Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 2025/ШЦТ/182

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Одбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь,

Улсын яллагчаар ахлах прокурор Х.Гүнжидмаа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхзаяа,

Шүүгдэгч Д.Э- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ө.Манзуширын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч У овгийн Д-ийн Э-д холбогдох 2516000000185 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1990 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Говь-Алтай аймгийн *** суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ****-д туслах ажилтай, ам бүл 8, эхнэр, 6 хүүхдийн хамт Говь- Алтай аймгийн **** сумын *** багийн *** тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ***** регистрийн дугаартай, У ургийн овгийн Д-ийн Э.  

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Д.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Гэм буруугийн талаар:  

 

Шүүгдэгч Д.Э- нь 2025 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 17 цагийн үед Говь-Алтай аймгийн **** сум *** багийн **-р гудамжинд тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар улсын дугааргүй, Бэрс маркийн мотоциклыг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон болох нь:

 

Гэмт хэргийн тухай гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, 2025 оны 07 дугаар сарын 05-ны өдөр жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, Физик химийн хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын гэрчилгээ, /хх-ийн 1, 5-6-р хуудас/,

Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарны 11-ний өдрийн 2024/ЗШ/**** дугаартай шүүгчийн шийтгэврийн хуулбар, /хх-ийн 11-12-р хуудас/,

Гэрч М.Ч-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн"...2025 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байх үед Говь-Алтай аймгийн *** сум *** баг **-р гудамжинд явж байхад *** баг *** тоотод оршин суух хаягтай Д.Э нь улсын дугааргүй, бэрс маркийн мотоциклыг зогсоож шалгахад Д.Э нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхаар нь Цагдаагийн газрын хоёрдугаар байрны эрүүлжүүлэх байранд аваачиж, драгер үлээлгэхэд 2,30 хувийн согтолттой байсан. Д.Э-ийн жолоодох эрхийг шалгахад 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан байсан. 2025 оны 07 дугаар сарын 05-ны Говь-Алтай аймгийн *** сум *** баг **-р гудамжинд 16 цаг өнгөрөөд 17 цагийн үед өмнөөс ирсэн мотоциклыг шалгахад улсын дугааргүй Бэрс маркийн мотоциклыг Д.Э нь эрхээ хасуулсан үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа жолоодож замын хөдөлгөөнд оролцсон байсан. Тухайн үед Д.Э нь ганцаараа явж байсан юм. Би тухайн үед ганцаараа үүрэг гүйцэтгэж байсан юм..." гэх мэдүүлэг, /хх-ийн 4-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

 Тодруулбал, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ.

 

Мөн “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг мөн, “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгохоор хуульчилсан тайлбарыг хийжээ.

 

Энэ нь согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон этгээд урьд өмнө нь адил үндэслэлээр шийтгэл хүлээж эрхээ хасуулсан тохиолдолд хамаарна.

 

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэгт заавал байх шинжид хамаардаг.

 

Шүүгдэгч Д.Э нь 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан боловч 2025 оны 07 дугаар сарын 05-ны өдөр дахин архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

Шүүхээс тогтоосон дээр дурдсан хэргийн нөхцөл байдлаар шүүгдэгч нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарласан, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч согтуурсан мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, бүрэн төгссөн гэмт хэрэг байна гэж үзнэ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой байна.

 

2. Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Д.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч Д.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон нь хуульд заасан шаардлагыг хангаж байгаагаас гадна шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг шүүгдэгчид танилцуулсан зэрэг нь хуульд нийцсэн байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч Д.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ 3/гурав/ сарын хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авхуулах саналыг гаргасан бөгөөд Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.

 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д тус тус заасныг журамлан шүүгдэгч Д.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 3 сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авч, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгчид анхааруулж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Мөн шүүгдэгч Д.Э-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 3 сарын хугацаагаар хасах ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолох бөгөөд түүнд оногдуулсан ялын биелэлтэд хяналт тавих үүргийг Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулах нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч У ургийн овгийн Д-ийн Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д тус тус заасныг журамлан шүүгдэгч Д.Э-н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1/нэг/ жил 3/гурав/ сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 6/зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авч, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1/нэг/ жил 3/гурав/ сарын хугацаагаар хасах ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.

5. Шүүхээс оногдуулсан ял, албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Б.ОДБАЯР