Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 2025/ШЦТ/193

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг шүүгч Б.Одбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь,

Улсын яллагчаар хяналтын прокурор Ө.Манзушир,

Шүүгдэгч Б.Н- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Ө.Манзуширын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч О овгийн Б-ын Н-д холбогдох 2516001640184 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1999 оны 02 дугаар сарын 09-ны өдөр Говь-Алтай аймгийн *** суманд төрсөн, 26 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Говь-Алтай аймгийн *** сумын *** багийн ** тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, *** регистрийн дугаартай, О ургийн овогт Б-ын Н.

 

Холбогдсон хэргийн талаар: Б.Н- нь 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Говь-Алтай аймгийн *** сумын *** гэх газар хүү Б.Э-А-г булаалцалдан нөхөр Б.Балжиннямын зүүн төмсөг рүү баруун өвдгөөрөө нэг удаа хүчтэй өшиглөн түүний биед төмсгийн няцрал, зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ./яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тухайн өдөр би ** сумын төвөөс Говь-Алтай аймаг руу хувийн ажилтай болоод өөрийн аав болох Б болон үеэл дүү болох О нарын хамт явж байсан. Тэгээд би өөрийн хоёр хүүхдэдээ ** сумаас бэлэг аваад замаараа *** гэх нэртэй газар хадмындаа очин өөрийн хоёр хүүхэд болох Э-А, Э хоёрт бэлгийг өгөх гээд очсон. Намайг очиход Д, Н, Э-А гурав илүү гэртээ ямаагаа самнаж байсан. Би гэр лүү нь орж мэнд ус мэдэлцээд нөгөө гэр лүү орсон. Миний охин унтаж байхаар нь ганц үнссэн чинь сэрсэн. Тэгээд гэрээс гараад ирсэн чинь Э-А машинд суучихсан байсан. Би охиноо тэвэрч очоод машинаас бэлгийг нь аваад хүү охин хоёртоо өгөөд явах гэсэн чинь миний хүү Э-А би аавтайгаа хамт явна гээд дагасан. Тэгсэн чинь цаанаас Н ирээд машинаас миний хүүг чирээд буулгах гээд байсан чинь Э-А би буухгүй ээ. Аавтайгаа хамт явна гэхээр нь би хүүхэд авч үлдэж яах гээд байгаа юм гэсэн чинь Н намайг чиний хүүхэд биш, чамтай явуулахгүй гээд байхаар нь цааш нь хоёр гарыг бариад түлхэж явах хооронд миний төмсөг рүү баруун хөлөөрөө өшиглөсөн. Би тэр үед шууд сөхрөөд унасан. Тухайн үед миний том хүү Э-А намайг дагаж явна гээд ээж нь болох Н явуулахгүй гээд дайраад байсан. Энэ асуудлаас болоод л жаахан хэрүүл маргаан болсон. Н нь миний зүүн төмсөг рүү баруун өвдгөөрөө нэг удаа хүчтэй өшиглөсөн. Өөр намайг цохисон зүйл байхгүй ээ. Надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 58-59-р хуудас/,

 

Гэрч Ч.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2025 оны 06 сарын 02-ны өдөр өөрийн хүү Б.Б болон О-ийн хамт ** сумаас *** аймаг орох ажилтай явж байгаад замаараа 2 ачдаа бэлэг өгөх гээд худ Б-нд очсон. Очиход худ Д бэр Н 2 жижиг гэрт ямаа самнаад сууж байсан. 2 хүүхдийн учир зүйг олмоор байна гэсэн чинь Д чи хүүхдээ ингэж хүмүүжүүлсэн. Би та нартай ийм юм ярихгүй, чи наад үгээ шүүхийн өмнө хэлээрэй. Чи Б-ыг зүгээр хүн гэж бодож байна уу? Чамайг ер нь яасан ч яадаг юм гэсэн. Тэгээд гэрээс гарсан. Гараад ирэхэд манай хүү бэр 2 машины хажууд хүүхдээ булаацалдаад маргалдаад байж байсан. Наанаас явж очиход Д ач охиныг аваад зугтсан, ач хүүг авах гэж манай бэр дайраад манай хүүгийн эмзэг эрхтэн рүү өшиглөөд хүү өвдгөөрөө сөхрөөд унасан, унасан байхад нь манай бэр цохиж нүдээд байсан. Тэхээр нь би дундуур нь орж салгасан. Тэгээд хүү машинаа асаагаад тойроод ирсэн. Тэгээд аймаг руу хөдөлсөн. Машиныхаа хажууд хүү Э-А-г булаацаалдаад хоорондоо маргалдаад байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 62-63-р хуудас/,

 

            Говь-Алтай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах зэргийн шинжээч эмч, цагдаагийн ахмад Д.Даваахүүгийн 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн *** дугаартай “...1. Б.Б-н биед төмсөгний няцрал, зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. .4 Дээрх гэмтэл нь 2025.06.02-ны өдөр үүссэн байх боломжтой гэмтэл болно. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй ” гэх дүгнэлт, /хх-ийн 68-69-р хуудас/,

 

Иргэний нэхэмжлэгч Б.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...энэ хэрэгт холбогдуулан Б.Б-д эрүүл мэндийн даатгалын сангаас гаргасан тусламж үйлчилгээний мөнгө болох 72625 төгрөгийг төлсөн тул гомдол саналгүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 52-53-р хуудас/,

 

Хохирогч Б.Б-с гаргасан сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй гэх хүсэлт, / хх-ийн 43-р хуудас/,

 

Шүүгдэгч Б.Н-ий эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 104-р хуудас/ зэрэг баримтуудаар шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Н нь 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Говь-Алтай аймгийн Тайшир сумын Мандалтын дөрөлж гэх газар хүү Б.Э-А-г булаалцалдан нөхөр Б.Б-н зүүн төмсөг рүү баруун өвдгөөрөө нэг удаа хүчтэй өшиглөж Б.Б-н биед төмсгийн няцрал, зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсанд дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгч Б.Н нь хохирогч Б.Б-н эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

 

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэгт заавал байх шинжид хамаардаг. 

 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан буюу хөдөлмөрийн чадварыг бага хэмжээгээр алдагдуулах, эсхүл дээрх хоёр үр дагаварт нэгэн зэрэг хүргэсэн байхыг ойлгоно.

 

Хохирлын “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр хохирлын зэргийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтоодог. Үүнд гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан буюу түр сарниулсан гэмтлүүд хамаарах бөгөөд энэ нь хохирогчийн ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангийг 5-10 хувиар алдагдуулсан байдаг.                  

                 

Говь-Алтай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн *** дугаартай дүгнэлтээр хохирогч Б.Н-ийн биед төмсөгний няцрал, зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон байх бөгөөд прокуророос шүүгдэгч Б.Н-ийн үйлдэлд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч Б.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Хохирол төлбөрийн талаар:      

 

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Б.Н нь хохирогч Б.Б-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, хохирогч нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн шатанд нэхэмжилсэн зүйлгүй. Сэтгэцэд учирсан хохирлын зэрэг тогтоолгохгүй талаар хүсэлт гаргасан байна. Мөн иргэний нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 72,625 төгрөгийг төлсөн баримт шүүхэд гаргаж өгсөн тул шүүгдэгч энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч, хохирогч нар нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс буюу эхнэр, нөхөр хоёр бөгөөд тэдний хоорондын хувийн харилцаа, маргаанаас үүдэж нэгнийхээ бие хөнгөн хохирол учруулсан байна.

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн зорилт нь гэр бүлийн хүчирхийллийг илрүүлэх, таслан зогсоох, хохирогч, түүний гэр бүлийн бусад гишүүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах, үйлчилгээ үзүүлэх, урьдчилан сэргийлэх тогтолцоо, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтооход орших бөгөөд уг хуулийг зөрчсөн этгээдийн үйлдлийн шинж чанар, давтамж, хохирол, хор уршгийг харгалзан Эрүүгийн, эсхүл Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэх ба гэр бүлийн хамааралтай хүмүүсийн таарамжгүй харилцаанаас үүссэн гэмт хэрэг бүрийг “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж хүндрүүлэн зүйлчлэх нь учир дутагдалтай юм.

 

Харин гэр бүлийн хамааралтай хүнийг зодсон зөрчлийн шинжтэй үйлдлийн улмаас хүний амь нас хохирсон, эрүүл мэндэд хохирол учирсан тохиолдолд гэмт хэрэг болж шилжихдээ гэм буруугийн хэлбэр, сэдэлт санаа зорилго, тухайн үйлдлээ хэрэгжүүлсэн арга хэлбэр, учруулсан хохирлын шинж чанар, гэр бүлийн харьцааны тогтсон хэв шинж зэргээс хамааран хор хохирлын шинжээр нь ялган зүйлчилдэг.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн шинж нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдаж гэр бүлийн гишүүний тэгш эрхийн зарчмыг зөрчсөн, уг үйлдэл, эс үйлдэхүй нь хамтын амьдралын хугацаанд дадал зуршил болсон байх ба энэхүү сэдэлт, санаа зорилгоор хохирогчийн эрүүл мэндэд халдсан байдаг онцлогтой бөгөөд огт шалтаг шалтгаангүй, эсхүл ялимгүй зүйлээр шалтагласан байж ч болох юм.

 

Тиймээс цаашид гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүсийн үйлдсэн гэмт хэргийг шалгахдаа тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн таарамжгүй харилцаа, түүний давтамж, хэн нэгний давуу байдал зэргийг нарийвчлан шалгаж байх нь шударга ёсны зарчимд нийцэх болохыг анхаарах нь зүйтэй байна.

 

2. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчийн хувьд хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй, мөн хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 105 дугаар хуудас/, хохирогч Б.Б-с сэтгэцийн хохирол тогтоолгохгүй гэх хүсэлт /хх 44-рт/, Говь-Алтай аймгийн *** сумын *** багийн Засаг даргын 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн ** дугаартай тодорхойлолт /хх35/ зэрэг нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Б.Н-гийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч Б.Н-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 750 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 750,000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргаж оролцсон бөгөөд шүүгдэгчийн зүгээс уг саналтай маргаагүй.

 

Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.

 

Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Б.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 (долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700,000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Б.Н-д оногдуулсан 700 (долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700,000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 (Гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (Арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Н-д анхааруулах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Б.Н-д оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавих үүргийг Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулах нь зүйтэй байна.

 

Бусад асуудлаар:

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч О ургийн овогт Б-ын Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-г 700 (долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700,000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-д оногдуулсан 700,000 төгрөгийн торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь уг торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Шүүгдэгч Б.Н-д оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавих үүргийг Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.

5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

                                                                  

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Б.ОДБАЯР