Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 2025/ШЦТ/185

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Одбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь,

Улсын яллагчаар хяналтын прокурор Ө.Манзушир,

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Ундармаагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Б-д холбогдох 2516000000183 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1988 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн, дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, барилга дээр тогоочоор ажилладаг, Говь-Алтай аймгийн *** сумын *** багийн *** тоотод оршин суух хаягтай, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй, Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/*** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар тэнссэн, Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 сарын 28-ны өдрийн 2025/ШЦТ/** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгүүлсэн, **** регистрийн дугаартай, Х овогтой Б-н Б.

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.Б нь 2025 оны 07 дугаар сарын 12-ны өдөр 02 цаг 20 минутад Говь-Алтай аймгийн *** сум ** баг ** дугаар гудамжны арын засмал замд **** улсын дугаартай приүс-20 маркийн тээврийн хэрэгслийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар жолоодон замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Гэм буруугийн талаар: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсанд тооцуулсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

Шүүгдэгч Б.Б нь 2025 оны 07 дугаар сарын 12-ны өдөр 02 цаг 20 минутад Говь-Алтай аймгийн *** сум ** баг ** дугаар гудамжны арын засмал замд *** улсын дугаартай приүс-20 маркийн тээврийн хэрэгслийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар жолоодож замын хөдөлгөөнд оролцсон үйл баримт тогтоогдож байна.

 

Дээрх үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны үед хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан:

 

1. Шүүгдэгч Б.Б-гийн шүүх хуралдаанд өгсөн “...2025 оны 07 дугаар сарын 12-ны өдөр бид нар 3 гэр бүлээрээ наадмаар хуушуур хийсэн. Хөдөө байдаг найзынх залгаад танайх гэр бүлээрээ хүрээд ир хорхог хийж идье гэсэн. Тэгээд 6 гэр бүл очсон. Айлын нэг нэг пиво авч ирээрэй гэсэн. Тэгээд очиход тэднийх 3 пиво гаргасан тэрнээс нь уусан. Тэгээд ууж дуусаад унтах гэж байхад дүүгийн 2 хүүхэд гэр рүүгээ явмаар байна гэж уйлаад байсан. Тэгээд хүүхдүүдийг аваад явсан. Манай нөхөр эхлээд барьж явсан. Тэгээд манай нөхөр би согтоод байна чи 2 пиво аваад өгөөч гэсэн. Тэгэхээр нь *** рүү орж 2 пиво аваад эгчийнх рүү явж байхад замдаа цагдаад баригдсан... Үнэхээр миний буруу би дахиж ийм алдаа гаргахгүй. Би нялх хүүхэдтэй, би дахиж алдаа гаргахгүй, гэмшиж байна...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

2. Гэрч Ц.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2025 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байх үед Говь-Алтай аймгийн *** сум *** баг ** дугаар гудамжны арын засмал замд явж байхад *** улсын дугаартай Приүс-20 маркийн тээврийн хэрэгслийг шалгахад *** баг *** тоотод оршин суух хаягтай Б.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхаар нь Цагдаагийн газрын хоёрдугаар байрны эрүүлжүүлэх байранд аваачиж, драгер үлээлгэхэд 2,12 хувийн согтолттой байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 04 дүгээр хуудас/,

3. Гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02 дугаар хуудас/,

4.   Цагдаагийн ерөнхий газрын “2025.02.21-2027.02.21-ний өдөр хүртэл тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасав” гэх лавлагаа /хх- ийн 31 дүгээр хуудас/,

5. 2025 оны 07 дугаар сарын 12-ны өдөр жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, Физик химийн хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын гэрчилгээ /хх-ийн 05-06 дугаар хуудас/,

6.   Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 2025/ШЦТ/** дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 41-45/ зэрэг нотлох баримтуудаар хөтөлбөргүй тогтоогдлоо.

 

Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгоно.

 

Шүүхээс тогтоосон дээр дурдсан хэргийн нөхцөл байдлаар шүүгдэгч нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарласан, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч согтуурсан мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, бүрэн төгссөн гэмт хэрэг байна гэж үзнэ.

 

Шүүгдэгч Б.Б нь 2025 оны 07 дугаар сарын 12-ны өдөр дахин архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон...” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

   Прокуророос шүүгдэгч Б.Б-ийн үйлдлийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийн шинжээр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хэргийг зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

   Иймд шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар талуудаас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй болно.

 

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд ... эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдлыг зорилгоор шүүгдэгч Б.Б-гийн “2024 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/** дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 39-43 дүгээр хуудас/, Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 2025/ШЦТ/**  дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 44-48 дугаар хуудас/, шүүгдэгч Б.Б “... Үнэхээр миний буруу би дахиж ийм алдаа гаргахгүй. Би нялх хүүхэдтэй, би дахиж алдаа гаргахгүй, гэмшиж байна...” гэх мэдүүлэг/шүүх хуралдааны тэмдэглэлээс/, Б.Б-гийн ялын тооцооны тодорхойлолт/хх36 дугаар хуудас/, гэрлэсний бүртгэлгүй гэх лавлагаа/хх32 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хх29 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан.

 

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 1 жилийн хугацаагаар хасаж 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.3 дахь заалт, 6.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассаныг нэмж нэгтгэн 2 жил 8 хоногийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах, 6 сарын хугацаагаар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор эдлээгүй үлдсэн 1 жил 8 хоногийн зорчих эрх хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцон нэмж нэгтгэн 1 жил 6 сар 8 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлт гаргасан, шүүгдэгч Б.Б хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү гэсэн санал тус тус гаргаж оролцсон бөгөөд Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.

 

Шүүгдэгч Б.Б-ийн шинээр үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд харин 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн”-ийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

 

Эрүүгийн хариуцлагын зорилго нь тухайн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд чиглэсэн байдаг ч түүний бусад тулгуур эрхийг хууль бусаар зөрчихгүй байх нь чухал бөгөөд шүүгдэгч Б.Б-д холбогдох хэргийн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, түүний хувийн байдал, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3(гурав) жилийн хугацаагаар хасаж, 700(долоон зуу) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдууллаа.

 

Шүүгдэгч Б.Б урьд нь Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 сарын 28-ны өдрийн ** дугаартай шийтгэх тогтоолоор тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2 жилийн хугацаагаар хасуулж, 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгүүлсэн бөгөөд тухайн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялын хугацаа дуусаагүй байна.

 

 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах ял дээр  Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 2025/ШЦТ/** дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 6 сарын хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4 жил 6 сар 6 хоногийн хугацаагаар тогтоож, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 700 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 2025/ШЦТ/** дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг тус тусад нь эдлүүлэх нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.Б-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 цагаас дээшгүй цагаар тогтоож уг ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Б.Б-гийн цагдан хоригдсон 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцон эдлэх ялаас хасаж тооцох бөгөөд шүүгдэгчид хорихоос өөр төрлийн ял оногдуулсан тул шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч  Х овгийн Б-н Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3(гурав) жилийн хугацаагаар хасаж, 700(долоон зуу) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах ял дээр  Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 2025/ШЦТ/** дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 6 сар 6 хоногийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4 жил 6 сар 6 хоногийн хугацаагаар тогтоож, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 700 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 2025/ШЦТ/** дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 цагаас дээшгүй цагаар тогтоож уг ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ийн цагдан хоригдсон 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцон эдлэх ялаас хасч тооцсугай.

6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

8. Шүүгдэгчид оногдуулсан ялын биелэлтэд хяналт тавих үүргийг Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.

9. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.          

10. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Б.ОДБАЯР