Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 746

 

 

 

 

 

 

 

 

 

 

Р.Д-ыннэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Туяа даргалж, шүүгч Ч.Цэнд, Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2019/00609 дүгээр шийдвэртэй Р.Д-ын нэхэмжлэлтэй хариуцагч Э.Б, Д.Ш нарт холбогдох 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Р.Д, Э.Б нарын хооронд хийгдсэн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, Баруун Сэлбэ гудамжны 8/9 дүгээр байр, 46 тоотод байрлах 106,59 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн үндсэн нэхэмжлэлтэй,

Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, Баруун Сэлбэ гудамжны 8/9 дүгээр байр, 46 тоотод байрлах 106,59 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох, бусдын хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлүүлэх хариуцагч Д.Шийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Р.Д, өмгөөлөгч Ч.Атарболд, хариуцагч нар болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Азжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 7 дугаар сард Г.Уянгаас Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 8/9 дүгээр байрны 46 тоотын 3 өрөө орон сууцыг 250 000 000 төгрөгөөр худалдаж авсан. Гэрээг нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлсэн бөгөөд төлбөрийг хамаарал бүхий “Санни Пүри” ХХК-аас авсан мөнгөөр бэлнээр А.Баттүшиг, Г.Уянга нарт төлсөн. Байрандаа бүрэн засвар хийж орсны дараа 2017 оны намар хүү С.Мягмарсүрэн нь мөнгөний хэрэг болоод байна, байрыг чинь барьцаанд тавиад А.Баттүшигээс 60 000 000 төгрөг зээлж авмаар байна гээд нотариатаар батлуулж, байраа барьцаалсан. Хүү С.Мягмарсүрэнг А.Баттүшигээс мөнгө зээлж байна гэж бодсон болохоос Э.Баас мөнгө зээлж байгааг мэдээгүй. 2018 оны хавар хүү С.Мягмарсүрэн нь зээлж авсан мөнгөө төлчихсөн, хүүгээ төлөөгүй байгаа, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг удахгүй авч өгнө гэж хэлж байсан боловч удалгүй танихгүй хүмүүс ирж байрнаасаа гар, миний байр гээд гэрчилгээ үзүүлж байрнаас хөөсөн. Мөнгө зээлэхдээ А.Баттүшигийн шаардлагаар өмчлөлийг Э.Бад шилжүүлсэн бөгөөд ингэхдээ 20 000 000 төгрөгийн үнийн дүнтэй худалдах, худалдан авах гэрээг хийсэн. Үнэн чанартаа зээлийн барьцааны гэрээ байгуулах ёстой байсан тул Э.Бтай хийсэн худалдах, худалдан авах гэрээ нь дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна. Иймд худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, Р.Д-ынорон сууцны өмчлөх эрхийг сэргээж өгнө үү гэжээ.

Хариуцагч Э.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 10 дугаар сард миний үеэл ах А.Баттүшиг өөрийн эхнэр Г.Уянгын байрыг өөрийнхөө нэр дээр түр авч байгаач гэж хүссэний дагуу би 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр гэрээ хийгээд өөр рүүгээ орон сууцыг шилжүүлж авсан. Түүний дараагаар Д.Шт шилжүүлж өгсөн гэжээ.

Хариуцагч Д.Шийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Д.Ш тухайн байрыг Э.Баас бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж авсан. Энэ нь Г.Солонготой өр авлагын асуудал байсан учир түүндээ тооцож, Д.Шт шилжүүлэх зөвшөөрлийг Г.Солонго олгосон. Р.Д маргаан бүхий байранд амьдарч байгаагүй, түүний хүү С.Мягмарсүрэн нь амьдардаг байсан бөгөөд байрыг суллаж өгнө гэж хэлдэг байсан. Зээл авсан, төлсөн баримт юу ч байхгүй, мөнгийг өгсөн гэх тайлбараа баримтаар нотлохгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй.

Сөрөг нэхэмжлэлийн хувьд, Д.Ш болон Э.Б нарын хооронд байгуулагдсан бэлэглэлийн гэрээ хүчин төгөлдөр байгаа, хууль ёсны өмчлөгч нь Д.Ш тул орон сууцыг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхтэй гэж үзэж байна. Иймд Д.Шийг хууль ёсны өмчлөгч мөн болохыг тогтоож, Р.Д-ынхууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлж өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Солонго нь өөрийн өмчлөлийн орон сууцыг Г.Уянгаар дамжуулан худалдах, худалдан авах гэрээг Р.Дтой байгуулсан. Мөнгөө төлөөгүй үндэслэлээр буцаан авсан бөгөөд ингэхдээ Э.Б руу шилжүүлж авахыг өөрөө зөвшөөрч, дараа нь Д.Ш руу шилжүүлүүлсэн гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан үндэслэлгүй тул Э.Б, Д.Ш нарт холбогдох Р.Д, Э.Б нарын хооронд 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээг дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, Баруун сэлбэ гудамжны 8/9 дүгээр байр, 46 тоотод байрлах 106,59 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн Р.Д-ыннэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 95 дугаар зүйлийн 95.1 дэх хэсэгт заасныг баримтлан Р.Д-ынхууль бус эзэмшлээс Д.Шийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2202011473 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, Баруун Сэлбэ гудамжны 8/9 дүгээр байр, 46 тоотод байрлах 106,59 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг чөлөөлж, Д.Шийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас уг орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 257 950 төгрөг, хариуцагч Д.Шоос төлсөн 140 400 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 70 200 төгрөгийг гаргуулж хариуцагч Д.Шт олгохоор шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүхээс шийдвэрлэхдээ холбогдох зүйл заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн, мөн хуулиар тогтоосон нэхэмжлэгчийн эрхийг ноцтой зөрчсөн. Чингэлтэй дүүрэг 3 хороо Баруун сэлбэ гудамж 8/9 байрны 46 тоотод байрлах 106.59 м.кв талбайтай 3 өрөө байрыг 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж 250 000 000 төгрөгөөр худалдан авч тухайн төлбөрийг бэлнээр нь хүлээлгэн өгсөн байдаг. Улмаар энэхүү байрандаа өнөөдрийг хүртэл амьдарч байгааг дурдах нь зүйтэй. Хувийн бизнест санхүүгийн шаардлага гарсан тул мөнгө зээлэх хэрэгцээ шаардлага гаран 1 жилийн хугацаатай сарын 5 хувийн хүүтэй 60 000 000 төгрөг зээлэхээр тохиролцож Э.Бын ах н.Баттүшигээс очин уг мөнгийг бэлнээр хүлээн авсан. Улмаар 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг зах зээлийн ханшаас хэт доогуур буюу 20 000 000 төгрөгөөр байгуулж хэлэлцэн тохирсон зээлийн гэрээний баталгаа болгож энэхүү байрыг хариуцагч руу шилжуүлсэн. Харилцан тохирсон зээлийн эргэн төлөлтийг 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр бүгдийг буцаан төлж барагдуулах ёстой байсан бөгөөд энэхүү хугацаанд зээлийн гэрээн үндсэн төлбөрийг төлж зөвхөн хүүгийн үлдэгдэл байсан. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан үйл баримтыг үнэлэхдээ зөвхөн хариуцагч талд ашигтай байдлаар үнэлэн хариуцагч талын гэрчийн мэдүүлэгт үндэслэн шийдвэрлэж нэхэмжлэгч нараас асуулгасан гэрчийн мэдүүлгийг огт авч хэлэлцэлгүй зээлийн гэрээний харилцаа байхгүй байна гэх хий хоосон төсөөллөөр шийдвэрлэсэн нь нотлох баримтыг буруу үнэлсэн бодит жишээ юм. Учир нь тухайн байрны төлбөрийг нэхэмжлэгчийн хамаарал бүхий компанийн данснаас тухайн худалдах, худалдан авах гэрээ байгуулсан өдөр их хэмжээний бэлэн мөнгө гарсан байдаг бөгөөд гэрээ байгуулдаг өдөр 150 000 000 төгрөг түүний дараагаар байрны гэрчилгээ гарсан өдөр 100 000 000 төгрөгийг тус тус бэлнээр аваачиж өгсөн гэдгийг нотлох 3 гэрч мэдүүлэг өгсөөр байтал 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж төлбөр төлсөн үйл баримт дээр шүүхийн зүгээс огт эрх зүйн дүгнэлт хийсэнгүй. Тухайн байрны төлбөрийг төлөөгүй тохиолдолд байранд засвар хийх, мөн буцаах тохиолдолд зөвхөн худалдаж авсан хүн рүү шилжүүлэх тохиолдолд тухайн худалдаж авсан үнийн дүнгээр буцаах зэрэг логик уялдаа холбоог зэргийг анхаарсангүй. Үүнээс харвал анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтад бодит бус дүгнэлт хийж байгаа нь хэргийн үнэнийг тогтооход ихээхэн эргэлзээтэй байдал үүсгэж бодит үнэнийг гуйвуулсан гэрчийн мэдүүлгээр нэхэмжлэгчийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож байна. Энэхүү байр нь зах зээлийн ханшаар 250 000 000 төгрөгийн үнэтэй бөгөөд байрны засвар зэргийг үзвэл 300 000 000 төгрөгийн үнэтэй эд хөрөнгийг хариуцагч Э.Б нь зээлийн гэрээний баталгаа нэрийн доор нь шилжүүлэн авч нэхэмжлэгчийг хохироогоод байна. Мөн шүүх хуралдаанд оролцсон хариуцагч Э.Б нь хэргийн талаар мэдэхгүй байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгийн шатанд ах л шилжүүлээд авчих гэсэн тайлбарыг өгч байсан. Нэхэмжлэгчийн зүгээс энэхүү байрыг огт зарах сонирхолгүй зөвхөн зээлийн гэрээний баталгаа болгож бага үнийн дүнгээр худалдах, худалдан авах гэрээ хийж З.Баярбат руу шилжүүлж, түүний ах болох А.Баттүшигээс мөнгө зээлсэн үйлдэл байдаг. Энэхүү үйлдэл нь хуулийн хүрээнд Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасны хүчин төгөлдөр бус байх хэлцлийг хангаж байгаа бөгөөд хуулийн 56.1.2-т заасны дагуу анхнаасаа дүр үзүүлэн хийсэн хэлцэл тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцаанд үндэслэлтэй, зөв дүгнэлт хийсэн боловч хэрэгт цугларсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

Нэхэмжлэгч Р.Д нь хариуцагч Э.Б, Д.Ш нарт холбогдуулан 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Э.Б, Р.Д нарын хооронд байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, Чингэлтэй дүүргийн 3-р хороо, Баруун сэлбэ гудамжны 8/9 дүгээр байрны 46 тоотод байрлах 106,59 м.кв орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргасныг /хх.1-2/ хариуцагч нар болон гуравдагч этгээд Г.Солонго нар эс зөвшөөрч марган, хариуцагч Д.Ш нь дээрх маргаан бүхий орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох, нэхэмжлэгчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр сөрөг нэхэмжлэл гаргажээ. /хх.52/

2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэгч Р.Д, хариуцагч Э.Б нарын хооронд байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдах авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар шаардаж буй үндэслэлээ нэхэмжлэгч тайлбарлахдаа “Э.Баас 60 000 000 төгрөг зээлсэн, түүний дагуу дээрх орон сууцыг барьцаалсан” гэжээ. Иргэний хуулийн 156 дугаар зүйлд үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж байгаа тохиолдолд уг гэрээг бичгээр байгуулж, түүнийг улсын бүртгэлд бүртгүүлэх талаар тусгайлан зохицуулсан бөгөөд нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотлоогүй, хариуцагч Э.Б, нэхэмжлэгч Р.Д нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан болон дээрх хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар Э.Б нь 60 000 000 төгрөгийг нэхэмжлэгч Р.Дт өгсөн гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

Дээрх нөхцөл байдлаас үзэхэд хувийн бизнестээ зориулж Э.Баас 60 000 000 төгрөг зээлсэн, уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор орон сууцаа барьцаалсан гэх нэхэмжлэгчийн тайлбар баримтаар нотлогдоогүй, хууль зүйн үндэслэлгүй.

Түүнчлэн, маргаан бүхий орон сууцыг худалдахаар Г.Уянга нь 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэгч Р.Дтой үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулан, түүний нэр дээр орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлсэн, дээрх тохиролцооны дагуу нэхэмжлэгч нь ямар нэгэн төлбөр төлөөгүй тул орон сууцыг буцаан авахаар болж 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр дахин үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулан Э.Бад орон сууцыг шилжүүлсэн гэх хариуцагч Э.Б, гуравдагч этгээд Г.Солонгын тайлбар нь шүүх хуралдаанд гэрчээр оролцсон А.Баттүшиг, Г.Уянга нарын “Г.Солонгын өмчлөлийн 2 орон сууцны нэгийг нь Р.Д-ыннэр дээр шилжүүлсэн, худалдах, худалдан авах гэрээ байгуулахдаа АНУ руу мөнгө шилжүүлэх зайлшгүй шаардлага гарч болзошгүй байсан тул гэрээний дүнг хоёр өөрөөр байгуулсан, Г.Долгор орон сууцны төлбөрт мөнгө төлөөгүй тул байрыг буцааж авахаар болж Г.Солонгын зөвшөөрлийн дагуу орон сууцыг дүү Э.Бын нэр дээр шилжүүлж авсан” гэх мэдүүлэг, хоёр өөр дүн бүхий 2017 оны 6 дугаар сарын 02, 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ болон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгийн шилжилтийн талаарх лавлагаа зэрэг баримтаар нотлогджээ. /хх.5-6, 57, 72, 137-138/

2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнд уг үл хөдлөх эд хөрөнгийг Р.Д нь Э.Бад 20 000 000 төгрөгөөр шилжүүлсэн гэх агуулгыг бичсэн байх боловч гэрээнээс татгалзах, эд хөрөнгийг буцаах тухай хэлцлийн хүрээнд Г.Уянгын заасан этгээд болох Э.Бын өмчлөлд Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлсэн байна. Иймд нэхэмжлэгчийн хувьд уг хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж марган, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дах хэсэгт зааснаар эд хөрөнгийн өмчлөх эрхийг буцааж авахаар шаардах эрхгүй байна. Гэвч анхан шатны шүүхээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо зохих заалтыг баримтлаагүйг залруулан, өөрчлөлт оруулахаар тогтов.

Түүнчлэн, хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгийн түүхчилсэн лавлагаа, гэрчилгээ зэргээс үзэхэд маргаан бүхий дээрх орон сууц нь 2012 оны 7 дугаар сарын 21-ний өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээгээр Г.Солонгын өмчлөлд, 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээгээр Р.Д-ынөмчлөлд, 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээгээр Э.Бын өмчлөлд, 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээгээр Д.Шийн өмчлөлд шилжсэн болох нь тогтоогдож байна. /хх.5, 22, 48, 57-58/ А.Баттүшиг, Г.Уянга нар хариуцагч Д.Штой төлбөр тооцооны асуудалтай байсан тул орон сууцны өмчлөх эрхийг бэлэглэлийн гэрээгээр түүнд шилжүүлсэн болох нь А.Баттүшиг, Г.Уянга нарын гэрчийн мэдүүлгээр тогтоогдсон /хх.137-138/, үүний дагуу үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр Д.Шийн өмчлөх эрх баталгаажжээ. Д.Шийн хувьд Э.Бын нэр дээр бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлэх эрхийг Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар олж авсан, хууль ёсны өмчлөгч байна.

Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000624396 дугаартай гэрчилгээгээр /хх.55/ дээрх орон сууцны хууль ёсны өмчлөгч нь Д.Ш учраас Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасны дагуу өөрийн өмчлөлийн орон сууцыг бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй. Харин Р.Д-ынхувьд Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгийг эзэмшилдээ байлгах эрхээ алдсан байна. Иймд анхан шатны шүүх хариуцагч Д.Шийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь зөв боловч өмчлөгчийн шаардах эрхийн үндэслэл болсон Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлаагүй тул дээрх заалтыг нэмж баримталсан өөрчлөлтийг шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дах заалтад оруулна.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2019/00609 дүгээр шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2” гэсний дараа “56.5” гэж нэмж, “тогтоож” гэдгийг “тогтоолгох”, “нэхэмжлэлийн шаардлагыг” гэснийг “нэхэмжлэлийг” гэж өөрчлөн найруулж,

тогтоох хэсгийн 2 дах заалтад “95 дугаар зүйлийн 95.1” гэсний дараа “106 дугаар зүйлийн 106.1” гэж нэмж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс төлсөн 257 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Т.ТУЯА

 

                                         ШҮҮГЧИД                                              Ч.ЦЭНД

 

                                                                                               Ж.ОЮУНТУНГАЛАГ