Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 142/шш2022/01142

 

 

 

 

 

 

 

 

 

2022 09 14 142/ШШ2022/01142

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 103 дугаарын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д. Н  нэхэмжлэлтэй /утас: /,

Хариуцагч: Х. О -д  холбогдох /Утас: /-т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн үүрэг 41 865 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Д.Н

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Б 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Д.Н нь Х.О-т холбогдуулан зээлийн гэрээний үүргээ зөрчсөнөөс учирсан хохирол 41 865 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Х.О нь 2020 оны 11 дүгээр сард тааралдаад, дараа нь гэрт ирж мөнгөний хэрэгцээ байгаа болон надаас мөнгө зээлэх тухайгаа ярьсан. Бид харилцан ойлголцсоны дүнд 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс би Х.О-т 3-5 сарын хугацаатай 7 хувийн хүүтэй мөнгө зээлж эхэлсэн. Ингээд 2021 оны 6 дугаар сар гэхэд зээлсэн мөнгө нийтдээ 22 400 000 төгрөг болсон. Х.О тохиролцсон 7 хувийн хүүг сар сард нь өгч байсан. Надад баярласан талархсанаа ярьж, мессэж бичдэг байсан. Ингээд 2022 оны 6 дугаар сарын 26-ны өдөр мөнгөө авахаар шаардаж ярьсаар 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Х.О над руу 10 000 000 төгрөгөө шилжүүлж 22 400 000-10 000 000=12 400 000 төгрөгийн үлдэгдэл өртэй болсон. Тэгээд тэр ярих үедээ Х.О надад 5 000 000 төгрөг хэрэгтэй байна, хүн амьтнаас 15 хувиар ч хамаагүй олдвол эгч надад туслаач гээд байхаар би 2021 оны 06 дугаар сарын 29-ний орой 2 800 000 төгрөг О-т шилжүүлэв. Би О-т "би чиний өмнөөс хүнээс мөнгө зээлж авч өгч байна шүү" гэж хэлж байсан. Ингээд 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр гэхэд бид хоёрын хооронд 15 000 000 төгрөгийн тооцоо үлдсэнийг аль аль нь хулээн зөвшөөрсөн. Тухайн үед би хотод байсан болохоор Эрдэнэтэд очоод гэрээ хийнэ шүү. Бас өөрөө удаж магадгүй байгаагаа Х.О-т хэлсэн.

Х.О ч мөнгөний хүүгээ төлөөд л явж байсан. Амбайн сүлжээний борлуулалтаас гадна койны арилжаанаас сардаа хамгийн багадаа 2 000 000 төгрөгийн ашиг гардаг, зарим сард тав, зургаан сая хүрдэг одоо гэр бүл хамаатнууддаа багц нээгээд ашиг улам арвижна. Тэгэхээр таны зээл, хүү асуудал биш гэж ярьж, та хадгаламжиндаа маш бага хүүгээр мөнгө байлгахаар надад зээлж өгч өсөг, тэтгэвэрээ ч зээлж авч өгч ашиг ол гэж надад итгүүлж байсан. Би нэг талаар насаараа төрийн байгууллагад тэр дундаа сургууль, хүүхдийн байгууллагад ажиллаж байсан. О өмнө нь зээл аваад өгөөд байсан болохоор түүнд итгэж ийнхүү 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр зээлийн гэрээ хийж дахин мөнгө зээлдүүлсэн. X.Отгонтнугалаг бол 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл мөнгөний хүүгээ товлосон хугацаандаа өгч байсан.

Би бас Х.О-т мөнгө өгөх үедээ ер нь мөнгөө авахдаа бөөн авна шүү гэхэд та асуудалгүй надад 3 хоногийн өмнө мэдэгдээрэй хэдийд ч болно гээд л байсан. Бас нэг өдөр ажил дээр нь ороход Эгчээ би таны мөнгөний хүүг чинь ингэж гаргадаг юм гээд арилжаа хийгээд мөнгө шилжүүлж байсан. Ингээд 2022 оны 01 дүгээр сарын 23-ны үед мөнгөний хэрэг гарч Х.О-т юуны өмнө 24 000 000 төгрөг нь хэрэгтэй боллоо зээлээ бөөнд нь авахаар хэлтэл О аан за би нөхрийн цалингийн зээлийг авахаар болсон, тэгээд таньд шилжүүлнэ гэсэн. Цагаан сарын дараа гэхээр нь за гээд, би ч өгчихдөг болохоор санаа амар явсан. 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр би яриад 02 дугаар сарын 12-ны өдөр бэлэн болгоорой гэсэн болно л гэсэн. Тэгээд 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр ажил дээр нь очоод яасан бэ би чамд хүнээс мөнгө авч өгсөн биш бүр надад гай болоод гээд би уурласан, хэзээ өгөх юм, яах гэж байна гэтэл койны түрийвч хаагдсан гэсэн. Гэтэл койны хүмүүсээс асуухаар түрийвч хаагдана гэсэн зүйл байхгүй гээд байсан. Чи юу яриад байна аа нөхрийнхөө цалингийн зээлийг авхуулаад өгнө гэсэн яав аа гэтэл би нэг хүнд нөхрийн цалингийн зээл 30 000 000 төгрөг аваад, хүний өрийг хаагаад 3 хувийн зээл авахаар таньд 03 дугаар сарын 01-нд өгнө гэв. Ингээд 03 дугаар сарын 15-ны өдөр болов. Би энэ хооронд бас 02 дугаар сарын 21-ний өдөр гэрт нь очиж уулзахад мөн л 03 дугаар сарын 15 гэсэн. Тэгээд би 03 дугаар сарын 17-ны өдөр уулзах гэтэл хойш тавиад тайлбар хийгээд болдоггүй. Уулзах гэхээр бас хөдөө явна, эсвэл шөнийн 12 цагт завтай, модон хохимой өдөр, ярих боломжгүй, дараа ярья гэх мэтээр шалтаг тоочдог болсон. Ингээд би 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Шүүхийн эвлэрүүлэн зуучлахад хүсэлт гаргаж өгсөн боловч мөн тэнд ирээгүй тул шүүхэд өргөдөл өгч шүүхээр эрхээ хамгаалуулах хохиролоо барагдуулахаар шийдсэн юм. Зээлийн гэрээ, зээл хүүгийн тооцоог харуулбал:

Зээлийн гэрээ хийсэн өдрүүд, огноо

О-т зээлсэн мөнгө

Зээлийн хүү

Зээлдэх хугацаа

Зээлийн гэрээний дусгавар болох хугацаа

Хүү төлөгдөөгүй сар өдөр хоногоор

Гэрээний хугацаанд төлөх хүү

Нийт дүн

1

2021.09.28

10 000 000

15%

5 сар

2022.02.28

2021.01.28-2021.02.28

1 500 000

11 500 000

2

2021.10.05

5 000 000 төгрөгөөс 2 000 000 төлсөн, үлдэгдэл 3 000 000

10%

4 сар

2022.02.05

2021.02.05

 

3 000 000

3

2021.10.29

6 700 000

10%

3 сар

2022.02.29

2022.01.29-2022.02.29

670 000

7 370 000

4

2021.11.11

3 000 000

10%

4 сар

 

2021.01.11-2022.03.11

600 000

3 600 000

5

2021.11.29

5 300 000

15%

3 сар

2022.02.29

2022.01.29-2022.02.29

795 000

6 095 000

6

2021.12.26

2 000 000

10%

3 сар

2022.03.26

2021.12.26-2022.03.26

600 000

2 600 000

7

2022.01.12

7 000 000

10%

1 сар

2022.02.12

2022.01.12-2022.03.12

700 000

7 700 000

 

 

37 000 000

 

 

 

 

4 865 000

41 865 000

 Үндсэн 37 000 000 төгрөгийг 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс хойш төлөх байсан мөнгөний хүүгээ огт төлөөгүй. Зээлдэгч Х.О нь гэрээний ерөнхий хугацаанд буюу 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн байдлаар авсан үндсэн зээлээсээ 2 000 000 төгрөг төлсөн ба үлдэх зээлийн үлдэгдэл 37 000 000 төгрөгийг зээлийн гэрээний хугацаанд барагдуулаагүй, төлнө гэсэн тайлбар удаа дараа өгсөөр өдийг хүрч байна. Иймд анх зээлдүүлсэн 39 000 000 төгрөгөөс нийт төлөгдсөн 2 000 000 төгрөгийг хасаж үлдэгдэл үндсэн төлбөр 37 000 000 төгрөгийг зээлийн гэрээний 2-т заасны дагуу 37 000 000 төгрөгийн хүү болох 4 865 000 төгрөгийн хамт нийт 41 865 000 төгрөгийг зээлдэгч Х.О-с гаргуулж өгнө үү. Зээлийн хүүгээ гэрээ хийсэн хугацааныхаа дагуу бодож тооцлоо. Д.Н миний бие дам дамаа хүнээс мөнгө авч Х.О-т зээлдүүлж байсан тул санхүүгийн болон сэтгэл санааны хувьд хүнд байдалд орж байна гэжээ.

2. Хариуцагч Х.О шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Д.Н гийн нэхэмжлэлийн шаардлагаас 6.845.700 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч үлдэх 35.019.300 төгрөгийг төлөхгүй болохоо дараах үндэслэлүүдээр тайлбарлаж байна. Үүнд: 1. Би нэхэмжлэгч Д.Н гаас 2020-12-11-ний өдрөөс 2022-01-13-ны өдрийн хооронд 20 удаа нийт 49.410.000 төгрөгийн зээлийг авсан. 2.Авсан мөнгөнөөсөө 2021-01-10-ны өдрөөс 2022-02-1 1-ний өдрийн хооронд 64 удаа нийт 42.564.300 төгрөгийг төлсөн. 3. Нэхэмжлэгч Д.Н надад мөнгө өгөхдөө өгт гэрээ хийж байгаагүй бөгөөд саяхан хүүдээ үзүүлэх гэсэн юм чи гарын үсэг зураад өг гээд хэдэн хуудас цаасан дээр гарын үсэг зуруулаад явсан. 4. Д.Н надаас авсан мөнгөө зээлийн хүүд тооцсон болон иргэний үүргээ биелүүлж татвар төлсөн байх учиртай тэгээд ч хүү авах бол бичгээр гэрээ хийх үүрэгтэй шүү дээ. Иймд: Д.Н гийн нэхэмжлэлийн шаардлагаас 35.019.300 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Нэхэмжлэгчээс: Д.Н гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-7/, 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 436 дугаартай эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл /хх-8/, 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 05 дугаартай зээлийн гэрээ /хх-10/, 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 09 дугаартай зээлийн гэрээ /хх-11/, 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 11 дугаартай зээлийн гэрээ /хх-12/, 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 14 дугаартай зээлийн гэрээ /хх-13/, 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 15 дугаартай зээлийн гэрээ /хх-14/, Д.Н гийн Х Б ХХК-ийн дансны хуулга /хх-15-20/, фэйсбүүк чатаар чаталсан фото зураг /хх-21-23/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

Хариуцагчаас: Х.О-ийн Х Б ХХК-ийн дансны хуулга /хх-33-73/ шүүхэд гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Д.Н гийн нэхэмжлэлээс 8 778 300 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, 33 086 700 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Х.О нь 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 3-5 сарын хугацаатай 7 хувийн хүүтэй мөнгө зээлж эхэлсэн. Ингээд 2021 оны 6 дугаар сар гэхэд зээлсэн мөнгө нийтдээ 22 400 000 төгрөг болсон. Х.О тохиролцсон 7 хувийн хүүг сар сард нь өгч байсан. 2022 оны 6 дугаар сарын 26-ны өдөр мөнгөө авахаар шаардахад 10 000 000 төгрөг шилжүүлж 12 400 000 төгрөгийн үлдэгдэл өртэй болсон. Тэгээд тэр ярих үедээ Х.О надад 5 000 000 төгрөг хэрэгтэй байна гэхээр нь 2021 оны 06 дугаар сарын 29-ний орой 2 800 000 төгрөг шилжүүлэсэн бөгөөд О-т "би чиний өмнөөс хүнээс мөнгө зээлж авч өгч байна шүү" гэж хэлж байсан. 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр гэхэд бид хоёрын хооронд 15 000 000 төгрөгийн тооцоо үлдсэнийг аль аль нь хүлээн зөвшөөрсөн. Тухайн үед би хотод байсан болохоор Эрдэнэтэд очоод гэрээ хийнэ шүү. Бас өөрөө удаж магадгүй байгаагаа Х.О-т хэлсэн. 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр зээлийн гэрээ хийж дахин мөнгө зээлдүүлсэн. X.Отгонтнугалаг 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл мөнгөний хүүгээ товлосон хугацаандаа өгч байсан. Ингээд 2022 оны 01 дүгээр сарын 23-ны үед мөнгөний хэрэг гарч Х.О-т юуны өмнө 24 000 000 төгрөг хэрэгтэй боллоо гээд уулзах гэтэл хойш тавиад тайлбар хийгээд болдоггүй. Шүүхийн эвлэрүүлэн зуучлахад хүсэлт гаргаж өгсөн боловч мөн тэнд ирээгүй тул шүүхэд өргөдөл өгч шүүхээр эрхээ хамгаалуулах, хохиролоо барагдуулахаар шийдсэн юм. Нийт 7 удаагийн зээлээр 37 000 000 төгрөг зээлүүлсэн, хүү 4 865 000 төгрөг, нийт 41 865 000 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.

3. Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нэхэмжлэлээс 7 345 700 төгрөгийг хүлээн зөвшөөрч бусад хэсгээс нь татгалзсан тайлбар гаргасан.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд: Нэхэмлэгч Д.Н , хариуцагч Х.О нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн болох нь хэрэгт ирүүлсэн зээлийн гэрээнүүд, талуудын тайлбарууд, зохигчийн банкны дансны хуулгуудаар нотлогдож байна.

5. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь хууль, гэрээнд заасны дагуу шаардах эрхтэй.

6. Хэрэгт талуудын хооронд байгуулагдсан нийт таван гэрээ ирсэн бөгөөд уг гэрээний дагуу Д.Н гаас 2021 оны 10 дугаар сарын 29-нд 5,0 сая төгрөг, 30-нд 1 700 000 төгрөг шилжүүлснийг нийлүүлээд 2021 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр гурван сарын хугацаатай 15 хувийн хүүтэй гэрээ хийсэн, 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 2,0 сая төгрөгийг 3 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй, 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 7,0 сая төгрөгийг нэг сарын хугацаатай, 10 хувийн хүүтэйгээр гэрээ хийж мөнгийг тус тус шилжүүлсэн болох нь дансны хуулга, талуудын тайлбар, бусад баримтаар нотлогдож байгаа бөгөөд тус гэрээнүүд нь талуудын хүсэл зоригт үндэслэсэн хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ.

6а. Харин 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 10,0 сая төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 5,0 сая төгрөгийг зээлүүлсэн гэх боловч энэ нь баримтаар нотлогдоогүй бөгөөд хариуцагч тал мөнгө шилжүүлснээ нотлоогүй гэж мэтгэлцсэн.

6б. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4.Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчид дээрх хоёр гэрээний дагуу нийт 15,0 сая төгрөгийг шилжүүлсэн болохоо нотолж чадаагүй.

7. Иргэний хэрэг хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-д зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх; 38 дугаар зүйлийн 38.1.Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заасан бөгөөд энэ үүргээ хэрэгжүүлээгүй байна.

8. Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд зээлийн гэрээний харилцаа 2020 оны 12 дугаар сарын 11-нээс эхэлсэн гэдэг бөгөөд түүнээс хойш байнгын зээлийн харилцаатай байсан болох нь талуудын дансны хуулга, тайлбаруудаар нотлогддог.

8а. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийнхөөс хойшихыг нэхэмжилнэ гэсэн бөгөөд 2021 оны 11 дүгээр сарын 29-ны, 2021 оны 12 дугаар сарын 26-ны, 2022 оны 01 дүгээр сарын 12-ны гэрээнүүдийн дагуу нийт 27 365 000 төгрөг төлөх үүрэг үүссэнээс дансаар 18 856 700 төгрөгийг хариуцагч нэхэмжлэгчид шилжүүлсэн болох нь нотлогдож байх тул нэхэмжлэлээс 8 778 300 төгрөгийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

9. Хариуцагчийн төлөөлөгч 5 300 000 төгрөгийг 2021 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр шилжүүлээгүй гэдэг боловч нэхэмжлэгч: 2021 оны 10 дугаар сарын 29-ны өдөр хийгдсэн гэрээний дагуу 6 700 000 төгрөгийн хүү 670 000 төгрөгийг надад өгөх байсан бөгөөд Х.О хүүгээ хасаад шилжүүлчих гэхээр нь хасаж тооцон 4 630 000 төгрөгийг шилжүүлсэн гэсэн нь мөн баримтаар нотлогдож байгааг дурьдах нь зүйтэй.

10. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлээс 8 778 300 төгрөгийг хангаж, үлдэх 33 086 700 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

11. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 367 275 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Х.О-с улсын тэмдэгтийн хураамжаар 155 402 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заав.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282.1. дэхь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Х.О-с 8 778 300 төгрөг гаргуулан Д.Н д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 33 086 700 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 367 275 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Х.О-с 155 402 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА