| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
| Хэргийн индекс | 142/2022/01081/И |
| Дугаар | 142/шш2022/01107 |
| Огноо | 2022-09-09 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 09 сарын 09 өдөр
Дугаар 142/шш2022/01107
2022 09 09 142/ШШ2022/01107
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж, шүүгч Р.Үүрийнтуяа, Б.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны 106 дугаарын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.И /-ын нэхэмжлэлтэй, /утас: /
Хариуцагч: А.Э /-д холбогдох, /утас: /
Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохирол 350 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч И.И
Хариуцагч А.Э
Иргэдийн төлөөлөгч: Б.Х
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Д нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч И.И шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие 5 дугаар сарын 07-ны 00 цаг 15 минутын үед Э гэх хүнд машинаа болон утсаа эвдүүлсэн. Хохирлын хэмжээ үнэлгээний байгууллагаар 300 000 төгрөг гарсан. Үнэлгээ хийлгэхэд гарсан хөлс 50 000 төгрөг болсон. Иймд нийт 350 000 төгрөгийг нэхэмжилж байна. Э ыг Цагдаагийн байгууллага торгох арга хэмжээ авсан гэжээ.
Нэхэмжлэгч И.И шүүхэд гаргасан нэмэлт тайлбартаа: 2022 оны 06 дугаар сарын 07-ны шөнө ажлаа тараад гэрлүүгээ харих гээд машиндаа сууж байтал миний машиныг Ланд-200 маркийн машин шууд ирж таглаж зогсчихоод нэг эмэгтэй жолоо барьж явсан. Гүйгээд яваад өгсөн. Тэр эмэгтэйн нөхөр Э гэх хүн нилээд хэмжээний согтолттой гуйваад зогсож байсан. Тэр үед би машинаа холдуулчих гэх үед юун тэвчээргүй юм хүлээгээд сууж бай гэхээр нь би 5-10 минут хүлээж суусан. Тэгээд машинаа холдуулаачээ жолоочоо дууд гээд хэлэхэд над руу агсан тавьж эхэлсэн. Миний машины мотор дуу ихтэй асдаг. Э гэдэг хүн наад сэгээ янзлуулаач, яасан дуу ихтэй юм бэ? гэж хэлээд орилоод байсан. Би танд ямар ч хамаагүй дуугүй бай гэхэд ямар олон үгтэй бацаан бэ? гээд машин дотор сууж байхад минь ирж машины борооны хаалтыг минь хагалсан. Тэр үед би болиоч та? гэж гуйх үед найз нь гэх тэр ах барьчаад тавихгүй байсан. Энэ үед Э гэх хүн над руу дайраад байсан. Охин нь гэх 7-8 настай охин ааваа та болиочээ гээд аавыгаа татаад байсан. Тэгээд би дуудлага өгөх гээд цагдаа руу залгах гэтэл миний утсыг цохиод унагаасан. Цагдаа ирэх хүртэл над руу дайраад байсан. Машин өшиглөөд цохиод гүйгээд байсан. Болиулах гэтэл зугтаагаад байсан. Яг цагдаа ирэх үед Э гэх хүн зугтаасан. Би эхнэр нь гэх хүнийг барьж авч үлдсэн. Тэгээд цагдаагийн байгууллага дээр эхнэрийг нь охинтой нь аваачсан. Би гомдол гаргаж тэр хүнийг эрүүлжүүлэхэд хонуулах ёстой гээд цагдаа нарт хүсэлт гаргахад эхнэр нь хаана байгааг нь хэлж өгөөгүй. Тэр шөнө тэгээд өнгөрсөн. Би тэр эхнэр нь гэх хүнийг цагдаагийн байгууллагаас урт цагааны тэр хавьд машинаараа хүргэж өгсөн. Машин дотор явж байхдаа намайг баахан харааж доромжилсон. Тэр машины хойно байсан цус нь Э гэх хүнийг над руу дайрч байхдаа уруул амаа хазсан л байх. Тэрнээс би хүнтэй муудалцаж үзээгүй хүн. Соёлтой боловсролтой хүнээс гарахааргүй үйлдэл гаргасан. Энэ үйл явдлыг хараад зогсож байсан манай байрны хүмүүс байгаа гэжээ.
Хариуцагч А.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Иргэн А.Э миний бие нь 2022 оны 06 дугаар сарын 07-ны орой 00 цаг өнгөрч байхад эхнэр И.Уранчимэг, найз Баяртогтох түүний эхнэр Алтанзул нарын хамт зуслангаас гордод ирж найз Баяртогтохынд орох гэж 03-16-р байрны гадаа буутал нэг цагаан машинтай залуу тасралтгүй сигналдаад байсан. Би тэгэхэд хүмүүсийн амгалан тайван байдал алдагдуулаад гэж шаардлага тавихад чамд ямар хамаатай юм, ална шүү гээд машинаасаа бууж ирээд хамар луу цохиод авсан. Миний хамарнаас маш их хэмжэээний цус гарсан. Тэгтэл гэдэс рүү өшиглөөд толгой луу цохисон. Миний хамарнаас гарсан цус машин руу үсэрсэн. Гэтэл холгүй байсан манай найз хүн аллаа шүү дээ гээд бариад авсан. Баяртогтохын эхнэр манай эхнэр хоёр хүрч ирээд миний цусыг угаах гээд гэр лүү аваад орсон. Тэр залуу, 2 эхнэр лүү ална шүү гээд дайраад байсан. Би хөдлөх тэнхэлгүй байсан. Тэр үед машины хөмсөг болон утас хагалах ямар ч боломжгүй зүйл болоогүй. Иймд машины хөмсөг нэг ширхэг нь 5-15 000 төгрөг байдаг. Танил зах дээр байдаг байна. Шунахайн зорилгоор их хэмжээний мөнгө гаргасан байна. Тэр хөмсөгний хагарсан хагархайг авчирах хэрэгтэй байна. Би энэ залуугаас болж толгой өвддөг, хамар битүүрдэг, гэдэс дотор өвддөг болсон. Иймд зодуулсандаа гомдолтой байна. Миний хүүхэдтэй адилхан гээд гомдол гаргаагүй байсан болно. Хүмүүсийг унтаж амрах, шөнийн 00 цагаас хойш сигнал дарж хүмүүсийн амар тайван байдлыг алдагдуулсан. Шаардлага тавихад ална шүү гээд зодсон энэ залууд гомдолтой байна. Харин надаас уучлалт гуйх юм бол нэхэмжлэл гаргасан байдагт ичих хэрэгтэй залуу хүн. Намайг зодох үед хамрын цус маань машинд нь цацарч наалдсан байдаг гэжээ.
Иргэдийн төлөөлөгч: И машинаа гаргах гэсэн боловч урд нь таглаж зогссон машины эзэн Э той маргалдаж Э нь И ийн машиныг эвдсэн байна. Харин Э ын тайлбар өөр байна. И д шаардлага тавихад Э ыг зодсон байна. Мөн зөрчлийн хуулиар 200 000 төгрөгөөр торгуулсан байна. И ийн хувьд нотолгоо дутуу. Э ын хувьд зодуулсан нь үнэн гэсэн баримт нотолгоо байхгүй, нэхэмжлэгч тал гар ч хүрээгүй гэх. Үнэн худлыг нотлох баримтаар харуулах гэжээ.
Нэхэмжлэгчээс: И.И ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-3/-г гаргаж өгсөн.
Хариуцагчаас: 06-08 ОРА улсын дугаартай автомашины фото зураг /хх-10/-г гаргаж өгсөн.
Нэхэмжлэгчийн хүсэлтээр: Орхон аймаг дахь Цагдаагийн газраас 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 40/09-5880 дугаартай албан тоот, түүний хавсралт /хх-18-26/-г шүүх бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагаас 300 000 төгрөгийг хангаж, 50 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ. Нэхэмжлэгч И.И нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: ...2022 оны 05 дугаар сарын 07-ны 00 цаг 15 минутын үед ажлаа тараад машиндаа суугаад хөдлөх гэтэл Э гэх хүний машин ирээд урд таглаад зогссон. Би хэсэг хүлээгээд ахаа би машинаа гаргах гэсэн юм гэхэд түр хүлээж бай жолооч нь байхгүй байна гэхээр нь хэсэг хүлээсэн, тэгээд ахиад машинаа гаргах гэсэн юм гэсэн чинь яасан тэвчээргүй юм гээд машин тойроод өшиглөөд цохиод эхэлсэн. Тэгэхээр нь цагдаа дуудах гэтэл утсыг минь цохиж унагаад хагалсан, машины борооны хаалтыг хагалсан. Би хохирлоо үнэлгээний байгууллагаар гаргуулсан. Миний машинд 160 000 төгрөг, гар утсанд 140 000 төгрөгийн хохирол гарсан. Үнэлгээний байгууллагын зардал 50.000 төгрөг гарсан. Нийлээд 350 000 төгрөг нэхэмжилж байна... гэсэн.
2. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлдээ: Тухайн өдөр 3-16 дугаар байрны гадна очтол нэг машин сигнал дараад байсан. Би болиочоо гэтэл чамд ямар хамаатай юм бэ гээд маргалдаж эхэлсэн. Шаардлага тавьтал урдаас дайраад бууж ирээд ухаан жолоогүй намайг нүдсэн. Би машины хөмсөгт нь хүрсэн тохиолдол байхгүй. Утсаар ярьж байгаад утастай гараараа намайг цохиод хамар амнаас цус гараад бөөн юм болсон. Тэгээд машин руу нь хартал миний цус үсчиж өгсөн байсан. Намайг машинтайгаа хавсарч зодоод машин нь цус болсон байсныг эхнэр зургийг нь дарж авсан байсан. Би машин тэрэгт нь хүрээгүй, эвдээгүй, шаардлага тавьсан... гэжээ.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд: 2022 оны 5 дугаар сарын 07-ны шөнө 00 цагийн орчим 3 дугаар микрийн 16 дугаар байрны гадна машины зогсоол дээр нэхэмжлэгч И.И ийн машины урд хариуцагч А.Э ын машин хааж зогссоноос болж тэдний хооронд маргаан болсон байна. Үүний улмаас хариуцагч А.Э нь цагдаа дуудах гэж байсан И.И ийн утсыг цохиж унаган хагалсан, мөн машины борооны хаалтыг хагалсан үйл баримт болсон болох нь Орхон аймаг дахь Цагдаагийн газрын 2022-08-30-ны өдрийн 40/09-5880 дугаартай албан бичгийн дагуу ирсэн Эрх бүхий албан тушаалтны тогтоолд: ...3-16 дугаар байрны урд зогсоол дээр согтуу хүн машины эд зүйл эвдээд байна гэх гомдол мэдээлэлд Тоёота Истима маркийн авто машинд, Huawei T-20 маркийн утасны дэлгэц зэрэгт үнэлгээ хийлгэхээр шинжээч томилсон, Ашид билгүүн ХХК-ийн автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээгээр: ...уг машины баруун урд ус борооны хаалт хагарсан, зүүн урд крыло хонхойж, будаг хагарч халцарсан 160 000 төгрөгийн хохирол учирсан тухай тайлан, мөн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Орхон аймаг дахь Цагдаагийн газрын Эрх бүхий албан тушаалтны тогтоолын дагуу Huawei T-20 маркийн гар утасны дэлгэцийг 120 000 төгрөг, солих зардал 20 000 төгрөгөөр үнэлсэн болох нь үнэлгээний тайлангаар нотлогдож байна. /хх18-25/
4. Орхон аймаг дахь Цагдаагийн газрын 2022 оны 05 дугаар сарын 31-ны өдрийн шийтгэлийн хуудсаар хариуцагч А.Э ыг бусдыг эд хөрөнгийг гэмтээсэн гэж 200 000 төгрөгөөр торгож шийтгэсэн байна. /хх26/
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, 510 дугаар зүйлийн 510.1.-д Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж заасан бөгөөд нэхэмжлэгч шаардах эрхтэй гэж үзнэ.
6. Хариуцагч А.Э нэхэмжлэлээс татгалзсан тайлбар гаргасан бөгөөд татгалзал тайлбараа баримтаар нотлоогүй, өөрөөр хэлбэл И.И ийг зодсон гэх боловч энэ талаар баримт хэрэгт ирээгүй болно.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-д заасан Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ хэрэгжүүлээгүй байна.
8. Иймд хохирлын үнэлгээгээр тогтоогдож буй 300 000 төгрөгийг А.Э оос гаргуулан И.И д олгож, баримтаар нотлогдоогүй үнэлгээний төлбөр 50 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
9. Иргэдийн төлөөлөгчийн: И машинаа гаргах гэсэн боловч урд нь таглаж зогссон, машины эзэн Э той маргалдаж Э нь И ийн машиныг эвдсэн байна. ...И ийн хувьд нотолгоо дутуу. Э ын хувьд зодуулсан нь үнэн гэсэн баримт нотолгоо байхгүй, нэхэмжлэгч тал гар хүрээгүй гэдэг. Үнэн худлыг нотлох баримтаар харуулах гэсэн бөгөөд шүүх хэрэгт цугларсан нотлох баримт, талуудын тайлбарт үндэслэн шийдвэрээ гаргасан болно.
10. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11 150 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжаар 9 650 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1.-д заасныг баримтлан хариуцагч А.Э оос 300 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч И.И д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 50 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжаар 9 650 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА
ШҮҮГЧИД Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ
Р.ҮҮРИЙНТУЯА