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 127 тоот тодорхойлолтыг эрүүгийн хэрэгт нотлох баримтаар цуглуулан өгч, уг баримтын дагуу 4,700,000 төгрөгийг шаардсан болох нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2021/ШЦТ/1389 дүгээр шийтгэх тогтоол, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс ирүүлсэн лавлагаа, эрүүгийн хэрэгт хохирогчоор өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдсон.
4.1 Шийтгэх тогтоолд хохирогч Г.Б нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн байна.
5. Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй бөгөөд хохирогч нь эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр уг этгээдээс шаардах эрхтэй талаар Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1, 228 дугаар зүйлийн 228.4 дэх хэсэгт тус тус заасан.
5.1 Дээрх хуулийн зохицуулалтаар нэхэмжлэгч Г.Б нь хариуцагч нарын гэм буруутай үйлдлийн улмаас булгарсан 21 дүгээр шүдэнд хийгдэх эмчилгээний зардлыг урьдчилан төлүүлэхээр шаардах эрхтэй боловч Басхүү имплант клиник шүдний эмнэлгийн тодорхойлолтыг үндэслэн ийнхүү шаардаж байгаа нь учир дутагдалтай байна. Тодруулбал,
5.1.1 Нэхэмжлэгч Г.Б нь эрүүгийн хэрэгт уг тодорхойлолтыг үндэслэн холбогдох зардлыг урьдчилан төлүүлэхээр иргэний нэхэмжлэл гаргасан боловч шийтгэх тогтоолд хохирогчийг бодитой гарсан зардлын баримтаа дахин бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй талаар дүгнэсэн байна.
5.1.2 Үүнээс гадна шинжээч Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 599 дүгээр дүгнэлтэд Басхүү имплант клиник шүдний эмнэлгийн санал болгосон эмчилгээг хийлгэх эсэхийг тухайн хувь хүн өөрөө шийднэ гэж дүгнэсэн тул Басхүү имплант клиник шүдний эмнэлгийн тодорхойлолтыг дээрх хуульд заасан урьдчилан төлүүлэх зайлшгүй зардал-д хамааруулан үзэх боломжгүй юм.
6. Иймд Басхүү имплант клиник шүдний эмнэлгийн баримтыг үндэслэн нэхэмжлэгч Г.Б-т эмчилгээний зайлшгүй гарах зардалд тооцон 4,700,000 төгрөгийг хариуцагч нараас урьдчилан гаргуулах үндэслэлгүй байна.
6.1 Гэвч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлдэг ба мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөх эрхтэй.
6.2 Хэдийгээр Басхүү имплант клиник шүдний эмнэлгийн баримтыг үндэслэн нэхэмжлэгч Г.Б-ийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол гаргуулах үндэслэл тогтоогдоогүй боловч хариуцагч Ц.Б, Б.Э-А, Б.Б-А, Б.Д нар нь тус бүр 500,000 төгрөг, нийт 2,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхийг хүлээн зөвшөөрсөн. Иймд хариуцагч нарын тайлбарыг үндэслэн тэдгээрээс тус бүр 500,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Б-т олгож, нэхэмжлэлээс үлдэх 2,700,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4, 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заасантай нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
7. Энэхүү шийдвэрээр урьдчилан төлүүлэх эмчилгээний зайлшгүй зардлыг шийдвэрлэж байгаа бөгөөд нэхэмжлэгч Г.Б нь 21 дүгээр шүдний эмчилгээнд хариуцагч нараас гаргуулахаар шийдвэрлэсэн 2,000,000 төгрөг хүрэлцээгүй тохиолдолд бодитой гарсан эмчилгээний зардлаа нэхэмжлэхэд тус шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.
8. 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шат бүрэн явагдаж, шүүхийн санаачилгаар холбогдох газруудаас нотлох баримт бүрдүүлэхээр хойшлуулсан. Уг шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч Н.Т оролцож ...нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэх дүгнэлт гаргасан хэдий ч шүүх хариуцагч нарын тайлбарын хүрээнд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан. Тэрээр өнөөдрийн шүүх хуралдааны тов мэдсэн атлаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, зохигчдоос иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасны дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8 дахь хэсэгт зааснаар иргэдийн төлөөлөгчийн эзгүйд шүүх хуралдааныг явуулсан болно.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан хэмжээгээр хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжийг хариуцах үүрэгтэй. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийг тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн ба хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 46,950 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4, 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Ц.Б, Б.Э-А, Б.Б-А, Б.Д нараас тус бүр 500,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Б-т олгож, нэхэмжлэлээс 2,700,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийг тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 46,950 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ
ШҮҮГЧИД Т.ГАНЧИМЭГ
Д.ЗОЛЗАЯА