Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 142/шш2022/01096

 

 

 

 

 

 

 

 

2022 09 08 142/ШШ2022/01096

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн хуралдааны 106 дугаарын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Г.У -ын нэхэмжлэлтэй, /утас: /

Хариуцагч: ЭБЦТС ТӨХК

Нэхэмжлэлийн шаардлага: Э Б Ц Т С ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Б/78 дугаартай сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Г.У

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Д нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Г.У нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Миний бие Г.У нь ЭБЦТС ТӨХК-ийн Хангамж үйлчилгээний хэлтэст худалдан авах ажиллагааны мэргэжилтнээр ажилладаг. Гүйцэтгэх захирлын 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Б/78 тоот тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг 2022 оны 04 дүгээр сарын 14-нд танилцуулсан. Үүнд Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1, Компанийн хөдөлмөрийн дотоод журмын 13 дугаар зүйлийн 13.3.1 дэх заалт, Үндэсний аудитын газрын 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн албан шаардлагыг тус тус үндэслэн тушаалд дурдсан нэр бүхий хүмүүс болон намайг ажилдаа хайнга хандаж 2021 оны санхүүгийн тайлангийн аудитаар зөрчил гаргасан тул өөрт нь ганцаарчилсан хэлбэрээр хаалттай сануулах сахилгын шийтгэл ногдуулсан. Иймд дараах үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулсан Б/78 тушаалыг хууль бус гэж үзэж байна. 1. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийг шинж, үр дагаврыг харгалзан энэ хуулийн 123.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ гэж заасны дагуу тус зөрчлийг хэлэлцсэн хурлын тэмдэглэл, нэр бүхий ажилтнуудаас тайлбар аваагүй зэрэг нь сахилгын зөрчлийг тогтооход ач холбогдол бүхий нотлох баримтыг бүрдүүлээгүй, зөрчил гаргагчийн гэм бурууг нотлон тогтоогоогүй, зөрчил бүр тус тусдаа тогтоогдсон байх хуулийн шаардлага хангахгүй байна. 2. Сахилгын шийтгэл ногдуулсан нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан байх, тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтны гаргасан сахилгын зөрчлийн үндэслэлтэй тохирч байх нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцнэ. Б/78 дугаартай тушаалын үндэслэх хэсэгт компанийн Хөдөлмөрийн дотоод журмын 13 дугаар зүйлийн 13.3.1 дэх хэсэгт Өөрт нь ганцаарчилсан хэлбэрээр хаалттай сануулах гэсэн заалтыг баримталсан боловч компанийн Хөдөлмөрийн дотоод журмын 13 дугаар зүйлийн 13.5 дахь хэсэг дараах сахилгын зөрчил гаргасан ажилтанд өөрт нь ганцаарчилсан хэлбэрээр хаалттай сануулах хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна гэж дурдсан 8 заалтын аль нэг заалтыг баримтлаагүй сахилгын шийтгэл ногдуулах тушаал гаргасан байна. 3. Үндэсний аудитын газраас ирсэн албан шаардлагад нээлттэй тендер шалгаруулалтын аргаар зохион байгуулах 114,716,000 төгрөгийн төсөвт өртөгтэй 2 төсөл арга хэмжээг харьцуулалтын аргаар сонгон шалгаруулж худалдан авалт хийсэн буюу Компанийн 2021 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд худалдан авах ажиллагааны журам буруу сонгосон гэсэн дүгнэлт хийсэн. Газардуулгын эсэргүүцэл хэмжих багаж 12,000,000 төгрөг, ороомгийн эсэргүүцэл хэмжих багаж 32,000,000 төгрөг нийт 44.000.000 төгрөг болно. Харьцуулалтын аргаар худалдан авч болох төсөвт өртгийн дээд хязгаар Бараа-50,000,000 төгрөг буюу Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8.1.1-д заасан босго үнэ хүрээгүй. Мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт Энэ хуулийн 8.1.1-д заасан босго үнээс дээш төсөвт өртөгтэй бараа, ажил, үйлчилгээг худалдан авахад энэ хуульд өөрөөр заагаагүй бол нээлттэй тендер шалгаруулалтын журмыг хэрэглэнэ. 8.4 дахь хэсэгт Тендер шалгаруулалтын журмыг сонгохдоо тухайн бараа, ажил, үйлчилгээний нийт төсөвт өртгийг үндэслэл болгоно гэж заасан. Журнал, маягт 9,446,000 төгрөг+ Кассын цаас 9,936,000 төгрөг+бичгийн цаас 26,334,000 төгрөг =45,716,000 төгрөг, Принтерийн хор 25.000.000 төгрөг. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6. дахь хэсэгт Захиалагч өрсөлдөөнийг дэмжих зорилгоор бараа, ажил, үйлчилгээг зориулалт, нэр төрөл, газар зүйн байрлалыг харгалзан нэг төрлийн болон ижил төстэй байдлаар нь хэд хэдэн багцад хувааж тендер шалгаруулалт явуулж болно гэж заасан байдаг. Принтерийн хор нь бичгийн цаас, журнал, кассын цаастай нэр төрөл, ижил төстэй байдалгүй, төсөвт өртөг нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8.1.1-дэх хэсэгт заасан босго үнэ хүрээгүй тул харьцуулалтын аргаар тендер зарласан. Компанийн Гүйцэтгэх захирлын 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Б/78 дугаартай тушаалаар гаргасан сахилгын шийтгэл ногдуулах шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тухай 2022 оны 04 дүгээр сарын 15-нд Компанийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст гомдол гаргасан. 2022 оны 04 дүгээр сарын 26-нд Компанийн хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын хурлаар уг тушаалын үндэслэл буруу байх тул буцаах саналыг Гүйцэтгэх захиралд танилцуулсан боловч хүлээн зөвшөөрөөгүй тул маргалдагч талууд тохиролцоогүй гэсэн дүгнэлтийг гаргаж өгсөн. Компанийн хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын тэмдэглэлийг эс зөвшөөрч Хуулийн дагуу Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан боловч Орхон аймгийн Баян-Өндөр сумын засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 11-ны өдрийн 01/591 тоот хариу хүргэх тухай албан бичгээр Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны бүрэлдэхүүнийг томилох ажиллагаа явагдаж байна. Иймд таны гаргасан гомдлыг шийдвэрлэх боломжгүй тул шүүхийн журмаар шийдвэрлэнэ үү гэсэн хариу өгсөн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дугаар зүйлийн 154.8 заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Уг сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байгааг минь харгалзан үзэж Компанийн гүйцэтгэх захирлын 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Б/78 дугаартай сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгож өгнө үү... гэжээ.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаварыг харгалзан энэ хуулийн 123.2-т хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ гэсэн заалтыг зөрчсөн гэжээ. 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Нийтлэг үйлчилгээ нийгмийн асуудал хариуцсан дэд захирал М.Нуваантаяын өрөөнд Хангамж үйлчилгээний хэлтсийн дарга Т.Цогт, Хангамжийн менежер С.Гандолгор, худалдан авах ажиллагааны мэргэжилтэн Б.Мөнхбаатар, Г.У , Хуулийн зөвлөх Б.Ж нарыг байлцуулан компанийн 2021 оны худалдан авах ажиллагаанд гарсан зөрчил, үүнтэй холбоотой Үндэсний аудитын газраас ирсэн албан шаардалгын хүрээнд 2021 оны компанийн худалдан авах ажиллагаа зөрчилтэй байсан тул худалдан авах ажиллагааг төлөвлөж, гүйцэтгэл явцад гар бие оролцон ажилладаг Хангамж үйлчилгээний хэлтсийн дарга Т.Цогт, Хангамжийн менежер С.Гандолгор, худалдан авах ажиллагааны мэргэжилтэн Б.Мөнхбаатар, Г.У нарт хаалттай сануулах сахилгын шийтгэл ногдуулах талаар дэд захирал М.Нуваантая танилцуулж тухайн хурал дээр энэ сахилгын шийтгэл ногдуулж байгаатай холбоотой санал, тайлбар байгааг асуухад бүгд байхгүй гэж хэлсэн. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж тайлбар авах заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд нэхэмжпэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Нэхэмжлэгчээс Г.У -ын иргэний үнэмлэхийн хуулбар /хх-4/, 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээ /хх-5-09/, Э Б Ц Т С ТӨХК-ийн захирлын 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Б/78 дугаартай сахилгын шийтгэл оногдуулах тухай тушаал /хх-10/, Э Б Ц Т С ТӨХК-ийн захирлын 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн А/03 дугаартай тушаал /хх-11/, Э Б Ц Т С ТӨХК-ийн хөдөлмөрийн дотоод журам /хх-12-19/, Үндэсний аудитын газрын 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн албан шаардлага /хх-20/, Үндэсний аудитын газрын 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн албан шаардлага /хх-21/, Үндэсний аудитын газрын 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн акт /хх-22/, Э Б Ц Т С ТӨХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 02/2022 өдрийн хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын хуралдааны тэмдэглэл /хх-23-25/, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 01/591 дугаартай тодорхойлолт /хх-25/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ. Нэхэмжлэгч Г.У нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: би ЭБЦТС ТӨХК-ийн Хангамж үйлчилгээний хэлтэст худалдан авах ажиллагааны мэргэжилтнээр ажилладаг. Гүйцэтгэх захирлын 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Б/78 тоот тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсан. Уг тушаал нь хууль зүйн үндэслэлгүй байх тул хүчингүй болгож өгнө үү... гэжээ.

2. Хариуцагч хариуц тайлбартаа: ...2021 оны худалдан авах ажиллагаанд гарсан зөрчил, үүнтэй холбоотой Үндэсний аудитын газраас ирсэн албан шаардалгын хүрээнд 2021 оны компанийн худалдан авах ажиллагаа зөрчилтэй байсан тул худалдан авах ажиллагааг төлөвлөж, гүйцэтгэл явцад гар бие оролцон ажилладаг Хангамж үйлчилгээний хэлтсийн дарга Т.Цогт, хангамжийн менежер С.Гандолгор, худалдан авах ажиллагааны мэргэжилтэн Б.Мөнхбаатар, Г.У нарт хаалттай сануулах сахилгын шийтгэл ногдуулах талаар дэд захирал М.Нуваантая танилцуулж тухайн хурал дээр энэ сахилгын шийтгэл ногдуулж байгаатай холбоотой санал, тайлбар байгааг асуухад бүгд байхгүй гэж хэлсэн... иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд: Г.У нь Э Б Ц Т С ТӨХК-д худалдан авах ажиллагааны мэргэжилтнээр ажилладаг бөгөөд түүнд тус компанийн гүйцэтгэх захирлын 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Б/78 дугаартай тушаалаар өөрт нь ганцаарчилсан хэлбэрээр хаалттай сануулах сахилгын шийтгэл ногдуулсан байна.

3а. Тушаалд: Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1, Компанийн хөдөлмөрийн дотоод журмын 13 дугаар зүйлийн 13.3.1 дэх заалт, Үндэсний аудитын газрын 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн албан шаардлагыг үндэслэн ...Г.У нар нь ажилдаа хайнга хандаж компанийн 2021 оны санхүүгийн тайлангийн аудитаар зөрчил гарч Үндэсний аудитын газраас худалдан авах ажиллагаатай холбоотой албан шаардлага ирүүлсэн тул өөрт нь ганцаарчилсан хэлбэрээр хаалттай сануулах сахилгын шийтгэл ногдуулсан гэжээ.

3б. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1.Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцно,

123.2.Ажил олгогч буюу түүнээс эрх олгосон удирдах ажилтан сахилгын зөрчил гаргасан ажилтанд дараах хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна, 123.2.1.өөрт нь ганцаарчилсан хэлбэрээр хаалттай сануулах гэжээ.

3в. Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахдаа ажилтан хөдөлмөрийн гэрээний ямар заалтыг зөрчсөн, мөн хөдөлмөрийн дотоод журмын ямар заалтыг зөрчсөнийг тушаалд тусгах, энэ нь нотлогдсоноор хууль зүйн үндэслэлтэй болох юм.

3г. Г.У нарт сахилгын арга хэмжээ авсан 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Б/78 дугаартай тушаалд хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журмыг хэрхэн зөрчсөн талаар баримтлаагүй, энэ нь тодорхойгүй байна.

3д. Э Б Ц Т С ТӨХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 13.3.1.-д өөрт нь гарцаарчилсан хэлбэрээр хаалттай сануулах гэж заасан байх ба энэ заалт нь зөрчил гаргасныг нотолсон гэж үзэхгүй.

4. Эрх бүхий албан тушаалтны тушаал, шийдвэр нь эрх зүйн акт болохын хувьд хуулийн шаардлагад нийцэж байж хууль зүйн үндэслэлтэй байх болно.

5. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3.-д Ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авна гэж заасан байх Г.У ас тайлбар авсан талаарх баримт хэрэгт ирээгүй, мөн Хөдөлмөрийн дотоод журмын 13.5.-д ямар зөрчил гаргасан ажилтанд хөдөлмөрийн сахилгын ганцаарчилсан шийтгэл ногдууллах талаар тусгасан бөгөөд журмын аль заалтыг зөрчсөн болохыг хариуцагч тал нотлож чадаагүй байна.

6. Иргэний хэрэг шүүхэн хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.2.-д хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх; мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заасан бөгөөд хариуцагч татгалзлаа нотлоогүй, түүнчлэн Э Б Ц Т С ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын авсан 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Б/78 дугаартай тушаал хуульд нийцээгүй байна.

7. Хэдийгээр хариуцагч дээрх тушаалыг бүхэлд нь хүчингүй болгуулах шаардлага гаргасан ч уг тушаалаар өөр бусад хүмүүсийн асуудлыг шийдвэрлэсэн байх тул бүхэлд нь хүчингүй болгох боломжгүй зөвхөн Г.У д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

8. Хариуцагчийн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд ээлжийн амралтаа авсан хол байгаа тул шүүх хуралд очих боломжгүй, манай байгууллагад мэдэгд гэсний дагуу шүүх хуралдааныг хойшлуулан Э Б Ц Т С ТӨХК-д хуульд заасны дагуу шүүх хуралдааны товыг хүргүүлсэн боловч шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч томилон ирүүлээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3.-д зааснаар хариуцагчийн эзгүйгээр хэргийг хянан хэлэлцсэн болно.

9. Нэхэмжлэгч нь хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдаж, хариуцагч Э Б Ц Т С ТӨХК-с улсын тэмдэгтийн хураамжаар 70 200 төгрөг гаргуулан улсын орлогод оруулахаар заав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-д заасныг баримтлан Э Б Ц Т С ТӨХК-ийн захирлын 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Б/78 дугаар тушаалын Г.У д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Э Б Ц Т С ТӨХК-иас улсын тэмдэгтийн хураамжаар 70 200 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА